Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч: Б.С 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б С-д холбогдох,,дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Б С

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12-13 цагийн үед,, УВА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн хар хөх өнгийн автомашиныг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэр “Шар булагийн даваа” гэх газарт жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан ”жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн С.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Б.Б амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Сгийн мэдүүлсэн: ...Би өөрийн анхаарал болгоомжгүйгээс болж замын хажуу руу орсон гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 1712002320080 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч С.Оийн мэдүүлсэн: ...Би Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд буюу зүүнээсээ баруун тийш чиглэлд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12-13 цагийн орчимд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг Шарбулагийн давааны баруун доор 37-33 УВА улсын дугаартай Приус-20 маркийн автомашинд зорчиж яваад зам тээврийн осолд орсон юм. Тухайн үед замын зүүн гар тал руу буюу эсрэг урсгал руу орсон ба буцаад баруун гар тал руугаа орох шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд машин дотор хэвтэж байсан ба гадагшаа гартал уг машин онхолдсон байдалтай, хамаг шил толь, хаалга, үүд нь эвдэрсэн байсан. Хэдэн удаа, хэрхэн, яаж онхолдсон талаар мэдэхгүй байна. Уг автомашинд Б, О, С, П, бид нар явж байсан юм. Уг автомашиныг С жолоодож явсан. Харин арын суудалд О, Б, бид гурав суучихсан, урд суудал дээр П сууж явсан ба унтаж байсан. Жолооч С архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Угаасаа тийм зүйл болоогүй, бид нар Архангай аймгийн Ихтамир суманд хоол идчихээд хөдөлсөн юм. Машин зүгээр явж байгаад зүүн гар тийшээгээ орсон ба буцаад баруун гар тал руугаа болох шиг болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Уг автомашин тийм их хурдтай яваагүй. Би хэдэн км/цагийн хурдтай явсныг сайн мэдэхгүй байна, уг нь тийм их давхиагүй. Жолооч унтсан зүйл байхгүй, зүгээр л явж байсан. С Улаанбаатар хотоос анх гарахдаа л автомашин жолоодсон. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өглөө бид нар Улаанбаатар хотоос хөдөлсөн. Дээрх автомашин Б эзэмшлийн автомашин байгаа юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/

 

Хохирогч С.Оийн дахин мэдүүлсэн: ...Би 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг Шарбулагийн давааны баруун доор зүүнээс баруун тийш чиглэлтэй нөхөр Б эзэмшлийн 37-33 УВА улсын дугаартай хар хөх өнгийн Приус-20 маркийн автомашинд зорчиж яваад онхолдож, зам тээврийн осолд орсон. Би тухайн үед зүйрмэглэчихсэн явж байсан бөгөөд гэнэт л түс тас хийсэн чимээ гарсан. Хэрхэн, яаж онхолдсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Буугаад иртэл автомашин маш их эвдэрчихсэн байдалтай байсан. Онхолдож хөрвөөсөн нь тодорхой байсан. Автомашин дотор манай найз О, манай нөхөр Б, манай хүү П, нагац дүү С, бид нар явсан. С автомашиныг жолоодож явсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 04 цагийн үед Улаанбаатар хотоос гарахад л С автомашин жолоодсон. Манай нөхөр Б жолоодох эрхийн үнэмлэхгүй учраас Сгаар автомашин жолоодуулсан. ...Би тухайн үед зүйрмэглэсэн байсан учраас мэдэхгүй, угаасаа нэг их хурдтай явахгүй байсан юм. Тиймээс осол болох үед тийм их хурдтай яваагүй байх, дундажаар 70-80 км/цагийн хурдтай тогтмол яваад байсан. Осол болох үед 70-80 км/ цагийн хурдтай явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/

Хохирогч Б.Н-н мэдүүлсэн: ...Талийгаач Б бол миний төрсөн аав бөгөөд би түүнийг төлөөлж хохирогчоор оролцож байна. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг Шарбулагийн давааны баруун доор манай аав өөрийнхөө эзэмшлийн 37-33 УВА улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота Приус-20 маркийн автоамашиныг С-гаар жолоодуулан замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд орж Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмнэлэгт 3 хоноод нас барсан. Тухайн үед манай талийгаач аав Б маань автомашин жолоодох эрхгүй байсан ба Сгаар Улаанбаатар хотоос эхлэн автомашинаа жолоодуулсан. С бол жолооч хүн юм. Би тухайн үед өөрийнхөө автомашиныг жолоодон уг автомашины урд талд нь явж байсан. Би нилээн зайтай явж байсан ба зам тээврийн осол болохыг бол хараагүй. Ардаас ирэхгүй болохоор нь буцаж эргээд явж байтал замд онхолдсон байдалтай байсан. Цагдаа, түргэн дуудацгаасан байсан. Уг автомашин асфальтан замын хойд талд зүүн хойш харсан байдалтай, маш их эвдэрч гэмтсэн, ашиглах боломжгүй байдалтай байсан. Уг автомашинд талийгаач аав Б, ээж О, нутгийн эгч болох О, ах П, С нар явж байсан. Аав ухаангүй байдалтай байсан. Бусад хүмүүсийн бие гайгүй байсан. Тэгээд эмнэлэг рүү явцгаасан. Ийм л зүйл болсон. Уг автомашиныг ямар хурдтай явсныг мэдэхгүй байна. Замын нөхцөл байдал бол хэвийн байсан. Уг автомашин нь одоо байхгүй. Маш их эвдэрсэн байсан ба хүмүүс эд зүйлийг нь тоноод явсан байна лээ. Одоо бүр юу ч байхгүй болсон. Тухайн үед бол авч явах гээд боломжгүй байсан. Зүүн талын урд дугуй нь цааф гар хэсгээрээ хугараад газарт хөндлөн байдалтай болсон байсан. Уг автомашин нь Монгол улсад 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр орж ирээд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс зам тээврийн хөдөлгөөнд оролцсон бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Улаанбаатараас 2017 оны 10 дугаар сарын 29-ний үүрээр 04 цагийн орчимд хөдөлсөн ба Архангай аймгийн Ихтамир суманд ирж хоол идэцгээгээд хамт цааш хөдөлсөн. Тухайн үед хэвийн байсан. Замын нөхцөл ч сайн байсан ба ямар нэгэн байдлаар автомашинд эвдрэл учруулах зүйл замд байгаагүй. Угаасаа орж ирсэн тэрэг учраас ямар нэгэн эвдрэлгүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр техникийн үзлэгт орсон ба тухайн өдөр улсын дугаараа авсан. Үүнээс хойш зам тээврийн осол болохоос өмнө ямар нэгэн байдлаао эвдэрч гэмтээгүй, осолд ороогүй хэвийн байсан. Уг автомашин нь манай талийгаач аав Б эзэмшлийн автомашин бөгөөд түүний нэр дээр байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Сд ямар нэгэн гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-29 хуу/

 

Хохирогч Б.Н-н дахин мэдүүлсэн: ...Одоо уг машин байхгүй.  Зам тээврийн осол 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг Шар булагийн давааны баруун доор болсон бөгөөд уг автомашиныг тухайн газар орхисон ба ямар нэгэн байдлаар зөөх холдуулах арга байхгүй байсан. Цагдаагийн байгууллага уг автомашиныг ямар нэгэн харуул хамгаалалттай газар аваачиж тавих талаар бол шаардлага тавьж байсан ба хэрэг болсны маргааш нь уг газарт ирэхэд эд ангиуд нь алга болсон байсан. Тэгээд тэр чигээр нь хаячихсан. Сүүлд нь уг газраар явахад байхгүй болсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би талийгаач аав Бат-Эрдэнийгээ төлөөлж энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Иймээс надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

 

Гэрч Б.П-ын мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр талийгаач Б, түүний хүү П, эхнэр О, нутгийн хүн болох О нартай хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг Шарбулагийн давааны доор Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд 37-33 УВА улсын дугаартай Приус 20 маркийн автомашинтай зорчиж яваад зам тээврийн осолд орсон талаар нь би утсаар сонсож мэдсэн. Тухайн автомашин манай талийгаач ах Б эзэмшлийнх бөгөөд хэрэг болох үед С жолоо барьж явсан гэсэн. С 1993 онд Увс аймагт төрсөн. Эхээс дөрвүүлээ бөгөөд ах нь тусдаа гарсан, одоогоор 2 дүүгийнхээ хамтаар гурвуулаа Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг 10-002 тоотод оршин суудаг. Одоогийн байдлаар гурвуулаа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд алтны уурхайд ажилладаг. Урьд өмнө нь 2011 онд шиг санагдаж байна, хулгайн хэрэгт холбогдож шүүхээр шийтгүүлж байсан. Эхнэр, хүүхэдгүй, архи дарс уугаад байдаггүй л хүүхэд байгаа юм. Түүний аав 2016 онд нас барсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний талийгаач ах Б асуудал дээр түүний хүү Н хохирогчоор оролцож байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/

 

Б.Сгийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Би зүйл ангийг зөвшөөрч байна. Би 37-33 УВА улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан. Би 2017 оны 10 дугаар сарын 29-ний үүрээр 04 цагийн үед Улаанбаатар хотоос уг автомашиныг жолоодон Хөвсгөл аймгийн чиглэлд хөдөлсөн. Осол болох үед автомашинд П, О, О, Б нар зорчиж явсан. Уг автомашин нь манай талийгаач ах Б.Б эзэмшлийн эзэмшлийн автомашин байсан. Талийгаач Б.Б нь өөрөө автомашин жолоодох эрхгүй учраас надаар жолоо бариулсан юм. Би бол автомашин жолоодох эрхтэй. Осол болох үед ямар нэгэн байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэээгүй байсан. Би тухайн үед зам голлож явж байгаад эсрэг урсгал руугаа орсон ба буцаагаад өөрийнхөө явж байсан урсгал руу орох гээд тормос гишгээд жолооны хүрдээ эргүүлэхэд шарваад замын хажуу руу гарч онхолдсон. Тухайн үед замын нөхцөл байдал хэвийн байсан ба хальтиргаа гулгаа байхгүй, цаг агаар дулаахан нартай, зам дээр ямар нэгэн эвдрэлгүй байсан. Уг автомашины эд анги хэвийн байсан. Ямар нэгэн эвдрэлгүй байсан. Монгол улсад орж ирээд удаагүй, оношлогоондоо орсон автомашин байсан. Би тухайн үед бол яг заалтыг хараагүй, би анхнаасаа 70-80 км/цагийн хурдтай явсан. Тухайн үед ч ойролцоогоор 70-80 км/цагийн хурдтай явсан. Тухайн үед хэсэгхэн анхаарал сарниад л ийм зүйл болчихлоо. Анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож байсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Би дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өөрийнхөө бурууг ухаарч, ойлгож, гэмшиж байна. Энэхүү хэргийг санаатайгаар үйлдсэн зүйл байхгүй, болгоомжгүйгээр л үйлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 133-135 хуу/

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 92 тоот шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Жолооч С нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн. 2. Тус зам тээврийн осол нь Б.Сгийн ЗХД-ийн 1.5, 9.2 дахь заалтуудыг зөрчиж явсан буруутай үйлдлийн улмаас гарсан гэж дүгнэв. 3. Замын зохион байгуулалт осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй байна. 4. Шинжээч эмчийн 57 тоот дүгнэлтээр Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. 5. Б.С нь “В” ангилалын 938299 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна. Лавлагааг хавсаргав...гэх дүгнэлт /хх-ийн 54 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Талийгаач Б.Б цогцост, шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавал тархины битүү хүнд гэмтлийн шинжүүд болон оношийн 2 дугаарт тусгагдсан хүндрэлүүд, 3.А-д тусгагдсан архаг хууч өвчин, 3.Б-д тусгагдсан шинэ гэмтлүүд тогтоогдсон. 2. Оношийн 1 ба 3.Б-д тусгагдсан гэмтлүүд нь шинэ бөгөөд мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр осол болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины няцралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3-1-3-т зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, хуйхан доорхи цус хуралтууд, баруун нүдний алимны салстын цус хуралт, доод уруулын шарх, дээд, доод уруулын цус хуралтууд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, дух, зүүн гар, тохойны зулгаралтууд нь биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гавал тархины гэмтлүүд нь үхэлтэй шууд шалтгаанд холбоотой. 4. Б.Б нь авто ослоос үүссэн тархины хатуу бүрхүүл хальсан доорхи цусан хурааны улмаас амь тэнссэн байдалд байхдаа тархи дарагдаж шаантагласнаас нас баржээ. 5. Шинжилгээгээр тархины хатуу бүрхүүлийн архаг наалдангит үрэвсэл, судас хатуурлын 1 дүгээр зэрэг, элэг өөхлөлт, ходоодны архаг хатингаршилт үрэвсэл, баруун уушигны дэлбэнгүүдийн архаг наалдангит үрэвсэл зэрэг архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон ба үхэлтэй шууд холбоогүй, үхлийн шалтгаан болоогүй байна. 6. Талийгаач нь Цоликлон системээр О 1-р бүлгийн цустай байна. 7. Талийгаач Б.Б цусанд спиртийн агууламж илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй байсныг харуулж байна...гэх дүгнэлт /хх-ийн 45-49 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 464 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. С.Оийн биед зүүн эгэмний хугарал, тархи доргилт, баруун чамархайгаас дагз хүрсэн хуйхны халдварлагдсан шарх гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсчээ. 3. Зүүн эгэмний хугарал гэмтэл нь ”Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-3-1, 2-3-2-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр гэмтэлд,  тархи доргилт, хуйхны шарх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30%-иар алдагдуулах ба эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. 5. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 82 хуу/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09 хуу/ зэрэг болно. 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12-13 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэр “Шар булагийн даваа” гэх газарт зам тээврийн осол гарч, иргэн С.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Б.Б амь насыг хохироосон нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Тухайн хэрэгт шүүгдэгч Б.С нь гэм буруутай, түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч Б.Б нас барсан, С.Оийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд буюу зүүнээсээ баруун тийш чиглэлд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12-13 цагийн орчимд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг Шарбулагийн давааны баруун доор 37-33 УВА улсын дугаартай Приус-20 маркийн автомашинд зорчиж яваад зам тээврийн осолд орсон юм. Тухайн үед замын зүүн гар тал руу буюу эсрэг урсгал руу орсон ба буцаад баруун гар тал руугаа орох шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд машин дотор хэвтэж байсан ба гадагшаа гартал уг машин онхолдсон байдалтай, хамаг шил толь, хаалга, үүд нь эвдэрсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, хохирогч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “би тухайн үед зүйрмэглэчихсэн явж байсан бөгөөд гэнэт л түс тас хийсэн чимээ гарсан. Буугаад иртэл автомашин маш их эвдэрчихсэн байдалтай байсан. Онхолдож хөрвөөсөн нь тодорхой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, хохирогч Б.Нн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг Шарбулагийн давааны баруун доор манай аав өөрийнхөө эзэмшлийн 37-33 УВА улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашиныг Сгаар жолоодуулан замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд орж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын эмнэлэгт 3 хоноод нас барсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-29/, гэрч Б.Пын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр талийгаач Б, түүний хүү П, эхнэр О, нутгийн хүн болох О нартай хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг Шарбулагийн давааны доор Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд 37-33 УВА улсын дугаартай Приус 20 маркийн автомашинтай зорчиж яваад зам тээврийн осолд орсон талаар нь би утсаар сонсож мэдсэн. Тухайн автомашин манай талийгаач ах Б эзэмшлийнх бөгөөд хэрэг болох үед С жолоо барьж явсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/, талийгаач Б.Б үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-49/, хохирогч С.Оийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 464 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82/, яллагдагч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “талийгаач Б.Б нь өөрөө автомашин жолоодох эрхгүй учраас надаар жолоо бариулсан юм. Би тухайн үед зам голлож явж байгаад эсрэг урсгал руугаа орсон ба буцаагаад өөрийнхөө явж байсан урсгал руу орох гээд тормос гишгээд жолооны хүрдээ эргүүлэхэд шарваад замын хажуу руу гарч онхолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 133-135/, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 92 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч З овогт Б Сг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Г.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байх ба шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Б Сг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

4. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Сгийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ