| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 201218000278 |
| Дугаар | 2023/ДШМ/629 |
| Огноо | 2023-06-13 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2023/ДШМ/629
2023 6 13 2023/ДШМ/629
Б.Бод холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ууганбаатар,
цагаатгагдсан этгээд Б.Б, түүний өмгөөлөгч П.Д,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Р.Б, Ц.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/156 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Р.Б, Ц.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Бод холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б.Б, 1992 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ......... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...........” ХХК-д барилгын мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......./;
Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
Б.Б нь 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд Т.Тийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай хэргээс Б.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201218000278 дугаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 1343 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Б нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэл буюу оршуулгын зардлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болохыг дурдаж, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хүү Т.Т нь 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бусдад зодуулан амь насаа алдсан. Энэ хэрэг шалгагдаж ажиллагаа явуулсны эцэст анхан шатны шүүх хурал болж цагаатгах тоггоол гарсанд маш их гомдолтой байна.
Тэр шөнө Б.Б өөр 4 залуугийн хамт талийгаач, Эрдэнэбилэг хоёр луу дайрч зодсон нь үнэн. Амьд үлдсэн Эрдэнэбилэгийн хамар цөмөрч, шон мөргүүлж зодсон үйлдлүүд хэрэгт тэмдэглэгдэн үлдсэн. Миний хүүг ганцхан алгадсан биш “дээр нь гараад суучихсан байсан. Мөн дээшээ доошоо харсан байдалтай хөдөлгөөнгүй болчихсон байсан, хажууд нь банз байсан, хашаа налаад сууж байна л гэж харсан” гэх олон үйлдлүүд бичигдэж үлдсэн. Хүүгийнхээ шарилыг авахад зөвхөн нүүр гар хэсэгт зодуураас үүссэн шарх хавдар ул мөр их байсан. Тэр үед Б.Б нь хүний амь хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн байтал шалгаж байна гэх нэрээр 11 жилийн хугацааг өнгөрөөгөөд хэдхэн өгүүлбэрийн утгыг бүрэн ойлгохгүй ээдрээ төвөг ихтэй гэж гэмт хэрэгтэнг цагаатгаж байгаад харамсаж байна.
Энэ хэрэгт зодоон болсон цагийг албаар худал мэдүүлсэн. Б.Б, С , Б , Д , Г нарын мэдүүлгээр Сэлэнгэ явах галт тэргэнд сууж амжихгүй гээд Энхбат гэх жолоочийг гуйж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт 18 км хүргүүлсэн байсан. Жолооч Б.Быг буулгаад эргэхэд “нар мандчихсан, ээж нь үхрээ сааж байсан” гэдэг. Энэ нь 5 цаг 30 минутаас 6 цаг 25 минутын хооронд болсон. Бас Б.Б нарыг машин руу явсны араас С Э-ийг гэр рүү нь дөхүүлсэн гэсэн. 5-аас 6 цагийн үед болсон үйл явдлыг хэрэг дотроос ойлгох гэж 10 жилийн хугацаа өнгөрсөн юм уу.
Талийгаачийг хүн олсны дараа 6 цаг 45 минутад Сэлэнгэ Улаанбаатар чиглэлийн галт тэрэг тэр замаар гаталж өнгөрөхийн тулд баруун гарыг нь рейс төмөр дээрээс холдуулж биеийн дагуу болгосон. Замын рейс төмөрт маш ойрхон байсан учир галт тэрэг удаан явж өнгөрөхөд талийгаачийн хүрэмний ханцуй хэсэг хавчуулагдан урагдсан байна лээ. Цогцосны гарыг хөдөлгөж биеийн дагуу болгосон үйлдэл хөшөөгүй байсныг нотлон харуулж байна. Бас “хүүрийн толбо гараагүй” гэж дурдсан нь төмөр замын тэр хэсэгт толгойноос доош чулуун дээр багахан цус гоожсон байна лээ. Үхрийн шагай шиг хэмжээтэй 10-аад чулуун дээр цус гоожсон байсныг би өөрөө хөдөлгөж үзсэн. Цусаа юүлчихсэн газар нь өөр газарт байгаа гэдгийг тодорхой ойлгохоор ул мөр үлдсэн. Хүүрийн толбо үүсээгүй гэх шалтгаан нь энэ.
Миний зүгээс хэрэг дотор байгаа анхны мэдүүлгүүд, 63 дугаартай дүгнэлт, шинжээч эмчээс авсан тайлбар зэрэг материалууд ашиглан бичиж байна. Эхний 7 жил шалгаад галт тэрэг төмөр замтай холбогдуулах боломжгүй болсон. Үлдсэн агуулга нь хүн нас барсан, зодоон болсон, мэдүүлгүүд өөрчлөгдөж эхэлсэн, хэсэгчлэн өршөөлөөр гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэг хүлээх чадваргүй болсон ийм дүр төрх үлдсэн. Энэ бүх аргачлалын хаана нь Б.Быг зөвтгөх, цагаатгах шалтгаан байгаа юм бэ, яг ямар үйлдэл, мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт Б.Быг гэм буруугүй болгоод байгааг цагаатгах тогтоолыг дахин дахин уншаад ч ойлгосонгүй. Одоогоор Б.Б нь шүүх хуралдаанд оролцохдоо инээгээд “би алгадаагүй” гээд зогсож байдаг болсон. Б.Б нь ял эдэлж байхдаа архи ууж, гадуур сул чөлөөтэй явж хүний амь хөнөөхөд хууль үйлчлэхгүй цагаатгасан тогтоол гаргасныг ойлгохгүй байна.
Би гэмт хэргийн улмаас ганц хүүгээсээ хагацсан ч хуулийн байгууллагад итгэж хүлээсэн. Эх хүн болохоор төрийнхөө сүлдэнд залбирч учир нь олдоноо гэж тэвчээр гаргасан. Үнэний дэнс оройдоо залсан төрийн хуулийн өмнө хар цагааныг ялгалгүй саарал болгодог үнэн худлыг ялгахгүй түүхийрүүлдэг хуульчид байна гэвэл би итгэхгүй. Хорвоогоор дүүрэн гасалсан ч нулимс минь хатахгүй. Иймд шийдвэрийг зөв болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эгийн өмгөөлөгч Ц.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1-т “...Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Бод холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай хэргээс Б.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. ...” гэж шийдвэрлэсэн атлаа цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтаар Б.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдохгүй байна. ...” гэж зөрүүтэй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл, шүүх Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдээгүй гэж, нөгөө талаар үйлдсэн эсэх нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдохгүй байна гэж өөр өөр дүгнэлтийг хийж цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэл нь Б.Б нь хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй болох нь нотлогдож тогтоогдож байгаа ойлголт бөгөөд харин эргэлзээтэй байдлаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ойлголт нь тусдаа хууль зүйн өөр үндэслэл яригддаг ойлголт юм.
Энэхүү зөрүүтэй дүгнэлтийг нэг талдаа гаргахын гол ач холбогдол нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэм буруугүй хүнийг гүтгээд байгаа юм уу, эсхүл хууль хяналтын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш дутуу хийснээс шалтгаалан хэргийг нотолж тогтоож чадахгүй байгаа юм уу гэдэгт дүгнэлт хийхэд, цаашлаад гомдол, санал хүсэлтээ хаана гаргах ёстой гэдэгтээ шууд хамааралтай байгаа болно. Нөгөө талаар шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, үндэслэл бүхий байх ёстой гэж үзэж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1-т “...Б.Бод холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай хэргээс Б.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. ...” гэж бичсэн нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.
201218000278 дугаартай эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болоогүй тул цаашид мөрдөн шалгах ажиллагаа хийхээр үлдэж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тухайд 201218000278 дугаартай хэргийн тухайд гомдлоо үргэлжлүүлэн гаргаж, уг хэргийг шийдвэрлүүлэх, цаашлаад зөрчигдсөн эрхээ хамгаалуулах асуудал нь үлдэж байна гэж өөрийн үйлчлүүлэгчдээ ойлгуулах нөхцөл байдал үүсч, эргэлзээ мөн үлдэж байх тул энэхүү асуудалд ч дүгнэлт хийж өгөхийг хүсье.
Цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт “ ... Хэдийгээр 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг “Соёмбо” дэлгүүрийн урд талын гаднах талбайд шүүгдэгч Б.Б нь “намайг таних уу, үгүй юу” гэх зэргээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Т.Тийн эсрэг хүч хэрэглэн халдаж, хохирогч Т.Тийн нүүр хэсэгт гараараа зодож, цохисон үйл баримт хохирогч Л.Эрдэнэбилэг, гэрч Б.С , С.Д , Б.Г , М.Б нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх боловч. ...” гэж дүгнэсэн атлаа энэхүү хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдаагүй гэж дүгнэх үндэслэлээ “...шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Т.Тийг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан болоод аливаа зүйлийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж, амь хохирогч Т.Тийн биед халдаж амь насыг нь хохироосон болох нь хангалттай тогтоогдохгүй байна. ...” гэх байдлаар дүгнэлт хийж үгүйсгэж байгаад гомдолтой байна.
Учир нь, яллах дүгнэлтэд “зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэсэн эсэх” асуудал огт хөндөгдөөгүй байхад шүүх яллах дүгнэлтээс хальсан дүгнэлтийг хийж, уг дүгнэлтээ цагаатгах тогтоолын үндэслэл болгон тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.
Цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...хүнд гэмтлийг учруулсан бол амь хохирогч Т.Т нь босож явах, бие даан ухамсарт үйлдэл хийх, цогцос олдсон газарт өөрийн биеэр очих боломжгүй байна. ...” гэх байдлаар дүгнэлт хийж цогцос өөр газраас олдсон нь шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл болгож, цаашлаад цагаатгах тоггоолын үндэслэл болгож шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч...-ийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт тусгахаар хуульчилсан атал уг цагаатгах тогтоолд тусгалгүй хууль зөрчсөн.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахаар байгаа болно.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь ... хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай ... гэж шүүх дүгнэв. ...” гэдэг ч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Амь хохирогчид шүүгдэгч халдсан талаар гэрч Л.Э , Б.С , С.Д , Б.Г нар мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх талаар дүгнэлт гардаг. Яллах дүгнэлтийн үндэслэл болж, хуулийн дагуу цугларсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ цагаатгах тогтоолд дүгнээгүй. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Хүний амь нас хохирсон бөгөөд ямар нэгэн шалтгаан зайлшгүй байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тухайд “Хохирогчийг амиа хорлох шалтгаан, үндэслэл байхгүй" гэдгийг мэдүүлдэг. Энэ тохиолдолд илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эгийн өмгөөлөгч Р.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хүний амь нас хохирсон гэмт хэрэг гараад 10 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг шинжлэн судалж бүх шатны шүүхээс дүгнэлтүүд гарсан боловч эцэстээ цагаатгагдаж байгаад хохирогч талаас гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг бодитой үнэлээгүй. Учир нь, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалд маш тодорхой ажиллагаанууд хийхээр заасан. Эдгээр ажиллагаанууд дутуу хийгдсэн талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн боловч анхан шатны шүүхээс тодорхой дүгнэлт хийж, шийдвэртээ тусгаагүй. Эцэстээ 10 жилийн хугацаанд хуулийн бүхий л байгууллагуудаар дамжсан хүний амь нас хохирсон хэрэгт хэн буруутай гэдэг нь тодорхойгүй үлдэж байгаа нь хамгийн анхаарал татсан асуудал болж байна. Гэтэл анхан шатны шүүхээс “хэргийг хэрэгсэхгүй болгож” гэсэн хэрнээ “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Б тус шүүх хуралдаанд “... Гаргах тайлбаргүй. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Бын өмгөөлөгч П.Дт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Сүүлдээ Б.Б алгадаагүй гэж мэдүүлдэг боллоо” гэж байна. Тухайн үед Б.Б нь “Амь хохирогчийг цохисон” гэдгээ бүх шатанд мэдүүлж ирсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үеэр ч мөн адил энэ мэдүүлгээ өгсөн. Мөн хэрэг болох үед байсан гэрчүүд энэ талаар мэдүүлж ирсэн. Харин хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд “Б.Б нь амь хохирогчийг цохисон. Гэхдээ амь хохирогчийн биед үүссэн үхлийн шархыг хүн гараараа үүсгэх боломжгүй. Хэрэв гараараа цохиж үүсгэсэн бол амь хохирогч нь огт хөдөлгөөн хийж чадахгүй байсан” гэж дүгнэж бичсэн. Анхан шатны шүүхээс эдгээр баримтыг үндэслээд 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь хуулийг зөв хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасны дагуу энэ хэрэг хууль ёсны дагуу шийдвэрлэгдсэн. Мөн өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан нэмэлт ажиллагаануудыг хангалттай хийсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж” өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэг явдал гарснаас 10 жилийн дараа буюу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “138” дугаар магадлалаар “Нотолбол зохих баримтуудыг нотолж тогтоогоогүй” байна гэж хэргийг прокурорт буцаасан. Мөн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “01” дугаартай Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох тухай” гэсэн тогтоолыг Улсын ерөнхий прокурорын газраас 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс хойш хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэн. 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хэргийн эд мөрийн баримт хэрхэн хаашаа алга болсон эсэх, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хүүрийн толбо хэрхэн учирсан нь тэмдэглэлд тусгагдсан эсэх, мөн иргэний хариуцагч тогтоох асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар, хэрэг мөрдөж байсан мөрдөгч нар хэргийг хэрхэн шилжүүлсэн, шилжүүлэхдээ эд мөрийн баримтыг хэрхэн шилжүүлсэн талаарх ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай” гэж заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Мөн шинжээч эмч Даваасүрэнгээс дахин мэдүүлэг авахад “Тухайн үед хэдэн цагт цогцост үзлэг хийснээ санахгүй байна. Хүүрийн толбо үүсээгүй шалтгаан нь талийгаач цус алдаж нас барсан. Нас бараад удаагүй үед хүүрийн толбоны тунарал үүсэхгүй байх боломжтой” гэж мэдүүлсэн. Гэрч Т буюу хэргийг мөрдөж байсан мөрдөгчөөс мэдүүлэг авахад “Тухайн үед шинжээч эмч Даваасүрэн нь Т.Тийн цогцост үзлэг хийх ажиллагаанд оролцсон. Миний хувьд цогцосны гадна шинж байдлыг тодорхойлж бичсэнээс биш тусгай мэдлэг байхгүй учраас шинжээч эмчийн хэлсэн шинж тэмдгийг тусгасан” гэж мэдүүлсэн. Мөн гэрч Б.С , С.Д , Б.Г нараас дахин мэдүүлэг авсан. Эд мөрийн баримтыг хэрхэн шилжүүлсэн талаарх баримт хэргийн 18 дугаар хуудаст авагдсан. Эд мөрийн баримт алга болсонтой холбоотой гомдлыг Авлигатай тэмцэх газраас хүлээн авч шалгаад 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “256” дугаартай Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын “Эд мөрийн баримт алга болсон нь гэмт хэргийн шинжгүй байна” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоол 18 дугаар хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан. Мөн 18 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр магадлалд дурдсан ажиллагаануудыг хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан. Дээд шатны прокуророос эсэргүүцэл бичих шаардлагагүй гэсэн чиглэл өгсний дагуу эсэргүүцэл бичээгүй. Гэвч энэ хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Бод холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Р.Б, Ц.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Нийслэлийн прокурорын газраас Б.Быг 2012 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” дэлгүүрийн урд Т.Тийг алсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох эрүүгийн 201218000278 дугаартай хэргээс Б.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”; 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл боллоо.
Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд бүхий л ажиллагаа хуульд нийцэж явагдсаныг шалгасны эцэст тухайн нотлох баримтуудыг үнэлэхдээ гэмт явдлыг бүтэц, сэдэлт, санаа зорилго, орон зай, цаг хугацаа, шалтгаант холбоо зэрэгтэй хамааралтай эсэхийг сайтар нягталсны эцэст дүгнэлт хийн шийдвэрлэх байтал сонгон авч үнэлсэн баримтууд нь Б.Бод холбогдох хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримтлан эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлжээ.
Иймд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Р.Б, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Цагаатгагдсан этгээд Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/156 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ