| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0852/3 |
| Дугаар | 128/ШШ2024/0880 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2024/0880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.С********
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Б.Ч******** нарын хооронд үүссэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, хяналтын прокурор Б.С********, хариуцагч Б.Ч******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.С******** нь “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Б.Ч********гийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0630558 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.М********д 1,940,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Зөрчилд холбогдогч Ц.М******** нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******** дүүргийн ** дугаар хорооны ******** дэх хяналтын постоор 2 ширхэг тарвага тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны дэд ахлагч Р.М********** саатуулан шалгаж зөрчлийн мэдээллийн талаар тэмдэглэл үйлджээ.[1]
2.2. Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ш**********ын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор Ц.М********д холбогдох зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох баримт бичгийн хамт Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.[2]
2.3. Улмаар 2024 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 14-6/4219 дугаар албан бичгээр уг зөрчлийн хэргийг Нийслэлийн Байгаль орчны газарт шалгуулахаар шилжүүлжээ.[3]
2.4. Зөрчлийн мэдээллийг хүлээн аваад Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Б.Ч******** нь “2 тарвагыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тээвэрлэсэн үйлдэлд Зөрчлийн хэрэг нээжээ.
2.5. Тэрээр 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зөрчилд холбогдогч Ц.М********аас мэдүүлэг авсан байх бөгөөд “...2 ширхэг тарваганы мах ачаанд өгсөн хүнийг танихгүй, ачаа өгөхөд л анх харсан дахиж харвал танина, автобусны зогсоол дээр хяналтын камер байдаг...” гэж мэдүүлсэн байна.[4]
2.6. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0630558 дугаар шийтгэлийн хуудсаар Экологийн цагдаагийн газрын зөрчлийн хэргийн нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 300.000 төгрөгийн торгууль, 1.640.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ.[5]
2.7. Прокурорын зүгээс улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлтдээ “...Эрх бүхий албан тушаалтан нь 2 ширхэг тарвагыг эрхийн бичиг, тусгай зөвшөөрөлгүй агнасан болон тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан худалдан авсан ***** аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зөрчлийг харьяаллаар шилжүүлэлгүй, дутуу шалган холбогдогчид шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.8. Хариуцагчийн зүгээс “...Зөрчилд холбогдогч буюу орон нутгийн зорчигч тээврийн жолооч нь хот хооронд зорчигч буюу ачаа тээш тээвэрлэхдээ Зам тээврийн хөгжлийн сайдын “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 9.7.6 дахь хэсэгт заасныг ажлын хариуцлага алдан зөрчиж, зөвшөөрөгдөөгүй ангийн гаралтай түүхий эдийг агнуурын бүс нутгаас бусад газарт тээвэрлэснийг хүлээн зөвшөөрч, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, оногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан. ***** аймаг нь агнуурын бүс нутаг мөн боловч “Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай” тушаалаар 2024 онд агнах агнуурын амьтдаас тарвага агнах нь зөвшөөрөгдөөгүй байна…” гэж тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч хяналтын прокурор Б.С******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын Б.С******** би Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ч********гийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 575 дугаартай материалыг шалгалтын явцад хянасан. Хэрэгт авагдсан баримтуудаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэсэн “...Ц.М******** нь Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн” гэж шийтгэл оногдуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичсэн. Үндэслэлийн хувьд 2021 оны 07 дугаар сарын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 3 жилийн хугацаагаар тарвага агнахыг Монгол улсын хэмжээнд хориглосон байсан уг хугацаа 2024 оны 7 дугаар сард дууссан. Тэгэхээр уг дууссан хугацаанаас эхлүүлээд Амьтны тухай хуулиар хориглосон хориотой хугацаагаар уг асуудал шийдэгдэхээр байна. Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт 8 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийтдээ 10 сарын хугацаанд тарвага агнах хориотой үеийг хуулиар тогтоосон байна. Харин бусад хоёр сарын хугацаа буюу 08 дугаар сарын 20-оос 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд тарвага агнахыг зөвшөөрсөн. Зөвшөөрөхдөө Амьтны тухай хуульд зааснаар холбогдох төлбөр хураамжийг төлөөд эрх бүхий байгууллага албан тушаалтнаас эрхийн бичиг болон тусгай зөвшөөрөл, гарал үүслийг авч байж агнах эрх үүснэ. Энэ цаг хугацаанд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан энэ үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.5 дахь хэсэгт заасан зөрчил болохоор хуульд заасан. Харин гэрээ, зөвшөөрөлгүй амьтныг агнасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.1.3 дахь хэсэгт заасан зөрчил болохоор хуульд заасан байна. Дээрх хориотой 10 сарын хугацаанд амьтныг агнасан бол амьтныг агнах хориотой үед нь хамаараад 7 дугаар зүйлийн 7.6.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэхээр хуульд тус тус заасан байгаа юм. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Ц.М********д шийтгэл оногдуулахдаа 2 ширхэг тарвагыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн буюу Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргаснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрх бүхий албан тушаалтан нь тухайн хүний зөрчил үйлдсэнийг нь нотолж тогтоогоод тухайн нөхцөл байдалд үндэслэн шийдвэр гаргах ёстой гэх үндсэн зарчмыг зөрчсөн байх тул тээврийн жолоочид зохих зөвшөөрөлгүй 2 ширхэг тарвага тээвэрлэсэн гэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн.” гэжээ.
3.2. Хариуцагч Б.Ч******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...575 дугаартай Ц.М********д холбогдох материалд тээврийн хэрэгслийн жолоочийг ажлын хариуцлага алдсан гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.4 дэх хэсэгт заасны дагуу торгууль тогтоосон. Үүнийг тайлбарлавал прокурорын дүгнэлтэд бичсэнээр 08 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хариугаа өгөхийг зөвшөөрсөн гэж бичсэн байна. Амьтны тухай хуульд 10 дугаар сарын 16-аас дараа оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд амьтан агнахыг хориглосон хугацааг тогтоосон байна. Уг 2 сарын хугацаанд прокурорын хянаснаар зөвшөөрөгдсөн хугацаа гэж үзсэн байна. Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг энэ хулийн 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.8.1 дахь хэсэгт заасан агнуурын амьтны нөөц хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 625 дугаар тушаалаар Монгол улсын 15 аймагт 9 нэр төрлийн амьтныг агнах амьтны нэр төрөл, агнах дээд хязгаарыг баталсан. Үүгээр ***** аймагт амьтан агнах дээд хэмжээг батлаагүй байна. Иймд ***** аймагт ямар нэгэн байдлаар тарвага агнахыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзсэн. Холбогдогчоос авсан мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар худалдсан болон худалдан авсан гэдэг нь тогтоогдоогүй. Мөн тээш илгээсэн болон хүлээн авах хүн нь тодорхой бус байсан учир амьтны аймагт хохирол учирч байна гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.4 дэх хэсэгт хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4 дахь хэсэгт агнуурын бус нутгаас бусад газарт, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг агнасан тээвэрлэсэн бол зөрчил үүсгэж шалгаад ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. 7 дугаар зүйлийн 7.6.4 дэх хэсэгт заасан агнуурын бүс нутаг гэдэг нь агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил тархац нутаг гэж ойлгоно гэж Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан. ***** аймаг нь агнуурын бүс нутаг мөн боловч 627 дугаар тушаалаар агнуурын тоо хэмжээ зэрэг зөвшөөрөл олгогдоогүй байна. Иймд жолооч Ц.М******** нь эрх бүхий байгууллагаас тарвага агнах зөвшөөрөл олгогдох боломжгүй цаг хугацаанд тарвага зөөвөрлөсөн. Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсгийг буюу тарвага зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот тосгонд оруулахыг хориглоно гэх заалт, мөн Зөрчлийн тухай хуулийн7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт агнуурын бүс нутгаас бусад газарт тарвага тээвэрлэсэн гэж үзээд шийтгэлийг оногдуулж ажилласан.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх прокурорын дүгнэлт, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтэд дурдсан маргаан бүхий 0630558 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж заасан нөхцөл байдал дараах агуулгаар бий болсон гэж үзсэн.
2. Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, зөрчилд холбогдогч Ц.М******** нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******** дүүргийн 32 дугаар хорооны ******** дэх хяналтын постоор 2 ширхэг тарвага тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албаны дэд ахлагч Р.М********саатуулан шалгаж, Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Шинэбаатарын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор Ц.М********д холбогдох зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох баримт бичгийн хамт Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Улмаар 2024 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 14-6/4219 дугаар албан бичгээр уг зөрчлийн хэргийг Нийслэлийн Байгаль орчны газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.
4. Зөрчлийн мэдээллийг хүлээн аваад Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Б.Ч******** нь “2 тарвагыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тээвэрлэсэн” үйлдэлд зөрчлийн хэрэг нээжээ.
5. Хариуцагч 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зөрчилд холбогдогч Ц.М********аас мэдүүлэг авсан байх бөгөөд “...2 ширхэг тарваганы мах ачаанд өгсөн хүнийг танихгүй, ачаа өгөхөд л анх харсан дахиж харвал танина, автобусны зогсоол дээр хяналтын камер байдаг...” гэж мэдүүлсэн.
6. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0630558 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Ц.М********ыг “зохих зөвшөөрөлгүй 2 ширхэг тарваганы мах тээвэрлэсэн” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 300.000 төгрөгийн торгууль, 1.640.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ.
7. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол гаргагч прокурорын зүгээс “... 2021 оны 07 дугаар сарын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 3 жилийн хугацаагаар тарвага агнахыг Монгол улсын хэмжээнд хориглосон байсан уг хугацаа 2024 оны 7 дугаар сард дууссан. Тэгэхээр уг дууссан хугацаанаас эхлүүлээд Амьтны тухай хуулиар хориглосон хориотой хугацаагаар уг асуудал шийдэгдэхээр байна. Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт 8 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийтдээ 10 сарын хугацаанд тарвага агнах хориотой үеийг хуулиар тогтоосон байна. Харин бусад хоёр сарын хугацаа буюу 08 дугаар сарын 20-оос 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд тарвага агнахыг зөвшөөрсөн Дээрх хориотой 10 сарын хугацаанд амьтныг агнасан бол амьтныг агнах хориотой үед нь хамаараад 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэхээр хуульд тус тус заасан байгаа юм. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Ц.М********д шийтгэл оногдуулахдаа 2 ширхэг тарвагыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн буюу Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил гаргаснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж маргасан.
8. Харин хариуцагчаас “... Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг энэ хулийн 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.8.1 дахь хэсэгт заасан агнуурын амьтны нөөц хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 625 дугаар тушаалаар Монгол Улсын 15 аймагт 9 нэр төрлийн амьтныг агнах амьтны нэр төрөл, агнах дээд хязгаарыг баталсан. Үүгээр ***** аймагт амьтан агнах дээд хэмжээг батлаагүй байна. Иймд ***** аймагт ямар нэгэн байдлаар тарвага агнахыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “агнуурын бүс нутгаас бусад газарт амьтныг агнасан, тээвэрлэсэн” зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй” гэж тайлбарлаж байна.
9. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.
10. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, энэхүү хэм хэмжээ нь “агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр” гэсэн 4 гепотез хэсэгтэй бөгөөд “амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн” гэсэн 3 диспозиц хэсгээс бүрдсэн, эдгээр 4 гепотез хэсгийн аль аль нь диспозици хэсэгтэй дангаараа болон хамтаараа холбогдох боломжтой байна.
11. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж тус тус заасан.
12. Хэдийгээр прокурорын зүгээс хариуцагчийг буруутгахдаа зөрчлийн зүйлчлэлийг буруу хийсэн буюу “зөвшөөрөлгүй агнаж болох хугацаа байхад зөрчилд холбогдогчийг зохих зөвшөөрөлгүй 2 ширхэг тарваганы мах тээвэрлэсэн” гэж үзсэн нь буруу гэж байгаа боловч нөгөө талаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн тайлбарласан “агнуурын бүс нутгаас бусад газарт амьтныг агнасан, тээвэрлэсэн” буюу ***** аймаг нь тарвага агнуурын бүс нутагт хамаарахгүй тул энэ зөрчилд хамаарна гэж тайлбарлаж байгааг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй байна.
13. Амьтны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад “агнуурын бүс нутаг гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил, тархац нутгийг;” гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно.” гэж тус тус заажээ.
14. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам/ тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтоох бөгөөд хариуцагчаас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 625 дугаар тушаалаар Монгол Улсын 15 аймагт 9 нэр төрлийн амьтныг агнах амьтны нэр төрөл, агнах дээд хязгаарыг баталсан. Үүгээр ***** аймагт амьтан агнах дээд хэмжээг батлаагүй байна” гэх боловч хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалд тухайн сайдын тушаал авагдаагүй байхад хариуцагчийн энэхүү тайлбарт шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
15. Тиймээс шүүх прокуророос ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авч маргаан бүхий 0630558 дугаар шийтгэлийн хуудсыг шууд хүчингүй болгох боломжгүй, тодруулбал, хариуцагч хэдийгээр зөрчлийн зүйлчлэлийг буруу хийсэн байж болзошгүй боловч хариуцагчаас тайлбарлаж буй зөрчилд холбогдогчийн гаргасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “агнуурын бүс нутгаас бусад газарт амьтныг агнасан, тээвэрлэсэн” зөрчилд хамаарах эсэхийг хариуцагч өөрөө дахин тодруулах нь зөрчлийн эрх зүйн “зөрчлийг тогтоох”, улмаар “тохирсон хариуцлага гарцаагүй байх” зарчмын агуулгад нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
16. Хариуцагч нь энэхүү шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт дурдсан дээрх эрх зүйн асуудлуудыг дахин шинэ акт гаргахдаа нягтлан тодруулах, холбогдох бусад нотлох баримтыг зөрчлийн хэрэгт бүрэн цуглуулах үүрэгтэй болохыг тэмдэглэхээс гадна шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдаж байна.
17. Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, хариуцагчаас нэмэлт тодруулах ажиллагааг хийж дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзсэн тул энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр зөрчилд холбогдогч Ц.М********ыг татан оролцуулах шаардлагагүй байна гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Амьтны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7.6 дугаар зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.С********гаас гаргасан гомдолд дурдсан маргаан бүхий Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Б.Ч********гийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0630558 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхээс тогтоосон дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 0630558 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тогтоосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжид төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ