Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/04546

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Б-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Олгогдоогүй тэтгэмж, ажил хүлээлцсэн өдрүүдийн цалинг алдангийн хамт гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Б******* нь хариуцагч А******* ХХК-д холбогдуулан олгогдоогүй тэтгэмж, ажил хүлээлцсэн өдрүүдийн цалинг алдангийн хамт гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.М*******ын Б******* миний бие А******* ХХК-д 2010-2023 оны хооронд нийт 7 жил 5 сар ажилласан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/250 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Тус тушаалд А******* ХХК-ийн Коммерийн газар болон Хүний нөөцийн хэлтэст ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.3-т заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор заасан. 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Коммер эрхэлсэн захирал Д.Д*******, Хүний нөөцийн менежер З.Г******* нарын байлцуулан бүх ажлаа тус компанийн санхүүч Б.М*******д хүлээлгэн өгч 2 хувь акт үйлдэн нэг хувийг Хүний нөөцийн менежерт хүлээлгэн өгсөн. Ажил хүлээлцсэн актыг тус өдөр гүйцэтгэх захирал, дэд захирал нарт имэйлээр албан ёсоор хүргүүлэн мэдэгдсэн. Улмаар А******* ХХК-д Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах комисс байхгүй тул тус тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.3-т заасны дагуу олгох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож өгнө үү хэмээн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр А******* ХХК-ийн Захиргаа хуний нөөцийн менежер 3.Г*******д гараар өргөдөл бичиж өгсөн. Тус тэтгэмжийг олгоогүй тул 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гомдол гаргасан. Гаргасан гомдол маань 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл шийдэгдээгүй гул 2023 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гомдол гаргасан. Гэтэл Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гомдол гаргасны дараа А******* ХХК нь гэнэт дотооддоо хөдөлмөрийн маргаан зохицуулах комисстой байсан болж хувирсан тул 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр А******* ХХК-ийн хөдөлмөрийн маргаан зохицуулах комисст гомдол гаргасан. Тус комисс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр намайг дуудан хуралдаж, тэмдэглэл үйлдэн, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тэмдэглэлийг надад гардуулж өгсөн. Тус хурлаар А******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.3-т заасны дагуу тэтгэмжийг олгох тухай Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот акт гарсан тул тус асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцсон. Гэтэл тус актны дагуу А******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор тэтгэмжийг олгох ёстой байтал олгоогүй. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд дахин гомдол гаргахад Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тус асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа тул давхардуулан ажиллахгүй байхыг зөвлөсөн. Харамсалтай нь А******* ХХК нь улсын байцаагчийн гаргасан актад заасан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш одоог болтол тэтгэмжийг олгож актыг биелүүлээгүй байна. Улмаар М.Б******* миний бие 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн улсын байцаагчаас тодруулахад А******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулинд тэтгэмж олгох хугацаа заагаагүй, мөн улсын байцаагч хугацаа тогтоох эрхгүй хэмээн маргаж байцаагчийн эсрэг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Улмаар М.Б******* миний бие 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд тус хороо гомдлыг хүлээн авч хэлэлцээд 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр надад шийдвэрийг гардуулж өгсөн. Ийнхүү 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хагас жил гаруй хугацаа өнгөрсөн байхад хуулийн дагуу олгох тэтгэмжийг олгоогүй, хэзээ олгох нь тодорхойгүй, хуулинд хугацаа заагаагүй хэмээн маргаж байгаа нь Монгол улсын иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байна.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие А******* ХХК-д ажиллаж байсан. Гэхдээ намайг ажлаас халсан. Тэгээд тэтгэмж өгнө гэсэн боловч өгөөгүй. Тиймээс би гомдол гаргасан. Гэтэл гомдлыг шийдв*******гүй, тохиролцсон тэмдэглэлийг биелүүлээгүй байгаа. Иймд тэтгэмжид 5 000 000 төгрөгөөр тооцоод 3 сарын тэтгэмжид 15 000 000 төгрөгийг гаргуулахаар байгаа. Миний ажилласан жил 7 жил 6 сар болж байгаа. Ажил хүлээлцсэн өдрүүдийн цалинг хуулиар олгох үүрэгтэй. Би 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тушаал гарсан боловч 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээлцсэн. Мөн алданги 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тооцоод Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцсон. 2023 оны 1 дүгээр сараас 2023 оны 7 сарыг дуустал Нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлүүлэх шаардлага гаргаж байна. Би цалин, алданги, нийгмийн даатгалын шимтгэлээс татгалзаад акт тавигдсан юм бол тэтгэмжээ авья гэсэн. Акт гарсаны дараа хугацаандаа төлөөгүй тул би гомдол гаргасан. Гэтэл дүүргийн маргаан таслах комисс акт тавигдсан байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн. Тиймээс би 90 хоногийн дотор 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дүүргийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Хариуцагч нь комиссын хуралд ирээгүй, би 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагчаас миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэсэн тул энэ шаардлагаа багасгаж байна гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1.М.Б******* нь А******* ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус компанийн Коммерийн хэлтсийн Стратеги, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга албан тушаалд ажиллах болсон. М.Б******* нь ажлаас чөлөөлөгдөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу агуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй хэмээн заасан үүргээ биелүүлээгүй болно. М.Б******* нь тус гомдлыг удаа дараа гаргаж байгаа бөгөөд тухайлбал, 2023 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан хэдий ч Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Үүний дараагаар М.Б******* нь А******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комист гомдол гаргасан. Тус гомдлыг хүлээн авч компанийн ажилтны болон ажил олгогчийн төлөөлөл бүрдсэн комисс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж тэмдэглэл үйлдсэн, уг хуралд М.Б******* нь оролцсон бөгөөд хурлын тэмдэглэлийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана гэж заажээ. Өөрөөр хэлбэл, М.Б******* нь А******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хурлын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор танайд гомдол гаргах эрхтэй байсан. Гэвч тухайн хугацааг хожимдуулж 92 хоногийн дараа гомдол гаргасан байна. Гэвч Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны зүгээс хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байсан хэдий ч гомдлыг хүлээн авсан тул манай байгууллагын зүгээс тус хуралд оролцохгүй талаар мэдэгдсэн. Нөгөө талаар, М.Б*******гийн гомдолд дурдаж буйчлан тус асуудлаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн байцаагч хяналт шалгалт явуулж, манай байгууллагад албан шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагыг эс зөвшөөрч А******* ХХК-ийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, нэг иргэний нэг агуулга бүхий гомдлоор өөр өөр байгууллагууд давхардуулан шийдвэр гаргах боломжгүй болно. Иймд, хуульд заасан хугацааг хожимдуулан гаргасан нэхэмжлэл болон шүүхээр хянан шийдвэрлэгдэж маргаантай холбогдох асуудлыг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ үү гэжээ.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Учир нь шаардлага гаргах эрхтэй эсэх талаар маргаж байгаа буюу нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тушаал гарсан. 2023 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан. Манайх өөрөө комисстой гэсэн. Дараа нь манай маргаан таслах комисст 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хандсан. Үүнийг нь хүлээн аваад бүрэлдэхүүн томилогдоод 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэл үйлдсэн. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нь гардан авсан байдаг. Үүний дараа 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дахин Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан. Гурван талт хорооноос хариу өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст, комиссгүй бол гурван талт хороонд хандах байсан. Мөн хуулийн 154.6-д тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор Хөдөлмөрийн маргаан таслах хороонд хандана гэсэн байдаг. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 10 хоногийн дотор хандах байсан боловч хугацаа хэтрүүлсэн, 92 хоногийн дараа гаргасан байдаг. Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байдаг. 154.8-д Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хорооны тэмдэглэл, компанийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шийдсэн байхад хугацаа хэтрүүлсэн, 10 хоногт дүүрэгт хандах, эсхүл шүүхэд хандана гэсэн. 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Дүүрэгт хандсан, уг хуралд оролцоогүй, тайлбараа өгсөн. Иймд хугацаа хэтрүүлсэн байгаа. Мөн захиргааны акт гаргасан, уг актыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гэтэл уг хэрэг түдгэлзсэн байгаа юм. Нэгэнт акт тогтоосон байхад иргэний шүүх давхардуулан шийдвэрлэх үндэслэл байхгүй юм. Мөн нэхэмжлэгч нь ажил хүлээлцэх хугацааны цалинг авахгүй гэсэн. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байгаа. 90 хоног гэдэг нь анх эрх нь зөрчигдсөн гэвэл аль нэг газарт хандах хугацааг хэлж байгаа. Энэ хугацаандаа компанидаа хандсан, маргаагүй, харин энэ тэмдэглэлийг авснаас хойш 10 хоногтоо гомдол гаргах байсан гэдгийг л хэлээд байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгэнт улсын байцаагчийн акт гарсан байгаа. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарсан актыг 5 хоногийн дотор мэдэгдсэн, даргад нь гомдол гаргаад 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хариу өгсөн. Уг шийдвэрийг эс зөвшөөрөөд Захиргааны шүүхэд гомдол гаргасан, гэхдээ уг хэргийг энэ хэргийг шийдвэрлэх хүртлэх хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №24/11 дугаартай хуралдааны шийдвэр, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж олгуулах тухай акт, А******* ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/250 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, и-мэйл, ажил хүлээлцэх акт, тойрох хуудас, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ажил хүлээлцсэн акт, үндсэн хөрөнгийг хүлээлцэх хуудас, М.Б*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №24/11 дугаартай хуралдааны шийдвэр, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, ажил хүлээлцсэн акт, үндсэн хөрөнгийг хүлээлцсэн акт, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №2023/01 дугаар хөдөлмөрийн гэрээ, итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  /хэргийн 3-20, 36-44, 49-53, 58, 66-71-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А******* ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/250 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, тойрох хуудас, ажил хүлээлцсэн акт, А******* ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/78 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/37 дугаар гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 27, 32-34, 78-82, хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж олгуулах тухай акт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2024/0551 дүгээр Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /хэргийн 62-63, 92-96-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М.Б*******гийн нэхэмжлэлээс тэтгэмж болох 15 000 000 гаргуулах шаардлагыг хангаж, ажил хүлээлцсэн өдрийн цалин 652 174 төгрөг, алданги 430 435 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч А******* ХХК-нд холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласны тэтгэмж болох 15 000 000 төгрөгийг олгоогүй, мөн ажил хүлээлцсэн өдрүүдийн цалин 652 174 төгрөгийг өгөөгүй эрх зөрчиж байгаа тул хуульд зааснаар алданги 430 435 төгрөгийг буюу нийт 16 082 609 төгрөгийг гаргуулж, ажилласан хугацааны 2023 оны 1 сараас 2023 оны 7 сарыг дуустлах нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлүүлэх шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нь нөхөн төлсөн тул тэтгэмж, ажил хүлээлцсэн өдрүүдийн цалин, алданги 16 082 609 төгрөгийг гаргуулахаар багасгасан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч М.Б*******гийн 2023 оны 1 сараас 2023 оны 7 сарыг дуустлах нийгмийн даатгалын шимтгэлийг нь бүрэн төлсөн, бусад шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарсан бөгөөд нэхэмжлэгч уг тушаалд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, мөн тэтгэмж олгох талаар улсын байцаагчийн акт гарсан бөгөөд уг актыг эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа тул иргэний шүүх давхардуулан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч М.Б******* нь хариуцагч А******* ХХК-ийн коммерийн хэлтсийн Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2023/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №Б/250 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, тойрох хуудас, ажил хүлээлцэх актаар тус тус тогтоогдож байна.

 

4.2.А******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №Б/250 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг, Гүйцэтгэх захирлын А/87 дугаар тушаалыг үндэслэн коммерийн хэлтсийн Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга албан тушаалтай М******* овогтой Б*******г коммерийн хэлтсийн бүтэц зохион байгуулалтыг цомхотгон, шинэчилсэн тул 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсонтой холбогдуулан М.Б*******гаас ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж байсан ажил, бусад баримт бичиг /цаасан, файл/-ийг ажил хүлээлцэх акт үйлдэн хүлээн авах ажлыг хариуцан зохион байгуулахыг Коммерийн газарт болон Хүний нөөцийн хэлтэст даалгаж, М.Б*******гаас холбогдох эд хөрөнгө болон бусад баримт бичиг /цаасан, файл/-ыг бүрэн хүлээн авсны үндсэн дээр түүнд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгож, ажилласан хугацааны цалин болон ээлжийн амралтын олговрыг тооцож, холбогдох даатгал, татварыг суутгаж олгохыг ахлах нягтлан бодогчид үүрэг болгожээ.

 

                5.Талуудын маргааны зүйл нь гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн талаар болон тэтгэмжийг олгох эсэх талаар байна, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаар маргаагүй болно.

 

                6.Нэхэмжлэгч Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №Б/250 тушаалыг хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлцэн акт үйлдсэн боловч тушаалд заасан 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоогүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д “хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.2-д “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №1 дугаартай А******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 24/11 дугаартай Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэрээр тус тус тогтоогдож байна.

                 

                6.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал 2023 оны 7 сарын 31-ний өдөр гарсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаар 2023 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч манай байгууллага өөрөө маргаан таслах комисстой тул 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгууллагад хандаж, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр комиссын хуралдаанаас тэмдэглэл гарч,  тэмдэглэлийг 2023 оны 10 дугаар сарын 23-нд нэхэмжлэгч нь гардан авсан атлаа 92 хоногийн дараа 2024 оны 3 дугаар сарын 04-нд дахин Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан нь үндэслэлгүй хугацааг хэтрүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8-д зааснаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлийг зөвшөөрөхгүй байсан бол 10 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс эсхүл шүүхэд 10 хоногийн дотор хандах байсан, мөн тэтгэмж төлүүлэх талаар захиргааны акт гарсан байгаа тул иргэний шүүх давхардуулан шийдвэрлэх үндэслэлгүй гэж маргасан.

 

                6.2.Гэвч хэрэгт авагдсан 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 24/11 дугаартай Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэрт “...5.Гомдол гаргагчийн ...Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдөр гаргасан гомдол, нэмэлт нотлох баримтуудтай танилцав” гэсэн байх бөгөөд “...талууд харилцан тохиролцоогүй тул маргалдагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу уг тэмдэглэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байна.

                6.3.Мөн хариуцагч нь улсын байцаагчийн акт гарсан буюу тэтгэмж төлүүлэх талаар захиргааны акт гарсан гэсэн боловч 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №1 дугаартай А******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлд “...Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн “Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот актаар 3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг буюу 15 000 000 төгрөгийг олгох заасан байна. Тэтгэмж олгох талаар эрх бүхий албан тушаалтан нэгэнт шийдвэрлэсэн байх тул Маргаан таслах комиссын зүгээс тус асуудлыг давхардуулан хэлэлцэж, шийдвэр гаргах боломжгүй хэмээн шийдвэрлэв” гэсэн байх бөгөөд уг актыг эс зөвшөөрч хариуцагч нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан гэж тайлбарласан, мөн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний хэргийг шийдвэрлэх хүртлэх хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа гэж хариуцагчийн төлөөлөгч хуралдаанд тайлбарласан тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгох тайлбар үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

                6.4.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцоогүй, хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Улсын ахлах байцаагчийн актыг биелүүлээгүй тул 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 24/11 дугаар шийдвэрийг гардан авснаас хойш 10 хоногийн дотор Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар гомдлоо шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.

 

                7.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн  80.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд 82 дугаар зүйлийн 82.1-д “энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 82.1.3-д “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх” тэтгэмжийг олгохоор заажээ.

 

                7.1.Нэхэмжлэгч нь хариуцагч А******* ХХК-нд 7 жил 5 сар ажилласан гэж тайлбарласныг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр цуцласан тул хууль болон тушаалд заасан 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

                7.2.Хариуцагч нь нэхэмжлэгч нь ажлаа бүрэн хүлээлцээгүй тул тэтгэмж олгох боломжгүй гэсэн боловч хэрэгт авагдсан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Ажил хүлээлцэх акт, тойрох хуудас, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Ажил хүлээлцсэн акт, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Үндсэн хөрөнгийг хүлээлцэх хуудас №05 гэсэн баримтуудаар нэхэмжлэгч нь бичиг баримт цаасаар, эд хөрөнгө, процессор дээр байгаа бүх файлууд, фолдер, ажлын комьптерийг хүлээлгэн өгсөн байх тул хариуцагч нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №Б/250 тушаалын 3-д заасан М.Б*******гаас холбогдох эд хөрөнгө болон бусад баримт бичиг /цаасан, файл/-ыг бүрэн хүлээн авсны үндсэн дээр түүнд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох үүргээ биелүүлэх үндэслэлтэй байна.

                7.3.Иймд хэрэгт авагдсан 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн хариуцагч А******* ХХК-иас 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжид 15 000 000 төгрөгийг / 5 000 000х 3сар=15 000 000/ гаргуулж, нэхэмжлэгч М.Б*******д олгохоор шийдвэрлэв.

 

                8.Нэхэмжлэгч нь ажил хүлээлцсэн өдрүүдийн цалин болох 652 174 төгрөгийг, алданги 430 435 төгрөгийн хамт гаргуулахаар шаардаж, 2023 оны 7 сарын 31-ний өдөр №Б/250 дугаар тушаал гарч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон боловч 2023 оны 8 дугаар сарын 02-нд ажил хүлээлцсэн гэж тайлбарласан.

                8.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-д “ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана”, 83.5-д “ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно”, 124 дүгээр зүйлийн 124.1-д “энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно” гэж заажээ.

                8.2.Хэрэгт авагдсан хариуцагч А******* ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №Б/250 дугаар тушаалд 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас чөлөөлөхөөр заасан байх бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тойрох хуудас, ажил хүлээлцэх актыг үйлдсэн, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр фолдер, файлыг хүлээлгэн өгсөн, комьютерийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээ шилжүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлаас чөлөөлөхөд ажлаа хүлээлцсэн гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

                8.3.Мөн хариуцагч А******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №1 дугаартай хуралдааны тэмдэгдэлд “...5.Хуралдааны явцад маргааныг ажилтан ба ажил олгогч хоорондоо харилцан тохирч шийдвэрлэсэн нь: ...2.Маргаан таслах хуралдааны явцад гомдол гаргагчийн зүгээс ажил хүлээлцэх өдрүүдийн цалин болох 652 174 төгрөгийг алдангийн хамт гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлүүлэх талаарх гомдлоосоо татгалзсан болно” гэжээ.

                8.4.Нэхэмжлэгч нь ажилласан хугацааны дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 1 сараас 2023 оны 7 сарыг дуусталх хугацаагаар бүрэн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн гэж тайлбарласан тул нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлүүлэх шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

                8.5.Иймд нэхэмжлэгчийн ажил хүлээлцсэн өдрүүдийн цалин болох 652 174 төгрөгийг, алданги 430 435 төгрөгийн хамт гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

                9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238 364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-иас 232 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б*******д олгох нь хуульд нийцнэ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:                        

                                                                                                                    

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-д зааснаар хариуцагч А******* ХХК-иас тэтгэмж болох 15 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б*******д олгож, ажил хүлээлцсэн өдрийн цалин 652 174 төгрөг, алданги 430 435 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238 364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-иас 232 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.ХУЛАН