| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03246/И |
| Дугаар | 183/ШШ2022/03261 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2022/03261
\
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 17 дугаар байр 12 тоот хаягт оршин суух, Цэвэгжав овогт Мягмарын Нармандах /РД:УИ94072342/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 36-р байр 403 тоот хаягт оршин суух, Нямбай овогт Дамдинжавын Энхбат /РД: НО68062679/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины үнэ болох 161 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Нармандах,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Нармандах нь хариуцагч Д.Энхбатад холбогдуулан автомашины үнэ болох 161 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ 133 247 042 төгрөгийг гаргуулахаар багасгасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Д.Энхбат нь Toyota Kluger, Lexus RX 450h, Lexus IS 300 автомашинуудыг үндэслэлгүйгээр өөрийн өмчлөлд авч, хөрөнгөжсөн тул түүний хууль бус эзэмшил өмчлөлөөс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан байсан ба хариуцагчийн төрсөн дүү Д.Энхтөгс бидний гэрлэлт цуцлах, гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргааныг эцэслэн шүүхээр шийдвэрлэж дуусаагүй байсан тул энэхүү үндэслэлээр Д.Энхбатад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Улсын дээд шүүх нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д.Энхтөгс бидний гэрлэлт цуцлах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, М.Нармандах нь Lexus RX450h, LexusIS 300, Toyota Kluger маркын автомашинуудыг хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцуулж, ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 181/ШШ2020/00588 шийдвэрт автомашинууд нь гуравдагч этгээд Д.Энхбатын өмчлөлд байгаа гэж хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзвэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхгүй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь зохицуулалтад хариуцагчийн сөрөг шаардлага нийцээгүйг дурьдаад, Lexus RX450h, LexusIS300, Toyota Kluger маркын автомашинуудын ногдох хувийг гаргуулах М.Нармандахын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх нь тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Lexus RX450h, Lexus IS300, Toyota Kluger маркын автомашинуудыг М.Нармандах миний бие 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Австрали улсаас дуудлага худалдаагаар худалдан авсан бөгөөд тухайн үед манай нөхөр байсан Д.Энхтөгс нь өөрийнхөө төрсөн ах Д.Энхбаттай үгсэн хуйвалдаж, гаалийн мэдүүлэг, холбогдох бичиг баримтуудыг Д.Энхбатын нэрээр бичиж мэдүүлэн, Монголд гааль дээрээс надад мэдэгдэлгүйгээр Д.Энхбат хүлээж авч, цааш нь худалдан борлуулсан байсан. Дээрх Lexus RX 450h, Lexus IS 300, Toyota Kluger маркын автомашинуудыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлэхдээ Toyota Kluger автомашиныг 62 500 000 төгрөг, Lexus RX450h автомашиныг 52 500 000 төгрөг, Lexus IS300 автомашиныг 46 000 000 төгрөг байхаар тус тус үнэлсэн ба эдгээр автомашины нийлбэр дүн нь 161 000 000 төгрөг болно. Иймд Lexus RX 450h, Lexus IS 300, Toyota Kluger маркын автомашинуудын нийлбэр дүн болох 161 000 000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч Д.Энхбатаас 161 000 000 төгрөгийг гаргуулан М.Нармандах надад олгож өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 1 дүгээр сараас 5 сарын хооронд манай салсан нөхөр Д.Энхтөгс бид хоёр Австрали улсад амьдарч байхдаа манай талын эгч н.Отгончулуун болон ээж н.Отгонбаяр нараас 60 орчим сая төгрөг зээлээд 4 ширхэг авто машин Монгол улсад оруулж ирсэн. Нэг авто машиныг нь н.Отгончулуунд зарсан. Ингээд 3 авто машин үлдсэн. Ингээд Lexus RX 350 машиныг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч гэх Д.Энхбат гэдэг хүнээр 43 000 000 төгрөгөнд заруулсан. Ингээд би тухайн үедээ машин зарж өгсний хөлс гэж Д.Энхбатад 3 000 000 төгрөгийг өгөөд, дараа өдөр нь Д.Энхбат машин зарсан 40 000 000 төгрөгийг Д.Энхтөгсийн данс руу ямар ч гүйлгээний утгагүй шилжүүлсэн байдаг. Ингээд Д.Энхтөгс миний данс руу шилжүүлсэн. 4 автомашинаас 2 төрлийн машин үлдсэн бөгөөд би өөрөө 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 хоногийн зайтай хоёр машинаа хоёуланг нь зарсан. Тухайн хоёр машин зарагдсан үнийн дүн нийлээд 131 000 000 төгрөг болдог. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Д.Энхтөгс тухайн дундын данснаас надад хүч хэрэглээд 128 000 000 төгрөгийг бэлнээр аваад явсан байдаг. Би 1 өдрийн дараа Д.Энхтөгстэй уулзаад 71 000 000 төгрөгийг буцаан авснаар Д.Энхтөгсийн дансанд 57 000 000 төгрөг үлдчихдэг. Дараа нь Д.Энхтөгс хоёулаа дахиж машин оруулж ирээд заръя гэснийг би дэмжээд миний дансанд байгаа 71 000 000 төгрөгөөр одоо маргааны зүйл болоод байгаа Lexus RX450, Lexus IS300, Toyota Kluger 3 автомашинуудыг авах гээд Смарт Импект ХХК-д захиалга өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гааль дээр 3 машин маань Австрали улсаас ирсэн. Яагаад би машинуудыг өөрөө очиж аваагүй вэ гэхээр Д.Энхтөгс намайг зодсоны улмаас би эмнэлэгт хэвтсэн байсан. Эмнэлэгээс гараад машинуудаа авахаар очиход Д.Энхтөгс нь миний ардуур Смарт Импекс ХХК руу мейл бичээд М.Нармандах гэдэг хүн хүлээн авах боломжгүй болсон учраас н.Энхбат гэдэг хүн хүлээж авна гээд машинуудыг хүлээж аваад өөрсдөө зарсан байсан. Одоо миний нэхэмжилж байгаа үнийн дүн болох 161 000 000 төгрөгнөөс тээвэрлэлтийн зардлаа хасаад 133 247 042 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжилж байгаа үнийн дүн нь хөрөнгө үнэлгээний компаний тогтоосноор буюу Lexus IS300 машиныг 46 000 000 төгрөг, Lexus RX450 машиныг 52 500 000 төгрөг, Toyota Kluger машиныг 62 500 000 төгрөгөөр тус тус тогтоон нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан 3 машин бол нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 3 машин биш бөгөөд, тухайн үедээ гэр бүлийн харилцаатай байсан Д.Энхтөгс болон түүний ах Д.Энхбат, мөн өөрийн эгч нарын оролцоотойгоор гадаад улсад амьдарч байхдаа хямдхан машин авч зарж байсан үйл баримтын талаар ярьж байна.
Эхний гурван машины дараа нэхэмжлэлд дурьдагдаад байгаа машинуудыг Смарт Импекс ХХК-аар дамжуулан Lexus RX450, Lexus IS300, Toyota Kluger гэх машинуудыг дуудлага худалдааных нь үнийг нэхэмжлэгч М.Нармандах төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдож байдаг. Ингээд Смарт Импекс ХХК-ийн данс руу 2018 оны 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 4 удаагийн үйлдлээр 40 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хариуцагч талын тайлбаруудад энэ маргааныг шийдэгдсэн маргаан гэж тайлбарласан байсан. Мөн 40 000 000 төгрөг зээлсэн байсан тэр мөнгөнөөс авсан тул энэ бол Д.Энхбатын өмч гэдэг тайлбар хийсэн байсан. Гэхдээ тухайн 3 автомашины үнийг төлсөн хүн бол М.Нармандах юм. Монгол улсад байгаа гэдэг утгаар нь гаалийн мэдүүлэг дээр Д.Энхбат гэдэг хүний нэрийг бичиж, Д.Энхбат гаалиас машиныг хүлээн авч байгаа баримтууд бол Д.Энхбатыг машинуудын өмчлөгч гэсэн үг биш. Д.Энхбат нь машин хүлээн аваад, зарсан мөнгөө М.Нармандахад өгөх байсан ч өгөөгүй. Машин зарах өгөх үйл явц нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүссэн маргаантай холбогдсон байдаг. Иймд хариуцагч Д.Энхбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Энхбатын гаргасан хүсэлт, М.Нармандахын иргэний үнэмлэхний хуулбар, №1119690005 дугаартай Гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00588 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 893 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00822 дугаар тогтоол, М.Нармандахын эзэмшлийн 5040056607 тоот дансны хуулга, Eto фейсбүүк цахим хаягаас бичсэн чат, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт, 0061-423449166 тоот гаалийн мэдүүлгийн баримт, Bill of lading гэх хүснэгтэн баримт, Пролог солюшн ХХК-ийн тодорхойлолт, Смарт импекс ХХК-ийн №18091003, №18091002, №18091001 тоот нэхэмжлэх, Смарт импекс ХХК-ийн Ачилт сав баглаа боодлын жагсаалт /англи хэл дээрх, монгол хэл дээрх/, Смарт импекс ХХК-ийн арилжааны нэхэмжлэх, Смарт импекс ХХК-ийн Ачилт сав баглаа боодлын жагсаалт, Смарт импекс ХХК-ийн Ачилт сав баглаа боодлын жагсаалт, Смарт импекс ХХК-ийн №18091003, №18091002, №18091001 тоот нэхэмжлэх, №1971235 тоот Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Татвар төлсөн баримт, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Нэхэмжлэл, Registration Notice гэх баримт /англи хэл дээрх/, гэрэл зургийн хамт, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн С.Мөнхжаргалын тодорхойлолт, М.Нармандахын 5040056607 тоот дансны хуулга, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 473026027 тоот дансны хуулга, гэрэл зургийн үзүүлэлт, М.Нармандах, Хаан банк ХХК-ийн албан бичиг, Б.Отгончулууны 5028329787 тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн тодорхойлолт, Алтан эг ББСБ ХХК-ийн тодорхойлолт, Нүсо ХХК-ийн тодорхойлолт, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, хавсралт, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн М.Нармандахаас Ч.Цэрэнчимэдэд олгосон итгэмжлэл, Ч.Цолмонбат, М.Нармандах нарын байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг, гэрэл зургийн хуулбар, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг, М.Нармандахын 5040056607 тоот дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2234 тоот шүүх хуралдааны тэмдэглэл, А.Энхтүвшин, М.Нармандах нарын байгуулсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1496 тоот албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлт, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн тодорхойлолт /1хх-ийн 4-70, 156-168, 86-105, 120-132, 137-143, 151-164, 187, 189-199, 206-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Д.Энхбатаас Г.Мөнхбуянд олгосон итгэмжлэл, М.Нармандахын эзэмшлийн 5001195082 тоот дансны хуулга, Б.Отгончулууны 1809090048 тоот дансны хуулга, Б.Отгончулууны 5028329787 тоот дансны хуулга, Б.Отгончулууны 5001024660 тоот дансны хуулга, №2124527 тоот Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Пролог солюшн ХХК-ийн нэхэмжлэх, №2124526 тоот Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, №2124528 тоот Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2822 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Смарт импекс ХХК-ийн №18091003, №18091002, №18091001 тоот нэхэмжлэх, С.Мөнхжаргалын тээврийн хэрэгслийн лавлагаа /өмнө өмчилж байсан/, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн С.Мөнхжаргалын тодорхойлолт, С.Мөнхжаргалын тодорхойлолт, Смарт импекс ХХК-ийн Арилжааны нэхэмжлэх /англи хэл, монгол хэл дээрх/, Гаалийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, хавсралт, Смарт импекс ХХК-ийн Арилжааны нэхэмжлэх /англи хэл, монгол хэл дээрх/, Хаан банк ХХК-ийн тодорхойлолт, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Д.Гэрэлцогын тодорхойлолт, Пролог солюшн ХХК-ийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18/382 тоот Нэхэмжлэл, Пролог солюшн ХХК-ийн тодорхойлолт, Авто тээврийн үндэсний төвийн 2822УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн В.Оюунбатын гэрчээр асуусан тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ч.Отгончулууны гэрчээр асуусан тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн И.Наваанбаярын гэрчээр асуусан тэмдэглэл, Гаалийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 012/302 тоот албан бичиг, Д.Энхбатын хариу тайлбар, Пролог солюшн ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05/28 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00588 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлал, Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, №2124517 дугаар Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гэрэл зураг, Татвар төлсөн баримт, ЖДМБ ХХК-ийн 1-190142 дугаар тодорхойлолт, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, №2124528 тоот Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Татвар төлсөн баримт, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, №2124528 тоот Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Татвар төлсөн баримт, Пролог солюшн ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Нэхэмжлэл, Пролог солюшн ХХК-ийн дансны хуулга, 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Хариу тайлбар, Д.Энхтөгсийн дансны хуулга, Бэлэн мөнгөний орлогын баримт, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Орлогын баримт, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нэхэмжлэх, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Зарлагын баримтууд, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Орлогын баримт, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Нэхэмжлэх, 7629УБК тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Пролог солюшн ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/19 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Отгончулууны гэрчийн өгсөн мэдүүлэг, Б.Отгончулууны иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ч.Отгончулууны гэрчээр өгсөн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 4-179/3390 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа /1хх-ийн 79-150, 179-251-р хуудас, 2хх-ийн 1-2, 47-50-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас 5006553259, 5081035363 тоот данснуудын 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх, 5070414638, 5075668044 тоот данснуудын нээлгэсэн өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг, Гаалийн ерөнхий газрын 1971234 тоот Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Татвар төлсөн баримт, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн нэхэмжлэл, Smart impex, Packing list гэх бичгүүд, гэрэл зураг /2хх-ийн 5-45, 55-73-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч нь өөрийн данснаас Смарт Импекс ХХК-аар дамжуулан Lexus RX450, Lexus IS300, Toyota Kluger гэх автомашинуудыг дуудлага худалдааных нь үнийг төлж захиалсан боловч Монголд ирэхэд нь хариуцагч Д.Энхбат хүлээн авч, худалдан борлуулаад автомашины үнийг нь нэхэмжлэгчид өгөөгүй тул хариуцагчаас автомашинуудын үнэ болох 161 000 000 төгрөгнөөс тээвэрлэлтийн хөлс 11 400 000 төгрөгийг хасч, үлдэх 133 247 042 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан, мөн Г.Мөнхбуянд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Нармандах нь Худалдаа хөгжлийн банкны 473026027 тоот данснаас 2018 он 8 дугаар сарын 10-ны өдөр 16 470 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 6 496 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-нд 8 352 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-нд 7 609 600 төгрөгийг тус тус Смарт импекс ХХК-нд Lexus RX450, Lexus IS300, Toyota Kluger маркийн автомашины үнэд шилжүүлсэн, дээрх автомашинууд нь 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдөр Монгол улсын хилээр орж ирсэн болох нь дансны хуулга болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь автомашинуудыг хариуцагч Д.Энхбат нь хүлээн авах байсан эсэх, автомашиныг худалдан борлуулаад үнийг нэхэмжлэгчид төлөх байсан талаар байна, автомашинуудын үнэ төлөгдөж, Монгол улсын хилээр дээрх автомашинууд нь орж ирсэн талаар маргаагүй.
6.Нэхэмжлэгч нь уг автомашинуудын дуудлага худалдааны үнийг өөрөө төлж, захиалан Монгол улсад авчирсан боловч хариуцагч нь автомашинуудыг бусдад зарж борлуулаад үнийг нь нэхэмжлэгчид өгөхгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн тул автомашинуудыг үнийг гаргуулахаар шаардаж, Хөрөнгө үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 217 дугаар дүгнэлтэд “...Lexus IS300h маркийн автомашин 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн автомашины дундаж үнэ, цэнэ 46 000 000 төгрөг, Lexus RX450h маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн автомашины зах зээлийн үнэ, цэнэ 52 500 000 төгрөг, Toyota Kluger маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол улсад орж ирсэн автомашины зах зээлийн үнэ, цэнэ 62 500 000 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэжээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 493 дугаар зүйлийн 493.2-д “үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж заасан.
Нэхэмжлэгч нь Lexus RX450, Lexus IS300, Toyota Kluger маркийн автомашинуудын үнийг төлсөн болох нь хэрэгт авагдсан түүний дансны хуулга, Смарт импекс ХХК-ийн болон Пролог солюшн ХХК-ийн баримтуудаар тогтоогдож байгаа боловч уг автомашинууд хариуцагчийн нэр дээр Монгол улсын хилээр орж ирсэн, мөн хариуцагч нь тээвэрлэлтийн хөлс, хилээр нэвтрүүлсэн гаалийн татварыг төлж хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Энхбатыг түүний дүү болох Д.Энхтөгстэй хуйвалдаж, гаалийн мэдүүлэг болон холбогдох бичиг баримтыг өөрийн нэрээр бичиж мэдүүлсэн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
Учир нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №181/ШШ2020/00588 дугаар шийдвэрээр Д.Энхтөгсийн нэхэмжлэлтэй, М.Нармандахад холбогдох, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Энхбат нарт холбогдох гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 2010 оны Lexus RX450h, 2013 оны Lexus IS300h, 2015 оны Toyota Kluger маркийн автомашинуудаас ногдох хувийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд “...Зохигчид хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь 473026027 тоот данснаасаа 2018.10.10-ны өдөр 6 496 000 төгрөгийг Lexus IS300h маркийн машины үнэд, 8 352 000 төгрөгийг Toyota Kluger маркийн машины үнэд, 7 608 600 төгрөгийг Lexus RX450h маркийн машины үнэд тус тус шилжүүлсэн, эдгээр 3 автомашин нь 2018.10.30-ны өдөр Монгол улсын хилээр Д.Энхбатын нэр дээр орж ирсэн болох нь дансны хуулга болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байна.
Дээрх автомашинуудыг Австрали улсаас Монгол улсад авч ирсэн тээврийн хөлс 3 033 ам.долларыг 2018.10.24-ний өдөр, Монгол улсын хилээр нэвтрүүлсний гаалийн татвар 16 313 267 төгрөгийг 2018.10.30-ны өдөр тус тус Д.Энхбат хариуцан төлж, автомашинууыг хүлээн авч, эвдрэл гэмтлүүдийг өөрөөс 43 705 500 төгрөгийн зардал гаргаж засварлуулжээ.
Дурдсан автомашинуудыг Австрали улсаас худалдан авахад гэрлэгчдийн хамтран эзэмшдэг дундын дансан дахь буюу Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д заасан мөнгөн хуримтлалаас 22 456 600 төгрөгийг зарцуулсан нь тогтоогдсон боловч тэдгээрийг мөн зүйлийн 126.2.2-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан дундаа хамтран өмчлөх хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь автомашинуудыг худалдан авсан зардал 22 456 600 төгрөгнөөс гадна тээвэр, татвар, засварт 67 794 378 төгрөгийн зардал гарсныг Д.Энхбат төлсөн” гэж маргааны үйл баримтын талаар дүгнэжээ.
Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлалд “...хэрэгт авагдсан баримтаас үзвэл гуравдагч этгээд Д.Энхбат нь нэхэмжлэгч Д.Энхтөгсөд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 40 000 000 төгрөг шилжүүлсэн, улмаар нэхэмжлэгч Д.Энхтөгс нь 3 машиныг нийт 22 457 600 төгрөгөөр захиалан авсан байна. Улмаар Монгол улс руу ачуулсан, гуравдагч этгээд Д.Энхбат нь 3 автомашины тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, онцгой албан татвар, засварын зардал зэрэг зардалд нийт 42 430 000 төгрөг зарцуулж машиныг хүлээн авсан, тэрээр дээрх автомашинууд нь худалдах- худалдан авах гэрээний дагуу одоо өөр бусад этгээдийн эзэмшилд шилжсэн үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн баримтыг үндэслэн зөв тогтоожээ” гэсэн байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00822 дугаар тогтоолд “...хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, шүүхийн энэ шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн хилээр орж ирсэн мэдүүлэгт 2018 оны 10 дугаар сарын 30-нд “хүлээн авагч нь Д.Энхбат” гэсэн байх бөгөөд Смарт импекс ХХК-ийн арилжааны нэхэмжлэхэд “худалдан авагчийн хаяг нь Д.Энхтөгс” гэж бичигдсэн байх тул нэхэмжлэгчийн хариуцагчийг Монгол улсын гааль дээрээс надад мэдэгдэлгүйгээр автомашинуудыг авч явсан гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Мөн хариуцагч нь Пролог солюшн ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний нэхэмжлэхэд хил хүртэлх тээврийн хөлс 1 011 ам.долларыг, уг тээврийн хөлс 4 400 ам.доллар, дотоод зардал 248 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний нэхэмжлэхээр тус тус төлсөн, энэ талаар нэхэмжлэгч нь маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хөлс болох 4 400 ам.долларыг хасч тооцсон болно.
Хариуцагчийг эд хөрөнгө буюу автомашинуудыг бусдын зардлаар буюу нэхэмжлэгчийг автомашинуудын үнийг төлснөөр олж авсан гэж үзэх боломжтой боловч дээрх машины үнийг нэхэмжлэгч нь Д.Энхтөгстэй хамтран эзэмшдэг данснаас төлсөн, уг мөнгө нь Д.Энхтөгстэй хамааралгүй, хамтран эзэмшдэг данснаас надад мэдэгдэлгүй авсныг буцаан өгсөн гэх боловч дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг гэрлэгчдийн хамтран эзэмшдэг дундын дансан дахь мөнгөнөөс автомашины үнийг төлсөн, мөн хариуцагч Д.Энхбат нь 3 автомашины тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, онцгой албан татвар, засварын зардал зэрэг зардалд нийт 42 430 000 төгрөг зарцуулсан талаар дурдсан, энэ нь хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Иймд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хэдийгээр автомашинуудын үнийг төлсөн гэх боловч дээрх автомашинуудын бусад зардал, мөн завсар үйлчилгээний хөлсийг нь хариуцагч нь төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан автомашины үнэ болох 133 247 042 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 973 485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян нь товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт ирүүлсэн гэх боловч түүний хүсэлтэд хавсарган ирүүлсэн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/1653 дугаартай “Арбитын хуралдааны тов зарлах тухай” албан бичигт түүний нэр дурдагдаагүй, А.Алтанхуяг болон Гифтед платинум лимитед компанид холбогдох хэрэгт хариуцагчийг төлөөлөн оролцож байгаа гэх боловч компанийг төлөөлөн арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа талаарх баримтыг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч М.Нармандахын хариуцагч Д.Энхбатад холбогдуулан гаргасан автомашины үнэ болох 133 247 042 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973 485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН