| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2210020320304 |
| Дугаар | 2023/ДШМ/627 |
| Огноо | 2023-06-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2023/ДШМ/627
2023 6 13 2023/ДШМ/627
Г.Дт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Э,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Дт холбогдох эрүүгийн 2210020320304 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Г.Д, 19... оны 4 дүгээр сарын 15-ны өдөр .............. суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Мэдээлэл зүйн багш, эдийн засагч мэргэжилтэй, “............” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 6, эх, эхнэр, гурван хүүхдийн хамт, ............ тоотод оршин суух, /РД:................../;
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 529 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусгавар болсон.
Г.Д нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Монгол Улсын Боловсролын Их сургуульд оруулж өгнө” гэж Б.Бямбажаргалыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ханбогд хотхоны 409 дүгээр байрны 2-74 тоотод байхад нь 2 удаагийн гүйлгээгээр хамтран амьдрагч Д.Сын эзэмшлийн Хаан банкны 5017213754 дугаартай данс руу 2.500.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Дыг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Даас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д олгох, шүүгдэгч Г.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол гарсан өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж хохирлоо барагдуулахаар анхан шатны шүүх хуралдааны үеэр 500.000 төгрөгийг бэлнээр авч очсон боловч шүүгч Д.Д нь “наад мөнгөөр чинь яадаг юм” гэж хэлсэн. Бага охин маань одоо 3 сартай бөгөөд эхнэр маань ажил хийх боломжгүй хүүхдүүдээ хардаг учраас гэрээсээ би ганцаараа ажил хийдэг. Миний бие гэм буруугийн үйлдэлдээ маргаж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй. Иймд миний хувийн байдал болон гэр бүлийн байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Дын тухайд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд ямар нэгэн маргаангүй. Тэрээр прокурорын хяналтын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ч гаргаж байсан билээ.
Г.Д нь бага насны 3 хүүхэдтэй бөгөөд эхнэр Д.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ хүүхдүүдээ хардаг. Г.Д нь “Улаанбаатар секьюрити” ХХК-д ажилладаг бөгөөд хохирол төлбөрөө төлөх боломжтой.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүхэд оршино гэж заасан.
Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсье. ...” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.Дын хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрдөг. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялд өөрчлөлт оруулах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Г.Д нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “Монгол Улсын Боловсролын их сургуульд оруулж өгнө” гэж Б.Бямбажаргалыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ханбогд хотхоны 409 дүгээр байрны 2-74 тоотод байхад нь 2 удаагийн гүйлгээгээр хамтран амьдрагч Д.Сын эзэмшлийн Хаан банкны 5017213754 дугаартай данс руу 2.500.000 төгрөг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Б-ын “... 2022 оны 3 дугаар сарын эхээр манай нөхөр Г “Монгол Улсын боловсролын их сургуульд 1 жил сураад хөгжмийн багш болох боломжтой юм байна, надад Дашка гэх найз маань хэллээ, тэгэхээр нь би 1.000.000 төгрөг данс руу нь шилжүүлчихлээ” гэж хэлэхээр нь би “болдог бол сураад гэрчилгээ авчихмаар байна” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Д гэх хүнтэй .... дугаараар холбогдож ярихад “2022 оны 6 дугаар сард сургалт нь эхэлнэ, одоо 1.500.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би Г.Д гэх хүний данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдрөөс хойш Г.Даас сургалт яг хэдийд эхлэх вэ, юу болж байгаа вэ гэж асуухад болно, бүтнэ, түр хүлээж бай гэж ярьж байснаа сүүлд нь сургалт бүтэхээргүй болсон, 1 жил сураад төгссөн гэсэн диплом гаргаад өгье гэж хэлэхээр нь “би тийм юм байхгүй, хуурамч дипломоор би яах юм бэ, намайг ажилд ч хаана ч авахгүй шүү дээ, би хөгжмийн багш мэргэжлээр ямар ч мэдлэг байхгүй, мөнгөө авъя гэж хэлэхэд Г.Д мөнгийг чинь өгнө гэж хэлчихээд өгөхгүй өдийг хүрсэн. Одоо утас нь холбогдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /хх 13/,
Гэрч Г.Г-ын “... Би өмнө нь таньдаг, дүү болох Г.Дт эхнэрээ хөгжмийн багшаар сургачих хэрэгтэй байна гэж ярьж байсан юм. Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Г.Д намайг уулзая гэж хэлэхээ нь би Г.Дтай Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Капитал центрийн 14 дүгээр давхарт хоол идэнгээ уулзсан юм. Г.Д надад хандан “та дээр утсаар ярьж байхдаа эхнэрээ хөгжмийн багшийн мэргэжил эзэмшүүлэх талаар ярьж байсан билүү” гэж асуухаар нь би тийм гэж хэлэхэд “надад Монгол Улсын Боловсролын их сургуульд таньдаг хүн байгаа, 1 жил сургалтад суугаад төгсчихнөө, би эгчийгээ энэ сургалтад суулгаад төгсгөж байсан, ямар ч асуудал байхгүй” гэж хэлэхээр нь би “болдог бол эхнэрийгээ сургалтад суулгаад мэргэжил эзэмшүүлчихмээр байна” гэж хэлээд төлбөр нь хэд вэ гэж асуухад 2.500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд одоо 1.000.000 төгрөгийг шилжүүлчих, дараа нь 1.500.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлэхээр нь 1.000.000 төгрөгийг тэр сургуулийн данс руу шилжүүлмээр байна гэж хэлэхэд миний данс руу шилжүүлчих, би цааш нь шилжүүлье гэж хэлэхээр нь интернет банк ашиглан Г.Дын ............. гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд болсон явдлын талаар эхнэртээ хэлэхэд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр Б нь Г.Дтай яриад 1.500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Г.Даас сургалт хэзээ эхлэх вэ, юу болж байна гэж асуухад болно, бүтнэ гэж ярьсаар байгаад сүүлд нь утас нь холбогдохгүй болсон. ...” /хх 15/,
Г.Дын яллагдагчаар өгсөн “... Би танил Г-тай утсаар ярих үед надад хандан эхнэр Бямбаад дуу хөгжмийн диплом гаргуулж авмаар байна гэж хэлэхэд нь би хүнээс асууж өгье гэж хэлээд өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа би Галбадрахын гар утас руу залгаад дуу хөгжмийн багшийн диплом гаргахад 2.500.000 төгрөг шаардлагатай гэж хэлэхэд надаас диплом худалдаж авахаар болсон. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ их байсан тул Галбадрахад дуу хөгжмийн диплом гаргаж өгнө гэж худлаа хэлсний дагаа эхлээд 1.000.000 төгрөг өгсөн. Хэсэг хугацааны дараа 1.500.000 төгрөг өгснийг би өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан. ...” /хх 59/ гэсэн мэдүүлгүүд,
Хохирогч Б.Б-ын Хаан банкны дансны хуулга /хх 9/, шүүгдэгч Г.Дын Хаан банкны дансны хуулга /хх 10/, Д.Сын дансны хуулга /хх 22/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Г.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Дыг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Э нараас “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын санкцитай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй ба эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон нь тохирсон гэж үзэв.
Учир нь, шүүгдэгч Г.Д нь хохирогч Г.Бямбажаргалд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан атлаа дахин залилах гэмт хэргийг үйлдсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Дын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дын цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ