Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******

Гэрч ******* нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт *******-д холбогдох эрүүгийн 1721002820167 дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ............ овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “ЕФ” ХХК-ний нийтийн байрны 15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 сарын 14-ний өдөр согтуугаар ээж Ш.Б-с мөнгө нэхэж, 5000 төгрөг, 2017 оны 06 сарын 15-ны өдөр дахин мөнгө нэхэж, байхгүй гэхэд “хүн алаад шоронд чинь ороод өгье” гэж сүрдүүлж 10000 төгрөг авсан, 2017 оны 07 сарын 15-ны орой ирж 2000 төгрөг нэхэж авсан, 2017 оны 07 сарын 16-ны өглөө мөнгө нэхэж, 5000 төгрөг нэхэж авсан, 2017 оны 07 сарын 19-ний өдөр 20 цагийн үед ээж Ш.Б-г “чи дандаа миний мууг үздэг, ална даа, гичий минь” гэж заналхийлж, догшин авирласан, 2017 оны 08 сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд согтуугаар мөнгө нэхэж, 10000 төгрөг авсан, 2017 оны 09 сарын 05-ны өглөө согтуугаар “хот явна, зардлын мөнгө өг, ...хоол өг” гэж нэхэн “хоол өгөхгүй бол гар хуруугаа тас хазаж иднэ” гэх зэргээр догшин авирласан, 2017 оны 10 сарын 12-ны өдөр мөнгө нэхэж, лоом барьж “гэдсээ цоолно” гэж сүрдүүлж, догшин авирлаж, 10000 төгрөг авсан, 2017 оны 10 сарын 27-ны өдөр 06 цаг 30 минутын үед согтуугаар мөнгө нэхэж 20.000 төгрөг, дахин 10 цагийн үед 10.000 төгрөг нэхэж авсан, 2017 оны 12 сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд согтуугаар ээж Ш.Б-д “гэдэс 3000 төгрөгөөр худалдаж ав” гэж уурлан “худалдаж авахгүй” гэхэд заазуураар өөрийнхөө зүүн гарын шууг зүсэж, байнгын шинжтэй үйлдлээр догшин авирлан гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох ээж Ш.Б, аав ******* нарын эсрэг буюу ахмад настай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй. Аав ээжийнхээ ярьж хэлсэнд итгэж байна гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би аав, ээжээс тамхины мөнгө хааяа гуйж авдаг. Намайг согтуу очихоор уурлаад байдаг юм. Би эрүүл үедээ аав, ээжээс мөнгө авдаггүй, харин согтуу үедээ очоод тамхины мөнгө 1000, 2000, 3000 төгрөг авч байсан. Би ажилгүй хүн чинь өөр хэнээс гуйх вэ дээ...Би өмнө нь аав, ээжээс мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь “өөрийгөө гэмтээнэ” гэж айлгасан асуудал байгаа, гэхдээ энэ нь цагдаа дээр шалгагдсан...Би одоо аав, ээжээс хааяа л мөнгө авдаг болохоос биш, дарамтлаад “өөрийгөө гэмтээнэ” гэж айлгаж сүрдүүлээд байдаггүй...Намайг хэдэн төгрөг гуйж авсны төлөө л аав, ээж хоёр араар дандаа худлаа ярьж, өмнө нь болсон асуудлыг хүртэл нэмж хачирлаад л яваад байдаг.

...Би хэд хэдэн удаа эрүүлжүүлэгдэж байсан...Миний хувьд ажил төрөл байхгүй, өмнө нь архинаас гарах гэж хувиараа эм ууж байснаа буцаж архи уугаад бүр дордоод байна...

...Би 2017 оны 12 сарын 04-ний орой гэртээ согтуу очоод аав ээж хоёрт “үхрийн мах 3000 төгрөгөөр авчих” гэхэд “авахгүй” гээд ээж загнаад байхаар нь уурандаа өөрийнхөө зүүн гарын шуу хэсгийг заазуураар өнгөц зүссэн. Тухайн үедээ согтуу байсан болохоор ээжийг айлгах гээд л тийм үйлдэл хийчихсэн...

...Ер нь би архи уугаад согтохоороо гэр рүүгээ очоод аав, ээж хоёроос мөнгө төгрөг нэхчихсэн байх юм, архины мөнгө олдохгүй болохоор гэрт ирж мөнгө төгрөг нэхээд аав, ээж хоёрыг уурлуулчихдаг юм...” гэжээ. /хх 50-51/

Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хүү Г 2017 онд 5 удаа эрүүлжүүлэгдэж, захиргааны арга хэмжээ авагдаж, баривчлагдаж байсан боловч огт засраагүй.

2017 оны 06 сарын 14-ний орой 21 цагийн үед согтуу ирж мөнгө нэхэж 5000 төгрөг авч яваад, маргааш өдөр нь 2017 оны 06 сарын 15-ны өдөр дахин мөнгө нэхэж “байхгүй” гэхэд гадаа гарч хашгирч, зүгээр явж байсан хүнийг зодох гээд ноцолдоод байхаар нь “боль” гэж хориход “хүн алаад шоронд чинь ороод өгье” гэж сүрдүүлж байгаад 10000 төгрөг аваад явсан...2017 оны 07 сарын 15-ны орой ирж 2000 төгрөг, 2017 оны 07 сарын 16-ны өглөө ирж мөнгө нэхэж 5000 төгрөг, 2017 оны 07 сарын 19-ний орой 20 цагийн үед “дандаа миний мууг үздэг, чамайг ална, гичий минь” гэж заналхийлж, “ална даа” гэж дайраад цагдаа дуудахад д/ч Х.Ү харсан...2017 оны 08 сарын 09-ний орой 21 цагийн үед Г такситай ирээд мөнгө нэхэж 10000 төгрөг авч явсан...2017 оны 09 сарын 05-ны өглөө согтуу ирж “хот явна, зардлын мөнгө өг” гэхээр нь “байхгүй” гэхэд “тэгвэл хоол өг” гэхээр нь “өглөө эрт ямар хоол байхав дээ” гэхэд “хоол өгөхгүй бол гар, хуруугаа тас хазаж иднэ” гээд болохгүй болохоор нь ядаад байсан 3000 төгрөгөө өгч явуулсан...2017 оны 10 сарын 12-нд мөн л мөнгө нэхэж, лоом барьж “гэдсээ цоолно” гээд 10000 төгрөг аваад явсан...2017 оны 10 сарын 27-ны өдөр өглөө 06 цаг 30 минутад ирж биднээс мөнгө нэхэж байгаад 20000 төгрөг, 10 цагийн үед ирээд 10000 төгрөг аваад явсан. ...” гэжээ. /хх 24-25/

Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “... 2017 оны 12 сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд Г согтуу ирээд гэдэс гэж хэлэхэд хэцүү өөхтэй гэдэс авчраад намайг “энийг 3000 төгрөгөөр худалдаад авчих” гэхээр нь “авахгүй” гэхэд уурлаад газар шидчихсэн. Тэгээд уурлаж уцаарлаад заазуур авснаа өөрийнхөө зүүн гарын судасыг зүссэн. ...” гэжээ. /хх 26/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүү Г гэх 34 настай залуу байдаг юм. Г нь байнгын архи ууж, гадуур хэсэж, гэртээ бараг байдаггүй юм. Эхнэр бид хоёр Г “согтуу бол битгий ир, эрүүл ирж бай” гэж хэлэхээр “хөөлөө, ад үзлээ” гэж уцаарлаад байдаг.  Гадуур хэсэж байгаад нэг ирэхээрээ согтуу ирээд орц, хонгил, дулааны худагт хонолоо гээд хуучин хувцас, гар утас авчирч “үүнийг заавал ав, авахгүй бол мөнгө өг” гэх мэтээр эхнэр бид хоёроос мөнгө төгрөг нэхэж, уурлаж, дарамталж, мөнгө байхгүй гэвэл  та хоёрын нүдэн дээр “би хүн ална, амиа хорлоно” гээд хутга, заазуур, сэрээ авч толгойгоо цохьдог, бас 3-4 удаа хоолойгоо боож, тоосгоор толгойгоо хагалж байсан. Г байнга согтуу ирээд биднээс мөнгө, төгрөг нэхэж, биднийг гэр бүлийн хүчирхийлэл, дарамтанд байлгаж, амар тайван байлгахгүй байгаа. Бид хоёр тэтгэврийнхээ мөнгийг өгөөд хоолтой, хоолгүй хонож байна. Биднийг түрээсийн байранд амьдардаг, тэтгэврийн зээлтэй гэдгийг манай хүү сайн мэддэг хэрнээ ээж аавыгаа хайрлахгүй байнга дарамталж зовоож байна. Одоо ээжийгээ хааяа “ална” гэж заналхийлдэг болсон. Мөн “та нар намайг цагдаад өгөөд үзээрэй, би гарч ирээд та нарыг зүгээр өнгөрөөхгүй шүү” гэдэг болсон. Баривчлуулмаар байна...” гэжээ. /хх 29/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 21 тоот дүгнэлтэд: “1.******* биед зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хугацааг нарийн тогтоох боломжгүй. 3.Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 45/

Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: 1.******* сэтгэцийн байдалд архины хараат хам шинж идэвхитэй байдал /АДӨ III зэрэг/ хэмээх сэтгэцийн өвчин тогтоогдож байна. 2.Архины шалтгаант хараат байдлын хам шинж идэвхтэй байдал сэтгэцийн өвчинтэй байна. 3.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдийнхээ учир холбогдлыг ойлгож үнэн зөвөөр тайлбарлаж, мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх 40-41/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд:  Гэрч ******* /хх 29-30/, Х.Үүрцайх /хх 33/, Ш.Г /хх 34/, Г.Г /хх 35/, П.Б /хх 36/, Ш.О /хх 37/ нарын болон хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр /хх 27-28/ өгсөн мэдүүлгүүд,  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 13-17/, Аюулгүй зэргийн үнэлгээ /хх 11-12, 18-21/, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол /хх 58/, Захиргааны зөрчлөөр шийтгэл ногдуулсан  талаарх бүртгэл /хх 60-63/, Захиргааны зөрчил ногдуулах тухай шүүхийн шийтгэвэр /хх 72-73, 80, 90-91/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 56/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 сарын 14-ний өдөр согтуугаар эх Ш.Б-с мөнгө нэхэж 5000 төгрөг, 2017 оны 06 сарын 15-ны өдөр дахин мөнгө нэхэж “байхгүй” гэхэд “хүн алаад шоронд чинь ороод өгье” гэж сүрдүүлж, 10000 төгрөг авсан, 2017 оны 07 сарын 15-ны орой 2000 төгрөг нэхэж авсан, 2017 оны 07 сарын 16-ны өглөө мөнгө нэхэж 5000 төгрөг авсан, 2017 оны 07 сарын 19-ний өдөр 20 цагийн үед эх Ш.Б-ыг “чи дандаа миний мууг үздэг, ална даа, гичий минь” гэж заналхийлж доромжилсон, 2017 оны 08 сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд согтуугаар мөнгө нэхэж 10000 төгрөг авсан, 2017 оны 09 сарын 05-ны өглөө согтуугаар, “хот явна, зардлын мөнгө өг, ...хоол өг” гэж нэхэн, “хоол өгөхгүй бол гар хуруугаа тас хазаж иднэ” гэх зэргээр айлган сүрдүүлсэн, 2017 оны 10 сарын 12-ны өдөр мөнгө нэхэж, лоом барьж “гэдсээ цоолно” гэж айлган сүрдүүлж 10000 төгрөг авсан, 2017 оны 10 сарын 27-ны өдөр 06 цаг 30 минутын үед согтуугаар мөнгө нэхэж 20000 төгрөг, дахин 10 цагийн үед 10000 төгрөг нэхэж авсан, 2017 оны 12 сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд согтуугаар эх Ш.Б-д “гэдэс 3000 төгрөгөөр худалдаж ав” гэж уурлан “худалдаж авахгүй” гэхэд заазуураар өөрийнхөө зүүн гарын шууг зүсэж айлган сүрдүүлж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 11 удаа буюу байнгын шинжтэй үйлдлээр хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Хохирогч Ш.Б: “...хүү Г 2017 онд 5 удаа эрүүлжүүлэгдэж, захиргааны арга хэмжээ авагдаж, баривчлагдаж байсан боловч огт засраагүй...” /хх 26-27/ гэх,

Гэрч *******: “...Г энэ олон удаагийн үйлдэл үнэн...Г байнга согтуу ирээд биднээс мөнгө төгрөг нэхээд биднийг гэр бүлийн хүчирхийлэл, дарамтанд байлгаж, амар тайван байлгахгүй байгаа. Хэдэн тэтгэврийнхээ мөнгийг өгөөд хоолтой хоолгүй хонож байна...Одоо ээжийгээ “ална” гэж заналхийлдэг болсон. Г нь ямар ч айж эмээсэн, гэмшсэн, засарсан зүйл байхгүй, улам дордож, бидэнд өсөрхөж байнгын айдас түгшүүртэй, нойр амралт дутуу байлгаж байна...бидний амь нас эрүүл мэндийг хамгаалж өгнө үү...” /хх 29-30, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,

Гэрч Г.Г, П.Б нарын: “...2017 оны 12 сарын 04-ний орой 22 цагийн орчимд амрах гээд гэртээ байхад хажуу айлын Б эмээ “туслаарай, заазуураар гараа зүсэх гээд байна” гээд орилж намайг дуудахаар нь нөхрийнхөө хамт  гэрт нь ороход хүү Г зүүн гарынхаа шууг зүсчихсэн байсан. Ээж нь хэлэхдээ “Г өөрийгөө алах гээд байна, дандаа ингэдэг юм. Мөнгө төгрөг нэхээд агсам согтуу тавиад байна. Бид хоёрт мах авчирч өгөөд 3000 төгрөгөөр ав гээд байх юм, авахгүй гэсэн чинь уурлаад хэрүүл маргаан үүсгээд өөрийнхөө гарыг заазуураар зүссэн” гэж хэлсэн...ээжийгээ их заналхийлсэн байдалтай “би гарч ирнэ шүү” гэж занаж зүхээд байсан...” /хх 35, 36/ гэх,

Гэрч Х.Ү: “...Би 6 дугаар багийн хэсгийн байцаагчаар 2016 оны 05 сараас эхэлж ажиллаж байгаа...Өндөр настан *******, Ш.Б нарт хүү Г нь байнга агсам тавьдаг гэж *******, Ш.Б нар цагдаагийн байгууллагад ханддаг байсан. ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирж эцэг эхээсээ  мөнгө нэхэж “байхгүй” гэхээр нь “заавал олж өг” гээд тайван байлгадаггүй учраас ээж нь цагдаа дууддаг...” /хх 33/ гэх,

Гэрч Ш.Г: “...Г нь манай төрсөн эгч Б-н хүү нь юм. Би тусдаа амьдардаг болохоор агсам согтуу тавьж байгааг хараагүй. Б эгчтэй утсаар ярихаар л “Г байнга согтуу ирээд мөнгө төгрөг нэхдэг, өгөхгүй бол өөрийгөө зүснэ, амиа хорлоно гэж айлгадаг” гэж хэлдэг...Аав, ээж хоёртоо л агсам согтуу тавиад мөнгө нэхээд байдаг юм шиг байна билээ. Г-г цагдаад өгч баривчлуулаад нэмэр болохгүй бүр архины цагаан солиотой болчихсон юм шиг байгаа юм...Ер нь Г нь бидний хажууд эцэг эхийгээ дээрэлхээд байдаггүй, байхгүй хоорондуур ийм асуудал гаргаад байдаг юм...” /хх 34/ гэх,

Гэрч Ш.О: “...Би Г-г мэднэ, архи дарс уугаад “Шүр” захаар явдаг хүн байгаа юм... /хх 37/ гэх,

Гэрч *******: “...Г нь миний төрсөн дүү юм...Г аав, ээж хоёрыг тайван амгалан байлгахгүй гэртээ ирж агсам согтуу тавьж, мөнгө төгрөг нэхэж, айлган сүрдүүлдэг талаар ээж утсаар ярьдаг юм...Одоо бүр архи уусаар байгаад тэнэг болчихсон юм шиг байна...” /хх 38/ гэх мэдүүлгүүд,

Цагдаагийн алба хаагчийн хийсэн: “... Хүчирхийлэл үйлдэгч нь эд зүйл, эсхүл гэр бүлийн эд хогшлыг эвддэг,...өр зээлд оруулах,...гэр бүлийн гишүүдийг хараах, зүхэх, хашгичих,...хохирогчийг гомдлоо буцааж авахыг тулгах, худал амлалт өгөх,...өөрийнхөө амийг хорлоно гэж сүрдүүлдэг эсхүл оролдлого хийж байсан...” гээд аюулын зэргийн эрсдлийн түвшин “Өндөр” гэх “Аюулгүй зэргийн үнэлгээ” /хх 11-12, 18-21/,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нийгмийн ажилтны хийсэн “...Хүчирхийлэл сэтгэл санааны, эдийн засгийн хэлбэрээр үйлдэгддэг болох,...байнга айдас түгшүүртэй, хэзээ ирж дарамтлах бол гэж айдаг,...архины мөнгө нэхэж байнга дарамталдаг...” гээд “Үйлчлүүлэгчид аюул учрах эрсдэл өндөр” гэх “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ” /хх 13-17/ болон шүүгдэгч ******* нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дарамтлаад байгаа талаар Цагдаагийн газарт гаргасан гомдол буюу Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Захиргааны зөрчлөөр удаа дараа шийтгэл ногдуулж байсан талаарх бүртгэл /хх 60-63/, Захиргааны зөрчил ногдуулах тухай шүүхийн шийтгэвэр /хх 72-73, 80, 90-91/ зэргээр болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Хохирогч Ш.Б нь шүүгдэгч *******-ын төрсөн эх байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарах ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч“ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа...эдийн засгаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тодорхойлсон тул хохирогч Ш.Б-г гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.  

Мөн “Байнга” гэдэгт тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн хэвшмэл маягтай гурав ба түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдсэн байхаар тайлбарласан байна.

******* нь 11 удаа /байнга/-гийн үйлдлээр хохирогчийг “...өөрийнхөө авчирсан зүйлийг заавал авахыг албадах,...авахгүй бол өөрийгөө гэмтээнэ, бусдыг зодно, амиа хорлоно гэж айлган сүрдүүлэх,...чамайг ална гэж занахийлэх,...гичий гэх мэтээр гутаан доромжлох зэргээр сэтгэл санааны шаналал үүсгэж, улмаар өөрийн олж ирсэн эд зүйлийг заавал мөнгөөр авахыг тулган шаардаж хохирогчийн тэтгэвэр орлогоо захиран зарцуулах эрхийг хөндөх байдлаар эд хөрөнгийн хохирол учруулж байгаа түүний үйлдэл нь тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн хэлбэртэй, Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжийг агуулсан байна.  

Хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу эрх болон үүргийг тайлбарлан авч бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрхи нотлох баримтууд нь тухайн үйл баримтад хамааралтай төдийгүй үйл баримт /факт/-ыг нотолсон эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэв. 

Иймд шүүгдэгч *******-г гэр бүлийн хамаарал бүхий ахмад настан хүний эсрэг байнгын шинжтэй үйлдлээр хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт шүүгдэгч *******-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-н ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....... овогт *******-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настан хүний эсрэг байнга  хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-г 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******-н ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

ДАРГАЛАГЧ                          Ү.ОДГЭРЭЛ