| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0554/З |
| Дугаар | 128/ШШ2024/0847 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2024/0847
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Таван хур” ХХК /РД:5474159/
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нарт холбогдох татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даяндэмэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, хариуцагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмандах, М.Доржханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нарын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-23230000166 дугаар нөхөн ногдуулалтын актын төлбөрийг 92,378,181.82 төгрөг болгож багасгуулах тухай,
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нараас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-23230000166 дугаартай нөхөн ногдуулалтын актаар Таван хур ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 92,378,181.82 төгрөгийн нөхөн татвар, 27,713,454.55 төгрөгийн торгууль, 18,475,636.36 төгрөгийн алданги, нийт 138,567,272.73 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
1.2. Нэхэмжлэгч Таван хур ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нараас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-23230000166 дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан байна.
1.3. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор... татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-23230000166
дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
1.4. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нараас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-23230000166 дугаартай нөхөн ногдуулалтын актыг Таван хур ХХК-д 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Монгол шуудан ХК-ийн RD178151880MN баталгаат шуудангаар хүргүүлж, нэхэмжлэгч “Таван хур” ХХК-ийн төлөөлөгч Д.Даяндэмэд нь хаягтаа байхгүй гэх шалтгааны улмаас илгээгч байгууллагын ажилтанд 0224 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буцаан гардуулсан байна.
1.5. Таван хур ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-23230000166 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байна. 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
1.6. Таван хур ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нарын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн НА-23230000166 дугаартай актын төлбөрийг 92,378,181.82 төгрөг болгож багасгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан.
Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэл гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Тус шүүхэд “Таван хур” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нарын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-23230000166 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлагыг өөрчилж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасан “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” болгон дараах үндэслэлээр өөрчилж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд албан татвар суутган төлөгчийн бүртгэлийн талаар зохицуулсан байх бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/02 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэхээс хасах журмыг баталсан. Уг журмын 3-т албан татвар суутган төлөгчийг бүртгэхэд тавигдах шаардлага, 4-т бүртгэх, гэрчилгээ олгох харилцааг зохицуулсан. Гэвч “Эх өв хүч” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээг хүчингүй болгож бүртгэлээс хасагдаагүй байх бөгөөд тус хуулийн этгээд нь нэрээ өөрчилсөн төлөвтэй байна.
Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь “Таван хур” ХХК-ийн зөрчилтэй гэх нэмэгдсэн өртгийн албан татварын 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зөрчилтэй гэх үндэслэлээр татгалзахгүйгээр Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4-т заасны дагуу хянан баталгаажуулж хүлээн авсан. Таван хур ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зөрчилтэй эсэх талаар тухайн үед татварын албанаас мэдэгдэж байгаагүй.
Тайланг хүлээн авахаас татгалзаж, залруулахыг шаардсан татварын албаны шийдвэрийг татвар төлөгч биелүүлээгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-т “Энэ хуулийн 30.6-д заасан тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх бөгөөд энэ нь тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудалд татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болно” гэж заасны дагуу татварын хяналт шалгалт хийж татварын ногдлыг тодорхойлдог ба хуулийн 36 дугаар зүйлд заасан нөхөн ногдуулалтын акт үйлдэх үндэслэл бүрдэхээр хуульд зохицуулжээ.
Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд татварын тайланд залруулга хийх тухай заасан бөгөөд татварын алба тайланг хүлээн авч баталгаажуулснаас хойш 4 жилийн дараа хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн актаар нөхөн татвар торгууль, алданги ногдуулсан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Хэрэв “Таван хур” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлагналыг зөрчилтэй гэдгийг тухайн үед мэдэх боломжтой байсан бол дараа онд буюу 2020 онд татварын тайланд залруулга хийх байдлаар зөвхөн нөхөн татварын өр үүсэх боломжтой байсан. Гэвч тухайн үед татвар төлөгчийн тайлагнасныг татварын алба хүлээн авч баталгаажуулснаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан хууль ёсны итгэлийг хамгаалах итгэл үүссэн гэж үзэж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын актад Таван хур ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын тайланг хүлээн авч баталгаажуулсан шийдвэрийг хүчингүйд тоосон тухай дурдаагүй.
Гэтэл Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-д заасан “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах” татварын албаны чиг үүргийн хэрэгжилт хангалтгүйгээс үүдэлтэй эрсдэлийг татвар төлөгчид хариуцуулах нь зохимжгүй юм.
Таван хур ХХК-ийн хувьд Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалын хавсралтаар баталсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагад хэрэглэгдэх анхан шатны маягтыг нөхөх зааврын дагуу төлбөрийн баримт үйлдэж тайлан илгээсэн.
Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нарын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-23230000166 дугаар актын төлбөрийг 92,378,181.82 төгрөг болгож багасгаж өгнө үү.” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нарын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-23230000166 дугаар актыг хүчингүй болгох шаардлагыг өөрчилж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасны дагуу төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах болгон өөрчилж байна. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр ямар шаардлага хангасан этгээд буюу иргэн, хуулийн этгээдийг бүртгэх вэ гэдэг зохицуулалт байгаа. Мөн түүнийг дагаж гарсан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах тухай журам байдаг. Тус журам дээр бүртгэлд тавигдах шаардлага, бүртгэх журам, гэрчилгээ олгох харилцааг нарийвчлан зохицуулж өгсөн. Эх өв хүч ХХК нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Гранд талст ХХК гэж нэрээ өөрчилсөн байдаг. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч хэвээрээ байгаа. Гэтэл Татварын улсын байцаагчийн акт Гранд талст ХХК-иас бараа материал худалдаж аваагүй байна. Авсан бараа материалын нэмэгдсэн өртгийн албан татварын баримт ирээгүй байна гэж 2019 оны 1-12 дугаар сар хүртэл нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар худалдан авалтын хасалт хийсэн төлбөрт торгууль, алданги ногдуулсан. Бидний зүгээс нөхөн татвар дээр маргаагүй. Бараа материал худалдаж авсан, аваагүй гэдэг дээр маргаагүй. Нөхөн татвар төлөөгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэтэл Татварын алба тайлан хүлээж авахтай холбоотой бүх мэдээллийг Гаалийн ерөнхий газар болон Монгол банкнаас цуглуулж Эх өв хүч ХХК дээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэх этгээд мөн үү, биш үү гэдгийг шалгаж гэрчилгээ олгосон байгаа. Түүний үндсэн дээр бид бараа материал худалдаж авч нэмэгдсэн өртгийн албан татварын баримт бичүүлж авч нэмэгдсэн өртгийн албан татвараа тайлагнасан үйл ажиллагаа болсон. Гэтэл тухайн үед тайлан хүлээж авахтай холбоотой Татварын ерөнхий хуульд тайланг хүлээн авахаас татгалзаж болно. Залруулах шаардлага үүсэж болно гэж заасан. Таван хур ХХК-ийг тайлан өгөхөд ямар ч асуудал байгаагүй. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д зааснаар тайланг хүлээн авахаас татгалзсан, залруулахыг шаардсан тохиолдолд татварын бүртгэл мэдээллийн санд татвар төлөгч тайлангаа залруулах үүрэгтэй. Үүргээ хүлээгээгүй бол Татварын албанаас татварын хяналт шалгалт хийж татварын ногдлыг зөв тодорхойлж, акт үйлддэг. Тус зохицуулалтыг Татварын алба хийгээгүй тул татвар төлөгчид торгууль төлөх эрсдэл үүсэж байна. Татварын албан болон татвар төлөгч аль аль нь хариуцлагатай байх ёстой. Дата мэдээллийг нь авч дүн шинжилгээ хийж торгууль, алдангийг хүчингүй болгож өгнө үү. 100 хувь татвар төлөгчийн буруу гэж үзэхгүйгээр татвар төлөгчийг буюу Эх өв хүч ХХК-ийн гэрчилгээ олгож бусдад хий бичилттэй падаан тараах нөхцөл бүрдүүлж байгаа үйл ажиллагаа нь Татварын албанд гэрчилгээ нөөцөд бүртгэлтэй байна. Цахим систем дээр хасалт хийлгэж хэвийн явж байсан үйл ажиллагааг 3-4 жил өнгөрсний дараа буруу байсан байна. Торгууль алданги оногдуулах нь зүйтээ гэж шийдвэрлэж байгаа нь буруу байна. Таван хур ХХК-ийн хувьд тайланг илгээж баталгаажуулснаар татвар төлөгчид итгэл хүлээлгэсэн гэж үзэж байна. Энэ нь эдийн засгийн эрх зүйн үр дагавартай. Тухайн үед мэдсэн бол даруй залруулж нөхөн татвараа төлөөд явах боломжтой байсан. Хурааж хуримтлуулж байгаад 4 жилийн дараа акт тавьж байгаа нь үндэслэлгүй байна. Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах гэсэн Татварын албаны чиг үүрэг хангалтгүй байна. 100 хувь татвар төлөгчийн буруу гэж үзэх учир дутагдалтай байна. Татварын хяналт шалгалтын акттай холбоотой зөвлөмж бичсэн байгаа. Зөвлөмж дээр Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар баталсан өмчийн бүх эрхийн аж ахуй нэгж байгууллага анхан шатны баримтыг заавал үйлдэх гэсэн байгаа. Төлбөрийн баримтыг Сангийн сайдын анхан шатны баримтаар нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг тооцсон баримтыг татвар төлөгч худалдан авалтад авч цахимаар тайланг шивж тайлагнасан нь татвар төлөгчийг шууд буруутай гэж үзэх үндэслэлгүй тул төлбөр тогтоосон захиргааны актыг 92 сая төгрөг болгон багасгаж өгнө үү.” гэжээ
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа зүйлийг Татварын ерөнхий хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Татвар төлөгч хуулийн хугацаанд тайлангаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй. Хэрвээ тайлан ногдол бууруулах болон нэмэгдүүлэх байдлаар тайланд залруулга хийх юм бол дараа оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тайланд залруулга хийж болно гэж хуульчилж өгсөн. Татварын ногдуулалт буруу гэж үзвэл Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу төлбөл зохих татварын ногдол буруу гэж үзвэл Татварын алба хяналт шалгалт явуулна гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд зааснаар татварын нөхөн ногдуулалтыг албан татвар, торгууль ногдуулах татварын хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна гэж хуульчилж өгсөн. 4 жил татвар төлөгчийн төлсөн татвар болон илгээсэн тайлан дээр хяналт шалгалт хийдэг. Хяналт шалгалт хийхдээ нөхөн татварын акт үйлддэг. Нөхөн татварын акт нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14-т зааснаар "нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг хэлнэ гэж зааж зохицуулж өгсөх харилцаа. Бид хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлсэн. 2018 онд тайлангаа илгээж Татварын алба хүлээж авсан байсан. Хэрвээ Татварын алба хүлээж аваагүй байсан бол гэж нэхэмжлэгч талаас хэлээд байна. Тэгвэл татварын хууль тогтоомжид хөөн хэлэлцэх хугацаа гэж оруулах ямар шаардлага байх вэ. Татвар төлөгч болгон үүргээрээ татварын тайлангаа үнэн, зөв тайлагнасан гэж хүлээж авч байгаа. 4 жил дээ Татварын алба татвар төлөгчийн тайлан алдаатай байна уу?, алдаагүй байна уу? гэдгийг шалгаж байгаа. Орлогоо бууруулсан биш зарим татвар төлөгчид илүү тайлагнасан асуудал байдаг. Илүү төлсөн тайлан дээр буцаан олгох асуудал гарч ирдэг. Энэ харилцааг 4 жилийн хугацаагаар зохицуулж өгч байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа байна гэдэг нь төлсөн татварыг илүү төлсөн байна уу?, бууруулсан байна уу? гэдэг асуудлыг шалгана гэж нарийвчилж зохицуулж өгсөн. Хууль тогтоомжид заасан ажиллагааны дагуу явж байгаа. Мөн нэхэмжлэгч талаас Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийг татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр хангах, урьдчилсан дүгнэх ёстой гэж хэлж байна. Шинэ үеийн Татварын алба үүсэж хөгжөөд 34 жил болж байна. Жил болгон татвар төлөгчийн өдөр гэж гаргаж харьяа дүүрэг, орон нутаг, сум, нийслэлийн хэмжээнд татвар төлөгчийг хамруулдаг. Алдаатай тайлан байх юм бол түүнийг нь залруулж авдаг. Дотроосоо байх юм бол хүсэлтийг нь авч татвар төлөгчид зөвлөгөө өгдөг. Мөн Монголын Татварын албан болон дүүргийн Татварын хэлтэс болгон дээр сайт байдаг. Энэ болгон дээр гарч байгаа хуулийг хэрэгжүүлж ээдрээ түвэгтэй хуулийн заалтууд байдаг. Жишээ нь тайлангаа хуулийн хугацаанд ирүүлээгүй бол ямар ямар шаардлага хангах ёстой вэ, ямар үндэслэлээр Татварын алба хүсэлтийг хүлээж авах, тайлангаа буруу тайлагнасан бол хуулийн хугацаанд хэзээ тайлангаа залруулах ёстой вэ гэдэг шторкуудыг тухай бүр хийж цахимаар явуулдаг. Тэр нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.7-д зааснаар цахим хуудсаар татварын удирдамж байршуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа сургалт явуулах гэж байгаа. Таван хур ХХК-ийн хаалгыг тогшиж Татварын албанаас ирлээ гэж хэлэх боломжгүй. Хэдэн татвар төлөгч байгаа билээ. Татварын албан хаагч нар маш бага. Бүх газар олон нийтийн сүлжээ ашиглах боломжтой тул сургалт, сурталчилгаа, орсон хуулийн заалтуудад нэмэлт өөрчлөлт орсон дээр шторкуудыг видео контент хэлбэрээр Татварын алба хэрэгжүүлж сурталчилгаа явуулж байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаж буй Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нарын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн НА-23230000166 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч компанийг Эх өв хүч ХХК-ас 923,781,818.00 төгрөгийн бараа материал худалдан аваагүй атлаа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөр зохих татварын дүнгээс 92,378,181.78 төгрөгийг хасаж тооцон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015.07.09/ 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх, 14.1-т хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно. 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, 14.5-д албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн тул 92,378,181.82 төгрөгийн нөхөн татвар, 27,713,454.55 төгрөгийн торгууль, 18,475,636.36 төгрөгийн алданги, нийт 138,567,272.73 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
2. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө. гэж заажээ.
3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, татварын нөхөн ногдуулалтын акт гаргахад тухайн цаг мөчид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Татварын ерөнхий хуулийг хэрэглэсэн тохиолдолд татвар төлөгчийн эрх зүйн байдал дордохоор байвал өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг, тухайлбал, 2008 оны Татварын ерөнхий хууль болон 2017 оны Зөрчлийн тухай хуулийн /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх зохицуулалт/ 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэхийг хууль тогтоогч зөвшөөрчээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлан үзэхэд, нэхэмжлэгч компанийн гаргасан зөрчил нь 2018 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлтийн тайланд тайлагнасан хасалттай холбоотой буюу цаг хугацааны хувьд гаргасан зөрчил нь 2018 онд боловч татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актыг тогтоосон хугацаа нь 2023 онд хамаарч байх тул зарчмын хувьд татварын нөхөн төлбөрийг тогтоохдоо 2019 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэхээр байна.
5. Гэвч 2019 оны Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно: гэж заасан санкцийн хэмжээ нь 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан[10] санкцийн хэмжээнээс илүү өндөр байх тул энэ тохиолдолд татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын үүднээс 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна.
6. Татварын нөхөн ногдуулалтын актаар торгууль, алдангийг тогтоохдоо Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны Зөрчлийн тухай хуулийн /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх зохицуулалт/ 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй, зөв байна гэж шүүх дүгнэлээ.
7. Учир нь, хэдийгээр татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын акт тавих цаг хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зохицуулалт өөрчлөгдсөн байсан боловч 2018 оны нэмэгдсэн өртгийн албан татвараас хуулиар зөвшөөрөгдөөгүй хасалт хийсэн зөрчил үйлдэх цаг хугацаанд хамаарах татварын торгууль, алдангид 2018 онд хүчин төгөлдөр мөрдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэглэхийг хууль тогтоогч зөвшөөрсөн байна.
8. Түүнчлэн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно. гэж заасны дагуу маргаан бүхий энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохдоо татварын улсын байцаагч нар 2019 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ. Тодруулахад:
9. 2019 оны Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. гэж, 15.3 дахь хэсэгт Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно: гээд, мөн зүйлийн 15.3.2 дахь заалтад тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; гэж заасан.
10. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: гэж тайланг сараар гаргахаар заасан, 2018 оны жилийн эцсийн тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор гаргахаар хуульчлан тогтоосон байгаа энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, түүнээс хойш 4 жилийн хугацаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тодорхойлсон хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй.
11. Энэ тохиолдолд татварын хяналт шалгалтын ажиллагааг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзнэ.
12. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4, 7 дугаар зүйл, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 2019 оны Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэг, 15.3.2 дахь заалт, 2017 оны Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Таван хур ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Түмэндэмбэрэл, Н.Мөнхтуяа нарын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-23230000166 дугаар нөхөн ногдуулалтын актын төлбөрийг 92,378,181.82 төгрөг болгож багасгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА