Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/04198

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 21 өдөр             Дугаар 102/ШШ2023/04198           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Ж.Кульдана, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

  Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 41.175.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад   

 

           Шүүх хуралдаанд оролцогчид

            Нэхэмжлэгч Б.Т

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Б

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н

Иргэдийн төлөөлөгч О.Э

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Б.Т , хариуцагч “Г ” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 41.175.650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн “Лексус-470” маркийн 0000-УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг гэр рүүгээ явж байгаад Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0-ийн гарамын Хайрханы салдаг зам дээр “tоyоtа hiace маркийн 0000-УАО улсын дугаартай машин миний машиныг мөргөж, осол гаргасан.

Ослыг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн байцаагч ахмад н.З шалгаж “tоyоtа hiace” маркийн 0000-УАО улсын дугаартай машины жолооч буруутай гэдэг магадалгаа гарч, жолоочийг Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авсан байдаг.

Ослын улмаас миний машинд 41.175.650 төгрөгийн хохирол учирснаас машины үнэлгээ 38.585.650 төгрөг “М ” ХХК үнэлсэн.

Энэ үнэлгээг хийлгэхийн тулд 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр авто центрт эвдрэл гэмтлийн оношилгоог 195.000 төгрөгөөр, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ослын газраас журмын хашаа руу ачуулж, 10 хоног байсны төлбөр 250.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Юү Би” авто центр оношилгооны газар руу ачуулсаны хөлс 100.000 төгрөг, оношилгооны газраас гэр рүүгээ ачуулсан хөлс 100.000 төгрөг, “М” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 1.930.000 төгрөг болсон. Мөн “Г ” ХХК-ийн хүсэлтээр шүүхийн шатанд машинд дахин үнэлгээ хийлгэхэд 36.788.000 төгрөгийн үнэлгээ гарсан.

Дахиж хийлгэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй ямар нэгэн эргэлзээ бүхий байдал үүсээгүй байхад үнэлгээ хийлгэж 1.797.000 төгрөгийн зөрүү үүсгэснийг ойлгохгүй байна.

Иймд “М ” ХХК-ийн гаргасан 38.585.650 төгрөгийг  гаргуулж өгнө үү. Мөн хуулийн холбогдолтой тайлбарыг өмгөөлөгч нэмж ярина.

Осол болдог өдрийн өмнөх өдрийн орой цас орсон.

Миний зүгээс зам тодорхой хэмжээний халтиргаа гулгаатай байсан тул зөөлөн явж байсан. Осол болсны дараа би машинаасаа бууж ирээд баталгаажуулах зорилгоор хэд хэдэн дүрс бичлэг хийсэн.

 Тус бичлэгт жолоочоос уучлаарай миний буруу, толиндоо харсангүй, зам чөлөөлж зогсоод мөргөлөө гэж өөрийн бурууг ухамсарласан дүрс бичлэг тухайн үеийн үзэгдэх орчин орсон гэрэл зургууд байна.

Иймээс шүүхэд хариуцагчийг буруу ташаа мэдээлэл өгч байна гэж үзэж байна, гэжээ.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүхэд гаргасан тайлбартаа:

           Манай зүгээс цагдаагийн ахмад н.З н дүгнэлтийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй.

           Хэрэг шийдэгдээгүй байхад нэхэмжлэгч машинаа журмын хашаанаас 10 хоногт авч, манай зүгээс хэрэг шийдэгдээгүй гээд нэг сарын дараа өөрийнхөө машиныг авсан.

          Энэ хэргийн тухайд хэрэг шийдэгдээгүй тодорхойгүй байхад цаанаасаа шийдээд явсан хэрэг. Мөн хурд хэтрүүлж хэн хэнийхэн буруутай үйлдэл байсан тул цагдаагийн дүгнэлтэд дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна.

          Нэхэмжлэгч хуулийн хүрээнд даатгалаас 5.000.000 төгрөгийн нөхөн олговор олгосон.Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

          Өөр өөрсдийнхөө машиныг заслуулаад эвлэрэх боломжтой.

          Миний хувьд осол болдог өдөр замын нөхцөл байдал ямар байсан талаарх мэдээллийг жолоочоос авсан.

          Тухайн үед зам маш их халтиргаа гулгаатай, машин гулгаад зогсоогүй учраас замын хажуу талын шороо руу орж зогсоод, толиндоо хараад машин байхгүй болохоор эргэтэл араас ирж мөргөсөн.

          Нэхэмжлэгч хурд хэтрүүлээгүй удаан явсан гэх тайлбарыг хэлж байгаа боловч тухайн үеийн нөхцөл байдлыг харахад машины эвдрэл гэмтэл, хэдэн километр цагийн хурдтай явж байгааг шинжээч, цагдаа тодорхойлох ёстой боловч тодорхойлоогүй.Гулгаатай манантай, халтиргаатай, зам дээр их мөс үүссэн байсныг хүн болгон хүлээн зөвшөөрч байгаа.

         Нэхэмжлэгчийг хэдэн километр цагийн хурдтай явж байсан эсэх, 60 километр цагийн хурдтай явж байсныг машины эвдрэл, гэмтлээс тогтоох боломжтой байсан.

         Нэхэмжлэгч Б.Т ий хурдыг тодорхойлуулах зайлшгүй шаардлага байсан уу? гэвэл байсан. Мөн манай машиныг Б.Т хажуу талаас ирж мөргөсөн тул машиныг дахин ашиглах боломжгүй болж задалсан нөхцөл байдалтай байна, гэжээ.

 

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна.

          Осол гардаг өдөр өглөөний цаг агаарын байдал муу, халтиргаа гулгаатай, цасаар шуурч байсан.

          Ингээд би 61-ийн гарам өнгөрөөд үйлдвэр рүүгээ замаасаа салаад, эргэх гээд толиндоо харахад ард машин байгаагүй.

          Гэтэл нэхэмжлэгч Б.Т маш их хурдтай ирээд, хажуу талаас мөргөсөн, гэжээ.

          6.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд

 

  7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тээврийн хэрэгслийн тодорхойлолт, Д.Ц д олгосон итгэмжлэл, “М ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, кассын орлогын баримт, зарлагын баримт, оношилгооны хуудсууд, бэлэн мөнгөний баримт, гэрэл зургууд, тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/01 дугаартай арилжааны гэрээ, Р.Д с Б.Т д олгосон итгэмжлэл

 

 8.Хариуцагчаас “Г ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

  9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хууль зүйн туслалцааны гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, осол, хэрэг гарсан газар дээр хйисэн хэмжилтийн бүдүүвч, Х.Б н Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газарт гаргасан хүсэлт, ослын гэрэл зураг, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас өмгөөлөгч Б.Н д хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудсууд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 19ний өдрийн 161 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол,

 

10.Шүүхийн журмаар “Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, “Х  төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос мэдүүлэг өвсөн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас ирүүлсэн баримтууд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          2.Нэхэмжлэгч Б.Т шаардах эрхийн үндэслэлээ “осол болох өдөр миний бие машиныг жолоодож явсан бөгөөд жолооч Н.Б өгсүүр, халтиргаатай, цас орсон зам дээр эргэсний улмаас машиныг мөргөж хохирол учруулаад машинаа засаж янзлуулж чадаагүй учраас үнэлгээгээр гарсан мөнгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлав.

 

  3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч ”зөрчлийг шалгасан Д.З н магадлагааг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

         4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

        

          5.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 61-ийн гарамын Хайрханы салдаг зам дээр 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Б.Т гийн жолоодож явсан “Lexus Lx-470” маркийн 0000-УНХ улсын дугаартай автомашиныг “Тоyota hiace” маркийн 0000-УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсний улмаас зам тээврийн осол гарч, суудлын автомашинд эвдрэл гэмтэл үүссэн болох нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Замын тээврийн ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

          

 6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Д.З гийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн магадлагааг зөвшөөрөхгүйн улмаас хохирлын мөнгийг төлөхгүй гэж маргасан бөгөөд зам тээврийн ослын асуудлаар гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, түүнд хэн гэм буруутай болохыг зөвхөн Эрүүгийн шүүх тогтоодог бөгөөд үүнийг мөрдөгч шалгаж, прокурорын шийдвэрээр Эрүүгийн шүүх зөвхөн гэм буруутай эсэх эцсийн дүгнэлтийг хийхээр хуульчилсан байх тул зөрчил гаргагч магадлагааг зөвшөөрөхгүй гомдлоо шүүхэд гаргаагүй болох нь түүний тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

         7.Торуулбал, зам тээврийн ослын асуудлаар зөрчлийн гэм бурууг шалгаж шийдвэрлэж буй эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэх бөгөөд зам тээврийн ослын гэмт хэрэг, зөрчлийн гэм буруугийн асуудлыг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй буюу тодорхой гэмт хэргийн эсхүл тодорхой зөрчлийн улмаас эд хөрөнгийн эрх нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн шаардсан хохирол, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг харъяалан шийдвэрлэхээр заажээ.

 

        8.Талуудын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд зам тээврийн осол гарсан талаар хэн аль нь маргаагүй, хариуцагч 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд Б.Т д учирсан хохирлыг “Г ” ХХК дангаараа хариуцах эрх зүйн үндэслэлгүй бөгөөд иргэний хариуцлагын хүрээнд иргэнд учирсан хохирлын 41.175.650 төгрөгийн 50 хувийг хариуцаж арилгах эвлэрэх саналтай байна гэсэн хариу тайлбарыг ирүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгээ нотлох баримтаар нотлож чадаагүй, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулж, гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх, ижил нэр, төрөл, чанарын эд хөрөнгийг өгөх эсхүл гэмтсэн эд хөрөнгийг засах боломжгүй бол хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

      9.Иймээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Б Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгах, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах үүргээ биелүүлээгүй зөрчиж харин нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй болох нь эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар нотлогдож байна.

 

      10.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зөрчил гаргагч Н.Б “Г ” ХХК-ийн борлуулалтын ажилтан, компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан талаар хариуцагч маргаагүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг ажил олгогч арилгахаар заасны дагуу “Г ” ХХК нэхэмжлэгчийн хохирлыг төлөх нь зүйтэй байна.

 

      11.Нэхэмжлэгч гэм хорын хохирлын мөнгөн дүнгээ “М ний” ХХК-ийн үнэлсэн 36.175.650 төгрөгөөр шаардсан боловч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүхээс эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулж томилсон 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “Lexus Lx-470” маркийн 0000-УНХ улсын дугаартай автомашины хохирлын зах зээлийн үнэ цэнэ 36.788.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзээд мөн нэхэмжлэгч даатгалаас 5.000.000 төгрөгийг нөхөн олговрыг авснаа зөвшөөрч байх тул 36.788.000 төгрөг – 5.000.000 төгрөг = 31.788.000 төгрөг үүн дээр бусад зардал 2.590.000 төгрөгийг нэмээд нийт 34.378.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 36.175.650 төгрөг – 34.378.000 төгрөг = 1.797.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

       

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363.828 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 34.378.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 329.840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, шинжээчийн үнэлгээний хөлс 300.0000 төгрөгийг гаргуулж  “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  

        115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г ” ХХК-аас гэм хорын хохиролд 34.378.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т д олгож, үлдсэн 1.797.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363.828 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 329.840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, шинжээчийн үнэлгээний хөлс 300.0000 төгрөгийг гаргуулж  “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.        

        

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Г.АРИУНАА

                                          

                                         ШҮҮГЧИД                            Ж.КУЛЬДАНА

                                                        

                                                                                      Ч.МӨНХЦЭЦЭГ