Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/04287

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 503 690 322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э******* ХХК нь хариуцагч Э******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 503 690 322 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Манай байгууллага нь зээлдэгч Э******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр L-22/01 тоот Зээлийн гэрээг байгуулж, 370 000 000 төгрөгийг, сарын 1 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний дагуу манай байгууллага нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны өөрийн эзэмшлийн 463048591 тоот данснаас 370 000 000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр мөн данснаас 100 000 000 төгрөг нийт 470 000 000 төгрөгийг зээлдэгч Э******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 433******* тоот дансруу тус тус шилжүүлсэн болно. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл хугацаанд бүрэн хангаагүй бөгөөд Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсоны дагуу бид өнөөдрийн хүртэлх хугацааны алдангийг хуульд нийцүүлэн тооцоолон гаргасан. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч Э******* ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 200 000 000 төгрөг төлсөн байдаг. Э******* ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, бидний зүгээс зээлийн төлбөрийг гэрээний дагуу төлөхийг удаа дараа шаардаж утсаар холбогдож байсан бөгөөд өнөөдөр, маргаашийн дотор төлнө гэсээр өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд зээлдэгчээс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр L-22/01 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 270 000 000 төгрөг, зээлийн хүү 48 690 322 төгрөг, алданги 185 000 000 төгрөг, нийт 503 690 322 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.  2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 270 000 000 төгрөг, хүү болон алдангид нийт 503 690 322 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан, гэрээний дагуу нийт 470 000 000 төгрөгийг зээлсэн, дансанд нь шилжүүлсэн байгаа. 200 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх мөнгийг нэхэмжилж байна гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас эвлэрлийн гэрээний загварыг өгсөн, хариуцагчаас өөрсдөө хугацаагаа тохирсон, бид зөвшөөрч гэрээгээ байгуулаад ирсэн боловч эвлэрэхгүй гэсэн учраас хурлаар шийдвэрлүүлж байна. Хариуцагчаас өөр тээврийн гэрээний асуудлыг хамааруулаад энэ гэрээнээс хасч тооцох тухай яриад байна. Бид зөвхөн зээлийн гэрээний үүргийг л шаардаж байгаа, тусдаа өөр гэрээний асуудлыг хамааруулан шийдвэрлэхгүй гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдлийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүү, алдангийг бол зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Учир нь хасч тооцогдох ёстой л гэж үзээд байгаа юм. Манайх сөрөг нэхэмжлэлээр гаргана, хасуулна гээд байгаа мөнгө нь өөр гэрээний асуудал, өөр маргаан гэдэг нь үнэн. Гэхдээ нэгэнт л манайхаас гарч байгаа мөнгө учраас хамт л шийдвэрлүүлье гэсэн юм. Дараа нь бид энэ талаар шаардаж болно, эвлэрлийн хувьд нэхэмжлэгч нь төлөх хугацааг 11 дүгээр сарын 01-ний өдөр төл гэсэн хугацаа нь давчуу байгаа учраас боломжгүй болсон гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Э******* ХХК, Э******* ХХК нарын хоорондын тооцоо, L-22/01 тоот зээлийн гэрээний дагуу хүүний тооцоолол, L-22/01 тоот зээлийн гэрээний дагуу алданги тооцоолол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягт, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн L-22/01 тоот зээлийн гэрээ, /хэргийн 2-15-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э******* ХХК-ийн дүрэм, хариу тайлбар, итгэмжлэл /хэргийн 19-22, 31, 43-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн нэхэмжлэлээс 416 100 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87 590 322 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 370 000 000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 100 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож  зээлсэн боловч үлдэх 270 000 000 төгрөгийг төлөөгүй, гэрээнд заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 270 000 000 төгрөг, зээлийн хүү 48 690 322 төгрөг, алданги 185 000 000 төгрөг, нийт 503 690 322 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Э******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 370 000 000 төгрөгийг, 100 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан талаараа маргаагүй боловч хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч компани зээлийн үйл ажиллагаа явуулдаггүй учраас зээлийн гэрээг хүчингүй болгоод авсан зээлээ буцааж өгөөд хүү, алдангийг тооцуулахгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

                4.1.Нэхэмжлэгч Э******* ХХК нь хариуцагч Э******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр №L-22/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 370 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

4.2.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 100 000 000 төгрөгийг “Э******* ХХК-с L-22/01 гэрээний дагуу зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь зээлийг ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар байна, гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй байна.

 

6.Зохигч талууд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж тус тус зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

6.1.Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан талаараа маргаагүй боловч нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хууль зөрчсөн тул үндсэн зээлийн үлдэгдлийг буцаан төлнө, харин хүү алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6.2.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “...төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, санхүүгийн тайлан бланс бэлтгэн гаргах түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх” үйл ажиллагааны чиглэл бүртгэгдсэн байх боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан хууль зөрчсөн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж тооцох үндэслэлгүй, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр ажиллагаа явуулсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна гэж үзэв.

6.3.Учир нь зээлийн гэрээ нь хоёр талын хэлцэл бөгөөд хэн аль нь хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зээлийн гэрээг байгуулсан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно. 

 

6.4.Иймд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, шилжүүлгийн мэдээлэл, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй.

6.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 270 000 000 төгрөг, хүү 48 690 322 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 185 000 000 төгрөг, нийт 503 690 322 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

6.6.Хариуцагч нь зээлийн гэрээний үлдэгдэл 270 000 000 төгрөгийг төлөх талаар маргаагүй тул зээлийн гэрээний үлдэгдэл 270 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

6.8.Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 2.2-д хүү нь нэг сарын 1 хувь буюу 3 700 000 төгрөг, 3.1-д зээлийн хугацаа нь 2 сар болно гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хүүнд 48 690 322 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй, гэрээнд харилцан тохиролцсоноор 370 000 000 төгрөгний 1 хувийн хүү болох 3 700 000 төгрөг, 2 сарын хүү болох 7 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байх тул хариуцагчаас 2 сарын хүү 7 400 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

6.9.Зохигч талуудын байгуулсан зээлийн гэрээний 6.2-д “зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө” гэж харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги шаардсан нь үндэслэлтэй байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг зөрчсөн байх тул хариуцагчаас алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 138 700 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. /270 000 000+7 400 000 =277 400 000:2=138 700 000 төгрөг/

 

7.Иймд хариуцагч Э******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 270 000 000 төгрөг, хүү 7 400 000 төгрөг, алданги 138 700 000 төгрөг, нийт 416 100 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87 590 322 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 676 401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХХК-иас 2 238 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 416 100 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх 87 590 322 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  2 676 401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХХК-иас 2 238 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

   

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН