| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/00615/И |
| Дугаар | 183/ШШ2022/03220 |
| Огноо | 2022-11-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2022/03220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити центр, 403 тоотод байрлах, Дарь финанс ББСБ ХХК /РД:6082726/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил, 74 дүгээр байр, 1 тоотод оршин суух, Харчу овогт Нацагдоржийн Оюунчимэг /РД:АЮ74120884/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 16 дугаар гудамж, 401б тоотод оршин суух, Харчу овогт Нацагдоржийн Дамдинрагчаа /РД:АЮ82021776/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу, 19Б байр, 16 тоотод оршин суух, Мээрэн овогт Амгалангийн Ганбаатар /РД:ЙЮ75080834/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 107-53 тоотод байрлах Авзага мээрэн ХХК нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 554 222 210.42 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мижидсандан, Г.Бат-Эрдэнэ,
Хариуцагч Д.Дамдинрагчаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбат,
Хариуцагч П.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Очбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов. Шүүх хуралдаанд хариуцагч Н.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Оргил, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонбаяр нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Дарьфинанс ББСБ ХХК нь хариуцагч Н.Оюунчимэг, Н.Дамдинрагчаа, А.Ганбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 569 222 210.42 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нар Дарь финанс ББСБ-тай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЗГ20180026 тоот Зээлийн гэрээ, ЗБ20180026 тоот Зээлийн барьцааны гэрээ, ЗБ20180026А тоот Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 300 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авснаас хойш зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хуваарьт хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээний 5.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүхийн журмаар зээлийн мөнгөн төлбөрийг төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 300 000 000 төгрөг, үндсэн хүү 192 762 070.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76 460 140.06 төгрөг, нийт 569 222 210.42 төгрөг хуримтлагдсан байна. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЗГ20180026 тоот Зээлийн гэрээ, ЗБ20180026 тоот Зээлийн барьцааны гэрээ, ЗБ20180026 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу зээлийн мөнгөн төлбөрт 569 222 210 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулах, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцат 18-6 гудамж, 9 тоот хаягт байршилтай 240 м.кв талбайтай хувийн сууц, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 206/2 байр 44 тоот хаягт байршилтай 125.7 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нар нь Дарь финанс ББСБ-тай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЗГ20180026 тоот Зээлийн гэрээ, ЗБ20180026 гоот Зээлийн барьцааны гэрээ, ЗБ20180026А тоог Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 300 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсанаас хойш зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хуваарьт хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, үүргийн зөрчил үүссэн. Хэдийгээр хариуцагч нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй гээд байгаа боловч манайхтай зээлийн гэрээг өөрсдөө байгуулаад бид шаардлага хангаж байсан учраас хариуцагч нарт зээлийг олгосон. Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нар нь цаашид хэндээ өгсөн байх нь өөрсдийнх нь асуудал. Ийм учраас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний нэг болох Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нараас үндсэн зээл 300 000 000 төгрөг, үндсэн хүү 192 762 070.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76 460 140.06, нийт 569 222 210.42 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Гэвч хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн баримтуудтай танилцаад 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн төлсөн 15 000 000 төгрөг нь зээлийн үнийн дүнгээс хасагдаагүй байх тул уг 15 000 000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа 554 222 210 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар багасгаж байна.
Барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцат 18-6 гудамж, 9 тоот хаягт байршилтай 240 м.кв талбайтай Хувийн сууц, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 206/2 байр 44 тоот хаягт байршилтай 125.7 м.кв талбатай дөрвөн өрөө орон сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү, уг орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч Н.Дамдинрагчаа болон А.Ганбаатар нарын өмчлөлийн хөрөнгө бөгөөд дээрх хөрөнгүүдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг баримтаар ирүүлсний дагуу барьцааны гэрээ байгуулагдсан, шаардлагатай гэвэл гаргаад авч болно, мөн энд нотлох баримтын шаардлага хангахгүйгээр бол байна гэв.
2.Хариуцагч Н.Дамдинрагчаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Дамдинрагчаа нь 2018 оны 10 сарын 03-ны өдөр Дарь финанс ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 300 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэйгээр Авзагамээрэн ХХК-д авч өгсөн. Уг зээлийг Авзага мээрэн ХХК авч, компанийхаа үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд миний бие энэ тухай удаа дараа Дарь финанс ББСБ-д мэдэгдэж байсан. Мөн Авзагамээрэн ХХК нь өөрөө болон надаар дамжуулж ковид цар тахалын улмаас үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон тул зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан болно. Мөн зээлийн гэрээний хугацааг сунгах талаар хүсэлтийг мөн надаар дамжуулж бас Авзагамээрэн ХХК нь албан бичгээр хандаж байсан. Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, зээлдэгч болон зээл авагч нарын хүсэлтийг өнөөдрийг хүртэл огт авч хэлэлцээгүй. Зээлийн гэрээний график зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгч гэрээгээ цуцлан бодитоор зээл авсан этгээдээс зээлээ нэхэмжлэх үүрэг нь хууль болон гэрээгээр зохицуулсан байхад энэ олон жил зээлээ нэхэмжлэхгүй, мөнгө хүүлж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Барьцаа хөрөнгө хангалттай гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний хэмжээг хэт нэмэгдүүлж шүүхээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ковидын цар тахалаас өмнөх үеийн зээлийг график төлөлт зөрчихгүйгээр Авзага мээрэн ХХК нь төлж ирсэн болохыг эрхэм шүүгч анхаарч үзнэ гэдэгт итгэж байна. Иймд миний бие болон Н.Оюунчимэг бид уг зээлийг огт аваагүй, ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин зээл авсан, авсан зээлээ өөртөө зарцуулсан, зээлийн төлбөрийг өөрийн нэрээр төлж байсан Авзагамээрэн ХХК-тай зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь нэгдүгээрт Д.Дамдинрагчаа нь зээлийг өөртөө авч ашиглаагүй. Авзагамээрэн ХХК буюу гуравдагч этгээд өөртөө авч ашигласан байдаг. Хоёрдугаарт Авзагамээрэн ХХК-ийн зүгээс энэ зээлийн төлөлтийн эргэн төлөлтийг бие даан хариуцаж төлнө гэж ярьж байсан. Гуравдугаарт зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай хүсэлтүүдийг удаа дараа өгсөн гэж ярьдаг. Гэвч тухайн хүсэлтүүд нь шийдэгдээгүй. Үүнээс болоод хугацаа нэмэгдүүлж, үндэслэлгүй хүү нэмэгдэж, их хэмжээний төлбөр үндэслэлгүй нэхэмжилж байна. Манайх энэ зээлийг авч ашиглаагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Хариуцагч Н.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Оргил шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Дамдинрагчаа нь 2018 оны 10 сарын 03-ны өдөр Дарь финанс ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 300 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэйгээр Авзагамээрэн ХХК-д авч өгсөн. Уг зээлийг Авзагамээрэн ХХК авч, компанийхаа үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд миний бие энэ тухай удаа дараа Дарь финанс ББСБ-д мэдэгдэж байсан. Мөн Авзага мээрэн ХХК нь өөрөө болон Д.Дамдинрагчаагаар дамжуулж ковид цар тахалын улмаас үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон тул зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан болно. Мөн зээлийн гэрээний хугацааг сунгах талаар хүсэлтийг мөн надаар дамжуулж бас Авзагамээрэн ХХК нь албан бичгээр хандаж байсан. Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, зээлдэгч болон зээл авагч нарын хүсэлтийг өнөөдрийг хүртэл огт авч хэлэлцээгүй. Зээлийн гэрээний график зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгч гэрээгээ цуцлан бодитоор зээл авсан этгээдээс зээлээ нэхэмжлэх үүрэг нь хууль болон гэрээгээр зохицуулсан байхад энэ олон жил зээлээ нэхэмжлэхгүй, мөнгө хүүлж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Барьцаа хөрөнгө хангалттай гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний хэмжээг хэт нэмэгдүүлж шүүхээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ковидын цар тахалаас өмнөх үеийн зээлийг график төлөлт зөрчихгүйгээр Авзагамээрэн ХХК нь төлж ирсэн болохыг эрхэм шүүгч анхаарна үзнэ гэдэгт итгэж байна. Авзага мээрэн ХХК-ийн зүгээс нийтдээ 110 гаруй сая төгрөгийг төлсөн байхад үндсэн төлбөрөөс огт хасалгүйгээр хүүнд тооцож улмаар өнөөдөр 569 222 210.42 төгрөг, мөн Авзага мээрэн ХХК-аас төлсөн 110 сая төгрөгийн хамт буюу 679 222 210.42 төгрөг зээлдэгчээс авах гэж байгаа үйлдэл бол хэрээс хэтэрсэн мөнгө хүүлэгчийн үйлдэл мөн. Зах зээлийн шударга ёсонд яавч ийм мөнгө хүүлэлтийн зарчмыг зөвшөөрч болохгүй гэж үзэж байна. Шүүхээс зээлийн гэрээний хугацаа дууссан цаг хугацаагаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хязгаарлаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд миний бие уг зээлийг огт аваагүй, ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин зээл авсан Авзагамээрэн ХХК-тай зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
4.Хариуцагч А.Ганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг болон Дарь финанс ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлсэн 300 000 000 төгрөгийг А.Ганбаатар миний бие авч өөрийн Авзагамээрэн ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан. Миний бие уг зээлийн төлбөрийг хүүг цаг тухайд нь төлж ирсэн бөгөөд 2019 оны 9 сараас бизнесийн үйл ажиллагаа хүнд нөхцөлд орж зээлийг төлөх боломж хязгаарлагдсан. Энэ талаар Н.Дамдинрагчаагаар дамжуулан нэхэмжлэгчид мэдэгдэж, зээлийг төлөх талаар ярилцаж байсан. Иймд миний бие уг зээлийг авсан тул зээлийг хариуцах нь хууль зүйн хувьд болоод шударга ёсны хувьд ч зүйн хэрэг юм. Харин нэхэмжилж буй урт хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна.
А.Ганбаатарын хувьд барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд ямар нэг маргаан байхгүй. Барьцааны гэрээнд Н.Оюунчимэг, Н.Дамдинрагчаа нар нь барьцааны зүйл барьцаалуулсанаа зөвшөөрч байгаа. Гол нь П.Ганбаатар нь тухайн үед Авзагамээрэн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэгээд 2021 оны дундуур гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгсөн байх. А.Ганбаатарын зүгээс зээлийн мөнгө их байна, ковид цар тахалын үеэр хойшлуулах хүсэлт өгч байсан бөгөөд мөн нилээдгүй хэдэн төгрөг төлөөд явж байсан гэтэл үндсэн төлбөрөөс хасагдаагүй байна гэсэн. Тийм учраас шүүхийг харж үзээч гэсэн тайлбарыг хэлж байгаа юм. Гуравдагч этгээд Авзагамээрэн ХХК-ийн бичгээр ирсэн тайлбар байдаг. Тухайн тайлбарын хүрээнд тодорхой зөвшөөрч байгаа мөнгөн дүнг бичсэн байсан, түүнийгээ дэмжиж байна. Зээлийн гэрээг Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг гэдэг хүмүүс байгуулаад явчихсан. Гэхдээ зээлийг бодитоор ашигласан Авзагамээрэн ХХК үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас энэ зээлийг хариуцвал зохих этгээд нь Авзагамээрэн ХХК юм. Үндсэн хариуцагчаас Н.Оюунчимэг, Дамдинрагчаа нарыг чөлөөлж өгнө үү гэв.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь компанийн хоорондын тооцоогоор Н.Дамдинрагчаагийн хамаарал бүхий компанитай Н.Дамдинрагчаа болон Н.Оюунчимэг нарыг Дарь финанс ББСБ-аас авсан зээлийг хариуцахаар тохиролцсон. Ингээд уг тохиролцоогоо баталгаажуулахаар Н.Дамдинрагчаа болон Н.Оюунчимэг нарын зээлийг шинэчлэн манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ганбаатар болон компанийн ажилтан Р.Даваадулам нарын орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан. Уг гэрээ хийгдсэнээс хойш манай компани зээлийн мөнгийг төлж ирсэн. Зээлийн бид хэвийн төлж байсан ба удалгүй ковид цар тахалын улмаас компанийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон тул зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчид удаа дараа компанийн албан бичиг болон Н.Дамдинрагчаагаар дамжуулан хүсэлт гаргаж байсан болно. Мөн зээлийн гэрээний хугацааг сунгах талаар хүсэлтийг мөн надаар дамжуулж бас Авзага мээрэн ХХК нь албан бичгээр хандаж байсан. Манай компанийн хувь уг төлбөрийг хариуцах цорын ганц этгээд болно. Бид эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байсан тул зээлийн хүүг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч банк бусын зүгээс хүлээж аваагуй, зээлээ төл гэж удаа дараа шахаж шаардаж байсан. Компани буюу зээлдэгчийн зүгээс 2019 оноос хойш зээлээ төлж чадахгүй байгаа тул зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах, эсвэл зээлийн хүүг буруулж зээлийн гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт гаргаж бодит учираад байгаа нөхцөл байдлуудыг танилцуулаад явж байсан. Гэтэл нэхэмжлэгийн зүгээс бидний хүсэлтийг хүлээж аваагүй, мөн зээлдэгч зээл төлөх чадваргүй байгаа нөхцөл байдлыг арга хэмжээ авалгүй зээлийн мөнгийг зориуд ихэсгэсэн гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасуулах, 2020 оны 3 сараас хойшхи хугацааны хүүг шаардах эрхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч зээлээ нэхэмжлэх эрхтэй атал нь энэ үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс өнгөрсөн хугацаанд 110 гаруй сая төгрөгийн төлбөр төлсөн. Тиймээс үндсэн зээл 300 000 000 төгрөг хүү 50 000 000 төгрөгийг төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна гэв.
6.Нэхэмжлэгчээс 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Дарь финанс ББСБ ХХК-иас Г.Бат-Эрдэнэ, П.Мижидсамдан нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №ЗГ20180026 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №ЗБ20180026 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №ЗБ2018026А тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Ү-2206057111 дугаарт бүртгэлтэй С.Даваадуламын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-2206058765 дугаарт бүртгэлтэй А.Ганбаатарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, №ТЗ101/610 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Дарьфинанс ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №20180026 дугаартай зээл төлөлтийн дансны хуулга, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Бэлэн мөнгөнийн зарлагын баримт /хэргийн 3-26, 42, 146-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч Н.Дамдинрагчаагаас 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Н.Дамдинрагчаагаас У.Мөнхсаруулд олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн У.Мөнхсаруул, Л.Очбаяр нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Н.Дамдинрагчаагаас Д.Эрдэнэбатад олгосон итгэмжлэл, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Д.Эрдэнэбатын хариу тайлбар, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 160713530 тоот шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 160713845 тоот шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 160714396 тоот шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 160714755 тоот шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 160715321 тоот шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 160715523 тоот шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 160715730 тоот шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 160716156 тоот шилжүүлгийн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 160769499 тоот шилжүүлгийн баримт, Авзагамээрэн ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 176838624 тоот шилжүүлгийн баримт, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4148361 тоот шилжүүлгийн баримт, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6216235 тоот шилжүүлгийн баримт, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 6788163 тоот шилжүүлгийн баримт, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6678563 тоот шилжүүлгийн баримт, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4204537 тоот шилжүүлгийн баримт, 2091 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3453726 тоот шилжүүлгийн баримт, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1723633 тоот шилжүүлгийн баримт, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6430263 тоот шилжүүлгийн баримт, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2484387 тоот шилжүүлгийн баримт, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3260389 тоо шилжүүлгийн баримт, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3554318 тоот шилжүүлгийн баримт, Авзагамээрэн ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг, Авзага мээрэн ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг, Авзага мээрэн ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг /хэргийн 28, 53-54, 75, 82, 86-111-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч А.Ганбаатараас 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр У.Мөнхсаруулд олгосон итгэмжлэл, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А.Ганбаатараас Л.Очбаярт олгосон итгэмжлэл, Авзагамээрэн ХХК-ийн санхүүгийн баримт /хэргийн 35, 72, 86-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч Н.Оюунчимэгээс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр У.Мөнхсаруулд олгосон итгэмжлэл, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Д.Мөнх-Оргилын хариу тайлбар, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Н.Оюунчимэгээс Д.Мөнх-Оргилд олгосон итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хариу тайлбар /хэргийн 37, 116-117, 147-148-р хуудас/ гэсэн баримтуудыг,
бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Авзагамээрэн ХХК-иас Авзага мээрэн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Авзагамээрэн ХХК-иас М.Отгонбаярт олгосон итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хариу тайлбар, Авзагамээрэн ХХК-ийн санхүүгийн баримт, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 125-126, 139, 149-150-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-ийн хариуцагч Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг, А.Ганбаатар нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 477 762 070 төгрөгийг хариуцагч Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нараас гаргуулж, 76 460 140 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нарыг зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 300 000 000 төгрөг, үндсэн хүү 192 762 070.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76 460 140.06 төгрөг, нийт 569 222 210.42 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарыг үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч Н.Дамдинрагчаа болон А.Ганбаатар нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхээ тодорхойлсон бөгөөд хариуцагч Н.Дамдинрагчаагаас 2021 оны 2 дугаар сарын 08-нд 15 000 000 төгрөгийг зээлийн үүрэгт шилжүүлснийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 15 000 000 төгрөгөөр багасгаж, нийт 554 222 210 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч Н.Дамдинрагчаа нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй, зээлийг Авзагамээрэн ХХК авч ашигласан, мөн зээлийн мөнгөн хөрөнгө зориулалтын бусаар захиран зарцуулагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,
хариуцагч Н.Оюунчимэг нь зээлийн гэрээ байгуулсан боловч уг мөнгийг хүлээн аваагүй, Авзагамээрэн ХХК-д зээл авч өгсөн, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, хугацаа нэмэгдүүлж, үндэслэлгүй хүү нэмэгдүүлж нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж,
хариуцагч А.Ганбаатар нь зээлийн гэрээг байгуулаагүй тул зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй, барьцааны гэрээ байгуулсан талаар бол маргахгүй, Авзагамээрэн ХХК нь зээлийн мөнгийг авч ашигласан, уг мөнгийг эргүүлэн төлж байсан, цар тахлын үед эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч зээлдүүлэгч байгууллага хүлээж аваагүй, Авзагамээрэн ХХК зээлийг бүрэн хариуцана гэж маргасан.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбаяр нь Авзагамээрэн ХХК нь зээлийн 300 000 000 төгрөгийг авсан талаар маргаагүй, төлбөрийг бүрэн хариуцна, зээлийн хүүг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч банк бусын зүгээс хүлээж авалгүй зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн тул үндэслэлгүй нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн үүрэгт 350 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК нь хариуцагч Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нартай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ20180026 тоот Зээлийн гэрээ байгуулж, 300 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ныг хүртэл нэг сарын 2,5 хувийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №ЗБ20180026 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр С.Даваадуламын өмчлөлийн ХУД-ийн 4 дүгээр хороо, Арцатын 18-6 гудамж, 9 тоот 240 м.кв хувийн сууцны зориулалттай, Ү-22060557111 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, №ЗБ20180026А дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр А.Ганбаатарын өмчлөлийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 206/2 байр, 44 тоот, 125.7 м.кв 4 өрөө, Ү-2206058765 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт хэрэгт авагдсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг авч ашигласан эсэх, зээлийн гэрээний үүргийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн хүү, нэмэгдүүлсэн хүү байх бөгөөд зээлийн гэрээ байгуулсан болон барьцааны гэрээ байгуулсан талаараа зохигч маргаагүй байна.
6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-д “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж зааснаар талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК 300 000 000 төгрөгийг Н.Дамдинрагчаа, Н.Оюунгэрэл нарт шилжүүлсэн ба зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Дамдинрагчаа нь уг зээлийг нэхэмжлэгчээс авсан боловч Авзагамээрэн ХХК-нд шилжүүлсэн, зээлийн төлбөрийг Авзагамээрэн ХХК нь төлдөг байсан, цаашид ч төлж барагдуулах тул гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй, хариуцагч Н.Оюунчимэг нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргасан.
Хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй, захиран зарцуулаагүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар 300 000 000 төгрөгийг Н.Дамдинрагчаа хүлээн авсан, мөн зээлийн гэрээний үүргийг буюу зээлийг Авзагамээрэн ХХК төлдөг байсан гэж тайлбарласан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Авзагамээрэн ХХК нь зээлийн үүргийг гүйцэтгэж байсныг нотлоно гэж дансны мэдүүлэг ирүүлсэн гэх боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлд “...гүйлгээний утга Дамдинрагчаа, Оюунчимэгээс төлбөр”, “...Оюунчимэгээс төлбөр, төлөлт хийв, “, Худалдаа хөгжлийн банкны Авзагамээрэн ХХК-ийн дансны хуулгаар “...Дамдинрагчаа, Оюунчимэгээс төлөлт” гэж зээлийг төлж байсан болох нь тогтоогдож байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь мөнгөн хөрөнгө 300 000 000 төгрөгийг хүлээн авсан, үүргийг гүйцэтгэж байгаа гэж тайлбарласан боловч уг мөнгийг хариуцагч Н.Дамдинрагчаа нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу хүлээн авч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд шилжүүлэн өгсөн талаар маргаагүй болно.
Хариуцагч Н.Оюунчимэг нь зээлийн гэрээнд зээлдэгчээр гарын үсгээ зурсан байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч, захиран зарцуулаагүй гэж маргасан боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран зээлдэгч гэдэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголтод хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн өмнө адил үүрэг хүлээхээр гэрээнд тохиролцсон байх тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч нь гэрээний тал болох хэн алинаас нь шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 300 000 000 төгрөгийг хариуцагч Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нарт шилжүүлсэн ба зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцоолол, үлдэгдлээр үндсэн зээлийн үлдэгдэл 285 000 000 төгрөг, хүү 192 762 070 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76 460 140 төгрөг, нийт 554 222 210 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Авзагамээрэн ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 122 643 836 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан бөгөөд Авзагамээрэн ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тооцоололд “...үндсэн зээл 300 000 000 төгрөг, хүү 90 000 011 төгрөг, нийт 390 000 011 төгрөг, үндсэн зээлнээс 32 643 836 төгрөг, үлдэх 267 356 164 төгрөгийг төлсөн” гэсэн байх ба үндсэн зээл 300 000 000 төгрөг, хүү 50 000 000 төгрөг, нийт 350 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусдыг хүлээн зөвшөөрөхгүй, төлсөн мөнгийг үндсэн зээлнээс хасч тооцоогүй, цар тахалын улмаас зээл хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчид хариуцагч нараас болон Авзагамээрэн ХХК-иас удаа дараа хүргүүлсэн байхад нэмэгдүүлсэн хүү тооцоод байгаа нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
Зохигч талууд зээлийн эргэн төлөлтийн хуваариар төлбөр төлөлтийг харилцан тохиролцсон, зээл төлөлтийн дансны хуулгаар хариуцагч нь хүүнд 107 643 848 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, мөн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 15 000 000 төгрөгийг буюу нийт 122 643 848 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 300 000 000 төгрөгнөөс хариуцагч нарын төлсөн 15 000 000 төгрөгийг хасч 285 000 000 төгрөг /300 000 000-15 000 000=285 000 000/, зээлийн хүү 192 762 070 төгрөг, нийт 477 762 070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчээс хариуцагч нарыг үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж нэмэгдүүлсэн хүүнд 76 460 140 төгрөгийг гаргуулахаар шаардсан, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” боловч хариуцагч нар нь хариу тайлбартаа зээлийн гэрээний үүргийг төлөхөд дэлхий даяар тархсан цар тахалтай холбоотойгоор хөл хорио, хязгаарлалт тогтоосноос төлбөр төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, Авзагамээрэн ХХК-иас болон хариуцагч нараас Дарь финанс ББСБ-д хандаж 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус тус зээлийн гэрээний хугацааг хойшлуулах хүсэлтүүдийг хүргүүлж байсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүү болох 76 460 140 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй” гэсэн байх бөгөөд улс орон даяар цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан нь нийтэд илэрхий үйл баримт болно.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нараас нийт 477 762 070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 76 460 140 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Н.Дамдинрагчаа, А.Ганбаатар нар нь нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №ЗБ20180026 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, С.Даваадуламын өмчлөлийн ХУД-ийн 4 дүгээр хороо, Арцатын 18-6 гудамж, 9 тоот 240 м.кв хувийн сууцны зориулалттай, Ү-22060557111 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 2018 оны 10 дугаар сраын 03-ны өдрийн №ЗБ20180026А дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, А.Ганбаатарын өмчлөлийн ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 206/2 байр, 44 тоот, 125.7 м.кв 4 өрөө, Ү-2206058765 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ.
Хариуцагч Н.Дамдинрагчаа, А.Ганбаатар нар нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №ЗБ20180026 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд “...Дарь финанс ХХК, Н.Дамдинрагчаа нар харилцан тохиролцож ХУД-ийн 4 дүгээр хороо, Арцатын 18-6 гудамж, 9 тоот 240 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Ү-22060557111 дугаарт бүртгэлтэй, Н.Дамдинрагчаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө” гэсэн боловч хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000669386 дугаартай гэрчилгээнд ХУД-ийн 4 дүгээр хороо, Арцатын 18-6 гудамж, 9 тоот 240 м.кв хувийн сууцны зориулалттай Ү-22060557111 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Даваадулам бүртгэлтэй байна.
Гэвч зохигч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх барьцааны зүйлийн өмчлөгч нь Н.Дамдинрагчаа өмчлөгчөөр өөрчлөн бүртгүүлсэн талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2.7-д “зээлдэгч нь зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч мөн болох эсэх барьцаалах зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан болохоо, түүнчлэн энэ гэрээг байгуулахаас өмнө уул эд хөрөнгийг бусдад худалдаагүй, давуу эрхээр түрээслээгүй, өр төлбөрт хураалгаагүй, бусдад бэлэглээгүй, өв залгамжлуулахаар гэрээслээгүй, түүгээр батлан даалт гаргаагүй, үүнээс өмнө өөр үүргийг барьцаанд тавиагүй ба бусдад ямар нэгэн байдлаар аливаа нэг маргаанд холбогдолгүй бөгөөд энэ эд хөрөнгийн талаар гуравдагч /өмчлөгчөөс өөр / этгээдийн эдлэх эрх байхгүй болохыг бүрэн хариуцах”-аар заажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Дамдинрагчаа, А.Ганбаатар нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нар нь үүргээ гүйцэтгээгүй бол албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 4.2.1, 6.1-д энэ талаар харилцан тохиролцсон байна.
Иймд хариуцагч Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нарыг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч Н.Дамдинрагчаа, А.Ганбаатар нарын барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 144 461 төгрөгийг /70 200+70 200+3 004 061=3 144 461/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 546 760 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-нд олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Дамдинрагчаа, Н.Оюунчимэг нараас зээлийн гэрээний үүрэгт 477 762 070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 76 460 140 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Оюунчимэг, Д.Дамдинрагчаа нарыг үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол улсын бүртгэлийн Ү-2206057111 дугаарт бүртгэлтэй Н.Дамдинрагчаагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 18-6 гудамж, 9 тоот 240 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206058765 дугаарт бүртгэлтэй А.Ганбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, 206/2 байр, 44 тоот 125.7 мкв, 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 144 461 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 546 760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дарь финанс ББСБ ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН