Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1822000060005 тоот хэргийг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 20 минутанд хүлээн авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Таван толгой ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байр 6-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Гол Отог овгийн Э. Б /РД: СИ:87031710/ гэв.

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 02 цагийн  орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг “Өндөр-Ээж” нэртэй зоогийн газрын гадна талд иргэн Ж.Цэдэндамбатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хотоос Энхжаргал, Цэдэндамба ах бид хэд урагшаа ажил руугаа явж байсан. Тэгээд хотоос машиндаа маргалдаж явж байгаад Дундговь аймагт ирээд Өндөр-Ээжид хоол идээд, хоол идэж байхдаа дотор нь маргалдаад гараад муудсан. Цэдэндамба Дорноговь аймгийн Галшир сумын зэргэлдээ байдаг Дэлгэрэх сумынх юм билээ. Тэгээд Галшир сумын бүх  хүмүүсийг танина гээд л явсан. Тэгээд хоол идэж гарч ирчихээд машины хаалга барьчихаад оруулахгүй байсан. Тэгээд бид хоёр бие биенээ хоёр хоёр удаа цохьсон. Тэгээд би заамдаад  түлхсэн чинь том машины чиргүүл мөргөөд толгойгоо хагалчихсан. Тэгээд оёо тавиулсан. Өөр хэлэх зүйл байхгүй. Хохирогчтой хамт ажилладаг ба гомдол санал байхгүй гэсэн гэв.

2. Хохирогч Ж.Цэдэндамбын:  “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос зарын дагуу машинд суугаад Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газар очихоор явсан юм. Тэгээд замаараа Дундговь аймгийн төвд “Өндөр ээж” нэртэй зоогийн газарт хоол идэх санаатай машин зогссон юм. Тэгээд хоолонд орж байхдаа би Э.Б гэх залуутай маргалдсан юм. Би энэ залуутай хамт машинд сууж ирсэн юм. Ер нь танихгүй. Тэгээд хоолноос гараад машиндаа суухдаа бас нөгөө залуутай маргалдаад автал тэр Э.Б гэх залуу намайг заамдаж авахаар нь би бас зөрүүлээд заамдсан юм. Би Бгийн нүүр рүү гараараа 2 удаа цохисон юм. Э.Б миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон, мөн түлхтэл би том машины чиргүүлийг мөргөж толгойгоо хагалсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-рт/

3. Гэрч Б.Энхжаргалын: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед байх би Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газар очих ажилтай Э.Бгийн машиныг жолоодоод явсан юм. Э.Б хотод байхдаа найз нартайгаа архи уусан юм билээ. Тэгээд надад машинаа өгсөн юм. Тэгээд би замаараа зарын дагуу нэг танихгүй хүнийг суулгаад авч явсан. Тэр залууг Ж.Цэдэндамба гэдэг гэсэн.  Тэр залуу машинд явж байхдаа нутаг ус яриад Э.Б-тэй хоорондоо маргалдаад л яваад байсан. Тэгээд Дундговь аймгийн  төвд “Өндөр ээж” нэртэй зоогийн газарт 01 цаг болж байхад очиж хоол идэцгээсэн юм. Хоол идэж байхдаа нөгөө хоёр бас л нөгөө яриагаа яриад маргалдаад л байсан. Би түрүүлээд хоолоо идээд гараад машиндаа суугаад машин дотор акумляторын утсыг нь салгаж нийлүүлээд байж байх хооронд нөгөө хоёр хоорондоо зодолдсон юм билээ. Би зодолдож байгааг нь хараагүй, харин машинаас буугаад тэр хоёр дээр очтол Ж.Цэдэндамбын нүүр цус болчихсон зодолдсон гэмээр янзтай эргээд маргалдаад байж байхад нь очиж салгасан юм. Замдаа явахдаа нутаг усаа ярьж яваад тэрнээс болоод маргалдсан. Танай сумын хүмүүсийг бүгдийг нь танина гээд л ярьж байгаад л маргалдаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-рт/

4. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 180200022 тоот: “ ...Ж.Цэдэндамбын биед дух, зовхинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлээр үүснэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Түлхүүлснээс болж үүссэн байх боломжгүй ..”  гэсэн  дүгнэлт  /хх-ийн 13-рт/

5. 2017.12.22-ны өдрийн 02 цаг 50 минутанд Э.Бгийн согтуурлыг багжаар шалгахад согтуурлын зэрэг 1.35 хувь гэсэн тэмдэглэл /хх-ийн 31-рт/

- 2017.12.22-ны өдрийн 02 цаг 53 минутанд Ж.Цэдэндамбын согтуурлыг багжаар шалгахад согтуурлын зэрэг 1.46 хувь гарсан согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 31-рт/

6. Шинжээч эмч М.Баттүвшингийн “...Би Дундговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Б.Лхагважавын 2017.12.22-ны өдрийн шинжээч томилсон  тогтоолыг хүлээн  авч иргэн Ж.Цэдэндамбын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн хуудсыг үнэлэн дүгнэлтийг гаргасан. Иргэн Ж.Цэдэндамба нь түлхүүлснээс болж унахдаа ир ирмэгтэй хатуу гадаргуутай зүйл мөргөснөөс болж үүссэн  байхыг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-рт/

7. Хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 9-р баг “Өндөр-Ээж” нэртэй зоогийн газрын гадна талд иргэн Ж.Цэдэндамбатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Ж.Цэдэндамба нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.7, 36.8, 36.10,  38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Гол Отог овгийн Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр  болсноос хойш 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай. 
  4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  5. Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр  зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ