| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/00638/И |
| Дугаар | 183/ШШ2024/04422 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/04422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н******* ХХК /РД:*******5/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э******* ХХК /РД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 298 080 000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 172 000 000 төгрөг, нийт 470 080 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н******* ХХК нь хариуцагч Э******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 298 080 000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 172 000 000 төгрөг, нийт 470 080 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Н******* ХХК нь МУ-ын Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу Монгол Улсын хуулиуд болон Олон улсын гэрээ, конвенци, Иргэний нисэхийн ерөнхий газраас баталсан дүрэм, журам, стандартад нийцүүлэн Олон улсын нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр болох Х*******д явуулж байна. Хариуцагч Э******* ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ТМ-ALM:2001 дугаартай зам цэвэрлэгч, цас цэвэрлэх тусгай тоноглол бүхий машин худалдах-худалдан авах гэрээний хууль болон гэрээнд заасан үндсэн үүргээ зөрчиж
зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын буюу чанарын доголдолтой эд хөрөнгө худалдан авагчид шилжүүлсэн. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь нисэх буудлын аэродромын хөөрч, буух зурвасын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, зорчигч болон авиа компаниудын нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хөөрч, буух зурвас цэвэрлэх, зам талбай усалж, шүрших, цас цэвэрлэх зориулалт бүхий тусгай тоноглосон CLW5******* маркийн машиныг худалдах-худалдан авах гэрээг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Э******* ХХК-тай байгуулсан. Гэрээний зүйлийн үнэ 298 080 000 төгрөгөөр талууд тохиролцсон бөгөөд худалдан авагч тал 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд 5 удаагийн шилжүүлгээр 119 232 000 төгрөг /урьдчилгаа 40%/, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 89 424 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 89 424 000 төгрөгийг тус тус төлж, нийт 298 080 000 төгрөг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна. Худалдагч тал 2020 оны 5 сард тусгай тоноглол бүхий машиныг нэхэмжлэгч талд анх авчирч өгсөн боловч тухайн үед манай компанийн холбогдох нэгжийн төлөөллүүд хүлээн авах үзлэг хийхэд цас цэвэрлэх шүүр гүйцэд эргэхгүй, бензиний заалт ажиллахгүй, кабин дээрх оврын гэрэл асахгүй зэрэг хэд хэдэн доголдол дутагдал илэрсэн учир машиныг хүлээн аваагүй буцаан явуулсан. Худалдан авагч нь тухайн автомашиныг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэн хүлээн авсан боловч хэвийн ажиллагааг хангахааргүй байсан. Тухайн үед 2020 оны 5 дугаар сард үзлэгээр илэрсэн зарим доголдол нь хэвээр байсан тул доголдлыг засуулах шаардлагатай учир буцаасан. Худалдагч тал нь 2020 оны 8 дугаар сард өмнөх үзлэгээр илэрсэн доголдлыг засварласан талаар мэдэгдэж, автомашиныг авч ирсэн ба улирлын онцлогоос хамаарч худалдан авагч нь зөвхөн ус шүрших механизм зэргийг л шалгасан. Харин өвлийн улирлын цас цэвэрлэгээний ажил эхлэхэд цасны шүүр унаж, гол темер мушгирч гулзайх доголдол дахин гарсан тул худалдагч компанид мэдэгдэхэд төлөөлөгчөө илгээж эвдрэл гэмтэл, нөхцөл байдалтай танилцаж цасны шүүрийг бүтэн солих учир түр ашиглах шүүр суурилуулахаар болсон. 2020 оны 10 дугаар сард Корона вирусын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хөл хорионд байсаар 2021 оны 02 дугаар сард худалдагч тал машиныг засварлахаар дахин авч явсан.
Ингээд засвараас ирсний дараа ч мөн -27 градусын хүйтэнд хий дамжуулах хоолой нь хөлдөж тоормосгүй болсон. Худалдагч тал нь түрэгч хусуур болон шаардлага хангахгүй байсан шүүрийг авч үлдэн түр шүүр суурилуулан 2021 оны 03 дугаар сард машиныг авчирч өгсөн. 8 сард цас түрэгч болон шүүрийг суурилуулахаар худалдагчид машиныг хүргэсэн. 2021 оны 8 дугаар сардаа худалдагч тал засварлаад авч ирсэн боловч машин зөвхөн зуны ашиглалтад ажиллаж байсан. 2021 оны 11 дүгээр сард компанийн удирдлагуудын түвшинд дээрх гэрээтэй холбоотой машины гэмтлийн талаар хэлэлцэж, шаардлагатай тоноглолыг солиулах, засварын ажлыг баталгаат засварын хугацаанд худалдагч талаар гүйцэтгүүлэх, дахин ашиглалтын шаардлага хангахгүй бол худалдан авалтыг буцаах чиглэл өгсөн. Дээрх үйл баримтуудаас үзэхэд гэрээний зүйл болох тусгай тоноглол бүхий автомашин нь анхнаасаа биет байдлын доголдолтой, гэрээнд заасан техникийн шаардлага хангахгүй байсан нь нотлогдож байна. Машины доголдлын талаар тухай бүрд нь харилцаж байсан е-мэйл, албан бичиг, худалдагч талыг байлцуулан машины эвдрэлийн талаар хийсэн бичлэг, фото зураг зэрэг баримтууд байгаа болно.Талуудын хооронд байгуулагдсан цас цэвэрлэгээний автомашин худалдах-худалдан авах гэрээний хавсралтаар нийлүүлэх машиныг -40С болон +40С-т ажиллах, тус машин нь цасыг 98% цэвэрлэх үзүүлэлттэй, камаз КО-829А1 маркийн цас цэвэрлэгээний тусгай тоноглол бүхий эсхүл түүнтэй дүйцэхүйц 2019 оны шинэ машин байхаар тохиролцсон бөгөөд шүүр, хусуурын жин материал зэрэг техникийн хүчин чадлын нарийвчилсан үзүүлэлтүүд анхны техникийн шаардлагад тусгагдаагүй. Энэ тохиолдолд худалдагч нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2.-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан чанарын шаардлагад нийцэхүйц эд хөрөнгө шилжүүлэх ёстой байсан.Худалдан авагчийн зүгээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотой шаардах эрхүүдээс доголдлыг арилгуулах шаардах эрхийг сонгон удаа дараа хэрэгжүүлсэн боловч доголдол арилаагүй ямар нэгэн үр дүн гарсангүй. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн уулзалтаар гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч талд мэдэгдэхэд 20-ны өдөр ирүүлсэн албан бичигт засвар үйлчилгээнд гарсан зардал, элэгдэл хорогдол зэрэгт төлбөрийн 50 хувийг суутгах, машиныг буцаан авч төлбөрийн 50 хувийг буцаан өгөх талаар тайлбар өгсөн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлбөрийн 70 хувийг буцаан төлөх, 30 хувийн үнийн дүнд бараа материал нийлүүлэх 2 дахь саналыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн болно. Энэ нь гэрээнээс татгалзах манай талын саналыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай атлаа гэрээний төлбөрийг бүрэн буцааж өгөхгүй гэж байгаа нь хууль зүйн хувьд огт үндэслэлгүй юм. Учир нь гэрээнд заасан баталгаат хугацааны дотор эд хөрөнгийг хүлээн авсан даруйдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдэгдэж, хуульд заасан шаардах эрхээ /доголдлыг арилгуулах/ худалдан авагч тал хэрэгжүүлсэн тохиолдолд худалдагч доголдлыг өөрийн зардлаар хариуцах ёстой болох нь Иргэний хуулийн 254.1, 254.6 дахь хэсгийн заалтуудад тодорхой зохицуулагдсан. Гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй доголдолтой эд хөрөнгийг худалдан авагчид өгч, Иргэний хуулийн 243.1-д заасан гэрээний үүргээ зөрчсөн атлаа тухайн зүйлийг ашиглаж элэгдэл хорогдол учруулсан мэт асуудал тавьж байгаа нь хууль зүйн хувьд ямар ч логикгүй байна. Манай компанийн хувьд тухайн машиныг доголдлын улмаас ашиглах боломжгүйгээс шалтгаалан 2021-2022 онд цас цэвэрлэгээний тусгай тоноглол бүхий авто машингүй байсны улмаас Иргэний нисэхийн үндэсний төвтэй Тусгай зориулалтын автомашин түрээслэх гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл байгуулж сарын төлбөр нь 10 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөгийн гэрээг байгуулсан. 2022-2023 онд мөн цас цэвэрлэгээний автомашин түрээслэхээр Иргэний нисэхийн үндэсний төвөөс 5 сарын хугацаатай 50 000 000 төгрөгийн гэрээг байгуулсны дагуу түрээсээр цасны машиныг ашиглаж, үйл ажиллагаа явуулсан тул нийтдээ 100 000 000 төгрөгийн бодит хохирол нэхэмжлэгчид учирсан болно. Худалдан авагч болох манай компанийн зүгээс Иргэний хуулийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөлүүд байхгүй, худалдагч тал чанарын буюу биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлж гэрээний үндсэн үүргийг зөрчсен, доголдлыг арилгах хугацааг манай зүгээс удаа дараа олгож байсан боловч ямар ч үр дүн гарахгүй байгаа тул Иргэний хуулийн 225.1-д заасан гэрээнээс татгалзах хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан байна. Иймд Э******* ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 298 080 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах, Э******* ХХК гэрээний үүргээ зөрчсөний улмаас манай компани нь аэродромын цэвэрлэгээ аюулгүй ажиллагааг ханган ажиллахын тулд 2021-2022 онд Иргэний нисэхийн үндэсний төвөөс 50 000 000 төгрөгөөр машин түрээслэн авч ажиллуулсан, мөн 2022-2023 онд Иргэний нисэхийн үндэсний төвөөс 50 000 000 төгрөгөөр түрээслэн авч ажиллуулж байгаа тул Иргэний хуулийн 219.1-д зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 100 000 000 төгрөгийг гаргуулах, нийт 398 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Н******* ХХК нь концессийн гэрээний дагуу Чингис хаан олон улсын нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж буй бөгөөд нисэх буудлын аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажилладаг билээ. Гэтэл Э******* ХХК нь шүүхэд талуудын маргаагүй асуудлыг үгүйсгэсээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан нь манай компанид дахин гэрээний үүрэг зөрчсөнөөс хохирол үүсэх шалтгаан болж 2023-2024 оны өвлийн улиралд цас цэвэрлэх машиныг дахин түрээслэх зайлшгүй шаардлага үүсгэсэн. Иргэний Нисэхийн Үндэсний Төвтэй 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 317/23 дугаартай Тусгай зориулалтын автомашин түрээсэх гэрээний төлбөр болох 72 000 000 төгрөгийн хэмжээгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулах, гэрээгээр хариуцагч компанид шилжүүлсэн 298 080 000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 172 000 000 төгрөг буюу нийт 470 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр байдлыг татгалзсан тул гэрээнээс татгалзсны үр дагаврыг арилгуулж, хариуцагчид уг гэрээгээр эд хөрөнгийг үнэлж өгсөн 298 080 000 төгрөгийг буцаан гаргуулах, худалдагч тал анхнаасаа биет байдлын буюу чанарын доголдолтой гэрээнд заасан зориулалтай ашиглах боломжгүй цасны машиныг өгч үүргээ зөрчснөөс үүдэн 2021, 2022, 2023 онуудад буюу 3 жил цасны машин түрээслэж хохирол учруулсан тул хохиролд 172 000 000 төгрөг нийт 472 080 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Уг хэргийг анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар 2 дахь удаагаа хэлэлцэж байна, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад хохирол 100 000 000 төгрөг байсан. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн удаа дараагийн шүүх хуралдаан хойшлуулдаг, шүүх хуралдааны өмнө хүсэлтүүдийг хуралдааны эхлэхтэй зэрэгцэж гаргадаг зэрэг санаатай үйлдлүүдээс үүдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширснаар 2023-2024 оны өвлийн улиралд дахин 72 000 000 төгрөгөөр Иргэний нисэхийн үндэсний төвөөс цасны машин түрээслэж хохирол учирсан тул 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 172 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан. Нэхэмжлэгч компани нь хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж цасны машин үнэ болох 298 080 000 төгрөгийг хугацаандаа төлсөн. Харин хариуцагч компани нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчи шилжүүлэх буюу гэрээний гол үүргээ ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д заасны дагуу гэрээний зүйл болох цасны машинд илэрсэн доголдол нь баталгаат хугацааны дотор илэрсэн. Удаа дараа доголдлоо засварлахаар авч явсан, өөр шүүрээр солиод засаад ирлээ гээд үр дүнгүй болох нь тодорхой болоод ирэхээр нь хамгийн сүүлд акт хүлээж авснаас хойш 3 сарын дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр албан бичгээр манайх гэрээнээс татгалзаж хариуцагчид мэдэгдсэн байгаа. Уг албан бичигт цасны машинаа буцааж авах манай төлбөрийг буцааж төлөх хуваарийн саналаа ирүүл гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа хариуцагчид утсаар машинаа ирж авах шаардлагыг хүргүүлсэн. Учир нь маргааны зүйл болох машин маань хадгалагдаад, зай засвар эзлээд байсан тул удаа дараа шаардлага тавьж байсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл цасны машиныг буцааж аваагүй. Өмнөх анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс машиныг буцааж өгөхгүй байгаа гэдэг асуудыг тавьдаг. Гэвч үнэн хэрэгтээ манайхаас ирж аваач гэдэг шаардлагыг тавьж байсан. Яагаад гэвэл бид нар цасны машиныг хот руу тээвэрлэж очоод хаана хүлээлгэж өгөх талаар тодорхой ирүүлсэн зүйл байдаггүй. Өмнөх хуралдаануудад ч гэсэн өнөөдөр байсан ч гэсэн хариуцагч тал доголдлууд дээр маргах байсан байх. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гадна хариуцагч компаниас уг асуудлыг мэдэж байгаа албаны хүмүүс шүүх хуралд оролцдоггүй. Мөн фото зураг, дүрс бичлэгт үзлэг хийлгээд баримтаар хэрэгт хавсаргасан. Хоёр тал хоёулаа байлцаж, нийлүүлсэн цасны машин ямархуу хэмжээнд ажил гүйцэтгэж байгаа талаар хараад бичлэг хийж авсан. Шүүхийн үзлэг хийх явцад хариуцагч талаас нэг ч оролцоогүй, зориудаар ирэхгүй байх, оролцохгүй гэдэг хүсэлтээ өгч ажиллагаанд оролцдоггүй. Ер нь бол процесс эрх зүйд талуудын маргаагүй үйл баримтыг нотлогдсон гэж үздэг зарчимтай. Яагаад гэвэл талууд доголдол дээр маргаагүй гэдэг нь бие бие рүүгээ явуулж байсан албан бичиг, мэйл хаяг, хэрэгт авагдсан СД бичлэгээр хэрэгт авагдсан баримтаар тодорхой нотлогдож байгаа. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг шүүхэд буцаж ирснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 2 удаа шинжээч томилох захирамж гарч Таван богд өмнө ийм шинжилгээ хийж байгаагүй гэдэг үндэслэлээр татгалзсан. Дараа нь Механик инженер сургууль тавигдсан асуултын хүрээнд шинжээч тусгаагүй дүгнэлт гаргах боломжгүй гэдэг тайлбартайгаар хоёр шинжээч хоёулаа дүгнэлт гаргах боломжгүй гэж татгалзсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд санаатай гомдол, хүсэлт гаргаж удаашруулдаг гомдлоо дэмжиж хуралдаа ирдэггүй зэрэг хариуцлагагүй байдлаас харахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориуд санаатай саад учруулж байна гэж үзэж байна. Энэ бүх байдлаас болж манайх өөр техник түрээслэж хохирол учирч, мөн техникийг хадгалж хамгаалах шаардлага үүсч өдөр тутамд зардал гарч байна. Тийм учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа буюу гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгчтэй 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зам цэвэрлэгч цас цэвэрлэх тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба гэрээний үүргээ бүрэн биелүүлж нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 72 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Анх байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнээс татгалзаж, уг гэрээг хүчин төгөлдөр байх үед үүссэн хохирол нийт 398 080 000 төгрөгөөр гаргуулах шаардлагаар иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс татгалзсанаар эрх зүйн болон гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон. Гэтэл гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсноос хойш хугацаанд өөрийн үйл ажиллагаанд гарсан зардлыг өнөөдрийн байдлаар манай компаниас нэхэмжлэх боломжгүй. Шүүхэд анх нэхэмжлэл гаргасан хугацаанд эрх зүйн харилцаа дууссан. Гэрээний үүргийн харилцаа зогссон. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэл, гэрээний маягт, нийлүүлэлтийн нөхцөл, Аэродормын цэвэрлэгээ, үйлчилгээний машины техникийн тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 363/22 Тусгай зориулалтын автомашин түрээслүүлэх гэрээ, авто машин хүлээлцэх акт, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 262/21 Тусгай зориулалтын автомашин түрээслүүлэх гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, фото зураг, цас цэвэрлэгээний автомашинд хийсэн дотоод хяналтын ажлын тайлан, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, фото зураг, нэгдүгээр үнийн санал, хоёрдугаар үнийн санал, Э******* ХХК-ийн албан бичгүүд, Н******* ХХК-ийн албан бичгүүд, хариуцагчтай харилцаж байсан и-майл, фото зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тусгай зориулалтын автомашин түрээслүүлэх гэрээ, автомашин хүлээлцэх акт, үнийн санал авах урилга /1хх-ийн 4-69, 163-171, 201-221, 222-250-р хуудас, 2хх-ийн 1-10, 97-104, 120-128-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт, компанийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг, ерөнхий захирлын тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ерөнхий захирлын тушаал, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, Э******* ХХК-ийн 2023 оны бараа бүтээгдэхүүний гэрээний бүртгэл үнийн дүнгийн мэдээлэл, итгэмжлэл, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн үнийн санал, үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэл, гэрээ дүгнэсэн акт, автомашин хүлээлцэхэд шаардлагатай үзлэг хийх акт, Tianjin цас цэвэрлэгч машины ажиллах зарчим, хариу тайлбар /1хх-ийн 72-73, 82, 85, 90, 93-142, 149, 173-191, 2хх-ийн 107-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, цасны машинд үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлийг /2хх-ийн 11-13, 81-94, 97-98-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлээс 398 080 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э******* ХХК-д холбогдуулан гэрээний зүйл болох цас цэвэрлэх автомашин нь биет байдлын болон чанарын доголдолтой, зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн төлбөрт шилжүүлсэн 298 080 000 төгрөгийг буцаан гаргуулах, доголдолтой эд хөрөнгийг шилжүүлж, гэрээгээ зөрчсөнөөс учирсан хохиролд 172 000 000 төгрөг, нийт 470 080 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Н******* ХХК-нд гэрээнд зааснаар чанарын болон биет байдлын доголдолгүй цас цэвэрлэх тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн, гэрээгээ зөрчөөгүй тул хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэл гаргаж гэрээнээс татгалзсанаар эрх зүйн болон гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон байхад өөрийн үйл ажиллагаанд гарсан зардлыг хохиролд тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Н******* ХХК, хариуцагч Э******* ХХК нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зам шүүрдэгч, цас цэвэрлэгч машин нийлүүлэх гэрээг байгуулж, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь гэрээний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудалд зам шүүгдэгч, цас цэвэрлэгч машин нийлүүлэх үнийн саналыг нийлүүлэгч буюу хариуцагчаас хүсч, хариуцагч 298 080 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг гэрээний дагуу нийлүүлэх үнийн саналыг хүлээн зөвшөөрч, зам шүүрдэгч, цас цэвэрлэгч машин 1 ширхэгийг шаардлагатай бүхий л тоноглол, нэмэлтүүдийн хамтаар урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцжээ. /1хх-ийн 9-17-р хуудас /
4.2.Зохигч талууд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэж, зам шүүрдэгч, цас цэвэрлэгч автомашиныг хариуцагч Э******* ХХК нь хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Н******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, автомашины үнийг төлсөн байх бөгөөд автомашиныг хүлээлгэн өгсөн, үнийг бүрэн төлсөн хэн аль нь хүлээн зөвшөөрсөн. /хх-ийн 177-178 хуудас/
5.Талуудын маргааны зүйл нь гэрээний зүйл болох цас цэвэрлэх автомашиныг биет байдлын доголдолтой шилжүүлсэн эсэх талаар маргаж байна, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болон гэрээний үнийг төлсөн талаар маргаагүй.
6.Зохигч талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зам шүүрдэгч, цас цэвэрлэгч машин нийлүүлэх гэрээ байгуулагдсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
6.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
6.2.Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй биет байдлын доголдолтой автомашин шилжүүлсэн тул гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн төлбөрийг буцаан шаардсан.
6.3.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
6.4.Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заажээ.
6.5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 2-д “нийлүүлэгч нь худалдан авагчийн нийлүүлэгчид төлөх төлбөрийг харгалзан энэхүү гэрээнд заасны дагуу барааг нийлүүлэх, гарсан аливаа доголдлыг арилгахаар худалдан авагчтай тохиролцов” гэж заасан байх бөгөөд гэрээний нийлүүлэлтийн нөхцөлд “...9.Баталгаа: Нийлүүлэгч нь барааг худалдан авагчид нийлүүлсэн өдрөөс хойш 4 сарын хугацаатай чанарын баталгаа өгнө. 10.Доголдол: Нийлүүлэгч нь аливаа бүхий л догодлыг худалдан авагч энэ тухай мэдэгдсэнээс 7 хоногийн дотор өөрийн зардлаар засаж арилгана. Баталгааны хугацаанд аливаа догодлыг засаж арилгах засвар үйлчилгээний байгууллага /түгээх төв, байгууллагын ажлын байр, салбар компани гэх мэт/-ын нэр, хаяг нь доорхтой адил байна. 12.Техникийн шаардлага: /шаардлагатай бол хавсралтаар оруулах/ i.ерөнхий шаардлага, ii.тусгай шаардлага ба чанарын стандарт Нийлүүлэгч нь дээрх шаардлагатай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулна. 13.Гэрээний үүргээ үл гүйцэтгэх: Хэрэв Нийлүүлэгч барааг дээрх нөхцөл, заалтуудын дагуу нийлүүлээгүй тохиолдолд Худалдан авагч Нийлүүлэгчид долоо хоногийн өмнө урьдчилан мэдэгдэн Нийлүүлэгчийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр гэрээг дуусгавар болгож болно” гэж заасан байна.
6.6.Мөн Гэрээний хавсралт1: Техникийн тодорхойлолт. Дугаар:ТМ-АLM:2001, Аэродормын цэвэрлэгээ, үйлчилгээний машины техникийн тодорхойлолтод “...ерөнхий шаардлага, стандарт шаардлага, тусгай шаардлага, машин мотор, явах эд анги, нэмэлт тоноглол, бусад нөхцлүүд”-ийг тусгажээ.
6.7.Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 3 сарын 10-ны өдрийн Зам шүүрдэгч, цас цэвэрлэгч автомашин худалдах, худалдан авах гэрээний хавсралт, техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан автомашиныг нийлүүлсэн, нэхэмжлэгч гэрээнд заагдаагүй шаардлага тавьсан гэж, нэхэмжлэгч нь автомашиныг биет байдлын доголдолтой нийлүүлсэн тул автомашиныг ашиглах боломжгүй байсан, доголдол нь автомашиныг ашиглахад л илэрсэн, автомашиныг ашиглах явцад ашиглалтын байдалтай холбоотой доголдол биш, доголдлын улмаас ашиглаагүй гэж маргасан.
7.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар 2020 оны 4 дүгээр сарын 19-нд цас цэвэрлэх автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч хариуцагчид буцаан өгч, 2020 оны 6 дугаар сарын 25-нд дахин хариуцагчаас нэхэмжлэгчид хүлээлгэн өгч 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрээ дүгнэх акт үйлдсэн, 2021 оны 3 сарын 11-ний өдөр, 2021 оны 8 сарын 16-ны өдөр тус тус үзлэг хийж акт үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
7.1.Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ дүгнэсэн актад “...нийлүүлэгч компани тоноглосон автомашиныг 2020.04.19-ний өдөр хүлээлгэж өгсөн боловч захиалагч нэгж тухайн автомашины техникийн шаардлагад дурдагдаагүй нэмэлт нөхцлийг удаа дараа шаардсан. Энэ нь хутганы ирийг хатуу чанарын үйлдвэрийн резинээр солих, нэмэлт бэхэлгээ, 1 удаагийн техникийн үйлчилгээнд ашиглах сэлбэг хэрэгслийн хамт нийлүүлэх байсан болно. Нийлүүлэгч эдгээр ажлуудыг нэмэлт үнэ төлбөр, ажлын хөлсгүйгээр хийж гүйцэтгэн нэмэлтээр шаардсан бүх ажлын хамт 2020.06.25-нд хүлээлгэн өгсөн”, гэсэн байх бөгөөд 2021 оны 3 сарын 11-ний өдрийн Автомашин хүлээлцэхэд шаардлагатай үзлэг хийх актын үзлэгийн нэгдсэн дүгнэлтэд “...эхний байдлаар үзүүлэлт хэвийн дараагийн засвараар плуг хойд шүүр, дагик, оврийн гэрэл засварлах солих, хүлээн авсан” гэж, 2021 оны 8 сарын 16-ны өдрийн Автомашин хүлээн авахад шаардлагатай үзлэг хийх актын тайлбарт “...гарсан дутагдлыг засаж сайжруулсан сольсон байна” гэж зохигч талууд хэн аль нь гарын үсгээ зурсан, уг актуудыг үйлдсэн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
7.2. Дээрх баримтаар нэхэмжлэгч нь зам шүүрдэх, цас цэвэрлэх зориулалт бүхий автомашиныг хариуцагчаас худалдан авахдаа техникийн тодорхойлолтод заасан, ерөнхий болон стандарт тусгай шаардлага хангасан автомашиныг хүлээн авахаар тохиролцсон боловч хариуцагч нь уг шаардлагад нийцсэн автомашиныг нийлүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэв.
7.3.Учир нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н ХХК-ийн 2020 оны 11 сарын 12-ны өдрийн АМ-РС/896 тоот албан бичиг, 2020 оны 12 сарын 31-ний өдрийн АМ-РS/956 албан бичгүүдээр цас цэвэрлэх автомашин доголдолтой байх тул ашиглах боломжгүй талаар мэдэгдэж, шаардлага хангасан автомашинаар солих, сайжруулалт хийх талаар мэдэгдэж байсан, хариуцагч Э******* ХХК-ийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 02/377 дугаар албан бичиг, 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 02/382 тоот албан бичиг, 2020 оны 12 сарын 04-ний өдрийн 02/409 тоот албан бичиг, 2021 оны 12 сарын 22-ны 02/269 албан бичгээр зам шүүрдэх, цас цэвэрлэх зориулалт бүхий автомашинд эвдрэл гарсан, уг доголдлыг засан сайжруулах талаар хүлээн зөвшөөрч байсан болох нь тогтоогдож байна.
7.4.Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн цас цэвэрлэгээний автомашинд хийсэн дотоод хяналтын ажлын тайлан, СД-д үзлэг хийсэн тэмдэглэл, хамгаалагдсан бүсэд буюу агуулахад байрлаж буй цас цэвэрлэх автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургуудаар гэрээний зүйл болох зам шүүрдэх, цас цэвэрлэх автомашин нь биет байдлын доголдолтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэв.
8.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчиж, ашиглах боломжгүй биет байдлын доголдолтой автомашин нийлүүлсэн, дахин сайжруулалт буюу засвар хийсэн боловч ашиглах боломжгүй байгаа тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан.
8.1.Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүргийг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах талаар мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан 2021 оны 12 сарын 13-ны өдрийн РС-РS/983 тоот албан бичгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь гэрээнээс татгалзах саналыг хүлээн зөвшөөрч байсан болох нь 2022 оны 4 сарын 20-ны өдрийн 02/79 тоот албан бичигт “...гэрээнээс татгалзах, техникийг буцаан авах, төлбөрийн 50 хувийг эргүүлэн олгох”-оор, 2022 оны 9 сарын 08-ны 02/157 тоот албан бичигт “...цасны машиныг гэрээний үнийн дүнгийн 70 хувийн үнэлгээгээр тогтоож, төлбөрийн буцаалт хийх”-ээр, 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 02/206 тоот албан бичигт “...100 хувийн буцаалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж байна, 70 хувийн төлбөрийг буцаалт хэлбэрээр, 30 хувийг бараа материал нийлүүлэх байдлаар буцаан төлөх санал хүргүүлж байна” гэснээр нотлогдож байна гэж дүгнэв.
8.2.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн, худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж хууль зохицуулсан бөгөөд Н******* ХХК гэрээнд заасны дагуу баталгаат хугацааны дотор доголдлыг илрүүлсэн, худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.
8.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлага хангасан автомашиныг нийлүүлээгүйн улмаас нэхэмжлэгч уг автомашиныг ашиглах явцад доголдол илэрсэн, эсхүл автомашиныг ашиглах явцад ашиглалтын байдалтай холбоотой доголдол үүссэн эсэхийг тодруулахаар шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүхээс Т ХХК-ийг, Мийг тус тус шинжээчээр томилсон боловч дүгнэлт гаргах боломжгүй гэсэн тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээсэн бөгөөд уг захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдол гаргаж, тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШТ2024/00610 дугаар тогтоолыг гомдлыг хэлэлцэж, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
8.4.Иймд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан биет байдлын доголдолтой эд хөрөнгийг нийлүүлсэн гэж гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрч, энэ талаараа албан бичгээр мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас зам шүүрдэх, цас цэвэрлэх машины үнэд төлсөн 298 080 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
9.Хариуцагч нь биет байдлын доголдолтой автомашин нийлүүлсэн, догодлыг арилгах арга хэмжээг хариуцагч Э ХХК авсан боловч доголдол арилаагүйн улмаас нэхэмжлэгч Н У ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 262/21, ИНҮТ-109/2021 тоот тусгай зориулалтын автомашин түрээслэх гэрээгээр Зил-Ко-829А-1 маркийн автомашиныг 50 000 000 төгрөгөөр, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 363/22 тоот тусгай зориулалтын автомашин түрээслэх гэрээгээр Зил-МДК/83-52 ХОҮ маркийн машиныг 50 000 000 төгрөгөөр тус тус түрээслэж, төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан автомашин хүлээлцэх актууд, Голомт банкны мемориалын баримтуудаар тус тус тогтоогдож байна.
9.1.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирол буюу гарсан зардал болох 100 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж үзэв.
9.2.Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 317/23 дугаар Тусгай зориулалтын автомашин түрээслэх гэрээний төлбөр болох 72 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нотлох баримтаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 317/23 дугаартай гэрээ, автомашин хүлээлцэх актыг ирүүлсэн боловч уг гэрээний төлбөр төлөгдсөн эсэх талаарх баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчээс гарсан зардалд буюу учирсан хохиролд тооцож 72 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
9.3.Иймд хариуцагч Э******* ХХК-иас зам шүүрдэх, цас цэвэрлэх автомашины үнэд төлсөн 298 080 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохирол болох 100 000 000 төгрөг нийт 398 080 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс хохиролд тооцож нэхэмжилсэн 72 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* нь 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч түүний шүүх хуралдаанд биечлэн оролцох, эрхийг нь хангаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхээр шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минут хүртлэх хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдааны товыг түүний 88068942 дугаарын утсаар нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 9 цаг 20 минутад мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд тэмдэглэсэн боловч товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг нээхэд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч Н******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 666 300 /2 148 350+517 950/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 148 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э******* ХХК-иас 398 080 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 666 300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 148 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН