| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/01109/И |
| Дугаар | 183/ШШ2024/01407 |
| Огноо | 2024-03-29 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/01407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан сүлд хотхон, 100/5 дугаар байр, 63 тоотод оршин суух, Хөх овогт Цэрэндоржийн Жамбалгарав /РД:ЖЮ55092516/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан сүлд хотхон, 100/5 дугаар байр, 63 тоотод оршин суух, Хөх овогт Жамъяанжавын Эрдэнэцэцэг /РД:ЖЬ55122900/ нарын нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтийг 1980 онд бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Жамбалгарав,
Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нар нь 1977 онд гэрлэснийг 1980 онд бүртгэсэн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Цэрэндоржийн Жамбалгарав миний бие Жамьянжавын Эрдэнэцэцэгтэй 1975 онд танилцаж 1977 онд гэрлэсэн бөгөөд бидний ууган хүү Жамбалгаравын Галбадрах 1977 оны 02 дугаар сарын 03-нд, хоёрдахь хүү Жамбалгаравын Цогбадрах 1980 оны 07 дугаар сарын 24-нд, гуравдахь хүү Жамбалгаравын Очбадрах 1986 оны 11 дүгээр сарын 19-нд тус тус мэндэлж бүгд өөрийн гэр бүлдээ өсөж торнисон. Мөн охин Ж.Номундарийг 2004 оны 12 дугаар сарын 27-нд үрчлэн авсан болно. Би 1977 онд цэргийн албанд явж 1992 он хүртэл Хилийн ц3эргийн 0146, 0132, 0198 дугаар ангиудад цэрэг, бага дарга, офицерийн алба хашсан ба офицер болсон даруйдаа буюу 1979 онд өөрийн эхнэр Ж.Эрдэнэцэцэгийг хүү Ж.Галбадрахын хамт татан авч хамт амьдарсаар өнөөдрийг хүрч байна. Бид гэр бүл болсон үедээ гэр бүлийн баталгаа авсан бөгөөд хилийн цэргийн анги дамжин алба хааж байсан тул хаанаас хэдэн онд гэрлэлтийн гэрчилгээ авснаа мартжээ. Харин 23 дугаартай байсныг л санаж байна. Бид Дорнод аймгаас Улаанбаатар хот руу нүүх үедээ гэрлэлтийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн ба миний өөрийн бие муудаж гадаад улсад зорчиж эмчилгээ, оношлогоонд явахаар визэнд орох болсон тул гэрлэлтийн гэрчилгээгээ яаралтай дахин авахаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч Иргэний бүртгэлийн архивт бидний гэрлэлтийн үндсэн материал байхгүй байна гэдэг шалтгаанаар бид хоёрт гэрлэлтийн гэрчилгээг дахин олгохгүй гэсэн тул аргагүйдэн шинэ гэрлэлтийн гэрчилгээг авсан юм. Бидний гэр бүл болон хамт амьдарч ирсэн нотлох баримтууд хангалттай байгаа тул Цэрэндоржийн Жамбалгарав, Жамьянжавын Эрдэнэцэцэг бидний гэрлэлтийг 1977 оноос хүчин төгөлдөрт тооцон шийдвэрлэж өгнө үү.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, гэхдээ шаардлагаа бидний 1977 онд гэрлэснийг 1980 онд бүртгэснээр тогтоож өгнө үү гэж тодруулж байна. Бид 1975 онд эцэг эхийн хурал дээр анх танилцаж байсан. 1977 онд анхны маань хүү төрсөн. Тэр үеэр бүртгүүлнэ гэсэн яриа гараад байсан шиг санагдаж байна. Тэгсэн сая офицерынх үнэмлэх дээр дурдсан байна лээ, хүүгийн маань төрсөн өдөр 1977 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэж бичсэн байсан. Яг үнэндээ 1980 онд 2 дахь хүүхэд төрсөн, 1980 онд хоёр дахь хүүхэд маань төрөхөд хилийн заставд, даргадаа хэлээд бүртгүүлж байсан шиг санагдаж байна. Том хүүгээ төрөхөд нэг гэрт ороод, хуримаа хийчихсэн байсан. 1976 онд нэг гэрт орсон. Гэртээ хурим хийж, цай уулгасан юм. Гэрийнхээ хүрээнд хуримаа хийсэн, хуримаа хийсний дараа том хүү төрөөд, 1976 онд би цэрэгт яваад 1979 онд халагдаж ирсэн юм. Тэгээд 1980 оны 07 дугаар сарын 24-ны өдөр дунд хүү маань төрсөн юм. Дараа нь заставд байж байгаад өөрөө явж чадахгүй болохоор Эрдэнэсайхан сумын нарийн бичгийн дарга руу захиа бичээд, өөрөө явж чаддаггүй, эд дайн дажин ихтэй байсан үе намайг явуулдаггүй. Тэгээд нэг 23 тоот гэрлэлтийн гэрчилгээ авчирч өгсөн тэр нь иргэний бүртгэлийн гэрчилгээ дээр 23 тоот гэрчилгээ байна гээд бичсэн байсан. Гэхдээ хэдэн онд бүртгэсэн гэдэг нь байдаггүй, үндсэн баримт нь улсын бүртгэлд байгаа юм чинь нөхөөд авчихна гэж бодсон юм. Тэгээд бид сая Солонгос улс руу виз мэдүүлээд, гэнэтхэн явахаар болоод бид нар сандраад тэгээд гэрлэлтийнхээ гэрчилгээг аваад ир гэсэн. Хан-Уул дүүргийн улсын бүртгэл үндсэн баримт нь байхгүй байна гэсэн. Тэгээд шинээр гэрчилгээ авчих гэхээр нь шинээр гэрчилгээ авчихсан юм. Би нэхэмжлэлийн шаардлагадаа 1980 оноос гэж бичсэн байгаа. Ганцхан бүртгэлийн газар маань хэдэн онд бүртгээд, хэдэн онд гэр бүл болсныг бүртгэгдэг юм билээ. Тэгсэн ердөө 2023 онд гэрлэснийг бүртгэснийг нь гээд биччихсэн байсан. 20 жил амьдарсан хүмүүс чинь саяхан гэрлэсэн болчихоод байна. Тэгээд ямар ч байсан хоёулаа үүнийгээ залруулъя гээд шүүхэд хандсан юм. Эдийн засгийн сонирхол бий болчих гээд байгаа юм. Яагаад гэвэл 20 жил хамт амьдарсан шүү дээ тэгсэн 20 жил амьдарсан бол тэтгэврийн 20 хувь энтэр гээд бид нарын хувьд амин чухал асуудал болчихоод байгаа юм. Тэгээд шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн юм. Нэгэнт нотлох баримт, гэрч, офицерын үнэмлэх ч байна. Сумын нарийн бичгийн дарга гэдэг нэг хүн бүх ажлыг зохицуулдаг байсан. Тухайн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нарийн бичгийн дарга гэдэг хүн бүртгэж байсан. Аймгийн төвд хотын гүйцэтгэх захиргааны хууль зүйн нарийн бичгийн дарга гэдэг хүн бүртгэдэг байсан юм. Улсын бүртгэлийн газар байгаагүй юм. Миний бие муудаад уржнан жил хотод нүүж ирсэн юм. Тэр үеэр нүүдлийн үеэр л алга болчихож, би баахан ном цуглуулдаг юм. Тэгээд сүүлийн 3 жил цуглуулсан бүх номоо сөхөж үзсэн тэгсэн байхгүй байсан. Харин ч номоо нэгжиж байгаад тэр офицерын үнэмлэхээ олсон. 1980 онд гэрлэснээр бүртгэж өгнө үү гэж нэхэмжлэлдээ бичсэн байгаа. Тийм учраас 1980 оноор гэрлэсэн гэж бүртгүүлэх хүсэлттэй байна. 1977 онд гэрлэснийг минь 1980 онд бүртгэснээр тогтоож өгнө үү гэв.
1.3.Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 1977 онд анхны хүү маань төрсөн. Танилцаад 50 жил болох гэж байна. Яалт ч үгүй анх танилцаад одоо болтол хамт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.Дэлгэрмаа миний бие нь Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нарын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн гэрлэсний бүртгэлийн 06 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн бүрдүүлбэрийг хянахад иргэн Ц.Жамбалгарав /ЖЮ55092516/, Ж.Эрдэнэцэцэг /ЖЬ55122900/-тэй Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдөлөө Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гарган дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдөл, Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нарын гэрлэхийг хүссэн өргөдөл, гэрлэгчдийн эрүүл мэндийн тодорхойлолт, гэрлэхийг хүсэгчдийн баримт бичгийн хуулбар, улсын бүртгэлийн нэгдсэн архивын, Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг даргын тамгын газрын архивын лавлагаа. Хэдийгээр Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нар нь Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх өргөдөлдөө 1980 онд гэрлэснээр гэр бүлийн баталгаа авахаар хүсэлт гаргасан боловч одоо мөрдөж байгаа Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7.6 дахь хэсэгт гэрлэгчидийн гэрлэлтээ бүртгүүлсэн он, сар, өдрийг бичихээр заасан тул гэрлэлтийн гэрчилгээнд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэж бичигджээ. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна гэж заасан. Үүний дагуу Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан, иргэний баримтын архивын цахим мэдээллийн санд Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нарын гэрлэсний бүртгэлийг шалгахад гэрлэсний бүртгэл бүртгэлгүй байна. 1988 онд олгосон ХААТР-1 маягтын гэр бүлийн байдал хэсэгт 1977 оны 23 дугаарт бүртгүүлсэн төрүүлсэн хүүхдийн тоо 5 гэж тэмдэглэгдсэн боловч, гэрлэлт бүртгэгдсэн эсэх талаар баримт буюу /Гэрлэгсдийг бүртгэх анкет, ХААТР-15/ бүртгэлгүй байх тул гэрлэсний бүртгэлийг 1980 онд гэрлэснээр мэдээллийн санд нөхөн оруулах боломжгүй юм. Иймд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх гэрлэлтийг 1980 онд гэрлэсэн байдлаар тогтоож, 2023 оны гэрлэсний бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэсэн тохиолдолд бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой байна. 1977, 1980 онд төрсөн хүүхдээ бүртгүүлэхдээ гэрлэсэн, гэрлэлтийн гэрчилгээний дугаар 23 гэж бичигдсэн байна.
2.1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй танилцсан. Манайд хүсэлт гаргасан боловч бид урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжгүй байсан. Ер нь бол манайх офицерын үнэмлэх буюу хоёрдогч байгууллагын тодорхойлолоор шууд гэрлэлтийг бүртгэх, өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй. Миний архиваас үзсэн баримт дээр Ц.Жамбалгарав гуай дээр 1996 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр офицер байж байгаад хожуу регистрийн дугаар авсан байгаа байхгүй. 1988 онд орон даяар регистрийн дугаартай олгож эхэлсэн. Тэр үед цаасан баримт дээр эхнэр, нөхрийн хэсгийг бөглөдөг байсан. Гэтэл тэр үед Ц.Жамбалгарав гуай нь гэрчилгээ дугаар нь 23 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ гэж тэмдэглүүлсэн, түүнчлэн 1996 онд хүүхдүүдээ бүртгүүлсэн байдаг. Ж.Эрдэнэцэцэг гуайн хувьд 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдөр регистрийн дугаар авсан байдаг. Түүн дээр гэр бүл болсон огноо нь байхгүй, гэхдээ анхны гэрлэлт гээд бүртгүүлсэн байгаад байгаа юм. Тэгэхээр нэг 23 гэдэг гэрлэлт бүртгэсэн гэрчилгээ байгаад байгаа юм байна гэж ойлгогдоод байгаа. Тэгээд 1977 онд Дорнод аймагт анхны хүү Ж.Галбадрах нь төрсөн байгаа юм, түүн дээр ээжийнхээ нэр дээр байгаа юм. Яагаад гэхээр гэрлэлтийн гэрчилгээ байхгүй байсан учраас ээжээрээ овоглосон байх. Төрсөн эцгийн мэдээлэл хэсэг дээр Цэрэндоржийн Жамбал гээд байдаг. Тэр үед Ц.Жамбалгарав нэр нь гарав биш Ц.Жамбал гэдэг нэртэй байсан юм шиг байгаа юм. Ц.Жамбал байж байгаад сүүлд Ц.Жамбалгарав болсон юм шиг байгаа юм энэ хүүхдээ бүртгүүлэхдээ өөрөө бүртгүүлсэн гарын үсэг нь байдаг. Гэхдээ эхээрээ овоглосон яагаад гэхээр 1977 онд гэрлэлтийн гэрчилгээ байхгүй байсан учраас тэгж бүртгэгдсэн байсан. 1980 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хоёр дахь хүүхэд Ж.Цогбадрах төрсөн гэхдээ энэ дээр 1977 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон гэрчилгээний дугаар 23 гээд бүртгэгдсэн байдаг. Манайх болохоор яг энэ хоёр хүнийг цаасан гэрчилгээ дээр хэдэн онд гэр бүл болсныг нь тэмдэглүүлсэн ч гэсэн, манайхаас гэрлэлтийн гэрчилгээ эх хувиараа байсан бол бүртгэж өгдөг. Өдий насны хүмүүс зөндөө ингэж бүртгүүлдэг, гэрлэлтийн гэрчилгээ нь хэв хувиараа байгаа бол бүртгээд өгдөг. Гэтэл цаасан баримтаар гэрлэсэн гэдэг журнал дээр тэмдэглэгээ байхгүй, гэрлэсэн гэдэг эхнэр, нөхрийн гарын үсэгтэй хар маягт байхгүй, дээрээс нь гэрлэлтийн гэрчилгээ эх хувиараа байхгүй учраас манайх тухайн оноор бүртгэх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн юм. 2018 оны шинэчилсэн хуулиар нэг огноотой байна гээд олон улсад заасан. Нэхэмжлэгч нарын ярьж байгаагаар бол 1977 онд гэр бүл болсныг 1980 онд бүртгэсэн гээд хоёр огноогоор явдаг байсан. Шинэ гэрчилгээгээр байхгүй болсон. Учир нь олон улсад хоёр огноо байгаад байгаа ямар учиртай юм бэ танайх гээд хуульд шинэчлэлт, өөрчлөлт оруулаад нэг огноотой болсон юм. Хэдэн жилийн өмнө ч гэр бүл болсон нь хамаагүй, бүртгэсэн огноогоор бүртгэдэг болсон юм гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Г.Өлзийдашын шүүхэд гаргасан тодорхойлолт, Ц.Уранчимэгийн шүүхэд гаргасан тодорхойлолт, Д.Төмөр-Ухнагийн шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийг аюулаас хамгаалах яамны хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0146-р ангийн даргын 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 139 дүгээр “Ажлаас халах ба зохицуулах томилох тухай” тушаал, Нийгмийг аюулаас хамгаалах яамны хилийн ба дотоодын цэргийн байлдааны гавьяаны одонт 0198 дугаар ангийн захирагчийн 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/47 дугаар “Түр чөлөө олгох тухай” тушаал, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагчийн 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/110 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагчийн 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/10 дугаар “Томилох тухай” тушаал, Засгийн газрын дэргэдэх улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд хилийн цэргийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/168 дугаар “Ц.Сайнбаяр, Ц.Жамбал нарыг цэргийн албанаас халах тухай” тушаал, Ж.Эрдэнэцэцэгийн 1973 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ж.Очбадрахын төрсний гэрчилгээний хуулбар, №0009741 дугаартай үрчлэсний гэрчилгээний хуулбар, Ж.Галбадрахын №0163608 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Ж.Цогбадрахын №0114843 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Тагнуулын ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 08/3280 дугаар “Ц.Жамбалгаравын тухай” албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 08/3281 дүгээр “Ж.Эрдэнэцэцэгийн тухай” албан бичиг, Ц.Жамбалгаравын ажлын хувийн үнэмлэх, Ж.Эрдэнэцэцэгийн гэрлэлтийн байдлын үнэмлэхийн хуулбар, №210148061645 дугаартай гэрлэсний гэрчилгээний хуулбар, /хэргийн 2-22-р хуудас/ гэсэн баримтуудыг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс №0006 дугаартай гэрлэсний бүртгэл, Ц.Жамбалгаравын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдөл, Ц.Жамбалгаравын Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, Ж.Эрдэнэцэцэгийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн гэрлэлт бүртгүүлэх тухай өргөдөл, Ж.Эрдэнэцэцэгийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, эрүүл мэндийн тодорхойлолт, Ц.Жамбалгаравын 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт, паспорт авах өргөдөл, иргэний үнэмлэх авах өргөдөл, Ц.Жамбалгаравын биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, Ж.Эрдэнэцэцэгийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас, иргэний үнэмлэх авах өргөдөл, Ж.Эрдэнэцэцэгийн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, №137 дугаар төрөгсдийг бүртгэх анкет, №107 дугаар төрөгсдийг бүртгэх анкет, №1319 дугаар төрөгсдийг бүртгэх анкет, Ж.Очбадрахын БНМАУ-ын хүн амын регистрийн карт /хэргийн 44-62-р хуудас/ гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Г.Өлзийдаш, Ц.Уранчимэг, Д.Төмөр-Ухна нараас мэдүүлэг авч тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан /хэргийн 24-28, 33-35-р хуудас/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нар нь 1975 онд танилцаж, 1977 онд нэг гэрт орж хамтран амьдарч ууган хүү Ж.Галбадрах төрсөн, 1980 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж, хоёрдах хүү Ж.Цогдбадрах, 1986 онд гуравдах хүү Ж.Очбадрах төрсөн, мөн охин Ж.Номундарийгаа 2004 онд үрчлэн авч олон жил гэр бүл болон амьдарч байгаа боловч гэрлэлтийн гэрчилгээгээ үрэгдүүлснээс дахин гэрчилгээ авахад гэрлэлтийг 2023 онд гэрлэсэн гэж буруу бичигдсэн байх тул бидний 1977 онд гэр бүл болсныг 1980 онд бүртгэснээр тогтоож өгнө үү гэсэн.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөгч нь манай архивт гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ байгаагүй, нэхэмжлэгч нар нь 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өргөдлийг гаргаж 1980 онд гэр бүл болсныг бүртгэж өгнө үү гэсэн боловч хуульд зааснаар гэрлэгчдийн гэрлэлтээ бүртгүүлсэн он, сар өдрийг л гэрчилгээнд бичихээр заасан тул гэрлэлтийн гэрчилгээг 2023 онд бүртгэснээр олгосон гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нарын гэрлэлтийн гэрчилгээ алга болсон уг баримтыг өөрөөр олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нарын гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэсэн он сар өдрийг 2023 он гэж бичсэн, мөн уг бүртгэлийг залруулга хийхээс татгалзсан болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 тоот албан бичгээр тогтоогдож байх тул шүүх хянан шийдвэрлэхээр байна гэж үзэв.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нар нь 1975 онд танилцаж 1977 онд гэр бүл болж, 1980 онд гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.
-Жамбалгаравын Галбадрахын №0163608 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээнд 1977 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Хэрлэн сум төрөх газар төрснийг төрсний бүртгэлд 1977 оны 2 дугаар сарын 23-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов, Эцгийн овог Цэрэндорж, нэр Жамбалгарав, Эхийн овог Жамьянжав, нэр Эрдэнэцэцэг,
-Жамбалгаравын Цогбадрахын №0114843 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээнд 1980 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хэрлэн сум төрөх газар төрснийг төрсний бүртгэлд 1980 оны 8 дугаар сарын 24-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов, Эцгийн овог Цэрэндорж, нэр Жамбалгарав, Эхийн овог Жамьянжав, нэр Эрдэнэцэцэг,
-Жамбалгаравын Очбадрахын №1319 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээнд 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрснийг төрсний бүртгэлд 1986 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгэв, Эцгийн овог Цэрэндорж, нэр Жамбалгарав, Эхийн овог Жамьянжав, нэр Эрдэнэцэцэг,
-хүүхэд үрчилсний №0009741 дугаартай гэрчилгээнд үрчлэн авсан эцгийн овог Хөх, эцэг Цэрэндорж, нэр Жамбалгарав, эхийн овог Хөх, эцэг Жамьянжав, нэр Эрдэнэцэцэг нарт Номундарийг үрчлэн авсныг 2004 он 12 сар 27-ны хүүхэд үрчилсний бүртгэлийн 29-рт бүртгэж, гэрчилгээ олгов” гэсэн байх бөгөөд,
Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 1996 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр бүртгүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картад “...Ц.Жамбалгарав, 10.гэр бүлийн байдал: 1 дэх гэрлэлт, 1977 онд, гэрлэлтийн гэрчилгээ №23, 17.эцэг, эх, эхнэр /нөхөр/ 16 хүртэл насны хүүхэд эхнэр Ж.Эрдэнэцэцэг, хүү Ж.Галбадрах, хүү Ж.Цогбадрах, хүү Ж.Очбадрах”,
-Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А маягтад “...гэр бүлийн байдал гэрлэсэн, 1 дэх гэрлэлт, гэрлэсэн он 1977, гэрчилгээний №23”, эхнэр Ж.Эрдэнэцэцэг”,
-2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд “...эхнэр Ж.Эрдэнэцэцэг, жь 55122900, гэрчилгээний дугаар 23”,
-БНМАУ-ын хүн амын регистрын карт №360-д “...Ж.Эрдэнэчимэг, 10.гэр бүлийн байдал, гэрлэсэн, 1 дэх гэрлэлт, гэрчилгээний №23, 17.эцэг, эх, энхэр /нөхөр/ 16 хүртэл насны хүүхэд, нөхөр Ц.Жамбал, хүү Ж.Галбадрах, хүү Ж.Цогбадрах, хүү Ж.Очбадрах”,
-Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21/А/ маягтад “...гэр бүлийн байдал гэрлэсэн, 1 дэх гэрлэлт, гэрлэсэн он 1977, гэрчилгээний №23, Ж.Эрдэнэцэцэг, нөхөр Ц.Жамбалпүрэв, хүү Ж.Очбадрах”,
-2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ж.Эрдэнэцэцэгийн Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд “...нөхөр Ц.Жамбалгарав, жю55092516, гэрчилгээний дугаар №23, охин Ж.Номундарь ею03261604”,
-1988 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын карт№ 362-д “...Ж.Очбадрах, эцэг Ц.Жамбал, эх Ж.Эрдэнэцэцэг”,
-№137 дугаартай төрөгсдийг бүртгэх анкетад “...эцэг Цэрэндорж Жамбал, эх Жамъянжав Эрдэнэцэцэг” гэх бичилт,
-№107 дугаартай төрөгсдийг бүртгэх анкетад “...эцэг Цэрэндорж Жамбал, эх Жамъянжав Эрдэнэцэцэг” гэх бичилтүүд,
Нэхэмжлэгч нарын шүүхэд ирүүлсэн Цэрэндоржийн Жамбалгаравын №000105 дугаартай офицерын үнэмлэхэд “...гэрлэлтийн байдал эхнэрийн овог Жамьянжав, нэр Эрдэнэцэцэг, төрсөн он 1955, баталгааны №23, 1977 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, үнэмлэхэд бичигдэх хүмүүс Жамбалгарав Галбадрах, 1977.02.03, хүү, Жамбалгарав Цогбадрах, 1980.07.24, хүү, Жамбалгарав Очбадрах, 1986.11.19, хүү”,
-Нийгмийг аюулаас хамгаалах яамны хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0146-р ангийн даргын 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 139 дүгээр “Ажлаас халах ба зохицуулах томилох тухай” тушаалд “...Жамъянжав овогтой Эрдэнэцэцэг нарын нөхөр Өлзийдаш, Жамбал нар” гэх бичилт,
-Нийгмийг аюулаас хамгаалах яамны хилийн ба дотоодын цэргийн байлдааны гавьяаны одонт 0198 дугаар ангийн захирагчийн 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/47 дугаар “Түр чөлөө олгох тухай” тушаалд “1.Хүн эмнэлгийн сувилагч Ж.Эрдэнэцэцэгт төрөл садангаас нь урилга ирж БНХАУ-д жуулчлах болсон тул 1 сарын цалингүй чөлөө олгосугай”,
-Сайд нарын зөвлөлийн дэргэдэх улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагчийн 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/110 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...Эмнэлгийн сувилагч Ж.Эрдэнэцэцэгийг 1992 оны 03 дугаар сарын 01-нээр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж 1 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгосугай”,
-Ж.Эрдэнэцэцэгийн 1973 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “...1982.08.18 нөхөр Жамбал нь Дорнод отрядад шилжин ажиллах болсон тул ажлаас нь чөлөөлж шилжүүлэв, 0146-р ангийн 1982 оны 8 сарын 18-ны өдрийн 139 тоот тушаалаар”, “...1988.09.05, Гэр бүл нь Сүмбэр сумын отрядад шилжин ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж Эрүүлийг хамгаалах газрын мэдэлд шилжүүлэв, Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/76 тоот тушаалаар” гэх бичилтүүд,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 08/3280, 08/3281 дугаартай Ц.Жамбалгаравын тухай, Ж.Эрдэнэцэцэгийн тухай” гэсэн тодорхойлолт,
Гэрч Г.Өлзийдашийн “...Би 1973-1983 оны хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 0146-р цэргийн ангид заставын дарга хийж байсан. Ц.Жамбалгарав 1976 онд цэрэгт татагдсан. Улмаар 1979 онд Ж.Эрдэнэцэцэгтэй гэр бүл болж отрядын төвд ажиллах болсон. Эхнэр нь цэргийн хорооны эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Би 1983 онд Дорнод аймгийн 0132-р ангид шилжих үед Ц.Жамбалгарав гэр бүлийн хамт шилжсэн. Дараа нь Халхт голын хороо руу Ц.Жамбалгарав эхнэртэйгээ хамт шилжиж, би 1990 онд тэтгэвэрт гарсан. Хилийн цэргийнхэн зарим нь хороотой зарим нь хороогүй байдаг байсан. Энэ хоёр дундаасаа 3 хүүтэй” гэсэн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхний хуулбар,
-гэрч Ц.Уранчимэгийн “...Би 1977-1983 он хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн 20 дугаар отрядад залгагч хийдэг байсан. Дараа нь 1983 онд Дорнод аймгийн 0132 дугаар ангид холбооны залгагчаар ажиллаж байгаад 2012 онд тэтгэвэртээ гарсан. Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэгтэй 1979 онд гэр бүл болсон. Ж.Эрдэнэцэцэг 20 дугаар отрядад сувилагчаар ажиллаж байсан. Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг дундаасаа 3 хүүтэй” гэсэн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар,
-гэрч Д.Төмөр-Ухнийн “...Намайг 1989 онд Дорнод аймгийн хилийн цэргийн дугаар анги буюу 24 дүгээр отрядад шилжиж очих үед Ц.Жамбалгарав отрядад хүний бага эмч, Ж.Эрдэнэцэцэг нь сувилагчаар ажиллаж байсан. Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нар 2 хүүхэдтэй байсан” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна гэж үзэв.
5.2.Иймд нэхэмжлэгч Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нар нь 1977 оноос гэр бүр болж, 1980 онд гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн байгууллагад нэхэмжлэгч нарын гэрлэлт бүртгэсэн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгахаар шийдвэрлэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нарыг 1977 оноос гэр бүл болж, 1980 онд гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Жамбалгарав, Ж.Эрдэнэцэцэг нарын гэрлэсний бүртгэлд өөрчлөлт оруулахыг гуравдагч этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.ХУЛАН