Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/628

 

 

 

 

     2023           6             13                                        2023/ДШМ/628

 

Б.Пд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч Б.Пий өмгөөлөгч Н.Н,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Пий гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2302001590103 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Ж овгийн  Б.П, 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдөр .......... төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “.....” ХХК-д угсралтын ажилтан ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт, ............. тоотод оршин суух, /РД:.........../;

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.

Б.П нь 2022 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагедроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 30 дугаар хорооны нутагт байрлах 25 дугаар байрны 199 тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагедроканнабинолын агууламжтай 1885.8 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Пий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Пийг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Пд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа NZ8321669 серийн дугаартай 1 ширхэг зуутын мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлж, 1885.8 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, Б.Пд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.П гаргасан давж заалдах гомдолдоо: “... би өөрийн үйлдсэн гэмт хэрэг буюу Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт үйлдлийг анх илэрсэн цагаас нь эхлэн бүхнийг үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй. Өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж гэмшсэн бөгөөд энэхүү үйлдлийг хийсэндээ маш их харамсаж байна. Мөн би өөрийн ар гэр болох жирэмсэн эхнэр, бага насны 2 хүү, надаас өөр харж хандах, хэлж зөвлөх, санаа тавих хүн байхгүй 3 өнчин дүүгээ хүнд нөхцөл байдалд үлдээн ял шийтгэл эдлэх болсондоо маш их харамсаж байна. Иймээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх миний дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн амлалтыг минь сонсож, ганц удаа боломж олгон надад оногдуулсан ялыг бага ч болов хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Пий өмгөөлөгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь ам бүл 7, бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн. Мөн бүтэн өнчин хоёр дүүгээ асран халамжилдаг. Хоригдохынхоо өмнө маш олон зээл авсан байсан учраас зээл нэхэгдэж, алданги тооцож эхэлсэн. Иймд миний үйлчлүүлэгчийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал болон түүний ар гэрийн байдлыг харгалзаж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзаж хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.П нь 2022 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагедроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 30 дугаар хороо, 25 дугаар байрны 199 тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтад багтдаг “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагедроканнабинолын агууламжтай 1885.8 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шинжээч эмч Я.Ганхүүгийн “... Б.Пий хувьд энэ төрлийн бодисыг олон дахин давтамжтай хэрэглэсний улмаас сэтгэцийн хэтрүүлэн хэрэглээ буюу эмгэгтэй гэсэн үг. Энэ нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй, хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэцийн эмгэг гэдэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон дахин давтамжтай хэрэглэхийг хэлдэг юм. ...” /хх 47-48/,

Б.Пий яллагдагчаар өгсөн “... 2022 оны 8 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд самарт яваад буцаж явахад замын хажууд дээрх ургамал ургасан байсныг түүчихсэн юм. Тухайн үед ямар нэгэн хүнд мэдэгдээгүй, үүрч явсан цүнхэндээ хийгээд машины багажинд нууцаар тавиад ирсэн. Тэгээд өөрийн гэртээ балкон дээр тавиад мартчихсан байсан. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө балкон дээрх эд зүйлсээ янзалж байгаад дээрх ургамал гарч ирсэн. ...” /хх 57-58/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1251 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.П УШ96100351 2023,3,2 гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол нь 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна.” /хх 29-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1252 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ургамал мэт зүйл, “2”, “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл /2 ширхэг/ тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. “4” гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II дугаар жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1652,2 гр, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин 133,2 гр, “3” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 100,4 гр байсан ба 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав.” /хх 35-36/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 220 дугаартай “Б.П нь өмнө нь сэтгэцийн ямар  нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.П нь одоо Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Б.П нь мансууруулах сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай гэж шинж тэмдэг илрээгүй байна. Харин Б.П нь Каннабинойдын хэтрүүлэн  хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Б.П нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” /хх 42-43/ гэсэн дүгнэлтүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-7/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухайн тэмдэглэл /хх 13-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай  мөрдөгчийн тогтоол /хх 25/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Пий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Пийг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Б.П нь “... надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хугацаатай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй ба эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон нь тохирсон гэж үзэв.

Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байгаа, залуусын энэ төрлийн бодист донтож байгаа байдал зэрэг нийгэмд учруулах хор уршиг ихтэй гэмт хэрэг ба Б.Пий хувьд урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжихгүй дахин уг гэмт хэргийг үйлдсэн, өөрөө Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс “Өвс”-ийг түүж бэлтгэн, гэртээ хадгалсан, бэлтгэсэн бодисоо олон дахин хэрэглэж, Каннабинойд гэх донтох эмгэгтэй болсон зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, түүнд оногдуулсан хорих ялыг багасгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Пий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Пий 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Пий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пий цагдан хоригдсон 48 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                      ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ