| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/01435/И |
| Дугаар | 183/ШШ2022/03252 |
| Огноо | 2022-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2022/03252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 24 дүгээр гудамж, 562 тоотод оршин суух, Боржгон овогт Доржпүрэвийн Мөнхбаатар /НР78041171/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Туул ривер хотхон 103 дугаар байр, 23 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхбаатарын Цогтоо /УГ85040611/,
Хариуцагч: Орхон-Уул аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Өнөр хороолол 104 дүгээр байр, 45 тоотод оршин суух, Барнууд овогт Нямдаваагийн Батсайхан /РФ89090792/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал,
Хариуцагч С.Цогтоо,
Хариуцагч С.Цогтоогийн өмгөөлөгч Б.Мандхай,
Хариуцагч Н.Батсайхан /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь хариуцагч С.Цогтоо, Н.Батсайхан нарт холбогдуулан 10 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.Мөнхбаатар нь 2017 онд С.Цогтоод өөрийн өмчлөлийн Хово маркийн автомашиныг заруулахаар өгсөн. С.Цогтоо нь Хово маркийн автомашиныг зарж борлуулсан мөнгөө бүрэн шилжүүлэлгүй Ланд Круйзер 100 маркийн автомашин наймаанд оруулж хуурч мэхэлснээс болж одоог хүртэл нэхэмжлэгч хохирсоор байна. Хуурч мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй асуудлыг 2018 оноос хойш Баянгол дүүргийн цагдаа, прокурорын байгууллагад өргөдөл гомдол гаргаж шалгуулж, хэрэг хэрэгсэхгүй болж Улсын Ерөнхий прокуророос сэргээгдэж 2 жил шалгагдсаны эцэст 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хэргийг дахин хааж энэхүү шийдвэрт нь гаргасан гомдлыг УЕПГ-ын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/1626 дугаартай мэдэгдэх хуудсаар татгалзаж шийдвэрлэснээр эрүүгийн хэрэг маргаан дуусгавар болж шүүхэд хандаж байна. Эрүүгийн хэрэгт тогтоогдсоноор С.Цогтоо нь Хово маркийн машиныг 43 000 000 төгрөгөөр Б.Пүрэвням гэх хүнд зарж борлуулсан ба Ланд круйзер 100 маркийн машиныг С.Цогтоо нь 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 3 удаа өөрийн нэр дээр бүртгүүлж бусад үед нь зээлийн барьцаанд байсан талаар түүхчилсэн лавлагаа Авто тээврийн үндэсний төвөөс эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн байдаг. Тийм учраас С.Цогтоогоос Хово машины үлдэгдэлд 6 500 000 төгрөгийг нэхэмжилж байна.
С.Цогтоогийн 25 000 000 төгрөгний зөрүүнд авсан гэх Ланд Круйзер 100 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн хамт ажилладаг Н.Батсайхан гэдэг хүнд 22 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож 10 000 000 төгрөгийг Н.Батсайханаас бэлнээр автомашиныг зарж мөнгийг нь өгнө гэх үед С.Цогтоо нь 2-оос 3 өдөрт зараад мөнгийг чинь гаргаад өгнө гэж итгүүлэн өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч худалдсан. Машины үнэ 12 000 000 төгрөгнөөс 8 000 000 төгрөгийг өгч 4 000 000 төгрөгийг өгөөгүй, өгөхгүй байгаа шалтгаанаа Н.Батсайханыг эд хөрөнгийн доголдолтой машин өгснөөс болж засвар үйлчилгээ хийж өөрөөсөө мөнгө гаргасан гэж С.Цогтоо нь тайлбарладаг ба үүнтэй холбогдолтой баримтуудыг эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн, энэ талаар өөрсдөө бол гэрчүүд мэдүүлэгтээ дурьдсан байдаг учраас дутуу төлөгдсөн 4 000 000 төгрөгийг Н.Батсайхан нь өөрөө хариуцах ёстой. Иймд хариуцагч С.Цогтоогоос Хово маркийн машины үлдэгдэл 6 500 000 төгрөг, хариуцагч Н.Батсайханаас Ланд Круйзер 100 маркийн машины төлбөрийн үлдэгдэл 4 000 000 төгрөг нийт 10 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2017 онд Д.Мөнхбаатар нь С.Цогтоод өөрийн өмчлөлийн Хово маркийн автомашиныг заруулахаар өгсөн. С.Цогтоо нь Хово маркын машиныг 43 000 000 төгрөгөөр зарж борлуулсан ба 25 000 000 төгрөгөнд Ланд крузер 100 маркийн автомашиныг биетээр авчихлаа, үлдсэн 17 000 000 төгрөгийг бэлнээр өгнө гэсэн боловч 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 3 300 000 төгрөгөөр нийт 6 000 000 төгрөг, 2017 оны 8 дуагар сарын 28-ний өдөр нийт 3 300 000 төгрөгөөр хоёр удаа ингээд нийт 12 000 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй. Иймд 6 500 000 төгрөгийг С.Цогтоогоос нэхэмжилж байна.
С.Цогтоо нь 25 000 000 төгрөгөнд тооцон авсан Ланд крузер 100 маркын машиныг зарах гэж байтал Н.Батсайхан уг машиныг авахаар сонирхож тухайн 25 000 000 төгрөгийн машиныг буулгаачээ гэх хүсэлтийн дагуу 22 000 000 төгрөг болгож Н.Батсайханд өгөхөөр тохирсон. Н.Батсайхан 10 000 000 төгрөгийг Д.Мөнхбаатарт шилжүүлсэн бөгөөд үлдсэн 12 000 000 төгрөгийг өөрийн авто машиныг зарж борлуулаад өгнө гэсэн. Гэвч жил гаран болсны эцэст 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 3 300 000 төгрөгөөр 2 удаа, 2 саяар нэг удаа нийт 8 000 000 төгрөг С.Цогтоогоос Д.Мөнхбаатарын дансанд шилжиж орж ирсэн. Үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байгаа шалтгаан нь эвдрэл гэмтэлтэй машин зарсан тул үлдэгдэл төлбөрийг төлөх ёсгүй гэдэг тайлбарыг тавьдаг. Д.Мөнхбаатарын хувьд хэн нэгнээс машиныг албан ёсоор биет байдлаар болон бичиг баримт гэрээ хэлцлийн хүрээнд шилжүүлж аваагүй. Н.Батсайханаас ямар нэгэн машин тэрэг авах сонирхол байгаагүй, шаардлага байгаагүй. Иймд үлдэгдэл 4 000 000 төгрөгийг Н.Батсайхан биечлэн хариуцах ёстой гэж үзэж байна. Д.Мөнхбаатар нь С.Цогтоогоос 6 500 000 төгрөг, Н.Батсайханаас 4 000 000 төгрөгийг тус тус гаргуулах хүсэлтэй байна. Гэвч хариуцагч С.Цогтоо нь өөрөө 42 000 000 төгрөгөөр Хово маркийн автомашиныг зарсан гэж зөвшөөрч байгаа бол түүний тайлбараар 42 000 000 төгрөгнөөс 25 000 000 төгрөгний Ланд крузер 100 хасаад 12 000 000 төгрөгийг нь өгсөн тул үлдэх 5 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа багасгаж байна. Хэрэв хариуцагч С.Цогтоо нь энэ 5 000 000 төгрөгнөөс 2 500 000 төгрөгийг нь маргаангүйгээр төлөөд эвлэрнэ гэж байгаа бол нэхэмжлэгч зөвшөөрсөн, тиймээс эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзахгүй гэв.
2.Хариуцагч С.Цогтоо шүүх гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хово маркийн автомашин 2017 оны 07 сарын дундуур орчим Д.Мөнхбаатар нь над руу 99078793 дугаараас залгаж Хятадуудад хулхидуулчихлаа, худалдан авсан чинь угсарсан машин өгчихөж, авто тээвэр дээр бичиг баримтаар тэнцэхгүй байна, дүү зохицуулаад Хово машиныг хэдэн утаснаас төгрөг байсан ч хамаагүй зараад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Миний танил Цэрэнтогтох 500 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж би зар тавиад Ховог 42 000 000 төгрөгөөр зарахаар болсон. Ингэхдээ Ланд крузар-100 маркийн автомашиныг 22 000 000 төгрөгөнд бодон авч, үлдэгдэл 15-18 орчим машиныг сая төгрөгийг машин авсан хүн цувуулж өгөхөөр болсон. Худалдан авсан хүн нь Баянхонгор авч явж байхад эвдрээд араас нь дахин очиж 1 сая гаруй төгрөгөөр засвар хийж өгсөн. Энэ байдлыг бас Мөнхбаатарт хэлж байсан. Н.Батсайханаас авсан автомашиныг надад өгч заруулахаар болсон. Ингээд дээрх автомашиныг хүлээн Мөнхбаатар авахад ABS, мост, режетор ажиллахгүй, ус нь тургисан байдалтай байхаар нь Н.Батсайхан луу залгаж байдлыг хэлэхэд би өөрөө унаж ирээгүй, эхнэр төрөх гээд би завгүй байна гээд олигтой яриагүй. Тэгээд би машиныг угаалгын газар луу авч явахад хроп нь дуугараад явж болохгүй байна гэж хэлэхэд Н.Батсайхан би усанд живүүлээд, гаргаж ирсэн юм. Урд редуктерийг нь засуулаад шууд авчирсан юм аа гэж хэлсэн. Ингээд уг байдлыг Д.Мөнхбаатарт өөрт нь бас хэлэхэд ABS төхөөрөмж, мост, ражеторыг өөрөө засуулаад өгье гэж хэлсэн. Ингээд би автомашиныг засаж заръя гэж бодож байсан боловч эд ангиуд нь өдөр ирэх тусам эвдрээд байсан учраас зарж болохгүй, эвдэрсэн эд анги болгоныг нь засаж янзалж унаа байдлыг дурс зургаар баталгаажуулж Мөнхбаатар, Батсайхан нар луу явуулдаг байсан. Ингээд автомашинд 4 орчим сая төгрөгний засвар үйлчилгээ хийж Ганхөлөг гэдэг хүнээр дамжуулж байж арай хийж 11 000 000 төгрөгөөр зарсан. Энэ байдлыг Мөнхбаатарт хэлэхэд зөвшөөрсөн боловч машин зарсны дараа 12 000 000 төгрөгийг надаас нэхэж эхэлсэн. Мөн машин зарж байхад хроп нь эвдрээд, хропыг нь шинээр 2 000 000 төгрөгөөр авч тавьсан. "Мицубиши Оутландер" маркийн автомашиныг зарсан 11 000 000 төгрөгийн 8 000 000 төгрөгийг Д.Мөнхбаатар луу дансаар нь өгч 3 000 000 төгрөгөнд нь хроп засаж янзалж, тос бусад сэлбэгэнд зарцуулсан. Энэ талаар Д.Мөнхбаатарт хэлэхэд өөрөө зөвшөөрсөн юм. Ер нь бол Д.Мөнхбаатар намайг өгөх ёстой гээд байгаа нийт мөнгөний 1 000 000 төгрөг нь "Хово" машин асах, 4 500 000 төгрөг нь “Мицубиши Оутландер" маркийн автомашиныг асахад ашиглагдсан. Миний хувьд 6 500 000 төгрөг төлөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, мөн нэхэмжлэгчид гомдож байна. Өөрөөр надаар гуйж машинаа заруулж, засуулчихаад дараа нь цагдаа, шүүх гээд хүний дансыг хүртэл зарах гэж байсан хүмүүсийн машиныг хүртэл битүүмжлээд байгаад нь гомдож байна. Учир байдлыг тухай бүрт нь би мэдэгдэж байсан. Мөн нэхэмжлэгч 17 000 000 төгрөгнөөс 12 000 000 төгрөгийг өгсөн байхад 6 500 000 төгрөг нэхээд байна. 17 000 000 төгрөгнөөс 12 000 000 төгрөгийг өгөхөөр 5 000 000 төгрөг үлддэггүй юм уу, би нэхэмжлэгч талын яриад байгаа зүйлийг гайхаж байна. Энэ хүмүүс хажууд байгаагүй болохоор мэдэхгүй байна. Бид хоёр Хово маркийн машиныг 42 000 000 төгрөгөөр тохиролцсон зүйл хаана байгаа юм бэ? Д.Мөнхбаатар нь 2017 онд над дээр ирээд Хово маркийн машиныг зараад өгөөч гэж бараг л бурхан шиг тахиж гуйж байсан. Би тухайн үед Ланд крузер 100 маркийн машиныг 25 000 000 төгрөгөнд тооцож аваад, 2 гаруй сая төгрөгөнд засвар хийгээд үлдэгдэл 14 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 5 жилийн өмнөх хэрэг болохоор би үнэхээр санахгүй байна. Энэ бүх процессыг эд нар худал мэдүүлэг өгөөд байна. Хүнд ичих нүүр байх ёстой. Би энэ хүнийг залилах байсан бол нэг ч төгрөг өгөхгүйгээр залилах байсан. Би хүний муу машиныг зарж өгч тус болсон. Тухайн үед харилцан тохиролцоод илүү гарсныг нь чи ав гэж өөрөө хэлж байсан. Цагдаад хүртэл өгч намайг засварын газруудаар дагуулж явсан. Би ичгэвтэр байдалд орсон. Эд нар худал мэдээлэл өгч байгаа учраас би нэг ч төгрөг өгөхгүй баймаар байна. Гэхдээ ингэж шүүх, цагдаагаар удаа дараа явмааргүй байна, би бас ажил төрөлтэй хүн. Тиймээс энэ асуудлыг эвлэрлийн журмаар дуусгавар болгох хүсэлтийг тавьж байна. Нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа бол машиныг нь зарж өглөө гээд надад мөнгө өгнө, ав гэж хэлж байсан. Тиймээс би үлдэх 5 000 000 төгрөгнөөс нь 2 5000 000 төгрөгийг нь төлөөд эвлэрэх, маргаанаа дуусгах хүсэлтийг гаргаж байна гэв.
3.Хариуцагч Н.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр Д.Мөнхбаатар гэдэг хүнд Ланд крузер 100 маркийн машин байна гэхээр нь би ажлынхаа залуутай хамт очиж үзсэн. 25 000 000 төгрөг гэж хэлж байсан бөгөөд автомашиныг 22 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож Д.Мөнхбаатарт 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 12 000 000 төгрөгөндөө митсубиши аутландер машиныг өгсөн. Гэтэл 2 сарын дараа С.Цогтоо энэ машин чинь эвдэрхий байна гээд над руу утсаар ярьсан. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Надаас машинаа хүлээж авчихаад дараа нь ингэж ярьж байгаа нь хэцүү байна. Тухайн үедээ болохгүй байна гээд гэсэн бол өөр, гэтэл болж байна гээд Д.Мөнхбаатар хүлээн зөвшөөрөөд машинаа надад өгсөн мөртлөө дараа нь ингэж шүүх, цагдаа болж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Д.Мөнхбаатараас Ж.Тэгшмандалд олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 759 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 240 дүгээр Гомдлын хариу гэх албан бичиг, Улсын ерөнхий Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/1626 тоот Гомдолд хариу өгөх тухай албан бичиг, Д.Мөнхбаатарын 5021375628 тоот дансны хуулга, 6064 ОРХ тээврийн хэрэгслийн лавлагаа, 5585ХӨВ тээврийн хэрэгслийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2020/16460 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, дугтуй, Д.Мөнхбаатарын 5021375628 тоот дансны хуулга, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шилжүүлгийн баримт, Д.Мөнхбаатарын тээврийн хэрэгслийн лавлагаа /өмнө өмчилж байсан/ /хэргийн 2-24, 151-153, 154-155, 156-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч С.Цогтоогоос 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн С.Цогтоогоос Б.Мандхайд олгосон итгэмжлэл, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хариу тайлбар /хэргийн 32, 36-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч Н.Батсайханаас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Н.Батсайханаас Б.Мандхайд олгосон итгэмжлэл, 8680УНУ тээврийн хэрэгслийн лавлагаа, хариу тайлбар /хэргийн 58, 60-62-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс 8680УНУ, 6064ОРХ, 5585ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн дэлгэрэнгүй лавлагаа, хариуцагч Н.Батсайханы өмгөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газраас 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Зарлагын баримт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Зарлагын баримт, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зарлагын баримт, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зарлагын баримт, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Зарлагын баримт, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Зарлагын баримт, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Зарлагын баримт, 2017 оны 8 дугаар сарын Зарлагын баримт, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Зарлагын баримт, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/831 дүгээр “Хэрэг/материал/ татаж хянах тухай” прокурорын тогтоол /хэргийн 107-138, 169-179-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Мөнхбаатарын 10 500 000 төгрөгийн нэхэмжлэлээс хариуцагч С.Цогтоотой эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг батлаж, хариуцагч Н.Батсайханд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч С.Цогтоогоос Хово машины үлдэгдэл төлбөр 6 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, автомашины үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Н.Батсайханаас Ланд круйзер маркийн машины үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсан.
3.Хариуцагч С.Цогтоо нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Хово маркийн автомашиныг өөрөөр гуйж заруулсан, уг машиныг худалдан борлуулахын тулд засвар үйлчилгээ хийсэн, энэ талаар нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан атлаа автомашины үлдэгдэл төлбөрөө нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 500 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн.
4.Хариуцагч Н.Батсайхан нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Ланд круйзер маркийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцоод автомашины үнэд 10 000 000 төгрөгийг нь бэлнээр, үлдэх 12 000 000 төгрөгт нь Мицубиши Оутландер маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн гэж үгүйсгэсэн.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь хариуцагч С.Цогтоогоор Хово маркийн автомашиныг засаж янзлуулж, 42 000 000 төгрөгөөр заруулахаар тохиролцож, улмаар хариуцагч нь уг автомашиныг худалдаж 25 000 000 төгрөгийн төлбөрт Ланд круйзер-100 маркийн автомашиныг авч, үлдэх 12 000 000 төгрөгийг нь нэхэмжлэгчид хариуцагч нь шилжүүлсэн, мөн нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь дээрх Ланд круйзер-100 маркийн автомашиныг хариуцагч Н.Батсайханд 22 000 000 худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, автомашины үнэд 10 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 12 000 000 төгрөгт нь Н.Батсайханы эзэмшлийн Митцубиши Аутландер маркийн автомашиныг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч талууд тайлбарласан.
6.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч нь хариуцагч Н.Батсайханд Ланд круйзер 100 маркийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр худалдаж, 10 000 000 төгрөгийг бэлнээр авсан, үлдэх 12 000 000 төгрөгт автомашин тооцож авахаар харилцан тохиролцоогүй гэж 12 000 000 төгрөгнөөс 8 000 000 төгрөгийг нь төлсөн тул үлдэх 4 000 000 төгрөгийг гаргуулах талаар байна, хариуцагч С.Цогтоо нь Хово маркийн автомашины үлдэх төлбөр 5 000 000 төгрөгнөөс 2 500 000 төгрөгийг төлөх талаар маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Мөнхбаатар, хариуцагч С.Цогтоотой маргааны талаар харилцан тохиролцож, маргаанаа эвлэрлийн гэрээ байгуулан эвийн журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг батлаж, хариуцагч С.Цогтоод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар болон хариуцагч Н.Батсайхан нар нь Ланд круйзер 100 маркийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь худалдсан эд хөрөнгийн үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь Ланд круйезер-100 маркийн автомашиныг хариуцагч Н.Батсайханд 22 000 000 төгрөгөөр зарж, 10 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 12 000 000 төгрөгт Н.Батсайханы эзэмшлийн Митцубиши Аутландер маркийн автомашиныг авна гэж тохиролцоогүй, мөнгийг нь авна гэсэн, гэтэл үлдэх 12 000 000 төгрөгнөөс 8 000 000 төгрөгийг нь С.Цогтоогоос шилжүүлсэн, үлдэх 4 000 000 төгрөгийг нь Н.Батсайхан төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
Мөн нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь хариуцагч С.Цогтоог залилан мэхэлсэн үндэслэлээр эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгуулсан байх ба 2020.03.09-ний өдрийн 759 дугаар Баянгол дүүргийн Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх бөгөөд тогтоолд дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч Д.Мөнхбаатарын хохирогчоор, хариуцагч Н.Батсайхан, С.Цогтоо нарын гэрчээр өгсөн мэдүүлэгүүд тус тус тусгагдсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч Н.Батсайхан нь нар нь Ланд круйзер 100 маркийн автомашиныг үнийг 22 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон, автомашины үнэд 10 000 000 төгрөгийг төлсөн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй, харин хариуцагч нь үлдэх 12 000 000 төгрөгт автомашин тооцож өгөөд Ланд круйзер 100 маркийн автомашины үнийг бүрэн төлж дууссан гэж, нэхэмжлэгч нь үлдэх 12 000 000 төгрөгнөөс 8 000 000 төгрөгийг нь шилжүүлээд үлдэх 4 000 000 төгрөгийг нь төлөөгүй гэж мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч Н.Батсайханаас Ланд круйзер 100 маркийн автомашины үнийг үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөгт Митцубиши Аутландер автомашиныг тооцож авах хүсэл зорилго байгаагүй гэж тайлбарласан боловч уг автомашиныг хариуцагч С.Цогтоогоос худалдсан төлбөрт нийт 8 000 000 төгрөгийг хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрсөн, үлдэх 4 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй, уг Митцубиши Аутландер маркийн автомашиныг нэхэмжлэгч нь хариуцагч С.Цогтоогоор заруулахаар болсон гэж тайлбарласан болно.
Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч Н.Батсайхан нь гэрээний зүйл болох Ланд круйезер100 маркийн автомашиныг 22 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч Д.Мөнхбаатараас худалдан авч, 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 12 000 000 төгрөгт Н.Батсайханы эзэмшлийн Митцубиши Аутландер маркийн автомашиныг авсан гэж тайлбарласан хариуцагч нарын тайлбар нь үндэслэлтэй байх тул хариуцагч Н.Батсайханыг нэхэмжлэгч Д.Мөнхбаатартай байгуулсан гэрээний үүргийг биелүүлсэн, худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймээс нэхэмжлэгч Д.Мөнхбаатарын хариуцагч Н.Батсайханд холбогдуулан гаргасан автомашины үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цогтоогоос улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхбаатарт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхбаатарын хариуцагч Н.Батсайханд холбогдуулан гаргасан автомашины үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхбаатарын хариуцагч С.Цогтоод холбогдуулан гаргасан автомашины үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, талууд 2 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч С.Цогтоо нь 2 500 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан тул зохигчийн эвлэрлийг батлаж, хариуцагч С.Цогтоод холбогдуулан гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цогтоогоос улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхбаатарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН