Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0802

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Боржигон овогт Нямжавын Идэрзолбоо /РД:ЕО86040571/

            Хариуцагч: Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат нарын хоорондын төрийн албан хаагчийг ажлаас халсан шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, Э.Болор-Эрдэнэ, Б.Батчимэг, Б.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1.Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын 2022 оны өдрийн 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд цагдаагийн цолыг сэргээлгэж томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах.

            Хоёр.Маргааны үйл баримт процессын тухайд:

            2.1.Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Зарим ажил хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/619 дүгээр тушаалаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагчийн албан тушаалд томилогдож, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/785 дугаарт тушаалаар цагдаагийн ахлах ахлагч цолыг хураан авч, албан тушаалыг түдгэлзүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар цагдаагийн цолыг сэргээн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон байна.

            2.2.Авлигатай тэмцэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 220100007 дугаар “...Бүртгэлийн Г-25 дугаартай Цагдаагийн байгууллагын удирдах болон нэр бүхий алба хаагчид нь зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдүүдийн удирдлагуудтай хамтран тэдгээрийн хууль бус үйлдлийг хаацайлж, бусдыг биеэ үнэлэхэд зуучилж, татан оролцуулж гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулдаг байж болзошгүй гэх гомдол мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсүгэй...” гэх мөрдөгчийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, тухайн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Н.Идэрзолбоог холбогдогчоор татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

            2.3.Улмаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт- аюулгүй байдлын газрын чиглэлийн ахлах байцаагч, Цагдаагийн хурандаа Д.Баярбат нэхэмжлэгч Н.Идэрзолбоогоос 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “...таны эзэмшдэг 5084269605 дугаар дансанд 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэн М.Цэрэннадмидаас 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг орсон байна. Энэ ямар учиртай мөнгө вэ?... Та иргэн М.Цэрэннадмидыг “Доргио” баарыг зөвшөөрөлгүй ажиллуулдаг байсан талаар мэдэх үү?...” гэх агуулгын хүрээнд мэдүүлгийг авчээ.

            2.4.Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт- аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Д.Нандинжаргалаас нэхэмжлэгч Н.Идэрзолбоод 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “...Цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах гэж байгааг урьдчилан сонсгож, тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулж, сонсох ажиллагааны тэмдэглэлийг үйлдсэн байна.

            2.5.Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 6/6013 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгээр Нийслэлийн цагдаагийн удирдаа газрын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргалд “...Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Идэрзолбоо... нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, албан үүрэгтэйгээ холбогдуулан будаас удаа дараа шан харамж авсан...” гэх үйлдэлд тус газраас албаны шалгалт явуулж, албаны шалгалтын дүнгийн танилцуулга, удирдлагын шийдвэр, сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг хүргүүлжээ[1].

            2.6.Улмаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар “Цагдаагийн ахлах ахлагч Н.Идэрзолбоог албанаас халах тухай” тушаалаар нэхэмжлэгч Н.Идэрзолбоог Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.8, 2.3 дугаар зүйлийн 2.3.3, 2.3.6, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын даргын тушаал гаргах”- (код-136)-ын 136.4 эх хэсгийн 136.4.2-ын “е”, 136.5.2-ын “г”-д заасныг тус тус үндэслэн, “бусдаас шан харамж авч, Цагдаагийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэн цагдаагийн албанаас халж[2], цагдаагийн ахлах ахлагч цолыг хурааж, тухайн тушаалыг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид танилцуулжээ.

            2.7.Нэхэмжлэгч дээрх Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хандаж, тус газрын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 6/6864 тоот албан бичгээр[3] “Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй байна” гэх хариуг[4] өгчээ.

2.8.Улмаар нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 7677 дугаар шүүгчийн захирамжаар “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн эсэх талаар тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлээгүй тул 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 8165 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.

2.9.Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 50/7481тоот албан бичгээр “Таны хүсэлтэд дурдсан асуудалтай холбоотой гомдол маргааны Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэхээр заасан тул хүсэлтийг тань хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг тус тус өгчээ[5].

            2.10.Тус албан бичгүүдийн дагуу Н.Идэрзолбоо нь Төрийн албаны зөвлөлд маргаан бүхий Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар хандаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1913[6] тоот албан бичгээр “...тушаалд гомдол гаргах хугацаа хэтэрсэн байх тул таны гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй...” гэх хариуг өгч, нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах хугацаа сунгуулахаар хандаж, зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/2065 дугаартай албан бичгээр[7] “...Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж шийдвэрлүүлсэн асуудал нь Төрийн албаны зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргах хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаанд нийцэхгүй байх тул гомдол шийдвэрлэх хугацааг нөхөн сэргээх хүсэлтийг хүлээн авах боломжгүй...” гэх хариуг өгсөн.

2.11.Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай” гэж тодорхойлсон бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9533 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлага, хөөн хэлэлцэх хугацаа болон хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан эсэхийг тодруулахаар бүрдүүлбэр хангуулах хугацааг тогтоож, Н.Идэрзолбоогоос 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10141 дугаар захирамжаар “...Төрийн албаны зөвлөлийн гомдол гаргах хугацааг сэргээлгэхтэй холбоотой харилцаа нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргааны биш... Төрийн албаны зөвлөлд хандаж шийдвэрлүүлэх маргаан” гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0001 дугаартай шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөн үндсэн акттай холбогдуулан хуульд заасан журмын дагуу маргах эрхийг тухайн тогтоол хязгаарлахгүй талаар дурджээ.

2.12.Нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0569 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эхэлж байсан ажилд томилуулах, цагдаагийн цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0875 дугаартай захирамжаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэл гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Нямжавын Идэрзолбоо миний бие нь Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, жолооч албан тушаалд 2007 оноос ажиллаж ирсэн. Миний бие ам бүл 7-уулаа Баянзүрх дүүрэг 7-р хороо 23-64 тоотод амьдардаг. Эхнэр тодорхой эрхэлсэн ажилгүй, 5, 6, 9, 12, 16 насны 5 хүүхэдтэй. Миний бие Цагдаагийн байгууллагад тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байгаа, энэ хугацаанд ёс зүйн болон сахилгын зөрчлийг гаргаж байгаагүй, өөрийн албандаа цаашид ажиллах чин хүсэлтэй тул хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын 2022.07.28-ны өдрийн Б/327-р тушаал нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтыг үндэслэсэн байгаа нь дүрмийн 3-р зүйл, 4-р зүйлд зааснаар буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 97-р зүйлийн 97.1-д зааснаар шийдвэрлэх зохицуулалтад хамаарах тул хуулийн шаардлагад нийцээгүй үзэж тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж эхэлсэн болно. гэж Тушаалын үндэслэх хэсгийн эрх зүйн зохицуулалт болон шүүхийн урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааны шатанд миний гаргасан гомдолд өгсөн хариу мэдэгдэх бичигт заасан утгаар Н.Идэрзолбоод сахилгын шийтгэл оногдуулах буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 81-р зүйлийг тодорхойлж өгсөн атал хуулийн 82-р зүйлийн 82.1-ийн 82.1.1-д заасныг үндэслэн "албанаас халах”-аар захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болно. Тиймээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын 2022.07.28-ны өдрийн Б/327-р тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч албан тушаалд, цагдаагийн ахлах ахлагч цолыг сэргээн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын 2022 оны өдрийн 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.Идэрзолбоог албан тушаалын байдлаа ашиглаж бусдаас шан харамж авч Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр албанаас халсан. Албанаас халсан асуудлыг Захиргааны шүүхээс хэргийг түдгэлзүүлж холбогдох байгууллага руу шилжүүлсэн. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 224/ШЗТ/560 дугаар шийтгэх тогтоолоор Нийслэлийн Татварын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.8.1, 1.9.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.4.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Боржигон овогт Нямжавын Идэрзолбоод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хэргийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан. Тус тогтоолыг хүчин төгөлдөр албажсан гэх баримттай бид танилцсан. Иймд 2022 оны 7 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас гаргасан албанаас халах тушаалын хууль зүйн үндэслэл, тус тушаалд дурдсан Н.Идэрзолбоогийн гаргасан зөрчил нь нотлогдоогүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Иймд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй. Гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон тул Н.Идэрзолбоог албанаас халах тушаал хүчингүй болох нь тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү... Н.Идэрзолбоо ажлаас үндэслэлгүй халагдаж цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй учир албандаа эргэж оръё гэж нэхэмжлэл гаргаж байгаа. Мөн шүүхэд авагдсан нотлох баримт дээр Эрүүгийн хэрэг тогтоогдохгүй нөхцөлд албан тушаалд эргүүлэн тогтоох ёстой. Үндсэн шалтгаан арилсан байгаа тул ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзэж буцаан тогтоох үндэслэлтэй гэж үзэж байна.  Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б\327 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч албан тушаалд эргүүлэн томилж, цагдаагийн ахлах ахлагчийн цолыг сэргээж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

3.3.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “Иргэн Н.Идэрзолбоогийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Идэрзолбоо нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, албан үүрэгтэйгээ холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Доргио" гэх нэртэй баарны эзэн М.Цэрэннадмидаас (өөрийн эзэмшлийн дансаараа мөнгө шилжүүлэн авсан) шан харамж авсан үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан "Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараах зүйлийг хориглоно;" гээд 69.1.13 дахь заалтад "хуулиар хориглосон бусад" гэснийг зөрчсөн нь түүний банкны хуулга, шалгалтын хүрээнд өгсөн тайлбар, иргэн М.Цэрэннадмидын тайлбараар тус тус нотлогдсон тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтад зааснаар цагдаагийн албанаас халсан. Иймд Н.Идэрзолбоогийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононгоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас ярьж байгаа зүйл нь Эрүүгийн хэргийн шүүхээр гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон. Ажилдаа эргүүлэн томилогдох үндэслэлтэй гэж ярьж байна. Бид нарын маргаж байгаа асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой зүйл явагдаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нотлох баримт цуглуулах, түүнийг үнэлэх асуудал тусдаа бие даасан эрх зүйн процессын асуудал. Захиргааны акт гаргах үндэслэлийг шийдвэрлэж байгаа асуудал нь тусдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар явагдаж байгаа асуудал. Нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдэн гэх агуулгаар ажлаас чөлөөлөөгүй. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст машинт эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Доргио баарыг хууль бусаар ажиллуулдаг н.Ц гэх иргэнтэй хувийн харилцаа тогтоосон хүн. 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 150,000 төгрөг дансаараа шилжүүлж авсан. Яагаад хувийн харилцаа явж байгаа вэ гэхээр нэхэмжлэгч өөрөө албан шалгалтын хүрээнд авсан тайлбар дээрээ хэлдэг. Яаж тандаг вэ гэхээр ажил хэргийн шугамаар тандаг, дуудлагаар очдог гэж тайлбарладаг. Энэ үйлдэл нь Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа. Албан үүрэг гүйцэтгэгчид хамааралтай этгээд. Аливаа зээл үйлчилгээ авахгүй байх ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа үйлдэл болж байна. Гэм буруугүй гэдэг нь шүүхээр тогтоогдсон болохоос биш Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдэг агуулга албан шалгалтын хүрээнд авагдсан баримт, өөрийнх нь тайлбараар хангалттай нотлогдож байгаа.

Мөн нэхэмжлэл гаргасантай холбоотой Захиргааны актыг үндэслэлийг бид хэлэлцэж явахаас өмнө нэхэмжлэлийг хүлээж авах ёстой байсан үгүй гэдэг дээр тайлбар хэлж байгаа. Учир нь 2019 оноос эхэлж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар Төрийн албаны тухай хуулийн 47, 48 дугаар зүйл буюу сахилгын шийтгэл оногдуулах, албанаас халахтай холбогдсон харилцааг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Төрийн албаны төв байгууллага шийдвэрлэнэ гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл албанаас халсантай холбоотой шийдвэрийг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэхээр хуулийн зохицуулалттай байна. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар ажлаас халсантай холбоотой хэрхэн гомдол гаргах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй учир Төрийн албаны тухай хуулийг баримталж явдаг. Тушаал болон сонсох ажиллагааны тэмдэглэлээр эрхийг нь тайлбарлаж өгөхдөө та энэ шийдвэрийг эс зөвшөөрөх юм бол Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр албанаас халагдсан. 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж хугацаа тогтоож шийдвэрлэсэн. Тус захирамжид юу гэж заасан бэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх дутуу байна. Тус ажиллагааг хийлгэж бүрдүүлбэр хангуулж ир гэж захирамжилсан. Шүүхээс даалгасан хугацаанд захирамжид заасан бүрдүүлбэр хангаагүй учир 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүх нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч 9 дүгээр сарын 28-ны өдөр 01/1913 дугаартай албан бичгээр маргаан бүхий захиргааны актын тушаалд гомдол гаргах хугацаа хэтэрсэн тул таны гомдлыг хүлээж авч шийдвэрлэх үндэслэлгүй байна гэх хариуг Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчид өгсөн. Үүнтэй холбогдуулж хугацаа сэргийлгэх хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргаж Төрийн албаны зөвлөлөөс 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/2065 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Тус хариунд юу гэж дурдсан байдаг вэ гэхээр гомдол гаргах хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаанд нийцэхгүй тул гомдол шийдвэрлэх хугацааг нөхөн сэргээх хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариу өгсөн. Үүнтэй холбогдуулж нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж харьяаллын бусаар хэрэг маргаан байна гэх үндэслэлээр татгалзсан. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тус гомдлыг хүлээн аваагүй. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд дахин шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж шүүх нэхэмжлэлийг нь хүлээн авч шийдвэрлэж хугацааг нь сэргээсэн. Үүний дагуу Захиргааны шүүхээс захиргааны хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Хэдий тийм боловч анх шүүгч 2022 оны 9 дүгээр сард нэхэмжлэл хүлээж авахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй гэх үндэслэл хэвээрээ байгаа. н.Мөнхтулга шүүгчийн хугацаа сэргээсэн тогтоолд Захиргааны шүүхэд тухайн этгээдийн нэхэмжлэл гаргах эрхийг сэргээж өгсөн болохоос Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлэх журмаар ажиллагаа явагдаагүй явж байна. Үүн дээр маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг харахаас өмнө нэхэмжлэлийг хүлээж авах ёстой байсан уу? үгүй юу гэдгийг ярих ёстой. Хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуулийн 54, 92, 93, 94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй, хангаагүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримт шинжлэн судлахад Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээж аваагүй гэдэг нь тодорхой болж байна. Өмнө нь шүүгчийн 9 дүгээр сарын 28-ны өдрийн захирамж бүрдүүлбэр хангагдаагүй гэж буцаасан байгаа. Шүүгчийн захирамж хүчинтэй, захирамжийн биелэлт хангагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Н.Идэрзолбоо нь ёс зүйн хэм хэмжээ зөрчөөгүй биш зөрчсөн. Гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь тогтоогдож байна гэж маргаад байна. Анхнаасаа хариуцагч байгууллагын зүгээс халах тушаал биш, албан тушаалыг нь түдгэлзүүлэх байдлаар шийдвэрлэсэн байсан бол ийм маргаан шүүхэд гаргахгүй байсан байна гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр маргаан бүхий Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж, хариуцагч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргыг дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Н.Идэрзолбоог “Аварга чоно” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цэрэннадмидаас давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс, өөрийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан Хаан банк дахь 5084269605 дугаартай дансаар 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 150.000 төгрөгийг шилжүүлж авч, хахууль авсан талаарх асуудалд холбогдох эрх бүхий байгууллага нь эрүүгийн журмаар шалгаад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 560 дугаар цагаатгах тогтоолоор[8] “...шүүгдэгч Н.Идэрзолбоогийн холбогдсон Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэм хэрэг нь гэм буруугийн “санаатай” хэлбэрээр, “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирол, хор уршигт зориул хүргэдэг” шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг... Гэтэл Ж.Г, Н.Идэрзолбоо нарын тухайд гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдоогүй нь гэмт хэргийн шинжийг шалгах, нотлох, үгүйсгэх, түүнтэй холбоотой дүгнэлт хийх ажиллагаа хийх шаардлагагүй нөхцөлд хүрсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй гэж үзлээ... Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субьектив шинжийг агуулсан байхыг шаардах ба нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй... шүүхийн хэлэлцүүлэгт хахууль өгөгчийн мэдүүлэгт “Н.Идэрзолбоо нарт мөнгө зээлсэн, буцаан авсан талаараа, мөн ямар нэгэн байдлаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө харилцаж байгаагүй, цагдаагийн академид хамт суралцаж байсан, харин бусад шүүгдэгч нарт мөнгө шилжүүлсэн, ашиг сонирхол байсан...” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар... түүнд ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл үүссэн гэж дүгнэсэн болно” гэсэн үндэслэлээр Н.Идэрзолбоод холбогдох эрүүгийн 2201 00007 022 дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.

2.Дээрх шүүхийн цагаатгах тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 747 тоот албан бичгээр мэдэгдсэн[9].

3.Хариуцагч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар тушаалаар бусдаас шан харамж авч, Цагдаагийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэг дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Идэрзолбоог цагдаагийн албан эрхэлж байгаа албан тушаалаас нь халж, цагдаагийн ахлах ахлагч цолыг хураан сахилгын шийтгэл ногдуулсан; нэхэмжлэгчээс дээрх зөрчлийг эс зөвшөөрч, маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д заасныг үндэслэсэн байгаа нь дүрмийн 3-р зүйл, 4-р зүйлд заасан буюу Цагдаагийн албан тухай хуулийн 97-р зүйлийн 97.1-д зааснаар шийдвэрлэх зохицуулалтад хамаарахгүй тул хуулийн шаардлагад нийцээгүй... Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийг тодорхойлж өгсөн атал 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг үндэслэн цагдаагийн албанаас халах захиргааны акт нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй...” гэж тодорхойлжээ.

4.Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн тухайд Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.5.4-т ““ноцтой зөрчил” гэж хууль тогтоомжид заасан, цагдаагийн албаны нэр хүндэд харшлах үйлдэл хийх, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд саргаар нөлөөлөх, үр дагаврыг бий болгох, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заасан бөгөөд хариуцагчийн тухайд нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн үйлдлийг ноцтой зөрчил гэж дүгнэн ажлаас халах тушаалыг гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасантай нийцэхгүй бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээний төрлөөс хэрэглэх боломжтой байсан.

5.Нэхэмжлэгч Н.Идэрзолбоогийн М.Цэрэннадмидаас өөрийн Хаан банк дахь 5084269605 дугаар дансанд 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэлд Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.8-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, авахаар шахаж, шаардах, ядгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх” гэж заасныг зөрчсөн эсэх асуудалд дүгнэлтийг өгч, шийдвэр гаргах нь зүйтэй байна.

6.Тухайлбал Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйл “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх”, 80.1-д “Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно” гэж заасны дагуу Авлигатай тэмцэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 220100007 дугаар эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэгчид тохирох шийдвэрийг гаргах боломжтой байсан гэж дүгнэлээ.

7.Харин нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан “сахилгын зөрчил үйлдээгүй... цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм зөрчөөгүй...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй. Тухайлбал нэхэмжлэгчийн зүгээс “...2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр амарч байсан..., ажиллаагүй үедээ найзаасаа мөнгө зээлсэн...” гэж тайлбарлаж буй нь дараах байдлаар үндэслэлгүй болно.

7.1.Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 2.3-т “Алба хаагч нь шударга ёсны зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө”, 2.3.8-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах...” гэж заасныг зөрчин тухайн цагдаагийн хэлтэст харьяалагдан, үйл ажиллагаа явуулдаг “Аварга чоно” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цэрэннадмидаас зээл авсан нь дээрх зөрчилд хамаарахаар байна.

8.Нэхэмжлэгчийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана” гэж заасан нийтлэг үүргийг зөрчсөн гэж үзнэ.

9.Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйл “Цагдаагийн алба хаагчийн сахилгын хариуцлага”, 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.1-д “сануулах”, 81.4.2-т “албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 81.4.3-т “албан тушаал бууруулах”, 81.4.4-т “цагдаагийн цолыг бууруулах”, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж, Төрийн албаны тухай хуулийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, гээд мөн хуулийн 48.1.1-48.1.6 дахь заалтуудад сануулахаас эхлээд төрийн албанаас халах зохицуулалтыг тусгасан.

10.Гэтэл Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргаас 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэгчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйл “Цагдаагийн албанаас халах”, 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж заасны дагуу цагдаагийн албанаас халсан Б/327 дугаар тушаалыг гаргасан.

11.Хэдийгээр Н.Идэрзолбоо нь төрийн алба хаагчийн болон цагдаагийн албан хаагчийн нийтлэг үүрэг, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан буруутай, тухайн зөрчилд хариуцлага гарцаагүй ногдуулах нь зөв хэдий ч эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хариуцагч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаартай тушаалаар цагдаагийн албанаас шууд халсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн гэж үзэхээр байна.

12.Тухайлбал Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 3.3-т Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ: гээд 3.3.1-д зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар-ыг харгалзан үзэхийг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд даалгасан, өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар захиргааны байгууллагаас алдаагаа залруулж, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 48.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4-т тус тус заасныг баримтлан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/327 дугаар тушаалыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Идэрзолбоогоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОДМАА

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 146 дугаар тал,

[2] 1-р хавтаст хэргийн 144 дүгээр тал,

[3] 1-р хавтаст хэргийн 71 дүгээр тал,

[4] 1-р хавтаст хэргийн 71 дүгээр тал,

[5] 1-р хавтаст хэргийн 70 дугаар тал,

[6] 1-р хавтаст хэргийн 72 дугаар тал,

[7] 1-р хавтаст хэргийн 73 дугаар тал,

[8] 1-р хавтаст хэргийн 240- 2-р хавтаст хэргийн 17 дугаар тал,

[9] 2-р хавтаст хэргийн 42 дугаар тал,