| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/04877/И |
| Дугаар | 183/ШШ2024/01402 |
| Огноо | 2024-03-29 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/01402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 20 гудамж, 712 тоотод оршин суух, Өөлд овогт Түмэнбилэгийн Даваажаргал /РД:ДГ93072602/-ын нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Говь-Алтай аймаг, 4 дүгээр баг, Баян-Овоо 1, офицер гудамж, 6 дугаар байр, 18 тоот хаягт оршин суух, Цогт овогт Дагвагийн Нэргүй /РД:ДЭ70111109/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Говь-Алтай аймаг, 4 дүгээр баг, Баян-Овоо 1, офицер гудамж, 6 дугаар байр, 18 тоот хаягт оршин суух, Өөлд овогтой Магнайн Түмэнбилэг /РД: ДЮ68010519/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.Даваажаргал,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Нэргүй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.Түмэнбилэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Даваажаргал нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Түмэнбилэгийн Даваажаргал миний бие охин Шүүдэрцэцэгээ 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрүүлсэн ба 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өөрийн төрсөн эцэг М.Түмэнбилэгт үрчлүүлсэн бөгөөд охин Шүүдэрцэцэг нь өвөө М.Түмэнбилэгээр овоглох болсон. Харин 2017 оны 4 сараас миний бие охин Шүүдэрцэцэгтэй хамт амьдрах болсон тул цаашид өөрийн нэрээр овоглох хүсэлтэй байгаа тул охин Шүүдэрцэцэгийг М.Түмэнбилэгт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр охиноо төрүүлсэн. 2013 онд ганц бие ээж байсан учраас хоорондоо ярилцаад, тухайн үед аав, ээждээ өргүүлж байсан. Тэгээд 2016 оноос хойш охинтойгоо байнга хамт амьдарч байгаа. Одоо гэр бүлтэй болоод охинтойгоо байнга амьдрах учир сургууль, цэцэрлэг гээд бичиг баримтын асуудал үүсээд байгаа учраас өөрийнхөө асрамжид шилжүүлэх хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн шаардлагыг шүүхэд гаргасан юм гэв.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Түмэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Ээж нь манайд амьдардаг байсан учраас миний нэр дээр болсон. Одоо охин тусдаа гарсан, цэцэрлэг сургууль нь гэрийнхээ ойролцоо байдаг. Манайхаас ер нь бол хол ээжийнх нь гэртэй ойрхон, манай тэнд цэцэрлэг сургууль хомс ганцхан сургуультай. Тийм учраас охиныг ээжийнх нь нэр дээр байхад илүү давуу талтай, ээжийнхээ асрамжид шилжүүлэхэд татгалзахгүй гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, үрчлэлтийг хүчингүйд тооцоход татгалзахгүй гэв.
4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Т.Шүүдэрцэцэгийн №428772923668 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, №23112201003117 дугаар Үрчилсний бүртгэлийн лавлагаа гэсэн баримтуудыг /хэргийн 2-7-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Өөлд овогтой Түмэнбилэгийн Шүүдэрцэцэгийг регистрийн дугаар ДЮ68010519, Өөлд овогтой Магнайн Түмэнбилэгт, регистрийн дугаар ДЭ70111109, Цогт овогтой Дагваагийн Нэргүй нарт хэрхэн, хэзээ, ямар ямар баримт бичгийг үндэслэн үрчлүүлсэн болох талаарх лавлагаа, холбогдох хувийн хэргийн хуулбар гэсэн баримтуудыг /14-21-р хуудас/ бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Т.Даваажаргал нь охин Шүүдэрцэцэгийг өөрийн төрсөн аав М.Түмэнбилэг, төрсөн ээж Д.Нэргүй нарт үрчлүүлсэн боловч одоо өөрийн асрамжид авч, өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Түмэнбилэг, Д.Нэргүй нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үрчлэлтийг хүчингүйд тооцож, төрсөн эх Т.Даваажаргалын асрамжид шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Үрчлэгдэгч Т.Шүүдэрцэцэг нь 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн бөгөөд түүнийг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр М.Түмэнбилэг, Д.Нэргүй нарт үрчлүүлж, Түмэнбилэгээр овоглосон болох нь хэрэгт авагдсан №23112201003117 дугаар Үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Түмэнбилэг, Д.Нэргүй нарын шүүхэд гаргасан тайлбар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5,6, 14-21-р хуудас/
5.Нэхэмжлэгч Т.Даваажаргал охин Шүүдэрцэцэгийг өөрийн асрамжид авч, өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж зорилгоо тайлбарласан, гуравдагч этгээд М.Түмэнбилэг, Д.Нэргүй нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
5.1.Хэрэгт авагдсан үрчлэлтийн гэрчилгээнд Т.Шүүдэрцэцэгийн эцэг нь Өөлд овогт Магнайн Түмэнбилэг, эх нь Цогт овогт Дагвын Нэргүй гэж тэмдэглэгдсэн байх тул шүүх тэдний эрх ашгийг хөндөгдөнө гэж үзэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр М.Түмэнбилэг, Д.Нэргүй нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн болно.
5.2.Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон охин Т.Шүүдэрцэцэгийн эрх, ашиг сонирхлыг харгалзан, түүнийг М.Түмэнбилэг, Д.Нэргүй нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хангаж, охин Шүүдэрцэцэгийг төрсөн эх Өөлд овогт Түмэнбилэгийн Даваажаргалын асрамжид үлдээн шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн Өөлд овогт Түмэнбилэгийн Шүүдэрцэцэгийг Өөлд овогт Магнайн Түмэнбилэг, Цогт овогт Дагвын Нэргүй нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Шүүдэрцэцэгийг төрсөн эх Өөлд овогт Түмэнбилэгийн Даваажаргалын асрамжид шилжүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН