Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 208/МА2021/00004

 

 

******* ******* Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00474/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* Хариуцагч Д.*******

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв / цахим/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 148/ШШ2021/00003 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор ******* ******* Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох Зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү нийт 5,649,460.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 01 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.*******, Д.******* нар нь 2018.11.21-ний өдөр ******* *******-тай ЗГ4325108367 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Д.******* нь 2019 оны 05 сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан ба түүнээс хойш хамтран зээлдэгч Д.******* нь зээлийн гэрээний үүргийг огт биелүүлэхгүй, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанаас 435 хоног хугацаа хэтэрч 1,739,698 төгрөгийн зээлийн зөрчил үүссэн байна. Хамтран зээлдэгч Д.*******д зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч гэрээг зөрчсөн хэвээр байна. Шүүхэд шилжүүлэх үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,748,535.75 төгрөг, зээлийн хүү 881,998.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,925.44 төгрөг нийт 5,649,460.15 төгрөгийн зээлийн өр үүссэн байна. Иймд зээлдэгч Д.*******, Д.******* нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хамтран зээлдэгч Д.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 5,646,460.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. ******* ******* нэхэмжлэлдээ бичихдээ Зээлдэгч Д.*******, Д.******* нар нь 2018.11.21-ний өдөр ******* *******-тай ЗГ4325108367 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөг авсан. Зээлдэгч Д.******* нь 2019 оны 05 сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан ба түүнээс хойш хамтран зээлдэгч Д.******* нь зээлийн гэрээний үүргийг огт биелүүлэхгүй, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанаас 435 хоног хугацаа хэтэрч 1,739,698 төгрөгийн зээлийн зөрчил үүссэн байна. Хамтран зээлдэгч Д.*******д зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч гэрээг зөрчсөн хэвээр байна гэж бичсэн нь үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй зүйл юм.

Учир нь 2018.11.21-ны өдөр ******* *******наас зээл огт аваагүй, зээлийн гэрээг мэдэхгүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, хамтран зээлдэгч биш юм. Гэтэл намайг зээл авсан, хамтран зээлдэгч гэж 5.649.460.14 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Миний төрсөн ах Д. *******ыг нас барсны дараа ******* *******ны зээлийн мэргэжилтэн Баясгалан нь надтай уулзаад танай ах манай *******наас зээл авсан юм, чи төрсөн дүү нь юм чинь энэ бичиг дээр гарын үсэг зурчих, энэ бичиг бол Мандал даатгал компанийн гэрээ юм, даатгалын компани зээлийг хариуцах юм гэж хэлээд надаар гарын үсэг зуруулж байсан юм. Би итгээд гарын үсгээ зурж байсан юм. Гэтэл одоо шүүхэд нэхэмжлэл гаргахдаа намайг зээл авсан, хамтран зээлдэгч гэж бичиж байгаа нь Мандал даатгал компани зээлийг хариуцах юм гээд надаар гарын үсэг зуруулж байсан тэр гарын үсгийг минь ашиглаж намайг *******наас зээл авсан болгож нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. Мөн ******* *******ны зүгээс надад үзүүлж байсан зээлийн гэрээн дээр зурсан гарын үсэг нь манай ахын гарын үсэг биш байсан, би ахынхаа гарын үсгийг сайн мэднэ. ******* *******наас би зээл огт аваагүй байхад ******* иргэн миний итгэлийг эвдэж төөрөгдүүлэн гарын үсэг зуруулж шударга бус үйлдэл хийж дараа нь ингэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. ******* *******ны үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар ******* ******* ХХК /Сэлэнгэ салбар/-ын нэхэмжлэлтэй хамтран зээлдэгч Д.*******д холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ЗГ-4325108367 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ-г хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн болон нэмэгдүүлсэн хүү нийт 5,649,460.14 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 105,341.36 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэн эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хамт шинжлэн судалж дүгнэхдээ:

-Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр гэрээн дээрх гарын үсэг зээлдэгч Д.*******\талийгаач\-ынх биш гэж гарсан хэдий ч тухайн дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдохгүй байгаа.

-Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээнд сүүлд гарын үсэг зурсан гэж маргасан боловч үүнийгээ нотолж чадаагүй.

-Тус гэрээнд хамтран зээлдэгчийн гэрийн хаягийг буруу бичсэн зэрэг нь уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй гэж үзэн маргааны гол зүйл болох зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэрээ хэмээн зөв дүгнэсэн атлаа ...тухайн гэрээний дагуу олгогдсон зээлийг хамтран зээлдэгч нь хамтран ашигласан талаар нотолсон баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй... гэх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Зээлийн гэрээ байгуулагдаж, олгогдсон зээл нь үндсэн зээлдэгчийн дансанд шилжин ордог ба түүнээс зээлдэгч нар хэрхэн ямар байдлаар ашиглах зарцуулах нь тэдний эрхийн асуудал бөгөөд ******* зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавихаас бус хэн нь хэдэн төгрөг хэрэглэж, ашиглаж байгаад хяналт тавих эрхгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд зээлдэгчийн харилцах дансны орлого зарлагын хуулгыг нотлох баримтаар гарган өгсөн ба тухайн хуулгаас харахад олгогдсон зээлээс зарцуулалт хийхдээ байнга *******ны салбар дээрээс буюу теллерээс бэлнээр зарлага гарган авсан байдаг. Тухайн зарлагыг гаргаад хамтран зээлдэгчдээ өгсөн байхыг үгүйсгэх аргагүй ба энэ талаар ч шүүх хуралдаан дээр хангалттай тайлбарласан ч шүүх үүнийг анхаарч үзээгүй. Хэрвээ зээлдэгч нар тухайн зээлээс хэдэн төгрөгийг нь хэрэглэж, ашиглаж байгаагаасаа хамаарч үүрэг хүлээх эсэх нь тодорхойлогддог хуулийн зохицуулалт байсан бол магадгүй зээлдэгч бүрийн дансанд тухайн зээл хуваагдаж орох байсан байх. Гэтэл өнөөдрийн бидний хэрэглэж, мөрдөж буй Иргэний хууль болон холбогдох бусад хуульд ийм өрөөсгөл зохицуулалт байхгүй ба зээлийн гэрээний нэг тал болох зээлдэгч нар нь зээлийн төлбөрөөс хэрэглэж ашигласан хэмжээгээрээ үүрэг хүлээдэг ойлголт огт байхгүй юм. Иргэний хуулийн 242-р зүйлд заагдсан хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаарх ойлголт энд яригдах ба 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч Д.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул зээл болон барьцааны гэрээний дагуу үүрэг хүлээх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Дээрх байдлаас үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* *******-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь хуулийн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх ******* *******ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хуулийн дагуу гарсан зөв шийдвэр гэж үзэж байна.

...Зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг талийгаачийнх биш гэдгийг би төрсөн дүүгийнх нь хувьд мэдэж байна. Мөн мэргэжлийн байгууллагын 2 удаагийн дүгнэлт гарсан. Ойр дотно хүмүүс нь ч гарын үсгийг биш гэдгийг нь хэлж байгаа. Ийм байхад шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна. Үндсэн зээлдэгчийн гарын үсэг биш байна гэдэг нь тухайн гэрээ хүчин төгөлдөр биш юм. Иймд би тухайн зээлийг төлөхгүй гэсэн байр суурьтай байна. Мөн *******ны зээлийн эдийн засагч нь магадгүй өөрөө хариуцлагаас мултрахын тулд намайг хууран мэхэлж гарын үсэг зуруулсан байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй худал мэдүүлэг өгч байгаа. Би өмнө нь ******* *******наас цалингийн зээл авахдаа 4, 5 материал бүрдүүлж байсан. Тэгвэл энэ зээлд огт бүрдүүлбэр байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өнөөдрийн суурь гэрээ, үндсэн хэлцэл нь өөрөө хууль тогтоомж зөрчсөн байхад хамтран зээлдэгч гэж нэхэмжлэх нь буруу юм. Яагаад гэвэл Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлдэгч бүрээр хувийн хэрэг нээнэ гэсэн байгаа. Гэтэл хэнд нь ч хувийн хэрэг байдаггүй. Мөн тус хуульд хамтран хариуцагч гэж нэр томъёо байдаггүй. Нэг бол зээлдэгч, нэг бол батлан даагч гэж тодорхойлсон байгаа. Тэгвэл Д.******* нь батлан даагч биш юм. Ийм учраас 2 зээлдэгчид зээл гаргаж өгч байгаа бол 2,500,000 төгрөгийг тус тусын дансанд өгөх ёстой. Энэ мэт олон хуулийн заалтыг зөрчсөн байж давж заалдах гомдол гаргах нь үндэслэлгүй юм. Бидний мэдэж байгаагаар зээлийн гэрээг байгуулахад заавал судалгаа хийдэг. Энэ олон процесс ажиллагаа байдаг байхад нэг ч хийгдээгүй. Гарын үсэг зурагдсанаар гэрээ хийсэн гэж үзэхгүй. Хамгийн гол нь бүх талаараа нотлогдож, процесс үйл ажиллагаа зөв явсан эсэхийг бид анхаарах ёстой. Иймд анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэ олон хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэж хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг үндсэндээ зөв шийдвэрлэсэн боловч хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий зөв дүгнэлт өгч чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

******* *******ны Сэлэнгэ салбар Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,649,460.14 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээл авах хүсэл зориг байгаагүй, ахыг зээл авсан талаар мэдэхгүй *******ны ажилтан зээлийн гэрээнд хууран мэхэлж гарын үсэг зуруулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

******* *******ны Сэлэнгэ салбар болон Д.*******, Д.******* нарын хооронд 2018 оны 11 сарын 21-ний өдөр зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 5.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй Д.*******ын цалинг барьцаалж зээл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Зээлдэгч Д.******* нь өвчний учир 2019 оны 05 сарын 14-ний өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгч ******* *******ны Сэлэнгэ салбар зээлийн гэрээний нэг тал буюу хамтран зээлдэгч гэж үзэн Д.*******аас зээлийн гэрээний үүргийг шаарджээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хэрэгт авагдсан Зээлийн гэрээний 3.1.2, 3.3.1,3.3.3, 4.2, 4.3-т ...зээлдэгч нь цалин орлогоо зээлийн гэрээний хугацаанд нэг дансаар хүлээн авах, зээлдүүлэгч ******* нь зээлдэгчийн зээлийн хүү төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгчийн данснаас үл маргах журмаар шууд суутгах авах-аар талууд тохиролцсон байх ба энэхүү баримтаар Д.******* нь өөрийн орлогоо буюу цалинг барьцаалж зээл авсан нь тухайн иргэний хувийн салшгүй холбоотой үүргийг үүсгэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл гэрээнд хамтран зээлдэгчээр Д.******* оролцож, тодорхой үүрэг хүлээсэн гэх үндэслэл тогтоогдохгүй гэрээнд энэ талаар огт тусгаагүй тул хариуцагчийг тухайн зээлийн гэрээний оролцогч гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болохоор заасан болохыг дурдах нь зүйтэй.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 -т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.

Үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдэгч ******* нь үүргийг шаардахын тулд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарт үүрэг үүссэн болохыг нотлох ёстой.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Д.*******д зээлийн гэрээний дагуу үүргийг хүлээлгэн өгснөөр хариу үүрэг үүснэ.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болох талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчтэй эсэх болон түүний эрх үүргийн талаар огт дурдаагүй, хариуцагч Д.******* нь зээлдэгч Д.*******тай хамтран зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байсан эсэх нь тодорхой бус байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар эсвэл үүргийн үл хуваагдах шинж чанартай холбоотойгоор үүсдэг бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч Д.******* хамтран зээлдэгчийн хувьд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг үүссэн гэх байдал гэрээний агуулга, зээлийн мөнгийг нэг зээлдэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

Тус хэргийн хариуцагч Д.*******д зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн байдал хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нотлогдоогүй тул ******* ******* -ны Сэлэнгэ салбарт шаардах эрх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үүсээгүй байна.

Зээлдүүлэгч ******* нь зээлийн гэрээнээс үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор хуульд заасан арга хэрэгсэл болох батлан даалтын, баталгаа, даатгалын зэрэг гэрээ байгуулж болохоор байхад зээлийн үүргийг эргэж төлөгдөх нөхцөл хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой цалинг барьцаалж зээл олгосон атлаа зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 Иймд нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Д.******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран зээлдэгчийн үүргийг хүлээсэн гэсэн шаардлага хуулийн үндэслэлгүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 148/ШШ2021/00003 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1-т тус тус зааснаар ******* ******* ХХК /Сэлэнгэ салбар/-ын нэхэмжлэлтэй хамтран зээлдэгч Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 5,649,460.14 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.341 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН