Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 51

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй,

Стандарт, хэмжил зүйн газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн  М.Батсуурь

Шүүгчид:                                      Л.Атарцэцэг

                                                     П.Соёл-Эрдэнэ

                                                     Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                             Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:               Д.Долгордорж    

Нэхэмжлэлийн шаардлага: “Стандарт хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дугаар тушаалаар Б.А-д сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгож, тус тушаал гаргахаас өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Стандарт хэмжил зүйн газрын даргын ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус акт болохыг тогтоолгох”  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0636 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0007 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.У нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0636 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан Б.А-гийн нэхэмжлэлтэй Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Г-т холбогдуулан гаргаснаар “Стандарт хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дугаар тушаалаар Б.А-д сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгож тус тушаалаас гаргахаас өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Стандарт хэмжил зүйн газрын даргын ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг илт хууль бус акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0007 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Б.А-гийн нэхэмжлэлтэй Стандарт хэмжил зүйн газрын даргад холбогдох Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасныг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх “... Нэхэмжлэгч шүүхэд Стандарт хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын ярианы бичлэгийг бичсэн 16 хуудас тэмдэглэл, тус газрын албан хаагчийн болон нэр бүхий хүмүүстэй нэхэмжлэгч утсаар ярьсан ярианы бичлэг бичсэн 4 хуудас тэмдэглэл, 2 ширхэг CD-г нотлох баримтаар гаргаж өгснийг нотлох баримтаас хасч шийдвэрлэхдээ... хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 123.3.3-т заасан үндэслэл гэж үзнэ.” гэжээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хууль бусаар далд аргаар буюу хуульд заасан арга хэлбэрээр олж аваагүй нотлох баримтыг хассан нь зөв бөгөөд анхан шатны шүүгчийн үйл ажиллагаа ямар ч хуулийг зөрчөөгүй болно.

6. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны явцад тухайн нотлох баримтуудыг хасч шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар нь тухайн үед шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй бөгөөд шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч цааш шүүх хуралдааныг цааш хэвийн үргэлжлүүлсэн.

7. Хэргийн оролцогч нар ямар нэг гомдол гаргаагүй хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан шүүх хуралдааныг дуусгасан нь нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхэд шүүх халдаагүйг харуулж байна. Шүүхээс гомдол гаргах талаар хүсэлтээ илэрхийлэхэд нь эрхийг эдлүүлээгүй ямар нэгэн тохиолдол тус хуралдаанд гараагүй болно. Мөн хариуцагчийн зүгээс Стандарт хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

8. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн Стандарт хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл нь төрийн албан хэрэг хөтлөлтийн журамд заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй, ярианы бичлэг нь хэн гэдэг хүнтэй ярьсан нь тодорхойгүй байдаг. Энэхүү баримтаар юуг нотлох гэж буй нь тодорхойгүй юм.

9. Шүүхийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ биелүүлж цугларвал зохих баримтыг бүрэн цуглуулж хуралдаанаа хийсэн.

10. Нэхэмжлэгчээс нэр бүхий хүмүүстэй ярьсан ярианы бичлэг, түүнийг сийрүүлсэн 4 хуудас тэмдэглэл өгөхдөө хэн гэж хүнтэй хэзээ юуны талаар ярьсан нь тодорхойгүй, тухайн бичлэгийг засвар хийгээгүй гэх байдал нь тодорхойгүй, утсаар ярьсан хүмүүс өөрийн яриаг мөн гэж хэн ч зөвшөөрөөгүй байгаа нотлох баримт юм.

11. .... Ёс зүйн хороонд гомдол гаргасан гэх хүмүүсийн хэн нь өөрөө бичсэн, хэн нь бичээгүй, хэний гомдлыг нөхөн бүрдүүлж хийсэн, хурал болсон өдөр ирсэн гомдлыг хэрхэн хүлээн авч, ямар журмаар шийдвэрлэсэн эсэхийг тогтоох боломжгүй, энэ нь нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх нэг үндэслэл болсон байх тул энэ талаар тодруулж, шаардлагатай гэж үзвэл нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, дээрх нөхцөл байдлыг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой... гэсэн талаар

12. Шүүх Б.А-гийн талаар ёс зүйн хороонд гаргасан гомдлыг хэрхэн хүлээн авсан, ямар журмаар шийдвэрлэсэн талаарх нотлох баримтыг шүүхээс шаардсаны дагуу хариуцагч байгууллага ирсэн бичгийн бүртгэл, гомдлыг нотлох баримтаар өгсөн.

13. Ирсэн бичгийн бүртгэлд давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дурдагдсан нэр бүхий гомдол гаргагч нар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан нь ирсэн бичгийн бүртгэлээр нотлогдоно. Гомдлыг нөхөн бүрдүүлсэн зүйл байхгүй. Мөн анхан шатны шүүх дээр ч энэ гомдлыг нөхөн бүрдүүлсэн гэх ямар ч маргаан ба мэтгэлцээн болоогүй бөгөөд анхан шатны шүүх дээр огт яриагүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс баталсан Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх тухай журмын дагуу хянан шийдвэрлэсэн.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн гомдолд дурдагдсан дээрх нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхэд талууд маргаагүй болно. Иймээс тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байдаг.

15. Нэхэмжлэгч Б.А-г ажлаас халсан шийдвэр гарснаас хойш зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлтээр удаа дараа хойшилж байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 15-нд анхан шатны шүүх хурлыг хийсэн бөгөөд нэхэмжлэгч талд нотлох баримт бүрдүүлэх шалгуулах бүх боломжийг шүүх олгосон билээ.

16. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0007 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасантай нийцээгүй байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

18. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/119 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.3.1, 5.4.4, 5.5.1, Стандарт, хэмжил зүйн газрын ёс зүйн хорооны 2017 оны 01 дүгээр дүгнэлт, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны А/347 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Хяналт, шинжилгээ үнэлгээг хийсэн дүгнэлт, СХЗГ-ын 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн А/355 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга Б.А-г төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй, харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг үл биелүүлдэг, удирдан манлайлах чадваргүй, өөрийн шууд удирдлаганд ажилладаг албан хаагчидтай тэгш бус харьцдаг гэж төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.

19. Энэхүү тушаалын үндэслэл болсон зөрчлүүдийн талаар анхан шатны шүүхийн шийдвэртээ Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/302 дугаар тушаалаар байгуулагдсан “Хэмжил зүйн хүрээлэн”-гийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1269 тоот албан бичиг, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/347 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай илтгэх хуудас, Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх ёс зүйн хороонд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХХШБГ-мэргэжилтэн Д.Б, Улсын шалгагч Б.П, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ХХШБГ-ын мэргэжилтэн С.Б, Улсын шалгагч Т.Б, Д.Б, ХХШБГ-ын УХХБЛ-ийн ахлах мэргэжилтэн Л.Г, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ХХШБГазар Б.Б нарын гаргасан өргөдөл, гомдол, СХЗГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/355 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудад үндэслэн дэлгэрэнгүй, тодорхой, зөв дүгнэсэн байна.

20. Харин давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд заасан холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

21. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг хууль бусаар олж авсан нотлох баримт нь нотолгооны ач холбогдлоо алдах төдийгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй буюу өөрөөр хэлбэл түүнийг үнэлэхгүй, хэргийн оролцогч хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар хориглосон байна. 

22. Тухайн тохиолдолд анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Стандарт, хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын ярианы бичлэгийг сонсож бичсэн гэх 16 хуудас тэмдэглэл, тус газрын албан хаагч болох нэр бүхий хүмүүстэй нэхэмжлэгч утсаар ярьсан ярианы бичлэгийг сонсож бичсэн гэх 4 хуудас тэмдэглэл, 2 ширхэг СD бичлэг зэргийг далд аргаар буюу хуульд заасан арга хэлбэрээр олж аваагүй баримт гэж үзнэ.

23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “... хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно” гэж заасны дагуу анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлэлгүй орхиж, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан 32 дугаар зүйлийн 32.5-д нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилгүй байна.

24. Хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримтыг шүүхэд гаргахыг хориглосон, ийнхүү гаргаж өгсөн баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, үүнийг зөрчиж гаргаж өгсөн гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхээр мөн зүйлийн 32.7-д тусгайлан заасан, хавтас хэргээс дээрх баримтуудыг хасаагүй байгаа энэ тохиолдолд гомдол гаргах эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм.

25. Гэтэл давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан 32 дугаар зүйлийн холбогдох заалтыг тайлбарлахдаа системчилсэн буюу эрх зүйн зохицуулалтуудыг харилцан холбоотойгоор авч үзэлгүй, тухайн заалтын хүрээнд тайлбарлан “нэхэмжлэгчийг гомдол гаргах эрхтэй” мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

26.  Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.А-г ёс зүйн зөрчил гаргасан болохыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь баримтаар хангалттай нотолж тогтоосон атал давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй, тухайлбал, тухайн хуралд гомдол гаргасан эсэх, гаргасан бол хэн хэн гомдол гаргасан эсэх зэрэг зүйл баримт нь энэ хэрэгт шууд хамааралгүй байхад энэ талаар баримтыг дурдаж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2, 121.3.4-т заасныг зөрчсөн болно. 

27. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0007 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

                                ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН