Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/30

 

                                            Ц.******* холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхбаяр  /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа /цахим/

Нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ц.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 149/2023/0012/Э/208/2023/0019 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд **** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, *** настай, ****эгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ам бүл*хамт амьдрах, У********лаанбаатар хотын Баян-Зүрх дүүргийн *****дугаар хороо, ********* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай. /РД:*******/

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Нарийн булаг гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 46,034,047 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Ц.Нямдагвын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч  *******  овогт  *******гийн  Нямдагвыг   Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  24.2  дугаар  зүйлийн  1  дэх  хэсэгт  заасан  тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Нямдагвыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******д оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******ас байгаль экологид учирсан хохиролд 46034047 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардалд 23491293 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан битүүмжилсэн Хьюндай Ребокс 2900 LC-7 загварын 17-99 УН улсын дугаартай эксковаторын үнэ 15000000 төгрөг, 1000000 төгрөгөөр үнэлсэн ногоон өнгийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 1500000 төгрөгөөр үнэлсэн гитаран буу, алт угаах төхөөрөмж зэргийг хураан авч Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган,

Энэ хэргийн улмаас Хьюндай Ребокс 2900 LС-7 загварын 17-99 УН улсын дугаартай эксковаторыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ц.******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, байгаль экологид шууд учирсан хохирол 14,785,000 төгрөгийг төлж барагдуулсан, шууд бус хохирол 31,580,566 төгрөгийг “ЭЗУ Транс" Хязгаарлагдмал Хариуцлагатай компанид жолоочоор ажилдаг сарын 5,000,000 төгрөгийн цалинтай энэ орлогоос шууд бус хохиролоо төлөхөө илэрхийлж байгаа тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн упмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршигийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний  хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр   таван   жил   хүртэл  хугацаагаар  тэнсэж  болно  гэсэн  заалтын шаардлага хангагдаж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсон 02 жилийн хорих ялыг мөн хугацаагаар хорих ялыг оногдуупахгүйгээр тэнсэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолл өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Өмгөөлөгч нь Ц.Нямдагвын учруулсан бодит хохирол 14.785.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан буюу хор уршиг арилгасан гэж үзээд ялыг хөнгөрүүлэх тухай гомдлыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хохирол бүрэн арилаагүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гаргасан бодит хохирол 14.453.480 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан байна. Нөхөн сэргээлтийн зардал 23.491.293 төгрөгийг хор уршиг арилаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлага хангаагүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, №10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ц.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүгдэгч Ц.*******  нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Нарийн булаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмапын эрэл хайгуул, олборлолтыг техник, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд  болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.*******, Д.*******, П.******* нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон  байна.

3.Шүүгдэгч Ц.******* нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа  Хьюндай Ребокс 2900 LC-7 маркийн 17-99 УН улсын дугаарт бүргэлтэй экскаватор, гитаран буу буюу алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг ашигласан, шүүгдэгчийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас байгаль орчинд 14,453,481 төгрөгийн бодит хохирол учирсан нь “Эко  инженеринг” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  тогтоогджээ.

4. Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад хэргийн үйл баримтыг зөв тогтоон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.  

  5. Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс ...шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, байгаль экологид шууд учирсан хохирол 14,785,000 төгрөгийг төлж барагдуулсан, шууд бус хохирол  31,580,566 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгааг харгалзах хуульд зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр  тэнсэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой... гэсэн давж заалдах гомдлыг гаргасан байна.

6. Шүүгдэгч Ц.******* нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2023 оны 03 сарын 09-ний өдөр  гэмт хэргийн шууд  хохирол 14,785,000 төгрөгийг  төлсөн  байна.  Тухайн гэмт хэргийн улмаас  31.580.566 шууд бус хохирол учирсан байх ба шүүгдэгч нь сардаа 5.000.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг талаар баримт шүүхэд ирүүлсэн байх боловч зөвхөн тухайн баримтаар хохирол төлөхөө бодитой илэрхийлсэн гэж шүүх үзэх үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзлээ.

7. Харин шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоо төлснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар багасган өөрчилж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

8. Мөн шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн атлаа тогтоох хэсэгтээ энэ талаар тодорхой дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” гэж заасантай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Нямдагвыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 3.дахь заалтыг:

 “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,

  7 дахь заалтыг:

 “7.Энэ хэргийн улмаас Хьюндай Ребокс 2900 LС-7 загварын 17-99 УН улсын дугаартай  экскаваторыг  битүүмжилсэн   тогтоолыг  хүчингүй  болгож,  экскаваторыг өмчлөгч М.*******д буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

          2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

          3.Ц.******* нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан шууд  хохирол 14,785,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

          4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН