Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/604

 

 

 

 

 

 2023         6        06                               2023/ДШМ/604

            

    Д.Дд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч О.А,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Агийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Дд холбогдох эрүүгийн 2209000001696 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн  О.Д, 1977 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ... төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик инженер барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “....” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../.

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны гадна тус байрны оршин суугч Л.Атэй хашаа нураах асуудлаас болж маргалдан улмаар хашаа нураахдаа ашиглаж байсан А шатаар түүнийг цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун сарвууны ард няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Аээс гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч О.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Д-г 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны гадна тус байрны оршин суугч Л.Атэй хашаа нураах асуудлаас болж маргалдан улмаар хашаа нураахдаа ашиглаж байсан А шатаар түүнийг цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун сарвууны ард няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэнийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэх эргэлзээгүй нотлох баримтууд биш бөгөөд хохирогчийн мэдүүлгийг давхар нотлоогүй талаар дараах нөхцөл байдал байна. Хавтаст хэрэгт гэрч С.Хүрэлморь, Н.Мижиддорж, Мандалбаяр нарын мэдүүлэг авагдсан бөгөөд гэрч нарын мэдүүлгээр барилгын ажилчид болон оршин суугчид хооронд маргаан үүссэн талаарх үйл баримт нотлогддог ч хохирогч Л.Аийн биед хэн, яаж, хэзээ гэмтэл учруулсан талаарх үйл баримт нотлогддоггүй. Мөн камерын бичлэгээр “... А шат барьсан хүнийг хар өнгийн майктай залуу түлхэж байх ба хажуу талаас нь мөн эрэгтэй хүн түлхэж байв. А шат барьсан эрэгтэй хүн уг шатыг хар өнгийн майктай эрэгтэй хүн рүү түлхэн шидэж байв ....” гэх нөхцөл байдал байгаа ба тухайн шатыг шидсэнээс хохирогчийг оносон, түүнд гэмтэл учруулсан үйл баримт байдаггүй. Харин хохирогч шүүгдэгчийг түрүүлж цохисон тэнд байсан хүмүүс рүү дайрч байгаа байдал харагддаг бөгөөд хэзээ, яаж гартаа гэмтэл авсан нь тодорхойгүй байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11993 дугаар шинжээчийн дүгнэлтэд “хэсэг газрын үзлэгт: Баруун сарвууны дунд хурууны харалдаа алганы ар хэсэгт 1.5х0.2 см зах ирмэг тэгш бус шархтай, шархнаас цус гарч хатсан, орчны эд хавдсан, бүдэг хөх өнгийн цус хурсан байв. Дүгнэлт: Л.Аийн биед баруун сарвууны ард няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

Шүүх хуралдаанд хохирогч Л.А мэдүүлэхдээ гартаа гэмтэл авсан ч ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлсэн, ажлаа хийхэд саад болсон зүйл байхгүй, дороо эдгэрсэн талаар мэдүүлсэн.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д хөнгөн гэмтлийг “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж заасан байна. Хохирогчийн тухайн өдрөөсөө ажил хөдөлмөрөө эрхэлсэн, ажил хийхэд саад болоогүй гэх мэдүүлгээс дүгнэвэл шинжээчийн дүгнэлтэд заасан хохирогч Л.Аийн баруун сарвууны дунд хурууны харалдаа алганы ар хэсэгт 1.5х0.2 см няцарсан шарх нь түүний эрүүл мэндийг сарниулсан гэх нөхцлийг үгүйсгэж байгаа бөгөөд эд эрхтний үйл ажиллагаа алдагдаагүй байх учир гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтэл биш юм. Хэдийгээр шинжээч нь шүүх хуралдаанд оролцож хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар тайлбарласан хэдий ч хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар хэрхэн сарниулж байгааг мэргэжлийн хувьд тайлбарлаагүй. Мөн дээрх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу гараагүй байна гэж дүгнэлээ. Учир нь, мөрдөгч шинжээч томилж, шинжээч дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний хуулийг баримтлах үүрэгтэй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4-т шинжээч томилох шийдвэрийг яллагдагчид танилцуулж мөн хуулийн 27.2 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй, хууль зөрчиж гаргасан дүгнэлтийг үндэслэж хохирогчид хөнгөн гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг баримтлан миний үйлчлүүлэгчид ашигтайгаар буюу тус хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А гэх хүн тухайн үед гэрээ нүүлгэж байсан учраас гараа шалбалсан байх магадлалтай. Мөн намайг шатаар цохисон гэж мэдүүлдэг. Камерын бичлэгээс үзвэл бүх хүмүүс над руу дайрч зодсон. Би нэг ч хүнд гар хүрээгүй. Зүгээр босгоод барьсан байсан шатаа түлхээд хүмүүст зодуулсан. Гэтэл намайг шат барьж байгаад цохисон мэт ойлголт төрүүлсэн. А-ийг хэзээ гараа шалбалсныг мэдэхгүй байна. ...” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч Д.Д-г оршин суугч нар хашаа барьсан асуудлаас болж маргалдаж, улмаар хашаанд байсан А шатаар хохирогчийг цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулсан нь гэмт хэрэг үйлдэж, түүнийг яллагдагчаар татаж, анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Мөрөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг, тухайн үед байсан гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргээр шүүгдэгч Д.Д нь хохирогчийн баруун гар хэсэгт А шатаар түлхэж байгаа үйл баримт нь хангалттай нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж, мэдүүлэг авсан байдаг. Хохирогчид учирсан хөнгөн гэмтлийг шинжээч нь өмгөөлөгчид хангалттай тайлбарлаж өгсөн. Мэргэжлийн шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд тодорхой тайлбарлаж өгсөн учраас дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 60 дугаар байрны гадна тус байрны оршин суугч Л.Атэй хашаа нураах асуудлаас болж маргалдан улмаар хашаа нураахдаа ашиглаж байсан А шатаар түүнийг цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун сарвууны ард няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Аийн “... 2022 оны 8 дугаар сарын 30-ны өглөө байрны гадаа гарч ирэхэд нэг хүн хаалт эвдэх гээд зогсож байсан. Тэгэхээр нь би чи яаж байна аа, хэн юм гэж асуухад чамд ямар хамаатай юм бэ, би хүн байна” гэсэн. Тэгэхээр нь урд өдөр хогны машин оруулахгүй байснаас манай хогийг ачаагүй байна гэхэд тэр надад хамаагүй гэсэн. Тэгэхээр нь “энэ оршин суугчдын эрх ашиг” гэхэд “юун оршин суугчдын эрх ашиг, тэр надад хамаагүй” гэсэн. Тэгэхээр нь тэр залууг би түлхэж холдуулаад жаахан маргалдаж байгаад гэртээ орсон. Тэгээд ачилтын машин ирэхэд би юмаа ачиж байхад нөгөө төмрийг цаад талаас нь цохиж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод наад талаас нь түшсэн чинь цөм цохиод нөгөө төмөр хашаа нураад ороод ирсэн. Би “чи яаж байгаа юм бэ” гэхэд тэр залуу барьж байсан А шатаар намайг шууд цохиход нь би гараараа хаасан чинь миний гар гэмтсэн. Дахиад цохих гэхээр нь би өөдөөс нь гар далайж болиулсан. Тэгээд нурсан хашааг нэг залуу нь суга татах гэхээр нь би тэр залууг цааш нь түлхсэн. Маргалдаж байгаад би явлаа гэхэд СӨХ-ны дарга “Цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. Гомдолтой байна, эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ. ...” /хх 7-8/,

гэрч С.Х-ийн “... Манай байрны гадаа байдаг хашаа битүү байсныг хажууд баригдаж байгаа барилгын ажилчид нээсэн. Оршин суугчид гомдол гаргаж 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буцааж төмөр тавьж хаасан. Тэгсэн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өглөө жижүүр залгаж “барилгын ажилчид нөгөө хаасан хашааг нээж байна, оршин суугчид гарч ирээд барилгын ажилчидтай маргалдаад байна” гэсэн. Тэгээд би уг газарт очиход барилгын гээд 3-4 хүн, 60 дугаар байрны оршин суугчдаас 10-аад хүн байсан ба манай байрнаас 4-5 хүн байсан. Тэгээд би очоод “боль” гэхэд үгүй гээд барилгын ажилтан нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгсэн салахгүй болохоор нь нэг нь цаанаас А шат барьж ирээд уг хашааг дотор талаас нь цохиод байсан. Тэгсэн 60 дугаар байрны оршин суугч гээд нэг эрэгтэй уг хашааг гараараа дарсан боловч цаанаас нь шатаар цохисоор байгаада уг хашааг эвдэж нээсэн. Тэгээд уг барилгын ажилтан болон оршин суугч нар маргалдаж бие биеэ түлхээд байсан. А шат барьсан хүн уг шатаа тэр оршин суугч руу түлхэн шидсэн. Тэгээд маргалдаж байхад цагдаа нар ирсэн тэгээд хэсэг байж тайлбар хэлж байгаад гараа гэмтээсэн залуу болон барилгын А шат бариад цохиод байсан залуугийн хамт аваад явсан. ...” /хх 12/,

гэрч Н.М-ийн “... би 2022 оны 8 дугаар сарын 30-ны өглөө өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах баригдаж байгаа барилгын гадаа урагшаа гардаг гарцыг төмөр тавьж тагласан байсан. Тухайн гарцыг буцаагаад нээх хэрэгтэй болоод бэлдээд байж байхад хажуу байрны СӨХ-ны дарга, янз янзын хүмүүс ирсэн байсан ба гарцыг онгойлгохгүй гээд маргаан болоод байсан. Би тухайн үед хийсэн байсан төмрийг нээх гээд очиж хөлөөрөө өшиглөсөн. Үүнээс болж над руу 2-3 хүн дайрсан. Тэгсэн манай барилгын даамал О.Д нь тухайн байдлыг намдаах гээд ярилцаж байсан ба тухайн хүмүүс дайраад байсан. Даамал О.Д нь барилгын А шатыг авч хаасан байсан төмрийг цохиж нээсэн. Нэг хүн намайг гэмтээчихлээ гээд цаанаас орилоод гараад ирсэн. Тухайн хашааг нээчихээд би яваад өгсөн. ...” /хх 14/,

гэрч Д.М-ын “... би 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 12-13 цагийн үед өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 427 дугаар байрны 15 давхарын оффисын өрөөний цонхоор хартал манай байгууллагын хоёр ажилтан болон өдрийн туслах ажилтан болон тухайн байрны оршин суугч нар болон СӨХ-ны ажилтан нар маргалдаж байсан. Тэгээд би бууж очиж юунаас болсныг мэдэх гээд очиход манай байр луу ордог явган хүний орц гарцын хаалга хэсгийг 60, 62 дугаар байрны оршин суугчид төмрөөр хааж явах замыг хаасан байсан. Тэгээд манай 427 дугаар байрны оршин суугч болон СӨХ-ны ажилтан энэ хаалгыг нээгээд өгөөч гэж барилгын ажилчдаас хүссэн тэгээд хаалгыг нээхээр цахилгаан дрилл авч хаалгыг нээх гэхэд 60, 62 дугаар байрны оршин суугчид эсэргүүцсэн. Тэгээд гаднаас дриллээр нээх гэхэд болохгүй байхаар нь дотор талаас нь манай ажлын О.Д барилгын А шатаар цохиж эвдэлж нээсэн. Тэр үед урд байрны оршин суугч хаалганы нөгөө талд байж таарсан. ...” /хх 16/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11993 дугаар “Л.Аийн биед баруун сарвууны ард няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх 18-19/,

камерын бичлэгт үзлэг хийсэн “... хашааны зүүн гар талд хар өнгийн майктай бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн ирж уг хашааг хөлөөрөө түлхэж байх ба зүүн гараараа уг хашааг дарж байх ба А шат барьсан эрэгтэй хүн баруун талаас нь А шатаар цохиж байв. Уг гараараа дарсан эрэгтэй хүн цохиход нь хойш болж байв. Уг А шат барьсан хүнийг уг хар өнгийн майктай залуу түлхэж байх ба хажуу талаас нь мөн эрэгтэй хүн түлхэж байв. А шат барьсан эрэгтэй хүн уг шатыг хар өнгийн майктай байсан эрэгтэй хүн рүү түлхэн шидэж байв. А шат түлхэн шидсэн эрэгтэй хүн баруун гар талдаа байсан хүнийг түлхэж байх ба хажууд нь байсан хүмүүс салгаж байв. ...” /хх 22-29/ гэсэн тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Д.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч О.Агаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг баримтлан миний үйлчлүүлэгчид ашигтайгаар буюу тус хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хяналтын камерын бичлэгээс үзэхэд, шүүгдэгч Д.Д нь гарц хаасан асуудлаас болж 60 дугаар байрны оршин суугчидтай маргалдаж, улмаар барилгын А шатаар гарц хаасан төмрийг цохиж, хаалтыг нураах явцдаа хохирогч Л.Аийг А шатаар цохисон, түүн рүү шатыг түлхэн цохиж буй хэргийн үйл баримт байх ба түүний дээрх үйлдэл нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байх ба нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, бие биеэ нотлох чанартай байх ба шүүгдэгч Д.Д-н үйлдэл нь хохирогч Л.Ад учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж заасан.

  Хохирогч Л.Ад учирсан гэмтлийн хувьд Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 15 дугаар бүлгийн 79 дүгээр нүдэнд тодорхойлогдсон “... алганы ясны гэмтлээс үүссэн сарвууны үйл ажиллагааны алдагдал /тахир болох, булчингийн хүч сулрах, атгах чадваргүй болох/ буюу 5-10 хувьд хамаарах хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний гэмтлийг хөнгөн зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг мөрдөгч нь шүүгдэгч Д.Дд танилцуулаагүй байх хэдий ч шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, гарын үсэг зуруулахад буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар гомдол гаргаж, зөрчлийг арилгуулах боломж байсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч О.Агийн гаргасан “Шүүгдэгч Д.Д-г гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч О.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

 

              ШҮҮГЧ                                                  Б.БАТЗОРИГ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ