Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/605

 

 

 

 

     2023           6            07                                        2023/ДШМ/605

 

П.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

хохирогч Г.М, 

шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Н.О,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Цгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208025610067 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  П.Ц, ...оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, зээ хүүгийн хамт ................... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:................../.

П.Ц нь “”Айфоне 12 про” загварын хоёр ширхэг гар утас авч, өгч явуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Турк Улсын Истанбул хотод байсан хохирогч Г.Мгаас 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2.300.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 700.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 4.200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Цг “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цг 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч П.Цг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цгээс 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М /РД:ЕЙ01262207/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Ц цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ам бүл 2, зээ хүү 6 настай Н.Д-ний хамт амьдардаг бөгөөд нөхөр маань ходоодны хорт хавдрын улмаас нас барж ганцаараа үлдсэн. Охин С.Н өрх толгойлсон эмэгтэй бөгөөд амьдралаа дээшлүүлэхээр Солонгос улсад ажил хийхээр хүүгээ надад үлдээгээд явсан. Зээ хүү маань 1 дүгээр хорооллын 83 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагч бөгөөд би сургуульд нь хүргэж өгч, авдаг ба надаас өөр харах хүнгүй юм.

Мөн би эрүүл мэндийн хувьд бөөрний түүдгэнцэрийн үрэвсэлтэй, бөөр, нуруу татаж, хөл өвдөж, даралт ихэсдэг. Би харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн эмнэлэгт очиж үзүүлэх болохоор “Одоо амьдарч байгаа хаягаараа түргэн дууд” гээд түргэний эмч хэлдэг ч ойрхон Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 1 сард 2-3 удаа өөрөө шөнө алхаж очоод даралт буулгах тариа хийлгэж байсан. Энэ мэтчилэн настай хүн болохоор эмнэлгээр их явдаг.

Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа ба цаашид дахин ийм асуудал гаргахгүй, хохирлын үлдэгдэлээ төлж барагдуулна. Миний ар гэрийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж торгуулийн ялын доод хэмжээ 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Цгийн өмгөөлөгч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч П.Ц нь гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд хохирол, төлбөрөө төлж барагдуулсан. Хохирол төлбөрт нийт 3.000.000 төгрөг байсан. Уг төлбөрөөс 2.000.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Харин үлдэгдэл 1.000.000 төгрөгийн хохирлыг хохирогч Г.Мтай тохиролцож гар утас өгөхөөр болсон. Иймд хохирогчийн зүгээс “Ямар нэгэн гомдол саналгүй тул шүүгдэгч П.Цд хөнгөн төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан. Миний үйлчлүүлэгч П.Ц нь урьд нь ял шийтгэл, эдэлж байгаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн өөрийн 6 настай зээ хүүг харж ханддаг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 83 дугаар сургуульд хүргэж өгч, авдаг. Мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас байнга эмнэлгийн хяналтад байж, үзүүлэх шаардлагатай. Иймд миний үйлчлүүлэгч П.Ц зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхэд саад учирч байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гомдол, саналгүй. Нийт хохирол 4.200.000 төгрөг байсан. Анхан шатны шүүхийн шатанд 1.200.000 төгрөг төлсөн. Өнөөдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” гэв.

Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч П.Ц нь гэм буруу дээрээ маргадаггүй. Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч П.Ц нь хохирогч Г.Мд 1.200.000 төгрөг, давж заалдах шатны шүүхийн шатанд 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байна. Хэдийгээр талууд үлдэгдэл 1.000.000 төгрөгийн хохирол төлбөрт гар утас өгч, авалцахаар тохиролцсон боловч энэ нь хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

П.Ц нь “”Айфоне 12 про” загварын хоёр ширхэг гар утас авч, өгч явуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Турк Улсын Истанбул хотод байсан хохирогч Г.Мгаас 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2.300.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 700.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 4.200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Мгийн “... Миний бие 2022 оны 02 дугаар сарын эхээр Турк улсад байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсад ирсэн юм. Турк улсад байхдаа олсон мөнгөө эгч Цолмон овогтой Ууганзаяагийн 5360300892 дугаартай данс руу хийгээд эгч П.Ц гэх хүний дансанд хийдэг байсан юм. Миний бие нь П.Ц гэх хүнээс гар утас худалдаж аваад 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр эгч Ц.У-гийн ..... дугаартай данснаас ..... дугаартай Н гэсэн данс руу 2.300.000 төгрөг шилжүүлүүлсэн. Тухайн үед П.Ц эгч Намхайдорж гэсэн нэртэй данс өгөөд түүний ахын данс гэж хэлж байсан. П.Ц нь 5033282809 дугаартай Намхайдагва гэсэн нэртэй данс руу орсон мөнгийг өөрийн 105200394238 дугаартай данс руу бүгдийг нь шилжүүлж авсан байсан бөгөөд энэ талаар баримтаа надад үзүүлж байсан. Тухайн мөнгөөр “Айфон 12 про” гар утас над руу явуулах байсан боловч таг алга болсон. 2022 оны 0 дугаар сарын 11-ний өдөр Турк улсад байхдаа өөрийн 5028927380 дугаартай данснаас П.Цгийн 5200394238 дугаартай данс руу 700.000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгө нь надад бэлэн байсан учир гадаад мөнгөөр нь хүнд өгөөд тухайн хүний ............ Д гэсэн нэртэй данснаас 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 200.000 төгрөг П.Цгийн данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгөөр мөн “Айфон 12 про” загварын гар утас авч над руу явуулах байсан боловч П.Ц нь таг алга болсон. Миний бие П.Ц гэх хүнд нийт 2 гар утасны 4.200.000 төгрөг өгсөн боловч миний гар утсыг надад өгөөгүй мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байна. П.Ц эгчтэй 2021 оны 11 дүгээр сарын эхээр найзаараа дамжуулж танилцаж байсан. Миний гар утасны мөнгийг залилахаас өмнө 4 удаа утас авахуулж байсан. Тухайн шилжүүлсэн мөнгөөр утас авч явуулаад байсан болохоор би итгэсэн. ...Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эгч Ц.Ууганзаяагийн 5360300892 дугаартай данснаас 5033282809 Намхайдагва гэх хүний данс руу 2.300.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өөрийн 5028927380 дугаартай данснаас ............... П.Ц гэх данс руу 700.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ............ Д  гэх данснаас .............. П.Ц гэх данс руу 200.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Надад нийт 4.200.000 төгрөгийн хохирол учирсан. ...Дэ гэх хүн одоо Турк улсад байгаа. Би Турк улсад байхдаа Д -т мөнгө өгөөд тэр өөрийн данснаасаа шилжүүлж байсан.” /хх 22-23, 25/,

гэрч Д.Г-ын “...Миний төрсөн охин болох Г.М нь Турк улсад суралцдаг бөгөөд өөрийн найз залуу болох Т.Дөлгөөний хамт байдаг. Т.Д-ий найз болох П.Ц гэх хүнд миний охин Г.М нь “Айфон 12 про макс” загварын 2 ширхэг гар утас авахаар мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд тухайн хүн нь одоогоор ямар нэгэн холбоогүй алга болсон гэсэн. Тухайн П.Ц гэх хүн нь Чингэлтэй дүүргийн Монтел гэх газарт гар утас зарж байхад нь Т.Дөлгөөн нь танилцсан гэж байсан.” /хх 28-29/,

гэрч Т.Д-ий “... 2021 оны 02 дугаар сард П.Цгийн хүүхдээр дамжуулж түүнтэй танилцаж байсан. Манай найз охин Г.М нь Турк улсад байхдаа мөнгийг нь шилжүүлээд П.Цгээр 3-4 удаа гар утас авахуулж байсан. Сүүлд манай найз охин утас авахуулахаар мөнгө шилжүүлэх үед мөнгийг нь аваад алга болсон бөгөөд мөнгөө нэхэх үед өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа.” /хх 40-41/,

гэрч Ц.У-ийн “... Манай дүү Г.М нь тухайн үед Турк улсын Станбул хотод байсан бөгөөд надад хандаж 5033282809 дугаартай данс руу 2.300.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсний дагуу би хийсэн. Би өөр зүйл мэдэхгүй. Тухайн мөнгө нь Г.Мн эзэмшлийн мөнгө юм. Миний мөнгө биш ээ. Би П.Ц гэх хүнийг танихгүй.” /хх 43-44/,

П.Цгийн яллагдагчаар өгсөн “... 2021 онд Г.М гэх охинтой танилцаад түүнтэй холбоотой байх болсон. 2022 оны 02 дугаар сарын эхээр Г.М нь Турк улс руу явсан. Г.М тухайн үед Турк улсад байхдаа миний данс руу мөнгө явуулж авах гэж байгаа гар утсаа хэлдэг. Би тэр утсыг нь худалдаж аваад түүнд буцаагаад явуулдаг байсан. Энэ мэт надаар 4-5 удаа гар утас авахуулж байсан. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Г.М залгаад “Айфон 12 про” маркийн гар утас хэрэгтэй байна би танд 2.300.000 төгрөг шилжүүлье гэж хэлэхээр нь за гэж хэлээд би өөрийн ахын дансыг өгсөн. Ахын дансруу мөнгө орохоор нь тухайн мөнгийг орсон дариуд нь өөрийн Төрийн банкны данс руу авсан. Тэгээд би тухайн мөнгөөр гар утас худалдаж авалгүй үрээд дуусгасан. Тэгээд Г.М надаас утсаа яасан гээд асуугаад байхаар нь би мөнгийг чинь үрсэн миний барьж байгаа утсыг ав гэхэд тэр зөвшөөрсөн. Г.М надад хандаж дахин нэг “Айфон 12 про” авах гэсэн юм аа гэхээр нь болно шилжүүлчих гэж түүнд хэлсэн. 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Г.М өөрийн данснаасаа 700.000 төгрөг миний данс руу хийсэн. Үлдсэн 1.200.000 төгрөгийг өөр данснаас хийсэн. Тэгээд би тэр мөнгийг гар утас худалдаж авалгүй цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан.” /хх 58-59/ гэсэн мэдүүлгүүд,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 69, 72,87-88, 95-96/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Цг “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй шүүгдэгч П.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Ц нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байхад торгох ял оногдуулах боломжгүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цг 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг давж заалдах шатны шүүхээс торгох ял болгон өөрчлөх боломжтой гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Ц нь шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч Г.Мд 2.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн, үлдсэн 1.000.000 төгрөгийн хохирлоо төлөхөө илэрхийлж, хохирогч Г.М нь “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд илэрхийлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч П.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч П.Ц нь хохирогч Г.Мд 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цг 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Цд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч П.Ц нь давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад 2.000.000 төгрөгийг хохирогч Г.Мд төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ   

                                               ШҮҮГЧ                                 Б.БАТЗОРИГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЗОРИГ