Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 10

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч-Шүүгдэгч Ж.Б, С.Ц нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж Б, Х овогт С Ц нарт холбогдох 1721000000149 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Х овогт Ж Б, Монгол Улсын иргэн, 1962 оны 10 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шүхэрчин, мужаан мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, охин, 2 зээ нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг, ....байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Чойбалсан хот дахь Цэргийн тусгай шүүхийн 1991 оны 06 сарын 07-ны өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял шийтгүүлж 1991 оны 07 сарын 01-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, бие эрүүл, /РД:Ж.../,

Шүүгдэгч Х овогт С Ц, Монгол Улсын иргэн, 1989 оны 06 сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг, ..... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:Ж/,

Шүүгдэгч Ж.Бн нь 2017 оны 11 сарын 11-ний өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хар байрны 2-3 тоотод С.Цэцэгмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хүүгийнхээ хувцасыг өгөхгүй” гэх шалтгаанаар маргалдан хохирогч С.Ц биед баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун, зүүн шууны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

Шүүгдэгч С.Ц нь 2017 оны 11 сарын 11-ний өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хар байрны 2-3 тоотод Ж.Батсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “нөхрийнхөө хувцасыг авна” гэх шалтгаанаар маргалдан хохирогч Ж.Б биед зүүн нүдний салстын доорхи цус хуралт, зүүн завьж, зүүн сарвууны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч-хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүүгийн хувцас хунарыг нь авч явна гэхээр нь би хүүгийнхээ хувцсыг С.Ц өгөхгүй гэдгээс болж маргаан гарсан. Манай бэр болох С.Ц бид 2 манай хүүгийн хувцсыг булаацалдаж байгаад гэмтэл авсан юм. Би гараараа бэрийнхээ нүүр рүү цохисон. Би хувцсыг нь тавихгүй харин бэр тавиулах гэж зууралдаж байгаад хэд хэдэн удаа нүүр рүү нь цохисон гэв.

Шүүгдэгч-хохирогч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос ирээд нэг хонож байсан юм. Тухайн өдөр манай нөхөр 9 цаг өнгөрч байхад ажлаасаа ирэх үед нь хүү маань давтлагандаа явах нь таарсан юм. Тэгээд би нөхрийгөө орж ирэх үед нь хүүгийнхээ хувцсыг нь өмсгөнгөө “яагаад зааж өгөөд байхад ийм том болчхоод сурахгүй байгаа юм. Ингэж цахилгаанаа татаж бай” гэж хэлээд хүүгээ загнаж байтал нөхөр унтах гэж байснаа “ямар ядаргаатай пиздаанууд вэ” гэхээр нь би “ядаргаатай байгаа бол аав, ээжийндээ орохгүй юу” гэж хэлсэн. Тэгтэл нөхөр маань гэрээсээ гарч яваад удаагүй байтал хаалга аймар чанга тогшиж орж ирээд хувцсаа аваад эргээд гарсан. Нөхрөө гарсны дараа би аавынх руу ортол Мөнхжаргал унтаж байсан. Би нөхрийнхөө дээл гутлыг нь аваад гарах гэтэл хадам аав гэнэт уурлаад муухай орилж, надад хувцсыг нь өгөхгүй загнаад байсан. Хадам аав бид хоёр хувцсыг нь булаацалдаж хэсэг маргасан. Тэгээд би тэвчээр алдаад хадам аавыг гараараа нударсан. Аав намайг бас нүүр рүү цохисон. Тэгээд үзүүлэхэд хөнгөн гэмтэл учирсан байсан. Би уг нь хадам аавтай муудалцана гэж бодоогүй. Тэгсэн хадам аав цохиод байхаар нь Мөнхжаргалаа аавыгаа авалдаа гэж хэлэхэд Мөнхжаргал босч ирэхгүй байсан. Тэгээд би сүүлдээ хадам аавыг хазсан байж магадгүй. Яагаад гэхээр тухайн үед хадам аавын гартай нь их зууралдаад байсан. Нүдийг нь би цохиод улайлгасан байх. Өмнө нь хадам аавын нүд нь улаагаагүй байсан. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 673 тоот дүгнэлтэд: “С.Ц биед биед баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх /хх-ийн 31/ дүгнэлт

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 675 тоот дүгнэлтэд: “Ж.Б биед зүүн нүдний салстын доорхи цус хуралт, зүүн завьж, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүдийн зүүн нүдний салстын доорхи цус хуралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх /хх-ийн 33/ дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 11 сарын 11-ний өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хар байрны 2-3 тоотод С.Цхувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хүүгийнхээ хувцасыг өгөхгүй” гэх шалтгаанаар маргалдан хохирогч С.Цэцэгмаагийн биед баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, баруун, зүүн шууны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

Шүүгдэгч С.Ц нь 2017 оны 11 сарын 11-ний өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хар байрны 2-3 тоотод Ж.Бхувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “нөхрийнхөө хувцасыг авна” гэх шалтгаанаар маргалдан хохирогч Ж.Б биед зүүн нүдний салстын доорхи цус хуралт, зүүн завьж, зүүн сарвууны зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн үед Мөнхжаргалын лам дээл буюу орхимжийг эвхээд цааш хийх гэж байтал Цнадаас Мөнхжаргалын хувцсыг булааж авах гэхээр нь би өгөхгүй гээд зулгаахад миний гарыг тавиулах гээд зүүн гарын хурууны үеийг хазсан. Тэгэхээр нь Ц өөрөөсөө түлхэж зайлуулаад хувцсыг нь өгөөгүй. Ингээд Цэцэгмаа улам уурлаж миний цамцны хоолойноос зуураад тавихгүй байхаар нь би уурандаа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, түүнийг давхар нотолсон шүүгдэгч хохирогч С.Ц мөрдөн байцаалтад өгсөн “..Баатар уурлаад надтай маргалдаад ...би өөрийгөө хамгаалах гэж самардаж байхдаа нүд рүү нь гараа хийсэн үү, цохисон уу, мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 673 тоот, 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 675 дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч-хохирогч Ж.Б, С.Ц нарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч нар нь бие биенийхээ нүүрэн хэсэгт гараараа хэд хэдэн удаа санаатай цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч-хохирогч Ж.Б, С.Ц холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч-хохирогч Ж.Б, С.Ц мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 673 тоот, 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 675 дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч-хохирогч Ж.Б, С.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч-хохирогч Ж.Б, С.Ц нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдвал зохино.

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Ж.Б, С.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С Ц 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, С.Ц нарын цалин, орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан тус бүр 450000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Б, С.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ж.Б, С.Ц нарын иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбарыг шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б, С.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР