| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2021/0753/З |
| Дугаар | 128/ШШ2024/0693 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Одмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Батбаатар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” СӨХ-ны захирал П.А,
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,
Гуравдагч этгээд: Г.Т нарын хоорондын барилгын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд Г.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А, гэрч , иргэдийн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Төд олгосон 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0009249/******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
Хоёр.Маргааны үйл баримт, процессын тухайд:
2.1.Гуравдагч этгээд Г.Т нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгож өгөх тухай хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан.
2.2.Хариуцагчаас дээрх хүсэлтэд хавсаргасан баримт зэргийг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороонд үйлчилгээний зориулалттай орон сууцны барилга барих 0009249/******* дугаартай барилгын ажлын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гуравдагч этгээд Г.Төд олгожээ.
2.3.Улмаар гуравдагч этгээдээс барилгын ажлыг эхлүүлж, нэхэмжлэгч “Э” СӨХ-оос барилгын ажлын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 4 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байна.
2.4.Тус шүүх нэхэмжлэгчээс “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Төд олгосон 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0932 дугаар шийдвэрээр “...гуравдагч этгээд Г.Төөс маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авахыг хүссэн хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4 дүгээр зүйлүүдэд заасан баримтуудыг бүрэн хавсаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргаж гуравдагч этгээдэд олгосон хариуцагчийн шийдвэр хууль бус бөгөөд үндэслэлгүй байна...” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн.
2.5.Дээрх шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0264 дүгээр магадлалаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, тус магадлалыг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн тэнхимд шатны шүүхэд магадлалыг хянуулахаар гомдол гаргасан боловч Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 0212 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн тухайд:
3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргаж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2024/0264 дүгээр магадлалыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01/5582 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан холбогдох баримтыг ирүүлэхээр заасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд Г.Т нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 46 дугаар байрны 10 айлын нар хааж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан. Нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж заасныг зөрчсөн, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байр болон иргэн Г.Тийн барилга хоорондын зай хэд болох, уг барилга хоорондын зай нь барилгын норм, дүрэм стандартад заасан шаардлагыг хангаагүй, эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар тодорхой дурдсан ба шинжээчийн дүгнэлтээр галын аюулгүй байдлыг хангаагүй, барилга хоорондын зай зөрчигдсөн талаар тодорхой дүгнэсэн, маргаан бүхий акт хүчингүй болсноор нэхэмжлэгчийн буюу тухайлсан байрны оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангахын сацуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 05 сард 46 дугаар байрны гадна тал бүхэлдээ дулаалгын хөөсөн фасадыг Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалтаар хийсэн нь барилга хоорондын зайнд өөрчлөлт орохоор байгаа тул хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосны дараа дахин архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулж, галын аюулгүй байдал, барилга хоорондын асуудлыг хуульд заасан зөрчлийг арилгасны дараа "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г олгох эсэх нь тухайн хариуцагчийн эрх хэмжээ байхаар хуульд заасан тул Барилгын ажил эхлэх зөвшөөрлийн гэрчилгээг олгохгүй байх ёстой байсан гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаж байсан ба Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Хүчингүй болгуулах этгээд биш бөгөөд барилгын ажил эхлүүлэх гэрчилгээг түдгэлзүүлсэн байхад Г.Тийн зүгээс барилгын ажил эхлэхээр газар ухаж эхэлсэн, ухсаны улмаас хөрсний ус их хэмжээгээр гарч хөрсний нуралт явагдаж явган хүний зам хашаа нурж, байр суурийн хэсгээс ойр 1 метр хэмжээтэй нуралт үүсэж хашаа унасан, оршин суугчдын хувьд өөрсдийн оршин суугаа байрыг нурахад хүрч болзошгүй байдлыг бий болгосон. Г.Төд олгосон гэх үйлчилгээтэй орон сууцны барилга нь "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНБД 31-01-10/-ийн 4.18.4 дүгээр хавсралтад заасныг зорчиж Чингэлтэй дүүрэг, 4 хороо, 46 байрнаас 8 метрийн зайтай төлөвлөгдсөн байсан, “Э" СӨХ-ны эзэмшил газарт халдаж 2 метр орчим хулгайлж барилгын суурийн ажил эхлүүлсэн, Монгол Улсын Газрын тухай хуулийн заалтыг зөрчсөн. Тухайн маргаан бүхий газар байх авто зам, явган хүний зам стандартын дагуу тавигдаж чадаагүй, нарийхан тавигдсаны улмаас авто осол, ялангуяа зам гарах гэж яваа хөгшин настай иргэд, бага насны хүүхдүүд өртөж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байсан, барилгын ажил эхлэх зөвшөөрлийн дагуу барилгын ажлаа эхлүүлж баригдсан тохиолдолд дээрх аюултай нөхцөл улам даамжирч цаашид ч оршин суугчид хохирохоор байгаа юм. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнээс үзэхэд барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байх тул шүүхээс уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралд шүүхээс хариуцагчаас маргаан бүхий актын хугацаа дууссан, сунгах боломжтой эсэх, эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон эсэх талаар тодруулахад "... шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тухайн эрх зүйн актын үйлчлэл байхгүй болсон ч шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалж уг барилгын ажил эхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах боломжтой эрх зүйн актын үйлчлэл дуусаагүй" гэдэг тайлбарыг өгсөн. Тэгэхээр маргаж буй захиргааны актын үйлчлэл дууссан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Хот байгуулалт хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн нь тухай барилгын ажлын зөвшөөрлийг олгох эрхтэй этгээд биш талаар нэхэмжлэгч маргаж байгааг тодруулах ажиллагаа хийх шаардлагатай талаар дурджээ. тухайн үед барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлд гарын үсэг зурах эрх бүхий этгээд эсэх талаар баримт байхгүй, тухайн үед зурах эрхтэй байсан ч тэр талаарх баримт байхгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүхэд мэдүүлсэн байдаг. Иймд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Төд олгосон 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус болоод түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “46 дугаар байрны айлуудын цонхыг таглаж байгаа. Барилгын норм, дүрэм зөрчсөн учир үзэгдэх орчин хязгаарлаж байгаа. Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна. Явган хүний зам маш нарийн байдаг. Хүсэлт гаргаж байж нарийн тавьсан байдаг. Монгол улсын Үндсэн хууль болон Барилгын тухай хуульд заасныг зөрчсөн гэдэг нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гарсан. Иймд барилгын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалж өгнө үү” гэв.
3.3.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зөвхөн "хүн, хуулийн этгээд"-ээс гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж үзэх тухай, 18 дугаар зүйлийн 18.1-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага оролцох эрхтэй" гэж тус тус заасан. Мөн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "сууц өмчлөгчдийн холбоо"-г хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дугаартай тогтоолд ".. нэхэмжлэл гаргах эртэй субъект нь иргэн, хуулийн этгээд байна гэж тодорхойлсон тул захиргааны хэргийн шүүхэд СӨХ болон түүний гүйцэтгэх захирал нь нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Иймээс СӨХ иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Иймд "Э" СӨХ-ийн гаргасан иргэн Г.Төд олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай захирамжаар 246 м.кв газар дээр барилга барих хүсэлт ирүүлснийг судалж нийт эзэмших газрын барилгажих талбайд 15Ч9 м.кв талбайд 5 давхар үйлчилгээтэй оффисын зориулалттай барилгын зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар болгож эскиз зураг баталж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Ингэхдээ нэхэмжлэгчийн дурдаж байгаа 46 дугаар байрнаас зүүн тийшээ буюу 8 метр зайд эдэлбэр газрын зүүн тийшээ шахаж барилгын норм дүрмийг хангаж архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн 46 дугаар байрны норм, дүрмийн дагуу нарны ээвэрлэлтийг хангаж галын аюулгүй байдлын 6 метрийг хангаж олгосон. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... Манайхаас гарсан захиргааны акт ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй. Барилгын норм, дүрмийг хангаж хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээг үндэслэж олгосон. Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дугаартай тогтоолоор нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь иргэн, хуулийн этгээд гэж тодорхойлсны дагуу нэхэмжлэгч Э СӨХ гэж нэхэмжлэл гаргаж байгаа боловч иргэдийн төлөөлж байгаа гэж тайлбар дээрээ хэлээд байгаа. Иргэдийг төлөөлж байгаа буюу иргэдээс авсан итгэмжлэл байхгүй” гэв.
3.5.Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Г.Т 2015 онд тухайн барилга баригдах газрыг 12 машины авто гараашны хамт дуудлага худалдаагаар худалдан авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутагт 246 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Улмаар хотын өнгө үзэмж, бүтэн байгуулалтад нэмэр болох үүднээс гараашнуудыг буулган тухайн газартаа үйлчилгээтэй 5 давхар орон сууц барихаар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан. Ингэхдээ холбогдох баримтуудыг бүрдүүлэн Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд хууль зөрчсөн зүйлгүй болно. Нэхэмжлэлд дурдсан 46 дугаар байрны оршин суугчдын амьдрах орчинд сөрөг учрахгүй бөгөөд тухайн орон сууцны цонхыг халхлахгүй, нарны ээвэрлэлтэд нөлөөлөхгүй. Энэ нь барилгын эскиз зураг дахь Нарны ээвэрлэлтийн байдлаар нөлөөлөхгүй. Мөн нэхэмжлэлд дурдсан СӨХ-ийн газартай ямар нэгэн байдлаар давхцал үүсээгүй, газрын маргаангүй... " гэжээ.
3.6.Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 онд уг газрыг 12 машины гарааш байхад нь дуудлага худалдаанаас худалдаж авсан. 12 машины гарааш байхад авто зам руу нэвт орсон, явган замгүй байсан. Хот байгуулалт, хөгжлийн газраас газраа өөрчилж өгөөч гэх хүсэлтийн дагуу гараашаа нурааж газрын хэлбэрийг өөрчилж дөрвөлжин байдалтай болгосон. Түүнээс биш урт байрлалтай байсан. Өмнө нь нэг машин явдаг байсан бол одоо 2 машин явж болохоор болсон бөгөөд явган замтай болсон. Амьдрах орчин хамаагүй дээрдсэн.
******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, зургийн ажил хийлгэж төлөлтөө нийт эдэлбэр газрын 75 хувьд хийх ёстой байсан. Бидний зүгээс 63 хувь дээр нь хийсэн. Хангалттай машин зогсоолын талбай бүрэн гарсан байгаа. Мөн зам талбай чөлөөтэй болж байгаа. Орц гарц чөлөөтэй байгаа тул барилга баригдаад дуусахад хашаа буулгахаар зам нь 1 дахин өргөн болж байгаа. Галын нормын хувьд Барилгын хөгжлийн төв, Онцгой байдлын ерөнхий газраас 2 удаа тодруулга авсан. Тухайн тодруулга дүгнэлтэд тусгагдсанаар цонх гаргахгүй байх ёстой даалгавар байсан. Түүний дагуу 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын хөгжлийн төвийн магадлалаар уг зургийг оруулж 46 дугаар байр руу харсан бүх цонхыг хаалгасан байдалтай зураг хийлгэж батлуулсан байгаа. Шүүхэд энэ талаар нотлох баримтыг хавсаргаж өгсөн байгаа. Иймд галын нормын 6 метр зайг бүрэн хангаж байгаа. 2 барилгын хооронд 8 метр зайтай байгаа.
Э СӨХ-д саад болсон зүйл байхгүй. Хуучин маш их бохир заваан байдалтай, явах зам хязгаарлагдмал байсныг 2015 оноос хойш өөрчлөлт оруулсны үндсэн дээр амьдрах орчин дээрдсэн гэж үзэж байгаа. Барилга баригдах юм бол цаашид орчны тохижилт хийж явах болно. Манай 2 барилгын дунд байгаа шороон талбай Э СӨХ-ны мэдлийн газар байгаа. Шороотой, хог хаясан байдалтай байдаг. Хорооноос над руу байнга гомдол мэдүүлж оршин суугч нар танай талбай дээр хог хаяж байна гэж хэлдэг. Гэтэл Э СӨХ-ны тайлбай байгаа. Ийм байдлаар 3 жилийн хугацаа өнгөрч байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Манай барилгын ажил эхлэхэд нэг ч тусгай зөвшөөрөл дутуу байгаагүй. Монголын цахилгаан холбооноос бүх зөвшөөрлийг нь авч барилгын ажлыг эхлүүлсэн” гэв.
3.7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч талын ярьж байгаа эрх зөрчигдсөн зүйл байхгүй байна. Нар, салхи хаасан зүйл байхгүй. Бохир цэвэрлэхтэй холбоотой асуудлыг энэ шүүх дээр яригдахгүй. Захиргааны шүүхтэй холбоотой зүйл юу вэ гэхээр 2 барилгын хоорондох зай ойрхон байна гэсэн галын стандартын дүрэм зөрсөн байна гэх зүйлийг ярьж байгаа. 2 барилгын хоорондын зай ямар байх юм. Баригдах гэж байгаа барилгын дөрвөн өнцөг булан хаана байрлах вэ гэдгийг нэхэмжлэгч талын хүчингүй болгох гэж байгаа барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ дээр тогтоож өгдөггүй. А даалгавар, ерөнхий архитектур бусад шийдвэрээр тогтоосон. Нэгэнт тогтоосон шийдвэрийг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ өгч байгаа зөрчилтэй холбоотой ажиллагаа байгаад байгаа тул тэр хэмжээнд яригдах байх. Нэхэмжлэгчийн хувьд зөрчигдөж байгаа эрх байхгүй. Өмнөх стандарттай холбоотой, байрлуулж байгаатай холбоотой ямар нэгэн маргаан үүсгээгүй байгаа тул зөрчигдсөн эрх байхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Одоо тухайн маргаан бүхий газрыг харвал ихэнх газраар хашаатай байгаа учир сүртэй харагдаж байгаа. Барилга баригдаад дуусаад хашааг авахад хангалттай зай гарч ирэх болно гэж үзэж байна” гэв.
Дөрөв.Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа цонх, галын аюулгүй байдал, оршин суугч нарын аюулгүй байдлыг хангах тал дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж ойлголоо. Барилгын норм, дүрэм дээр хоорондын зай, галын аюулгүй байдлын дүгнэлт нь гарсан байна. Түүнийгээ засаж залруулж барилга барих м.кв багасгаж стандартад нь нийцүүлж барилга барьсан байна. Гэвч нэхэмжлэгч талын хэлж байгаа цонх, галын аюул зэргийг нь дахин сайн судлах ёстой болов уу гэж үзэж байна... нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Төд олгосон 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн зүгээс “гуравдагч этгээдийн барилга нь барилгын норм дүрмийг зөрчсөн, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйд заасан хүсэлтэд хавсаргах баримтын бүрдэл хангагдаагүй” гэж, хариуцагч талаас “нэхэмжлэгчийн дурдаж байгаа 46 дугаар байрнаас зүүн тийшээ буюу 8 метр зайд эдэлбэр газрын зүүн тийшээ шахаж барилгын норм дүрмийг хангаж архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн 46 дугаар байрны норм, дүрмийн дагуу нарны ээвэрлэлтийг хангаж галын аюулгүй байдлын 6 метрийг хангаж олгосон...” гэж, гуравдагч этгээдийн зүгээс “барилгажилтын талбайн 63 хувьд барилга барьсан... нийтийн эзэмшлийн зам талбайтай давхацсан зүй байхгүй... 46 дугаар байрны цонхыг хаасан зүйл байхгүй, нарны ээвэрлэлтэд нөлөөлөхгүй...” гэж маргасан.
3.Гуравдагч этгээдээс 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт маргаан бүхий барилгын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгохыг хүссэн өргөдлийг иргэний үнэмлэхийн хуулбар, архитектор төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, үйлчилгээтэй орон сууцны загвар зураг, иргэдээс авсан саналын хуудас, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээ, газрын кадастрын зураг,газрын төлбөр нийлсэн акт зэргийг хавсарган өгсөн байдаг.
4.Хариуцагчаас дээрх хүсэлтийн дагуу маргаан бүхий 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/******* дугаартай Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороонд үйлчилгээний зориулалттай орон сууц барих тусгай зөвшөөрлийг олгосон[1].
5. Тус тусгай зөвшөөрлийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон, 46 дугаар байрны оршин суугчдаас эс зөвшөөрч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж, гаргасан гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын ажиллагаа явуулж, 2021 оны 9 дүгээр сард “хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” ******* дугаартай “Г.Тийн үйлчилгээний орон сууц нь 10 метрийн зайтай төлөвлөгдсөн байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” Барилгын норм дүрэм 31-01-10-ын 4.18-д заасан болон 4 дүгээр хавсралтад заасан 12 метрийн зай, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай хүрэлцээгүй, орон сууцны орчимд төвлөрөл, одоо байгаа орон сууцны орчимд төвлөрөл нягтаршил үүсгэхээр байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 /Хот тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө:/,12.6.1 /гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх:/ , Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 /Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ./ заалтыг хангахгүй байх тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахыг мэдэгдье” гэх албан бичгийг хариуцагч байгууллагад хүргүүлжээ.
6. Дээрх албан бичгийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 08/25922 тоот албан бичгээр барилгын ажлын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, гуравдагч этгээд Г.Төд хүргүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08/2921 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “Э” СӨХ-д тус тус мэдэгджээ.
7.Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2022/8926 дугаар захирамжаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилон, гуравдагч этгээд болон нэхэмжлэгчийн барилгын хоорондын зай хэдэн м.кв эсэх, гуравдагч этгээдийн шинээр барьж буй барилга болон нэхэмжлэгчийн барилга хоорондын зай нь барилгын норм, дүрэм, стандартад заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар асуулгахаар шийдвэрлэсэн.
8.Тус асуудлын хүрээнд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд “Нэхэмжлэгч Э СӨХ-ийн 5 давхар орон сууцны барилгын ертөнцийн зүгээр хойд талд гуравдагч этгээд болох Г.Тийн үйлчилгээтэй 5 давхар орон сууцны барилга баригдаж байна. Нэхэмжлэгч Э СӨХ-ийн 5 давхар орон сууцны барилгын зүүн хойд талаас гуравдагч этгээд Г.Тийн үйлчилгээтэй 5 давхар орон сууцны үндсэн хийц хүртэл 8.27м, баруун хойд талаас үндсэн хийц хүртэл 8.38м зайтай баригдаж байна... Гуравдагч этгээд Г.Тийн шинээр барьж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургийг Ди ******* ХХК-д боловсруулан Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэн 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн ******* дугаар дүгнэлтээр албажуулсан байна. Батлагдсан ажлын зурагт үзлэг хийхэд Y1 тэнхлэгийн дагуу 1-5 дугаар давхар хүртэл цонх төлөвлөсөн байгаа нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-10-10/-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтийн Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 5 давхар байх үед 12 м байна гэсэн заалтыг хангахгүй байна.
Мөн Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгохдоо Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт /БНбД 30-01-04/ барилгын норм дүрмийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралт Галын аюулаас хамгаалах шаардлагын 1- дүгээр хүснэгтээр үзүүлсэн зай хэмжээг үндэслэн барилгажих талбайн схем зургийн 1-4 тал буюу Y1 тэнхлэгийн дагуу цонх төлөвлөхгүй байх .., даалгавар өгөгдсөн байна.
Архитектур төлөвлөлтийн даалгаварт өгөгдсөн үүрэг даалгаврыг ажлын зургийн шатанд биелүүлээгүй байна. Иймд Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9. Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд заасан заалтыг заавал хангуулж ажлын зургийн барилга архитектур хэсэгт өөрчлөлт оруулж дахин батлуулах...” гэжээ.
9. Дээрх шинжээчийн дүгнэлт болон холбогдох баримтуудаас үзвэл, маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь холбогдох хууль, тогтоомж, норм, стандартыг зөрчиж олгогдсон болох нь тогтоогдож байна.
10.Тухайлбал Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох”, 28.1 “Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна”, 28.2 “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана”, 28.2.1-д “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр”, 28.2.2-т “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт”, 28.2.3-т “зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар”, 28.2.4-д “байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан”, 28.2.5-д “гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах”, 28.3-т “Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хавсаргана”, 28.4-д “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана” гэж тус тус заасан.
11. Иргэн, хуулийн этгээд нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авахыг хүссэн хүсэлтдээ барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт, зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан, гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээ, барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл, барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө зэргийг хавсаргахаар хуульчилсан.
12. Дээрхээс үзэхэд гуравдагч этгээд Г.Төөс маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авахыг хүссэн хүсэлтдээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4 дүгээр зүйлүүдэд заасан баримтуудыг бүрэн хавсаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргаж гуравдагч этгээдэд олгосон хариуцагчийн шийдвэр хууль бус бөгөөд барилгын тусгай зөвшөөрлийг олгох үндэслэлгүй, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно” гэж заасантай нийцэхгүй.
13.Харин маргаан бүхий барилгын ажлын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тухайн маргаан бүхий барилгын ажлын тусгай зөвшөөрлийн улмаас зөрчигдсөн нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ******* тоот албан бичиг[2], 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 0079589 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт[3], Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт[4] зэргээр тогтоогдож байх бөгөөд иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “Барилгын норм, дүрэм дээр хоорондын зай, галын аюулгүй байдлын дүгнэлт нь гарсан байна. Түүнийгээ засаж залруулж барилга барих м.кв багасгаж стандартад нь нийцүүлж барилга барьсан байна. Гэвч нэхэмжлэгч талын хэлж байгаа цонх, галын аюул зэргийг нь дахин сайн судлах ёстой болов уу гэж үзэж байна... нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь үндэслэл бүхий байна.
14.Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана”, 27.3.3-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон” гэж тус тус заасан бөгөөд дээр дурдсанчлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2019 онд холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангахгүй байгаа талаар хариуцагч байгууллагуудад мэдэгдсэн бөгөөд барилгын ажлын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр хууль бус байжээ.
15.Мөн Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “нэхэмжлэгч “Э” СӨХ-ы барилга, гуравдагч этгээдийн үйлчилгээтэй орон сууцны барилга хоорондын зай 8,27 метр, баруун хойд талаас үндсэн хийц хүртэл 8,38 метрийн зайтай байна...Батлагдсан ажлын зурагт үзлэг хийхэд Ү1 тэнхлэгийн дагуу 1- 5 дугаар давхар хүртэл цонх төлөвлөсөн байгаа нь “орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт”-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтийн “Барилгын тууш тал, хөндөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд” 5 давхар байх үед 12 метрийн зайтай байна гэсэн заалтыг хангахгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан.
16.Иймд шүүх бүрэлдэхүүний зүгээс маргаан бүхий Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучнаар/ Г.Төд олгосон 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
17.Гуравдагч этгээд Г.Т нь өөрийн Чингэлтэй дүүрэгт байрлах өөрийн өмчлөлийн газартаа холбогдох хууль, тогтоомж, барилгын норм, дүрэмд нийцүүлэн барилгын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин авахаар хүсэлт гаргах, барилгын ажлын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авахад тус шүүхийн шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.5-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучнаар/ гуравдагч этгээд Г.Төд олгосон 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0009249/******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ