Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/01240

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 14, 244 тоотод оршин суух, Бэрсүд овогт Пүрэвсүрэнгийн Цэцэгмаа /РД:ШД69020507/-гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.Цэцэгмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Цэцэгмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие нь 1969 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1977-1987 онд 10 жилийн 41 дүгээр сургууль бүрэн дунд, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Худалдааны 4 дүгээр контор 61, 110-р дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 1 сар хүртэл Өрнөлт ХЭАА дэлгүүрт худалдагч, 2000-2024 онд Ганганцэцэг ХХК-д худалдагчаар ажиллаж байна. Одоо миний бие нь 55 нас хүрч тэтгэвэрт гарах гэж байгаа тул Худалдааны 4 конторын харьяа 61, 110-р дэлгүүрт ажиллаж байсан 4 жил 5 сарын дутууг тогтоолгохыг хүсэж байна. Тухайн үед ажиллаж байсан худалдагч Лодой овогтой Баярмаа, касс Хажидмаа овогтой Туул нараар гэрч болгон баталгаажуулсан. Худалдааны 4 контор шатсаны улмаас архивын бичиг баримт гарахгүй байгаатай холбогдуулан ажилласан жилийнхээ дутууг тогтоолгохыг хүсэж байна. Иймд хүсэлтийг минь харгалзан үзэж ажилласан жилийг минь тогтоож өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 10 жилийн сургууль 8 анги төгсөөд худалдагчаар ажилласан юм. Тэгээд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Худалдааны 6 дугаар конторын харьяа 61 дэлгүүр, 110 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Уг дэлгүүрүүд нь 1 дор байдаг байсан, ногоо, махны лангуу дээр ажилласан юм. 1992 оны 2 сарыг хүртэл ажилласан. 1992 онд Худалдааны контор хувьчлагдаад Жавхлан гэдэг дэлгүүр болсон. Би тухайн үед 1992 онд ажлаас гараад Өрнөлт ХЭАА болсон дэлгүүрт худалдагчаар ажилласан юм. Иймд намайг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 сарыг хүртлэх хугацаанд Худалдааны 6 дугаар конторын харьяа 61, 110 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Баримтууд нь бүгд Архивт шилжиж ирээгүй гээд байгаа. Тэнд ажиллаж байсан хүмүүс бүгд л шүүхээр орж тогтоолгож байгаа. Би ажил хөөцөлдөж явахдаа л хөдөлмөрийн дэврээ хуулбарлаж аваад үлдсэн. Хөдөлмөрийн дэвтэр дээр минь 1987 оны 7 сарын 01-нээс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан тушаалууд минь бүгд л бичигдсэн байдаг. Гэтэл тушаалууд нь огт гарахгүйгээс ажилласан жилээрээ хохирох асуудал үүсээд байна гэв.

 

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0173 дугаар тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Үлэмжсарангийн төрсний гэрчилгээний хуулбар, А.Пунсалдуламын төрсний гэрчилгээний хуулбар, П.Цэцэгмаагийн №111894 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Л.Баярмаагийн №233294 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №359 дүгээр архивын лавлагаа, Өрнөлт ХЭАА-ын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №01 дүгээр Ажилд томилох тухай тушаал, Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 508 дугаар тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/04048 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар /хэргийн 2-13, 25, 29-30-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Л.Баярмаа, Х.Туул нараас мэдүүлэг авч тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан /хэргийн 16-17, 23-24-р хуудас/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч П.Цэцэгмаа нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарыг хүртлэх хугацаанд Худалдааны 6 дугаар конторын харьяа 61, 110 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1.П.Цэцэгмаагийн баримт бичиг үрэгдсэн, уг баримтыг олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Нийслэлийн архивын газрын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 0173 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 508 дугаар тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

 

4.Нэхэмжлэгч П.Цэцэгмаа нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд Худалдааны 6 дугаар конторын харьяа 61, 110 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болох нь:

 

- П.Цэцэгмаагийн №111894 дугаартай 1988 оны 5 дугаар сарын 30-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ...1.1987.07.01 Хүнсний барааны 61-р дэлгүүрийн худалдагчаар томилон ажиллуулав. Конторын даргын 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 91 тоот тушаалаар, 1990.06.30 УБ хотын АДХГЗ-ны 1990 оны 95 тоот тогтоол, ХБХН-ийн даргын 100 тоот тушаалын дагуу конторын зохион байгуулалтад өөрчлөлт орсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж дэлгүүрүүдийн 12-р төвийн мэдэлд шилжүүлэв. Худалдааныг 6-р конторын даргын 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 152 тоот тушаалаар, 1990.07.07 Хүнсний барааны 61 дүгээр дэлгүүрт худалдагчаар ажиллуулав. Дэлгүүрийн даргын 1990 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот тушаалаар, 1991.08.05 61-р дэлгүүрт худалдагчаар томилов. Захирлын 1991 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаар, 1992.01.01 Хамт олны давуу эрхээр дэлгүүр нь хувьчлагдсан тул хувийн Жавхлан дэлгүүрийн мэдэлд шилжүүлэв гэсэн бичилтүүд,

-Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №359 дүгээр архивын лавлагаанд ...Даатгуулагчийн нэр П.Цэцэгмаа гэсэн бичилт,

-Өрнөлт ХЭАА-ын 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №01 дүгээр Ажилд томилох тухай тушаалд ...худалдагчаар П.Цэцэгмаа, манаачаар Д.Дамбадагва нарыг тус тус авч ажиллуулсугай,

-нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэрч Л.Баярмаагийн ...П.Цэцэгмаа бид хоёр 1987-1992 оны хооронд Худалдааны 6-р контор буюу хүнсний 61 дүгээр дэлгүүрт худалдагчаар хамт ажилладаг байсан гэсэн мэдүүлэг, гэрч Л.Баярмаагийн №233294 дугаартай нотариатаар баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн Хүнсний барааны 61-р дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан гэх бичилтүүд, түүний иргэний үнэмлэхний хуулбараар /хэргийн 9-11, 16-17-р хуудас/,

-хамт ажиллаж байсан гэрч Х.Туулын ...1987 онд Худалдааны техник мэргэжлийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Худалдааны 6-р конторт худалдагчаар ажилд орсон. Би 1990 оноос 61-10 дээр ахлах кассаар ажиллах болсон. Б.Цэцэгмаа 1988 онд худалдагчаар ажилд орсон. Бид нар 1995 он хүртэл хамт ажилласан. 1995 онд Худалдааны 6-р контор нь Жавхлан гэдэг нэртэй хувийн дэлгүүр болж өөрчлөгдсөн гэсэн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхний хуулбар,

-мөн гэрч Х.Туулын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/04048 дугаар ...Боржигон овогт Хажидмаагийн Туул /РД:ШГ68101907/-ыг худалдааны бэлтгэлийн яамны харьяа Худалдааны 6 дугаар конторт 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүртэл худалдагчаар, 1990 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл кассчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай гэсэн шүүхийн шийдвэр /хэргийн 23-24, 29-30-р хуудас/, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна гэж үзэв.

 

5.Иймд нэхэмжлэгч П.Цэцэгмааг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд Худалдааны 6 дугаар конторын харьяа 61, 110 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бэрсүд овогт Пүрэвсүрэнгийн Цэцэгмаа /РД:ШД69020507/-г 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд Худалдааны 6 дугаар конторын харьяа 61, 110 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

   

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.ХУЛАН