| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00006/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Хэлмэрч И.Болормаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ж-д холбогдох эрүүгийн 1722000140039 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Тоосгоны 18-01 тоотод оршин суудаг, урд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Б.Ж /РД:ЧВ67012318/гэв.
Хэлмэрч: 1975.11.06-ны өдөр төрсөн, 43 настай, дээд боловсролтой, дохионы хэлний хэлмэрч мэргэжилтэй, Боржигон овгийн Ичинноровын Болормаа гэв.
Шүүгдэгч Б.Ж 2017.07.16-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 3-р багйн нутаг дэвсгэр Хар толгой гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ 05-30 УНР улсын дугаартай “Ниссан ваннете” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Э.Нарантуяагийн амь насыг хохироосон, зорчигч Ц.Отгонбаатарын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна гэв.
2. Яллагдагч Б.Ж-ны: “... Би машиныг жолоодоод 5 километр орчим явж байхад цайвар ягаан өнгийн “Эстима” маркийн машин манай машиныг гүйцэж түрүүлэхдээ шахаж орж ирсэн. Би шахагдаад замын хажуу талын далан руу унах гээд байхаар нь рулиэ зүүн гар тийш нь дараад тормоз гишгэсэн. Тэр үед машины кабинд буюу жолоочийн эсрэг талын хаалган талд сууж явсан Нарантуяа цочоод урагшлахдаа хаалгаа онгойлгосон. Тэгтэл эсрэг урсгалаар өөдөөс том машин ирж явсан. Тэгэхээр нь буцаагаад дартал машин онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156/
3. Насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаярын: “...Колонк дээр очиход Ууганзаяа ах барьж явсан. Тэрнээс хойш хэн барьсан талаар мэдэхгүй байна. Би колонк дээрээс хөдлөөд унтсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Жолооч ах согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргалын “...Би араас нь явах ажилтай байсан тул орой 19 цаг 10 минутын үед жижиг тэргээр Оюунтунгалаг, Аюур, Тэмүүжин нарын хамт гараад Дэлгэрцогт суманд явж байтал утас дуугараад манай дүү Жавзанпагма залгаад шууд аймгийн эмнэлэг дээр ирээрэй гэж хэлээд утсаа салгасан. 23 цагийн үед эмнэлэгт ирэхэд жижүүр эмч нь надтай уулзаад болсон хэргийн талаар ярьж өгсөн. Ж нь миний төрсөн дүү, группт байдаг. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
5. Гэрч Ж.Ууганзаяагийн: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 04 цагт Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу аав Ж, эгч Нарантуяа, найз Аздэлгэр, дүү Отгонбаяр, Төгстөгөлдөр нарын хамт явсан. Тэгээд орой Дундговь аймагт ирж байж байгаад аав Жд жолоогоо шилжүүлээд би хойно суугаад явж байтал удалгүй гэнэт машин шарваад замын хажуу тал руу ороод онхолдсон...” гэх мэдүүлэг хх-ийн 36-37/
6. Гэрч Б.Аздэлгэрийн: “...Осол болох үед уг машиныг Ууганзаяагийн аав Ж унаж явсан. Ууганзаяа бид 2 ар талд сууж явсан. Талийгаач Нарантуяа, Төгөлдөр, Отгонбаяр нар урд талд сууж явж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
7. Дундговь аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн: “...NISSAN VANNETE маркийн 0530УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2016.10.03, Улаанбаатар БГДүүргийн оношлогооны төвд үзлэг оношлогоонд хамрагдсан байна. Ослын улмаас баруун гар талын хаалга дээд хэсгээрээ гажиж шил хагарсан, толь хугарсан кабины орой цөмөрч багана муруйсан, тэвш эвдэрсэн, салхины шил хагарсан, зүүн хаалга урагдаж ханзарч ойчсон, толь хугарсан, урд гүпр цөмөрсөн зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослын улмаас үүссэн байх боломжтой. Тухайн тээврийн хэрэгсэл нь асах боломжгүй тул тормоз ажилладаг эсэхийг шалгах боломжгүй. Осол гарахад техникийн талаас нөлөөлөөгүй. Тухайн тээврийн хэрэгслийг аль хэсгээрээ онхолдсон, хэдэн километр цагийн хурдтай явж байсан болохыг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43/
8. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017.08.04-ний өдрийн 170100042 дугаартай: “...Э.Нарантуяагийн цогцост онош хэсэгт бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Талийгаачийн цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолт болно. Талийгаач А(II) бүлгийн цустай байна. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-47/
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 10484 дугаартай: “...Ц.Отгонбаярын биед баруун нүдний ухархайн гадна хана, баруун талын чамархайгаас хөхлөг сэртэнг дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын зулайн ар хэсэг болон чамархайн дэлбэн, баруун талын дух чамархайг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, нүүрний баруун тал, хуйх, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68/
10. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч хошууч Ц.Ариунболдын гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна.
- Жолооч Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 21.8-д заасан “хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолд тээврийн хэрэгсэл техникийн тодорхойлолтоор тогтоогдсон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна.
- Уг ослын гол шалтгаан нь жолооч Б.Ж-ны буруутай үйлдлээс болж гарсан байна гэжээ. /хх-ийн 65-рт/
11. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь 2017.07.16-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 3-р багйн нутаг дэвсгэр Хар толгой гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ 05-30 УНР улсын дугаартай “Ниссан ваннете” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Э.Нарантуяагийн амь насыг хохироосон, зорчигч Ц.Отгонбаатарын биед хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрх хасагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан болох нь хэргийн 139-р хуудсанд авагдсан лавлагаагаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Жыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 21.8-д заасан “хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолд: тээврийн хэрэгсэл техникийн тодорхойлолтоор тогтоогдсон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас осол гарган нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Жы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ тогтоохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаярын эмчилгээний зардалд 949120 төгрөг төлсөн, хууль ёсны төлөөлөгч Н.Алтангэрэл, Б.Энхжаргал нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Ж нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдав.
Насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаяр болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Алтангэрэл нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаархи, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргал нь оршуулгатай холбоотой болон бусад баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овгийн Б.Ж-ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 21.8-д заасан “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоогдсон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Ж-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогч Ц.Отгонбаярт 949120 төгрөгийн хохирол төлсөн ба насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Жаас нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ