Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/596

 

 

 

 

 

   2023             6             02                                      2023/ДШМ/596

М.Э, М.Эд нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч М.Эдын өмгөөлөгч О.Б,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/459 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Эдын өмгөөлөгч О.Бийн гаргасан давж заалдах гомдлоор М.Э, М.Эд нарт холбогдох эрүүгийн 2201000100306 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн М.Э, 19.. оны 02 дугаар сарын 11-ний өдөр ......... суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /................./,

Х овгийн М.Эд, 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, “...................” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД:......................../.

М.Э, М.Эд нар үргэлжилсэн үйлдлээр санаатай нэгдэж хамтран оролцон бүлэглэж 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжны 266 тоот түрээсийн байранд архи үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй, “Сангийн далай групп” ХХК-иар “Амуу буудай” нэртэй архийг их хэмжээгээр үйлдвэрлэж, хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж архи дээр нааж хадгалсан, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангай 9 дүгээр гудамжны 355 тоот дахь контейнер болон байшинд зөөвөрлөсөн, хадгалсан, хуурамч онцгой албан татварын тэмдэг бүхий архийг 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдэд худалдан борлуулж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.М.Эд, Б.М.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1  дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Э, М.Эд нарыг “Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалах, ашиглах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатай нэгдэж хамтран оролцон бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э, М.Эд нарыг тус бүр 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э, М.Эд нарт тус тус оногдуулсан 7.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Эд, М.Э нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 12.466.200 төгрөгийг М.Э, М.Эд нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Э, М.Эд нарын энэ хэрэгт хойшлуулшгүйгээр баривчлагдсан 24 цаг буюу нэг хоногийг арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хуурамч онцгой татварын тэмдэгт 2835 ширхэг, “Амуу буудай” нэртэй 780 ширхэг архи зэргийг устгаж, энэ талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлэхийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Э, М.Эд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Эдын өмгөөлөгч О.Б нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/459 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “...үйл баримтаас үзэхэд М.Эд нь компанийг шилжүүлэн авахын тулд өөрөөсөө 140.000.000 төгрөг гаргасан, төрсөн ах М.Э........ыг хувьцаа эзэмшигчээр оруулсан, Ц.Ж...............аас компанийг шилжүүлэн авах, Б.У.......аас архины үйлдвэрлэл явуулах байр түрээслэх зэрэг харилцаанд биечлэн оролцсон, компани өр төлбөртэй учир архины акц авах боломжгүйг лавтай сайн мэдэж байсан, архи үйлдвэрлэх, зөөх, хадгалах, акц наах, түгээх, борлуулах ажиллагаанд өөрийн хамаарал бүхий этгээдийг оролцуулсан зэргээр түүний идэвхитэй үйлдэл оролцоо харагдаж байна. Иймд шүүгдэгч М.Э, М.Эд нарт “Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатай нэгдэж хамтран оролцон бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь бодит байдлыг буруугаар ойлгон, нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй үйл баримтыг болсон мэтээр бусдын гэмт үйлдэл, хариуцлагыг халдаан хэрэглэж дүгнэжээ. Миний үйлчлүүлэгч М.Эд нь гэм буруутай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. Үүнд, гэрч М.Эын “...Би “Сангийн далай групп” ХХК-д миний нэр байдаг болохоос үйл ажиллагаанд оролцдоггүй, зөвхөн М.Э л үйл ажиллагааг мэднэ”,

гэрч М.Ц..ийн “... Би 2022 оны 6 дугаар сард өөрийн хамаатны дүү М.Э.лаар дамжуулж Сансарын МТ колонкийн тэнд байх архины үйлдвэрт жолоочоор ажилд орсон. ... манай гэрт байсан акцын хувьд тухайн компанийн ажилтан Э 2 хоногийн өмнө авчирч өгсөн. ...Э гээд М.Эын дүү нь цагдаад хураалгахаас 2 хоногийн өмнө надад авчирч өгөөд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байх 32-н тэнд байдаг хашаанд байх контейнерт байгаа архинуудад наачихаарай гээд өгч байсан би тухайн акцуудыг хуурамч болохыг мэдээгүй...”,

гэрч Ч.Б...ийн “... 2022 оны 7 дугаар сард, наадмын дараа М.Э ах надтай холбогдоод завтай байгаа бол хэдэн газар луу архи хүргээд өгчих гэж хэлж байсан. Би тухайн үед завтай байсан болохоор 3-4 удаа хэд хэдэн дэлгүүрт “Амуу буудай” нэртэй архийг хүргэж өгч байсан. Тэгээд төлбөр нь миний данс руу шилжигдэхээр нь М.Э ахын өгсөн данс руу шилжүүлж өгдөг байсан. Тухайн үедээ 2 удаа миний машины бензинийг дүүргэж өгсөн. М.Э ах миний дансны дугаарыг 7 дугаар сард аваад, чиний данс руу мөнгө орж ирэх байх тэрийг нь бөөгнүүлж байгаад шилжүүлчихээрэй гэж хэлдэг байсан. ...архин дээр акц наагдчихсан байдаг байсан. ...”,

гэрч Э.Л...гийн “... Би тухайн архинуудыг үйлдвэр дээр очиж аваад хямдхан үнэтэй архи байсан учраас гэр хорооллын захын архи худалдаалдаг таарсан хүнсний дэлгүүрүүдэд тарааж, 0.75 литрийг нь 5000 төгрөгөөр, 0.5 литрийг нь 4000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгийг нь өөрийн эхнэр Ч.Бгийн дансанд хийж байгаад М.Э ахын өгсөн М.Цт гэдэг хүний Хаан банкны данс руу шилжүүлдэг байсан. ...акц наагдчихсан байдаг байсан.",

гэрч М.Э--ны “... тухайн акцыг 3, 4 дүгээр хорооллын тэндээс М.Э ахаас аваад 7 буудлын тэнд М.Ц гэх хүнд аваачиж өгсөн” гэх мэдүүлгүүдээр үйлдээгүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, “Сангийн далай групп” ХХК-ийн үйлдвэрлэсэн архины онцгой албан татварын тэмдэгтийг хуурамч болохыг мэдсэн этгээд зөвхөн М.Э бөгөөд түүний хуурамч акцтай архийг худалдан борлуулах үйл явцад М.Ц, Ч.Б, Э.Л, М.Э нарын хүмүүс оролцсон боловч, архины онцгой албан татварын тэмдэгт хуурамч болохыг мэдээгүй байдаг. Мөн энэхүү архи борлуулах, түгээх үйл ажиллагаанд М.Эд оролцсон гэх нотлох баримт байхгүй, ийм үйл баримт болоогүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс “... М.Эд нь компанийг шилжүүлэн авахын тулд өөрөөсөө 140.000.000 төгрөг гаргасан, төрсөн ах М.Эыг хувьцаа эзэмшигчээр оруулсан, Ц.Жгаас компанийг шилжүүлэн авах, Б.Уянгаас архины үйлдвэрлэл явуулах байр түрээслэх зэрэг харилцаанд биечлэн оролцсон, компани өр төлбөртэй учир архины акц авах боломжгүйг лавтай сайн мэдэж байсан, архи үйлдвэрлэх, зөөх, хадгалах, акц наах, түгээх, борлуулах ажиллагаанд өөрийн хамаарал бүхий этгээдийг оролцуулсан зэргээр түүний идэвхитэй үйлдэл оролцоо харагдаж байна” гэж бодит байдлыг мушгин гуйвуулсан дүгнэлт хийжээ. М.Эд, М.Э нар нь иргэн Ц.Жгаас компанийн хувьцааг шилжүүлэн авах, хувьцаа ззэмших, хөрөнгө оруулах, үйлдвэрлэл явуулах байр түрээслэх болон архи үйлдвэрлэх, худалдан борлуулах үйлдэл, үйл ажиллагаа нь хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш юм. Харин гагцхүү архины хуурамч онцгой албан татварын тэмдэгтийн хууль бус болохыг мэдэж архины шилэн дээр наах, хуурам акцтай архийг худалдан борлуулах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бөгөөд энэхүү архины онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн болохыг М.Эд мэдээгүй, түүнийг мэдсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасныг зөрчсөн таамаглалаар хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/459 дүгээр шийтгэх тогтоолын М.Эдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, шүүгдэгч М.Э, М.Эд нар нь Ц.Жгаас компанийг шилжүүлж авч, шүүгдэгч М.Эд нь ахыгаа буюу шүүгдэгч М.Эыг компанийн 50 хувийн эзэмшигчээр оруулж, бүртгүүлсэн. Ц.Ж нь компанийг шүүгдэгч М.Э, М.Эд нарт шилжүүлэн өгөхдөө хуучин хэрэглэж байсан архины акцыг “энэ акцыг солиорой, хэрэглэхээ больсон шүү гэж хэлж өгсөн” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч М.Эд нь тухайн архийг үйлдвэрлэж байсан түрээсийн байрны гэрээг байгуулахад хамт байсан. Мөн шүүгдэгч М.Эдын хамаарал бүхий этгээдүүдийн 3 газар нэгжлэг хийхэд нэг газар нь буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт архи үйлдвэрлэж байсан. Мөн тухайн архийг үйлдвэрлэх үйл ажиллагаанд оролцсон М.Ц нь шүүгдэгч М.Эын үеэл дүү юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Эын үеэл дүү М.Ц нь тухайн архины акцыг наах үйл ажиллагаанд оролцож, худалдан борлуулдаг байсан. Шүүгдэгч М.Э анхны мэдүүлэгдээ “бид үйл ажиллагаандаа тэгш оролцож байсан” гэж мэдүүлсэн атлаа дараагийн мэдүүлгээс “би ганцаараа бүгдийг хийсэн” гэж мэдүүлдэг. Харин мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд М.Эд “би хуурамч акцын талаар мэдээгүй байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл “мэдээгүй байсан” гэдэг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон, тогтоогдож байгаа тул шүүгдэгч М.Э, М.Эд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

М.Э, М.Эд нар үргэлжилсэн үйлдлээр санаатай нэгдэж хамтран оролцон бүлэглэж 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжны 266 тоот түрээсийн байранд архи үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй, “Сангийн далай групп” ХХК-иар “Амуу буудай” нэртэй архийг их хэмжээгээр үйлдвэрлэж, хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж архи дээр нааж хадгалсан, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангай 9 дүгээр гудамжны 355 тоот дахь контейнер болон байшинд зөөвөрлөсөн, хадгалсан, хуурамч онцгой албан татварын тэмдэг бүхий архийг 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдэд худалдан борлуулж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч М.Эын “... М.Эд миний төрсөн дүү бөгөөд хувиараа бизнес хийдэг. Барилгын бизнес эрхэлж байгаа бусдаар би мэдэхгүй байна. Би харин өөрийн танил болох М.Э гэгч залуутай хамтраад “Сангийн далай” нэртэй аж ахуйн нэгжийг энэ оны 5 дугаар сарын сүүлээр худалдан авсан. “Сангийн далай” аж ахуйн гэрчилгээнд дээр миний нэр хамтран эзэмшигчээр байдаг. М.Э бид 2 хувь эзэмшдэг. Анх компани худалдан авах үед би 40.000.000 төгрөгийг М.Эад өгсөн. Харин компанийг ямар хүнээс, хэдэн төгрөгөөр авсан талаар мэдэхгүй. “Сангийн далай” ХХК-ийг хүнсний үйлдвэрлэл эрхлэх гэж худалдаж авсан. Одоогоор үйл ажиллагаа явагдаагүй байгаа. Компаний оффис, ажилчид гэж байхгүй. “Сангийн далай” ХХК-д миний нэр байдаг болохоос би үйл ажиллагаанд оролцдоггүй, зөвхөн М.Э л бүх үйл ажиллагааг мэддэг. М.Э бид 2 хуучин архины борлуулалт хийж байхдаа 2019 онд танилцаж байсан. Түүнээс хойш бид 2 танил төдий холбоотой. М.Э надад компани худалдан авч үйл ажиллагаа явуулъя гэж санал тавьж, би зөвшөөрсний дүнд компанийн гэрчилгээнд нэрээ бичүүлсэн төдий л оролцоотой байна. ...Хураагдсан хуурамч архи, шошго акц хэнийх болох талаар мэдэхгүй байна. ...“Амуу буудай” нэртэй архи М.Эаас ирсэн. “Сангийн далай” ХХК нь архи, ус ундаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би энэ архийг хаанаас авчирсан талаар мэдэхгүй....” /1хх 122-126/,

гэрч М.Цгийн ”... Би 2022 оны 6 дугаар сард өөрийн хамаатны дүү болох Энхжаргал гэх хүнээр дамжуулж Сансарын МТ колонкийн тэнд байх архины үйлдвэрт жолоочоор ажилд орсон. Гэхдээ тус ажил бараг явдаггүй, сардаа нэг удаа л тээвэрлэлт хийдэг. Тухайн үйлдвэрийн портер маркийн тээврийн хэрэгслээр 32-ын тэнд байдаг складанд хоёр удаа таталт хийж буулгасан. Хамгийн анхных нь 7 дугаар сард хамгийн сүүлд 2 хоногийн өмнө буулгасан санаж байна. “Амуу буудай” гэх нэртэй архи бөгөөд нэг удаагийн тээвэрлэлтдээ 150 ширхэг архийг тээвэрлэж 32-ын тэнд байх складанд буулгасан юм. Би тэр компанийн нэрийг нь мэдэхгүй байна. Манай гэрт байсан акцын хувьд тухайн компанийн ажилтан болох Энхтайван гэх хүн 2 хоногийн өмнө авчирч өгсөн. Тус акцыг 32-ын тэнд байх складанд байгаа архинд наачих гэж хэлсэн. Би тухайн архийг ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж бодоогүй ээ...” /1хх 130­-131/,

“... Э гээд М.Эын дүү нь гэх залуу цагдаад хураалгахаас 2 хоногийн өмнө надад авчирч өгөөд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байх 32-н тэнд байдаг хашаанд байх контейнерт байгаа архинуудад наачихаарай гээд өгч байсан. ...би тухайн акцуудыг хуурамч болохыг мэдээгүй...” /4хх 165-166/,

 “... 2022 оны 6 дугаар сарын үеэр М.Эд нь надтай уулзаж байгаад та өөрийнхөө дансыг ашигладаг юм уу таны дансыг хэд хоног ашиглаж болох уу манай найз М.Э хэрэглэх гэж байгаа юм өөрийнх нь данс зээлтэй учраас ашиглаж болохгүй байгаа гэдэг зүйлийг надад ярьсан бөгөөд би тухайн үед би өөрөө дансаа өдөр бүр нэг их ашигладаггүй байсан болохоор нэг их юм бодолгүй зөвшөөрсөн....” /4хх 236-237/,

гэрч Д.Д-ийн “... 2022 оны 8 дугаар сарын дундуур нэрийг нь санахгүй байна нэг эмэгтэй хүн ирээд хямд үнэтэй, өргөлд хэрэглэж болох архи худалдан авах уу гэхээр нь манай дэлгүүр Гандан хийдийн ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлалтай тул хүмүүс хямдхан сэржмийн архи сураад байдаг болохоор тухайн архинаас 500 граммаас 24 ширхэг, 750 граммаас 16 ширхгийг тус тус худалдаж авсан. ...Амуу буудай архи худалдсан иргэн нь манай байгууллагад Мэргэжлийн хяналтын шинжилгээний бичиг үзүүлж байсан бөгөөд тухайн бичиг нь манай Гандан хийдийн төв хаалган дээр байрлах дэлгүүрт өгсөн. Манай дэлгүүрт шинжилгээний бичиг байхгүй. ...” /1хх 138, 4хх 174-175/,

 “... манай хүнсний дэлгүүрээс 177.000 төгрөгийн үнэтэй архийг хураан авч явсан. Тэгээд тухайн үед миний зүгээс дээрх архийг өөрийн мөнгөөр худалдан авсан байсан болохоор буруутай хүмүүсээс мөнгөө гаргуулж авна гэж гомдол гаргаж хандаж байсан юм. Тэгсэн холбогдох хүмүүс нь надад архины төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй...” /4хх 241/,

гэрч Б.Ц-ийн “... манай “СББМ” дэлгүүрт “Амуу буудай” архийг 2 сараас эхэлж худалдан борлуулж эхэлсэн. Тус архи нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторийн бичигтэй архи гээд манайд борлуулсан. Манай дэлгүүр нь гандан хийдийн хажууд байдаг учир хүмүүс өргөл барьцаанд ашиглана гээд тус архийг авдаг байсан. Цаад дэлгүүрээс 0,5 л нь 5,000 төгрөг, 0,75 л нь 6,000 төгрөгийн үнэтэй ирээд манайх 500 төгрөг нэмээд зардаг байсан. Хавар хүмүүс юм уншуулах зорилгоор авдаг байж байгаад зун амралт улирал эхлээд хүний хөл татрахаар эндхийн архичид нь ирж тус архийг аваад байхаар нь манай захирал тус архийг авахаа больё гэж хэлээд больсон юм. Миний санаж байгаагаар энэ оны 7 дугаар сараас хойш тус архийг манай дэлгүүр худалдахаа больсон. Тус архийг авахдаа манай дэлгүүр бэлнээр төлбөрөө төлдөг байсан....” /1хх 140-142, 4хх 171-172/,

гэрч Б.У-ын “... уг орон сууцыг 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ..... овогтой М.Этай амины орон сууц түрээслүүлэх гэрээгээр 2022 оны 3 сарын 20-ноос 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сарын 2.000.000 төгрөгөөр түрээслүүлэх гэрээг байгуулсан. ...М.Э надтай уулзаж гэрээ байгуулахдаа таны байшинг цэвэр усны үйлдвэрийн зориулалтаар ашиглана гэж хэлж байсан. ...М.Э нь манай байшинг түрээслэх гэрээ байгуулахдаа болон байшинг үзэхдээ М.Эд гэх хүнтэй хамт ирж байсан. ...2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр над руу цагдаагийн байгууллагаас залгаж миний түрээсэлж байгаа байшинд дуудсан. Байшиндаа очтол түрээсэлж байгаа М.Э болон цагдаа нар ирсэн байсан. Байшин руу орж үзэхэд төмөр баллон болон зөндөө их тоног төхөөрөмжүүд байрлуулсан байсан. Мөн архины шилнүүд байсан. Архины үйлдвэрээр ашиглаж байсан гэж бодож байна...” /1хх 145-146/,

гэрч Д.Х.гийн “...Би тухайн архийг хэзээ тавьсныг мэдэхгүй байна одоогоос 3-4 хоногийн өмнө манай граш руу ороход байж байсан юм. Энэ архийг манай охин Н.Б, түүний нөхөр М.Эд нарын аль нэг нь оруулж ирж тавьсан байх, ...одоогоос 5-6 жилийн өмнө санагдаж байна манай хүргэн М.Эд нь архины борлуулалт хийдэг байсан....” /1хх 155-156/,

гэрч Г.Ж-гийн “... М.Э, М.Эд гэх хүмүүсийг 2022 оны 3 дугаар сараас эхлэн таньдаг болсон бөгөөд энэ 2 хүн анх надтай холбогдож уулзаж байсан юм. Миний тухайд “Сангийн далай групп” ХХК-ийн үйл ажиллагааг хариуцдаг байсан бөгөөд ер нь захирлаар нь ажиллаж байсан. ...”Сангийн далай групп” ХХК нь Амуу буудай, Эзэн Чингис гэх нэртэй 2 архи үйлдвэрлэдэг компани байсан. Тэгээд 2019 оноос хойш архи үйлдвэрлээгүй. Харин үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчилээд бүрэн автоматжуулсан байсан. Тэгээд 2022 оны 3 дугаар сард үйлдвэрээ ажиллуулаагүй байж байхад М.Э, М.Эд гэх хүмүүс нь надтай холбогдоод компанийг худалдаж авах санал тавьсан. Ингээд үйлдвэрийнхээ бүрэн автоматжуулсан биш хуучин архины үйлдвэрийн тоног төхөөрөмжөө “Сангийн далай групп” ХХК-ийн хамтаар нийт 280.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод тэдгээр хүмүүст 240.000.000 төгрөгийг цувуулсан байдлаар надад өгсөн. Тухайн хүмүүст тусгай зөвшөөрөлтэй компаниа тоног төхөөрөмжийн хамтаар зарсан. ...2019 онд авчихсан байсан 50 гаруй мянган ширхэг онцгой албан татварын тэмдэгт буюу акцыг 2022 оны 3 дугаар сард хүлээлгэн өгсөн байдаг юм. Би тухайн акцыг хүлээлгэж өгөхөд акцыг чинь маш чухал шүү хэрвээ дутаах юм бол дутсан тоогоор торгууль төлбөр төлдөг шүү гээд нэг бүрчлэн тоолж хүлээлгэж өгсөн. Гэхдээ миний тухайн хүлээлгэж өгсөн 50 гаруй мянган ширхэг акц нь хуучин загварын ашиглахаа больж эхэлж байсан, тухайн үедээ татварын байгууллагаас сольж эхэлж байсан акц байгаа юм. Солиулах шаардлагатай шүү энэ акцыг ашиглахаа больж байгаа юм байна лээ оронд нь өөр шинэ загварын акц авах юм байна лээ гэдгийг маш тодорхой М.Э, М.Эд нарт хэлж байсан. ...надад харуулж байгаа эрүүгийн хэрэгт хураагдсан гээд байгаа эдгээр хэрэглэгдээгүй акц буюу онцгой албан татварын тэмдэгт болон Амуу буудай гэх хуванцар савтай архи дээр наагдсан онцгой албан татварын тэмдэгтүүд нь миний М.Э, М.Эд нарт хүлээлгэн өгсөн онцгой албан татварын тэмдэгт огтоосоо биш байна. миний хүлээлгэж өгсөн акцууд дан ногоон өнгийн өмнөх загварын акцууд байсан...” /1хх 158-160/,

гэрч Ц.Г-ын “... Онцгой албан татварын тэмдэгтийг Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хууль, дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу олгодог. Ерөнхий олгох процессын тухайд бол татвар төлөгчөөс ирүүлсэн захиалгын дагуу, хавсаргасан материалтай нь тулгаж шалган нэгжийн даргаар батлуулж буюу зөвшөөрөл олгож захиалгыг гэрээтэй үнэт цаасны хэвлэх үйлдвэрт хүргүүлж, тэмдэгт хэвлэгдэж татварын санхүү хөрөнгө оруулалтын хэлтэст ирж, олгох зөвшөөрлийг дахин нэгжийн дарга баталгаажуулснаар татвар төлөгчийн газарт олгодог журамтай. 2019 оны 7 дугаар сараас хойш ганцхан “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь Татварын ерөнхий газартай гэрээ байгуулан онцгой албан татварын тэмдэгтийг хэвлэж байгаа, өөр ямар нэгэн компани хэвлэхгүй. ...Татварын ерөнхий газарт байгаа бүртгэлээр “Сангийн далай групп" ХХК нь хамгийн сүүлд 2017 оны 9 дүгээр сард онцгой албан татварын тэмдэгт захиалан авсан бүртгэлтэй байна. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар онцгой албан татварын тэмдэгт захиалан аваагүй гэсэн үг. 2017 онд олгогдсон онцгой албан татварын тэмдэгт нь хуучин загварын акц байгаа юм. Тухайн акцыг 2019 онд онцгой албан татварын тэмдэгтийн шинэ загвар балагдаж, ашиглаж эхэлснээс хойш хуучныг ашиглахаа больсон. “Сангийн далай групп” ХХК-ийн тухайд шинэ загварын акц ашиглаж эхэлснээс хойш тэмдэг захиалж аваагүй болно. ...” /4хх 157-158/,

гэрч Р.А-гийн “... 2019 оны 7 дугаар сараас эхлэн тендерт шалгарч Татварын ерөнхий газартай гэрээ байгуулан архи, тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэж үйлдвэрлэх ажлыг одоог хүртэл хийж байна. 2019 оноос хойш улсын хэмжээнд манайхаас өөр ямар нэгэн хүн, хуулийн этгээд онцгой албан татварын тэмдэг хэвлэж үйлдвэрлэх зөвшөөрөлгүй байгаа. ...Тухайн компанийн нэр дээр нэг ч удаа захиалга орж ирж байгаагүй. Хэрвээ 2019 оноос хойш уг “Сангийн далай групп” ХХК нь ямар нэгэн байдлаар онцгой албан татварын тэмдэг ашиглаж багаа бол энэ нь хуурамч онцгой албан татварын тэмдэг байна гэж үзэх үндэслэлтэй байна. ...манайд ирүүлсэн бүх онцгой албан татварын тэмдэгтүүдэд холбогдох шинжилгээг хийж ажиллахад дээрх акцууд манайд үйлдвэрлэгдээгүй, үйлдвэрлэлийн технологийн нууцлалтай тохирохгүй, мөн сери дугаар нь ч гэсэн биш байсан. Тэгэхээр тухайн акцууд нь албан ёсны биш манайд үйлдвэрлэгдэж байгаа акцууд дуурайлгах байдалтай хийгдсэн хуурамч акцууд байна гэж ойлгож болно. ...” /4хх 162-163/,

гэрч Ч.Бгийн “... 2022 оны 7 дугаар сард наадмын дараа М.Э ах надгай холбогдоод завтай байгаа бол архи хэдэн газар луу архи хүргээд өгчих гэж хэлж байсан би тухайн үед завтай байсан болохоор 3-4 удаа хэд хэдэн дэлгүүрт Амуу буудай нэртэй архийг хүргэж өгч байсан. Тэгээд дэлгүүрийнх нь төлбөр нь миний 5025485355 дугаартай данс руу шилжигдэхээр нь М.Э ахын өгсөн дансруу нь шилжүүлж өгдөг байсан. Ямар данс байсныг одоо мэдэхгүй. М.Э ах тухайн үедээ надад архи хүргэж өгсний хөлсөнд 2 удаа миний машины бензинийг дүүргэж өгсөн. Өөр мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. М.Э ах нь миний дансны дугаарыг 7 дугаар сард аваад тэрнээс удалгүй чиний данс руу мөнгө орж ирэх байх тэрийг нь бөөгнүүлж байгаад шилжүүлчихээрэй гэж хэлдэг байсан. ...архи нь дээр акц наагдчихсан байдаг л байсан, тэрнээс анзаарч байгаагүй. М.Э ахыг ер нь архи зардаг юм байна л гэж ойлгосон. ...” /4хх 168-169/,

гэрч Э.Лгийн “...Би тухайн архинуудыг үйлдвэр дээр очиж аваад хямдхан үнэтэй архи байсан учраас гэр хорооллын захын архи худалдаалдаг таарсан хүнсний дэлгүүрүүдэд тарааж 0.75 литрийг нь 5000 төгрөгөөр, 0.5 литрийг нь 4000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгийг нь өөрийн эхнэр Ч.Бгийн дансанд хийж байгаад М.Э ахын өгсөн М.Ц гэдэг хүний Хаан банкны дансруу шилжүүлдэг байсан. ...би тухайн үед өөрөө виза картгүй байсан бөгөөд зарим дэлгүүрүүд мөнгөө бэлнээр өгөхөөр заавал дансанд шилжүүлэх шаардлага гарч байсан учраас эхнэр Ч.Бгийн дансыг ашиглаж бас картыг нь ашиглаж байсан. ...ямар нэг тооцоо баримт байхгүй, тухайн үедээ архины тоо, хэмжээгээ цаасан дээр бичээд явдаг байсан, одоо тэр цаас байхгүй байх, бүртгэл гээд байх баримт байхгүй. ...янз бүрийн асуудалтай архи гэж мэдээгүй. ...акц наагдчихсан байдаг байсан. ..." /4хх 232-234/,

гэрч М.Эгийн “... 2022 оны 9 дүгээр сарын эхэн үед шиг санаж байна манай ах М.Э нь нэг өдөр намайг хаашаа явах юм гэж асуугаад хүнд юм чамаар дайлгаад өгөөд явуулчихъя гэж ярьсан. Тухайн үед би зүүн тийшээ явах байсан юм. Надад нэг хар ууттай зүйл өгсөн бөгөөд архины акц гэж байсан. Тэгээд нэг утасны дугаар өгөөд энэ хүнд аваачаад өгчих гэсэн. Тухайн акцыг 3, 4 дүгээр хорооллын тэндээс М.Э ахаас аваад 7 буудлын тэнд М.Ц гэх хүнд аваачиж өгсөн...” /4хх 243-244/,

М.Эын сэжигтнээр өгсөн “... би хамт “Мөнхжин-Од” ХХК-д ажиллаж байсан М.Эд гэх найзтайгаа хамтраад 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “Сангийн далай групп” ХХК-ийг өөрийн нэр дээрээ болгон үйл ажиллагаа хариуцан ажиллаж эхэлсэн. Манай “Сангийн далай групп” ХХК нь Амуу буудай, Эзэн Чингис гэх нэртэй архийг үйлдвэрлэхээр тусгай зөвшөөрөл, тоног төхөөрөмжийн хамт 240.000.000 төгрөгийг Жавхлан гэх залууд шилжүүлэн худалдан авсан. Тухайн үед “Сангийн далай групп” ХХК нь татвар, нийгмийн даатгал гэх газруудад өртэй байсан бөгөөд өртэй нь хамт шилжүүлэн авсан. Нэр шилжүүлэх үедээ М.Эдын төрсөн ах болох М.Э бид 2 тус бүр 50 хувь хувьцаа эзэмшихээр болсон. Амуу буудай архийг Улсын баяр наадмын өмнөхөн үйлдвэрлэж эхэлсэн. “Сангийн далай групп” ХХК-ийн үйлдвэрийн үндсэн ажлын М.Эд бид 2 яг тэгш хувааж тэгш эрхтэй ажилладаг бөгөөд үйлдвэрлэсэн Амуу буудай архины тоо хэмжээг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Улаанбаатар хотын хэмжээнд Хүнсний 8 нэрийн 200 гаран дэлгүүрүүдээр түгээлт хийж худалдан борлуулж байгаа. ...манай “Сангийн далай групп” ХХК-ийн үйлдвэр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, цэргийн хотхоны 1-266 тоотод байрлах хувь хүний 2 давхар орон сууц үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн үйлдвэртээ Амуу буудай архийг үйлдвэрлэдэг байсан. ...Үйлдвэрийг худалдан авснаас өнөөдрийг хүртэл хугацаанд Амуу буудай архийг 0.5 литр, 0.75 литрийн багтаамжтайгаар үйлдвэрлэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангай 9-355 тоот агуулахад хадгалдаг байсан. 0.5 литрийн Амуу буудай архийг 5500, 0.75 литрийн Амуу буудай архийг 6500 төгрөгөөр тус тус худалдаалдаг байсан. Архины хаяг шошгыг “Monlabel” гэх хэвлэлийн компаниар хэвлүүлсэн. Онцгой албан татварын тэмдэгтийг хаанаас худалдан авдаг талаар хэлж мэдэхгүй байна. Энэ асуудлыг М.Эд хариуцдаг. ...” /4хх 57-­58/,

М.Эын яллагдагчаар өгсөн “... 2022 оны 7 дугаар сарын эхэн үеэс тухайн компанийн хуучин үйлдвэрлэж байсан Амуу буудай нэртэй архийг шинээр үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд архи худалдан борлуулах гэтэл шинэ акц буюу онцгой албан татварын тэмдэгт байгаагүй, шинээр гарсан акцыг татвараас захиалж авах гэхээр тухайн худалдаж авсан “Сангийн далай групп” ХХК татварт 30.000.000 гаран төгрөгийн өртэй байсан бөгөөд М.Эд бид хоёрын тухайд байсан бүх мөнгөөрөө компани худалдаж аваад тоног төхөөрөмж угсархад мөнгө хэрэг болоод татварын өрийг дарах ямар ч мөнгөгүй басан юм. ...тэгээд би хуучин архи худалдан борлуулдаг компанид ажилладаг тэр талын зүйлийг мэддэг байсны хувьд Нарантуул зах дээр хүмүүс нууцаар хуурамч архины акц худалдан борлуулдаг байсныг хүмүүсээс сонсож мэддэг байсан. Ямар ч байсан хэрвээ тийм акц зарж байвал худалдаж аваад архиа худалдан борлуулаад татварын өрөө төлсний дараа шинэ загварын акцыг ном журмаар нь авъя гэж бодсон. ...2022 оны 6 дугаар сарын сүүлээр Нарантуул зах дээр очиж зарж байгаа акц байдаг юм болов уу гээд Нарантуул захын өргөтгөлийн тэр хавиар акц сураглаад явж байтал 35-40 орчим насны гэмээр масктай нүдний шилтэй нэг эрэгтэй хүн над дээр ирээд акц байна шүү гэж хэлсэн. Тэр залуутай ярилцаад 3000 орчим ширхэг акцыг тухайн залуугаас 1 ширхгийг нь 1000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд нийт 3.000.000 төгрөгийг бэлнээр авна гэхээр нь бэлнээр өгсөн. Тэгээд надад тортой акц өгсөн. Тухайн залууг хэн гэдэг, ямар царай зүстэй болохыг нь хараагүй. ...миний багцаагаар 800 орчмыг л наасан байх, үлдсэн наагаагүй байсан акцыг тэр чигээр нь сүүлд цагдаа нарт хураалгасан. Ихэнхдээ би өөрөө түгээлтээ хийдэг байсан, зарим тохиолдолд танил дүү нараа гуйгаад хүргүүлээд мөнгийг нь дамжуулаад авчихдаг байсан. Би “Сангийн далай групп” ХХК-г худалдан авснаас хойш татварын байгууллагад онцгой албан татварын тэмдэгт авч байгаагүй. Хүнсний стандарт шаардлагыг хангаж байгаа, акц нь л хуурамч. Би архины онцгой албан татварын тэмдэгтийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..." /4хх 81-83/,

“...2022 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд өөрийн танил дүү болох Э.Лг гуйгаад архины түгээлтийг хийлгэдэг байсан. Цөөхөн архи үйлдвэрлэсэн байсан болохоор өөр ямар нэгэн хүмүүсээр зөөлгөх шаардлага байгаагүй. Л нь үйлдвэр дээр ирж архийг аваад тодорхой хугацаанд тарааж дуусаад мөнгийг нь над руу шилжүүлж өгдөг байсан. Тухайн үед би өөрийн бас нэг танил ах болох М.Ц ахын Хаан банкны дансаар дамжуулан мөнгийг авдаг байсан бөгөөд М.Ц ахын банкны картыг би гуйгаад дансыг нь ашигладаг байсан. Тухайн дансаар дамжуулан архи зарж борлуулсан мөнгийг өөрөө хэрэглэж захиран зарцуулж байсан. Э.Л нь өөрийн эхнэр манай хамаатны дүү болох Ч.Бгийн дансаар дамжуулан мөнгийг өгдөг байсан. Миний санаж байгаагаар 10.000.000 гаран төгрөгийг надад өгч байсан. Э.Л нийтдээ 2100 орчим архийг заруулж байсан санагдаж, ширхгийг нь явсныхаа хөлсөнд 200-300 төгрөг нэмж зардаг байсан байх. ...би анх айсандаа 3000 ширхэг гэж хэлсэн юм. Анх бол 5000 ширхгийг Нарантуул зах дээр очиж үл таних хүнээс ширхгийг нь 1000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдан авч байсан. Тэгээд Э.Лд өгч заруулсан 2100 орчим архи дээр наагаад, 2058 ширхгийг наагаагүй байж байгаад хураалгаад, мөн зарах гээд бэлдчихсзн байсан 700 гаран архи дээр наачихсан байж байгаад хураалгасан ингээд нийт 5000 ширхэг акц болж байх ёстой...” /4хх 247/,

М.Эдын яллагдагчаар өгсөн “... хамгийн анх би компани шилжүүлж авч байх үед Улаанбаатар хотод байгаагүй бөгөөд өөрийн төрсөн ах М.Эын нэр дээр “Сангийн далай групп” ХХК-ийн 50 хувийн хувьцааг бүртгүүлсэн. Тэгээд 2022 оны 6 дугаар сард М.Э ерөнхийдөө үйлдвэрлэлээ явуулах боломжтой болчихсон гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд архиа наадмын өмнө 7 дугаар сараас эхлэн үйлдвэрлэж эхэлсэн, ерөнхийдөө бол тоног төхөөрөмжөө ашиглах зорилготой тодорхой хэмжээний архийг үйлдвэрлэсэн яг хичнээн ширхэг тоо хэмжээтэй архи үйлдвэрлэсэн талаар мэдэхгүй, хаагуур яаж худалдан борлуулж байсныг бас сайн мэдэхгүй байна. “Сангийн далай групп” ХХК нь архи согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2023 оны 5 дугаар cap хүртэл хүчинтэй. ...би бол өөрөө захиалж авсан зүйл байхгүй, М.Э нь танил хүнээр дамжуулж олж авсан, албан ёсны гэж надад хэлж байсан. ... ” /4хх 87-89/,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/2887 дугаартай албан бичиг, түүний хавсралт баримтууд /4хх 94-132/,

“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1-2/17 дугаартай албан бичиг /4хх 134/, 2058 ширхэг онцгой албан татварын тэмдэгт,

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9-р гудамжны 164 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Моми 2 маркет” буюу Омми фүүд ХХК-ний дэлгүүрт үзлэг хийж хураан авсан “Амуу буудай” нэртэй нийт 37 шилтэй архинд үзлэг хийж онцгой албан татварын хуурамч тэмдэгтийг хуулж үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх 135­136/,

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 11 гудамж 7 тоот орон байранд үзлэг хийж хураан авсан “Амуу буудай” нэртэй нийт 176 шилтэй архинд үзлэг хийж онцгой албан татварын хуурамч тэмдэгтийг хуулж үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх 137-139/,

Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1-2/18 дугаартай албан бичиг /4хх 141-143/, 213 ширхэг онцгой албан татварын тэмдэгт,

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамж 355 тоотод үзлэг хийж хураан авсан “Амуу буудай" нэртэй нийт 565 шилтзй архинд үзлэг хийж онцгой албан татварын хуурамч тэмдэгтийг хуулж үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх 144-147/,

Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1-2/20 дугаартай албан бичиг /4хх 149-153/, 564 ширхэг онцгой албан татварын тэмдэгт,

2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Цэргийн хотхоны 1-р гудамж 266 тоот орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 2­42/,

2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 11 гудамж 7 тоот орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 44-49/,

2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамж 355 тоот орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 92-98/,

2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9-р гудамжны 164 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Моми 2 маркет” буюу “Омми фүүд” ХХК-ийн дэлгүүрт үзлэг хийж “Амуу буудай” нэртэй нийт 37 шилтэй архийг хураан авсан тухай тэмдэглэл /1хх 92-98/,

М.Э, Б.Уянга нарын хооронд байгуулсан амины орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний хуулбар /1хх 147-152/,

Гэрч М.Ц, Ч.Б нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 210-229/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос М.Эд, М.Э нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн М.Э, М.Эд нарыг “Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалах, ашиглах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатай нэгдэж хамтран оролцон бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э, М.Эд нарыг тус бүр 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч М.Эдын өмгөөлөгч О.Бээс “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын М.Эдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг судлан үзэхэд, шүүгдэгч М.Эд нь С.М.Этай хамтран иргэн Г.Жавхлангаас “Сангийн далай групп” ХХК-г худалдан авч, компанийн 50 хувийг өөрийн дүү М.Эын нэр дээр шилжүүлэн, архи үйлдвэрлэх байр түрээслэж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийг ажиллуулан архийг их хэмжээгээр үйлдвэрлэж, хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж архи дээр нааж хадгалсан, зөөвөрлөсөн, тухайн архийг дэлгүүрүүдэд худалдан борлуулж ашиг олсон нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба түүний санаа сэдэл, гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад агуулгын зөрүүгүй бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Эд, М.Э нарыг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн бүлэглэж, хамтран онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тохирсон, хүнд биш ял байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Эд, М.Э нар нь онцгой албан татварын тэмдэгтийг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр буюу татварын байгууллагаас зөвшөөрөл авалгүй, “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д акц хэвлүүлэх захиалга огт өгөлгүй, хуурамч, хаана үйлдвэрлэсэн, хэвлэсэн болох нь тодорхойгүй онцгой албан татварын тэмдэгтийг “Сангийн далай групп” ХХК-ийн үйлдвэрлэсэн архин дээр нааж хадгалсан, зөөвөрлөсөн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/459 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Эдын өмгөөлөгч О.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/459 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Эдын өмгөөлөгч О.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ