Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/03346

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чагдаржавын гудамж, Люкс центр, 901 тоотод байрлах, Люкс хаус ХХК /РД:5206391/,

  Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чагдаржавын гудамж, Люкс центр, 901 тоотод оршин суух, Жигмид овогт Нямбуугийн Төрбат /РД:ХГ67080273/ нарын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид хороолол, 24-222 тоотод оршин суух, Сан оюут овогт Цэрэндашийн Баярмаа /РД:ДО73081005/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид хороолол, 24-222 тоотод оршин суух, Сан оюут овогт Цэрэндашийн Баярмаа /РД:ДО73081005/-гийн,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чагдаржавын гудамж, Люкс центр, 901 тоотод байрлах, Люкс хаус ХХК /РД:5206391/-нд холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түрээсийн төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Люкс хаус ХХК, Н.Төрбат нар нь хариуцагч Ц.Баярмаад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.Төрбат нь Люкс хаус ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд 100% хувьцааг эзэмшдэг, итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд юм. Н.Төрбат нь өөрийн өмчлөлийн СБД-ийн 1 дүгээр хороо, Чагдаржавын гудамж, Люкс центрийн 701 тоот 3 өрөө орон сууцыг өөрийн Люкс хаус ХХК-иар дамжуулан хариуцагчид түрээслүүлсэн. Ингэхдээ Люкс Хаус ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр АНУ-ын иргэн Nakhman Michael /М.Нахман/, хамтран түрээслэгч Ц.Баярмаа нартай түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр СБД-ийн 1 дүгээр хороо, Чагдаржавын гудамж, Люкс центрийн 701 тоот 3 тасалгаа бүхий оффисын талбайг хариуцагчид түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д зааснаар оффисын талбайг сарын 1 500 000 төгрөгөөр түрээсэлсэн бөгөөд төлбөрийг сар бүрийн 27-ны өдөр түрээслүүлэгчийн дансанд шилжүүлэхээр тохирсон. Гэтэл түрээслэгч нь түрээсийн гэрээнд заасан төлбөрийг зохих ёсоор төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн тул гэрээг цуцалсан байдаг. Түрээслэгч нь түрээсийн талбайг эзэмшсэн нийт хугацааны буюу 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл төлбөрийн үлдэгдлийг тооцож үзэхэд үндсэн төлбөрийн 14 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн түрээсийн гэрээний 5.1-д заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс гэрээг цуцалсан өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл 23 665 000 төгрөг алданги төлөхөөр байх хэдий ч Иргэний хуулийн 232 дүгээр зүйлийн 232.4-т нийцүүлэн 7 000 000 төгрөгийн алдангийг төлөөгүй. Хариуцагч Ц.Баярмаа нь өмнө өгсөн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн түрээсийн төлбөрийн 10 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрэн хэлэлцэх хүсэлт, тайлбарыг шүүхэд гаргаж байсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хариуцагч М.Нахман нь Монгол улсад байхгүй, гадаад улсын иргэн тул хамтран түрээсийн гэрээ байгуулсан Ц.Баярмаагаас үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр хариуцагч компанийг түрээсийн төлбөрөө 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан нөхөн төлөх тухай мэдэгдэл хүргүүлж, энэ хугацаанаас хойш удаа дараа биечлэн уулзахаас гадна утсаар болон мессежээр үүргээ гүйцэтгэхийг сануулсан боловч үр дүнд хүрээгүй. Иймээс түрээсийн гэрээг өөрийн санаачлагаар цуцалж, гэрээг цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь дараах шаардах эрхийг хэрэгжүүлэхээр байна. Үүнд түрээсийн гэрээний түрээсийн төлбөрт дутуу төлсөн 14 000 000 төгрөг (2018 оны 6 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл), алданги 7 000 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

            2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Люкс хаус ХХК нь хариуцагч Ц.Баярмаатай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 18/02 тоот түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зохигчид нь 1 сарын түрээсийн төлбөр 1 500 000 төгрөгөөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж, 46 дугаар байрны 7 давхарын 701 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцсон. Түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч Ц.Баярмаа нь түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 4 500 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 4 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 35 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байна. Түрээсийн гэрээний хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хариуцагч нийт 18 000 000 төгрөгийг төлөх ёстой байснаас уг гэрээний хугацаанд 12 500 000 төгрөг төлж, 5 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хэрэв нэхэмжлэгч нь алданги бодвол түрээсийн гэрээний үлдэгдэл 5 500 000 төгрөгөөс бодох ёстой. Гэтэл хариуцагч нь нийт 35 500 000 төгрөгийг төлсөн тул түрээсийн төлбөр төлөгдсөн гэж үзэж байна. Түрээсийн гэрээ 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болж, гэрээний 8.2-т түрээсийн гэрээг жил бүрийн эцэгт хоёр тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоох, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж тохиролцсоны дагуу зохигчдын хооронд гэрээг амаар болон бичгийн хэлбэрээр сунгасан акт, хэлцэл байгуулагдаагүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас 17 500 000 төгрөгийг түрээсийн төлбөрт илүү авсан бөгөөд хариуцагч нь 17 500 000 төгрөгийн авлагатай байна. Дээрх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөлдөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсны дагуу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 18/2 тоот түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх тул тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Мөн хариуцагчийн зүгээс илүү төлсөн төлбөр 17 500 000 төгрөг болон түрээсийн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд сөрөг нэхэмжлэл гаргах болно. Иймд Люкс хаус ХХК, Н.Төрбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ц.Баярмаа нь хариуцагч Люкс хаус ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 18/2 тоот түрээсийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж, 46 дугаар байрны 7 давхарын 701 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэхээр зохигчид харилцан тохиролцсон байна. Түрээсийн гэрээний хугацаанд буюу 1 жилийн түрээсийн төлбөр нийт 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуульд заасан хэлбэрийг зөрчиж байгуулагдсан хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Иймд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18/2 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түрээсийн төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Түрээсийн гэрээ Люкс хаус ХХК болон Нахман Майкл нарын хооронд байгуулагдсан тул хариуцагч Ц.Баярмаа нь гэрээний оролцогч биш байна. Иймд хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь Ц.Баярмаатай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 18/2 тоот түрээсийн гэрээг байгуулсан ба энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь  Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж, 46 дугаар байрны 7 давхарын 701 тоот хэсгийг ажлын байрны зориулалтаар ашиглахаар түрээслэсэн. Анх гэрээ байгуулахад нэхэмжлэгч түрээсийн гэрээний бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Улмаар хариуцагч түрээсийн гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчид үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч тус хөрөнгийг өөрийн эзэмшилд авч үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн ба хариуцагч нь өмнө түрээсийн гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр огт маргаж байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуульд зааасан хэлбэрийг зөрчиж байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн талууд энэхүү гэрээний 2.1 дэх хэсгээр түрээслүүлэгч нь түрээслэгчид эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, 6.1 дэх хэсгээр түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэрээний үүргийг талууд биелүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй гэрээний үүргийг зөрчиж байгаа хэрнээ хариуцагчаас түрээсийн төлбөрт шилжүүлсэн 18 000 000 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчээс төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Люкс хаус ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Люкс хаус ХХК-иас М.Жавхланд олгосон итгэмжлэл, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18/2 тоот Түрээсийн гэрээ, Ц.Баярмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Люкс хаус ХХК-ийн Т.Эрдэнэчимэгт олгосон итгэмжлэл, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А-21/12-1/20 тоот албан бичиг, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Люкс хаус ХХК-ийн албан бичиг, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрий №18/2 тоот гэрээний төлөлтийн хүснэгт /түрээслэгч:Нахман Михайл/, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Н.Төрбатаас М.Жавхланд олгосон итгэмжлэл, Н.Төрбатын хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа, Люкс хаус ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Люкс хаус ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Ү-2203027551 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2022/08932 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18/2 тоот гэрээний төлөлтийн хүснэгт /Түрээслэгч: Нахман Михайл/, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар /хэргийн 3-23, 52-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Ц.Баярмаагаас М.Отгонмаад олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн М.Отгонмаа, Б.Дагважанцан нарын байгуулсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 30, 35-36, 41-43, 44-45-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн. 

Шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архиваас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ц.Баярмаагийн гаргасан хариу тайлбар, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Н.Төрбатын өмчлөлийн Ү-2203027551 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Н.Төрбатын гаргасан өргөдөл, Ү-2203027551 дугаартай Н.Төрбатын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэрэгэ крейтив солушин ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэрэгэ крейтив солушин ХХК-ийн дүрэм, Ц.Баярмаагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архиваас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн М.Жавхлангийн гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж, Гэрэгэ крейтив солушин ХХК-ийн итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/05795 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/07840 дугара “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамж /хэргийн 61, 66-78, 85-97-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Люкс хаус ХХК, Н.Төрбат нарын нэхэмжлэлээс 11 000 000 төгрөгийг хангаж, 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Хариуцагч нь нэхэмжлэгч Люкс хаус ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түрээсийн төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлтээ ирүүлсэн болно.

 

3.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Ц.Баярмаатай түрээсийн гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ зөрчиж, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул түрээсийн гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 7 000 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

4.Хариуцагч нь нэхэмжлэгч Люкс хаус ХХК-тай гэрээ байгуулаагүй, гэрээний оролцогч биш, тухайн компанид ажилладаг байсан тул гэрээнд орчуулагчаар оролцсон, мөн гэрээ нь хүчин төгөлдөр бус нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үгүйсгэсэн.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Люкс хаус ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 488799680 тоот паспорттой АНУ-ын иргэн Nakhman Michael /Нахман Майкл/, Ц.Баярмаа нартай №18/2 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж 46 дугаар байрны 7 давхарын 701 тоот 3 тасалгаатай дотроо 1 ариун цэврийн өрөөтэй ашиглалтын шаардлага хангасан ажлын байрыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөхөөр уг байрыг оффисийн зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцжээ.

 

6.Талууд гэрээг байгуулсан талаар, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаж байна, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг оффисийн зориулалтаар ашиглаж байсан талаар маргаагүй.

 

7.Зохигчийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 хороолол, Чагдаржав гудамж 46 байр, 701 тоот орон сууцны зориулалттай 89,1 м.кв талбайтай гурван өрөө Ү-2203027551 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь Жигмид овогт Нямбуугийн Төрбатын өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд Н.Төрбат нь Люкс хаус ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслэх эрхийг компанид олгосон байх тул нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслэсэн гэрээний үүргийг Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д “хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй...” гэж зааснаар шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

8.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулаагүй, уг түрээсийн гэрээг АНУ-ын иргэн Нахман Майклтай байгуулсан, түрээсийн байранд Гэрэгэ крейтив солюшн ХХК үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нахман Майкл нь уг компанийн захирал байсан, хариуцагч Ц.Баярмаа нь компанид нягтлан бодогчоор ажилладаг, англи хэлтэй байсан учраас хамтран түрээслэгч дээр гарын үсэг зурсан болохоос гэрээний нэг тал биш учраас гэрээний үүргийг хариуцахгүй, түрээсийн төлбөрийг төлөх үүрэггүй гэж маргасан.

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №18/2 тоот Түрээсийн гэрээнд түрээслэгчийг төлөөлж АНУ-ын иргэн Нахман Майкл, хамтран түрээслэгчээр Ц.Баярмаа гарын үсгээ зурсан байх бөгөөд орчуулагчаар оролцсоныг нотлох баримтгүй, мөн гэрээ монгол хэл дээр байгуулагдсан байх ба хамтран түрээслэгч гэрээнд гарын үсгээ зурсан нь түрээслүүлэгчийн өмнө гэрээний үүргийг хамтран хүлээхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан.

Хэрэгт авагдсан Гэрэгэ крейтив солушин ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Nakhman овогтой Michael-г томилсныг бүртгэсэн байх бөгөөд Ц.Баярмаагийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод Гэрэгэ крейтив солюшн ХХК-иас түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн хариуцагч нь дээрх компанид ажилладаг болох нь тогтоогдож байна.

Гэрэгэ крейтив солюшн ХХК-ийн захирал М.Нахманы шүүхэд ирүүлсэн албан бичигт “...гүйцэтгэх захирал Ц.Баярмаа” гэсэн байдаг боловч хэрэгт авагдсан компанийн дүрэмд компанийн гүйцэтгэх захирлыг гагцхүү компанийн үүсгэн байгуулагч гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь тус компанид нягтлан бодогчоор ажилладаг гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна. Гэвч хариуцагч Ц.Баярмаагаас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тус дүүргийн шүүхэд гаргасан хүсэлтэд “...Люкс хаус ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Баярмаа надад холбогдох иргэний хэрэгт манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 10 сая төгрөгийн хэмжээнд эвлэрэх хүсэлтэй” гэж байсан, нэхэмжлэгчээс хариуцагч Ц.Баярмаад түрээсийн төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран түрээслэгчээс түрээсийн үүргийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            9.Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь бичгээр хийх хуулийн шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү-2203027551 дугаартай эрхийн улсын бүртгэлд Люкс хаус ХХК болон иргэн Ц.Баярмаа / Nakhman Michael/ нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэх 18/2 тоот түрээсийн гэрээ бүртгэгдээгүй байна гэжээ.

 

            Зохигч талууд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №18/2 дугаартай түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй байна. Гэвч гэрээнд заасан түрээслэгчийн зорилгоо биелүүлэхэд нь зориулсан тодорхой хөрөнгө нь Н.Төрбатын хууль ёсны өмчлөлд Ү-2203027551 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0284919 дугаартай гэрчилгээтэй орон сууцны зориулалттай байх бөгөөд оффисийн зориулалтаар ашиглуулахаар шилжүүлсэн талаар хэн аль нь маргаагүй, мөн түрээсийн гэрээний хугацаа нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртлэх хугацаатайгаар байгуулсан байхад хариуцагч нь түрээсийн зүйлийн 2020 оны 10 сарыг дуустал ашиглаж, төлбөрийг төлж байсан талаараа хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч байсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна.

            Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хууль зөрчсөн гэж үзэж хүчин төгөлдөр хэлцэлд тооцох боломжгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

10.Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Баярмаагаас түрээсийн гэрээний үүрэгт буюу түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2018 оны 6 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртлэх 14 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 7 000 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь 2018 оны 6 дугаар сарын 27-нд гэрээ байгуулсан тул гэрээний хугацаа дууссан 2019 оны 6 дугаар сарын 27-ноос алданги тооцно, гэрээний үүрэгт нийт 18 000 000 төгрөгийг төлөх байснаас 12 500 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 5 500 000 төгрөг байсан, алдангийг 5 500 000 төгрөгнөөс тооцох байсан, гэрээний 8.2-р гэрээ сунгах бол нэмэлт гэрээ байгуулах байсан, тиймээс гэрээний хугацаа дууссанаас хойших түрээсийн төлбөр болон алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигч талуудын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №18/2 дугаартай Түрээсийн гэрээний 6.1-д “түрээслэгч түрээсийн байрны нэг сарын төлбөрийг 1 500 000 төгрөгөөр тооцон урьдчилан сар бүрийн 27-ны дотор төлнө” гэж харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн түрээсийн төлбөрийн тооцоолол буюу “2018.06.27-ны өдрийн №18/2 тоот гэрээний төлөлтийн хүснэгт”-д 2018.06.27-ны өдрөөс 2021.01.27-ныг хүртэл үлдэх дүн 14 000 000 төгрөг, алданги 23 665 000 төгрөг, төлсөн 35 500 000 төгрөг байх бөгөөд хариуцагч нь түрээсийн үүрэгт төлсөн мөнгөний тооцооллын талаар маргаагүй, 35 500 000 төгрөгийг түрээсийн үүрэгт төлсөн талаар маргаагүй болно.

Хариуцагч нь гэрээг сунгаагүй, энэ талаар гэрээ байгуулаагүй гэрээний үүргийг зөрчсөн гэж маргасан боловч нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг 2020 оны 11 сард хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан тул шүүх түрээсийн төлбөрийг 2020 оны 11 дүгээр сар хүртэл тооцож, нэхэмжлэгч нь 2020 оны 12 сар, 2021 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тооцож, үлдэгдэл төлбөр 11 000 000 төгрөгийг гаргуулж, 2020 оны 12 сарын, 2021 оны 1 сарын түрээсийн төлбөр болох 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

           

            11.Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 7 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.1-д “гэрээний 6.1-р заалт зөрчигдөн түрээсийн төлбөрийг хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө” гэж харилцан тохиролцжээ.

            Гэвч түрээсийн гэрээний 7.1-д “түрээсийн гэрээ нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байна”, 7.5-д “дараах тохиолдолд түрээслүүлэгчийн шаардлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, түрээслэгчийг нүүлгэн гаргана. 7.5.3-д “ашиглалтын зардал, түрээсийн төлбөрийг нэг сарын турш төлөөгүй” гэж заасан байхад нэхэмжлэгч нь энэ эрхээ хэрэгжүүлээгүй, мөн гэрээний 8.2-д “түрээсийн гэрээг жил бүрийн эцэст хоёр тал харилцан дүгнэж, цаашид гэрээг сунгах эсэх, түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоох, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэж заасныг биелүүлээгүй байна гэж үзэв.

            Мөн дэлхий нийтэд тархсан ковид19 буюу шинэ төрлийн короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох тул нэхэмжлэгч нь алданги тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэлээс алданги 7 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.            

Иймд хариуцагч Ц.Баярмаагаас түрээсийн гэрээний үүрэгт 11 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Люкс хаус ХХК, Н.Төрбат нарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг, алданги 7 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ гэрээний нэг тал биш, гэрээг Nakhman Michael-тай байгуулсан тул сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлав.

 

            13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Люкс хаус ХХК, Н.Төрбат нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 000 төгрөг, хариуцагч Ц.Баярмаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярмаагаас 190 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Люкс хаус ХХК, Н.Төрбат нарт олгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Баярмаагаас түрээсийн гэрээний үүрэгт нийт 11 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Люкс хаус ХХК, Н.Төрбат нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ц.Баярмаагийн нэхэмжлэгч Люкс хаус ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түрээсийн төлбөрт төлсөн 18 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Люкс хаус ХХК, Н.Төрбат нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 000 төгрөг, хариуцагч Ц.Баярмаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярмаагаас 190 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Люкс хаус ХХК, Н.Төрбат нарт олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ХУЛАН