| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/04113/И |
| Дугаар | 183/ШШ2024/04577 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2024/04577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С-гийн,
Хариуцагч: Ш.Д-т холбогдох
хашаа, байшингийн урьдчилгаа төлбөрт төлсөн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Ш.Д-ийн
Хариуцагч: Д.М-д холбогдох,
хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******,
Хариуцагч Ш.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.М******* нь хариуцагч Ш.Д*******т холбогдуулан хашаа, байшингийн урьдчилгаанд төлсөн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ш овогтой Д*******тэй 2022 оны сарын 18-ны өдөр анд байрлах газрын нэгж талбарын дугаар 186433*******, ******* хороо /14132/******* гудамж, ******* 73.5 мкв хувийн сууц байшинг авахаар нийт төлбөрийн 40 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр болох 5 000 000 төгрөгийг иргэн Д*******ийн Хаан банкны 5622******* тоот дансанд тохиролцож хийсэн. Уг хугацаанд хашаа байшин нь Хаан банкны 44 000 000 төгрөгийн зээлэнд байсан тул 45-60 хоногт зээлийг суллан өгч худалдан, худалдан авах гэрээг хийхээр тохиролцож харилцан ярилцсаны үндсэн дээр уг хэлэлцээрт хүрсэн. Гэвч уг хэлсэн хугацаандаа зээлээ төлж дуусаагүй байсан тул миний бие урьдчилгаа өгсөн төлбөр болох 5 000 000 төгрөгийг эргүүлэн авах хүсэлтэй байсан боловч 2 жилийн хугацаа буюу одоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй. Хариуцагч Д******* нь хашаа, байшингаа зарж өгнө гэж хэлээд 2024 оныг хүргэсэн. Иймд хариуцагч Ш овогтой Д*******ээс надад учруулсан хохирол болох 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай хашаа, байшин худалдан авахаар харилцан тохиролцоод гэрээ байгуулаад 40 000 000 төгрөгөөр авахаар тохиролцоод урьдчилгаа 5 000 000 төгрөгийг 2023 оны сарын 18-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч нь уг хашаа, байшин нь банкны барьцаанд байгаа учраас 45-60 хоногийн дотор барьцаанаас гаргаж чөлөөлж өгнө гэсэн. Гэвч чөлөөлж өгөөгүй, чөлөөлж өгөөгүй болохоор нь гэрээнээс татгалзсан, тэгээд хашаа байшингаа зараад өгнө гэсэн боловч өгөөгүй, мөн зарчихаад ч өгөхгүй байгаа тул хашаа, байшингийн урьдчилгаанд төлсөн 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ш.Д******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Би 5 000 000 төгрөгийг авсан нь үнэн, буцаагаад байшинд байсан зүйлийг авчираад өгөөд нураасан зүйлээ засаад янзлаад өгчихвөл 5 000 000 төгрөгийг нь буцааж өгнө гэсэн. 2023 оны сарын 18-ны өдөр мөнгө шилжүүлэхэд нь түлхүүрээ өгсөн, түлхүүр нь гацаад эвдээд орсон. Аав, ээж нь гээд хөгшин, 1 залуу байсан, хашаанд байсан багажийг хэрэглэчих үү гэхээр нь би аваад яв гээд өгөөд явуулчихсан. Тавилгыг дараа нь аваад явсан байсан. 2023 оны 9 дүгээр сард хажуугийн айлын залуугаас түлхүүр аваад харсан чинь юу ч байхгүй байсан, өвс ургаад их болсон байсан учраас өвсөө хадуулаад нураасан блокыг янзлуулсан. Ор, диван, зурагтын тавиур, ширээ, төмөр хаалга, төмөр иштэй лоом, жоотуу шинээр байсан, усны тэрэг, нам даралтын зуух, гадаа байсан төмөр савлуур, суудаг байсан хүүхдийн савлуур тоглоом, грашид байсан бөгсний 2 гэрэл, шуудайтай загасны чулуу, 25 шуудай шахмал түлш гражид байсан авсан. Энэ бүгдийг буцаагаад авчраад өгчих, юмаа янзлаад өгчих гэсэн. Манай тамбарыг нураачихсан байсан, энэ тамбарыг бүтэн болгоод өг гэсэн ч өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Хариуцагч Ш.Д******* нь нэхэмжлэгч Д.М*******д холбогдуулан хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Д.М*******тэй 2022 оны сарын 18-ны өдөр Улаанбаатар хот, С******* дүүрэг, ******* хороо, 4 хэсэг, ******* хашаа байшинг худалдахаар тохиролцож урьдчилгаа болох 5 000 000 төгрөгийг авч байшингийн түлхүүр болон доторх тавилга грашд байсан багаж, усны тэрэг 25 шуудай нүүрсийг хүлээлгэн өгсөн болно. Үлдэгдэл 35 000 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлэхээр тохиролцсон. Энэ хугацаанд хашаа байшин Хаан банкны барьцаанд байсан тул 45-60 хоногийн дотор шилжүүлэхээр 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дүү маань болох Ш.А нь Д.М*******тэй харилцан тохиролцож тус тус гар өргөдөл бичиж гэрээ байгуулсан болно. Дүү болох Ш.А нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Д.М******* рүү залгаж худалдах худалдан авах гэрээ байгуулая хэмээн залгасан боловч Д.М******* нь мөнгөө хүнд зээлсэн тул худалдаж авах боломжгүй. Наадмын дараа хүнээс мөнгө аваад гэрээ байгуулна гэсэн. Наадмын дараа мөн гэрээ байгуулая гэсэн боловч шалтаг тоочсоор энэ хугацаанд байшингийн нүүр тал нурж цонх хагарсан хүлээлгэж өгсөн тавилга болон грашд байсан эд зүйлсийг ээж аав руугаа нүүлгэсэн. Удаа дараа залгуулсаар 2023 оны 5 дугаар сар хүрсэн. 2023 оны 5 сард хашаа байшин авахаа болъё гэж хэлсэн. 2023 оны 9 дүгээр сард Д.М******* нь уг байшингийн түлхүүрийг хажуу талын айлд үлдээж миний бие түлхүүрээ хүлээн авсан. Иймд дүү болох Ш.А нь удаа дараа Д.М*******тэй утсаар ярьж 2022 оны 4 сараас 2023 оны 9 сар хүртэл байх хугацаанд гарсан байшингийн эвдрэл болон эд зүйлсийг янзлах болон буцааж аваачих талаар удаа дараа шаардсан ба уг шаардлагыг биелүүлсэний дараа 5 000 000 төгрөгийг буцаан өгье гэсэн боловч Д.М******* нь уг шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсээр өдийг хүрсэн. Иймд байшингийн эвдрэл гэмтэл болон тухайн үед хүлээлгэж өгч байсан эд хогшил буюу ор, ширээ, буйдан, зурагтын тавиур, нам даралтын зуух, гадаах савлуур болон грашид байсан 25 шуудай нүүрс багаж, усны тэргийг 5 000 000 төгрөгөөр үнэлж Д.М*******гээс нэхэмжилж байна.
Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, хашаа, байшингийн урьдчилгаанд миний бие 5 000 000 төгрөгийг авсан нь үнэн, гэхдээ би буцаагаад байшинг янзлах ажлын хөлс нэхэмжилж байгаа, яг засварын үнэлгээ гаргах юм бол бүүр их мөнгө болно. Гэр дотор байсан тавилга, багажны үнэ 3 000 000 төгрөг болж байгаа. Засварын мөнгө нь үлдсэн мөнгө болж байгаа, тэгээд гэрээнээс татгалзсан хохирол гээд 5 000 000 төгрөг болж байгаа юм гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна, хариуцагч нь хашаа, байшингийн урьдчилгаанд өгсөн мөнгийг өгөхгүй гээд л сөрөг шаардлага гаргаад байна гэж ойлгож байгаа. Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, уг гэрээнээс татгалзаад цуцласан талаараа хэн аль нь зөвшөөрч байгаа. Хашаа, байшингийн түлхүүрийг нь 2023 оны 9 сард хариуцагчид өгсөн, анх хашаа, байшинг худалдан авахаар тохиролцох үед тамбар нь нурсан байсан, энэ талаар тухайн үедээ хэлцэл дээрээ бичсэн. Байшинд байсан болон хашаанд байсан зүйлийг аваад явсан зүйл байхгүй. Усны тэрэгний хувьд хажуугийн хүн нь гуйхаар нь өгчихсөн гэдэг. Нам даралтын зуух гэдгийг нь бас хөгшин настай хүн аваад явчихсан гэсэн. Үүнийг нь 600 000 төгрөгт тооцоод өгчихье гэсэн боловч хариуцагч зөвшөөрөөгүй. Нам даралтын зуухны гаднах гэр, толь, усны тэрэг зэрэг хүнд өгчихсөн зүйлийн үнийг төлөхөд татгалзахгүй гэсэн боловч хариуцагч нь зөвшөөрөөгүй юм. Түүнээс нэхэмжлэгч өөрөө аваад хэрэглэсэн зүйл байхгүй гэв.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022 оны сарын 18-ны өдрийн шилжүүлгийн баримт, гар бичвэр, Д.Б*******д олгосон итгэмжлэл /хх-ийн 2-6, 35-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрэл зураг, мессенжер чатны зураг, гар бичвэр /хх-ийн 19-30-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.М*******гийн хариуцагч Ш.Д*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 5 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ш.Д*******ийн нэхэмжлэгч Д.М*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийг гаргуулж, 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Д*******тэй хашаа, байшин худалдах худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 5 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч уг хашаа, байшинг зээлнээс суллаж өгөөгүй тул гэрээнээс татгалзаж хашаа байшинг буцаан өгсөн тул гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Д.М*******тэй хашаа, байшин худалдах худалдан авахаар харилцан тохиролцож, урьчилгаанд 5 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, хашаа байшингаа доторхи тавилга, эд зүйлийн хамт хүлээлгэн өгсөн боловч үлдэх 35 000 000 төгрөгийг төлөөгүй гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан хүлээлгэн өгсөн хашаа, байшинг эвдэлж, тамбар нураасан, байшингийн доторхи болон гадна байсан тавилга эд зүйлийг авч явсан тул эд зүйлийн үнэ болон засварын зардал буюу гэрээнээс татгалзсантай холбогдуулан учруулсан хохиролд 5 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн авахад тамбар нурсан байсан, хүлээлгэн өгсөн эд зүйлс байгаагүй, хашаанд байсан нам даралтын зуухны гаднах гэр, толь, усны тэргийг хүн аваад явсан тул эдгээрийн үнийг төлөхөд татгалзахгүй гэсэн.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Зохигч талууд “иргэн Ш овогтой Д******* миний бие нь Дашням овогтой М*******тэй харилцан тохиролцож СБД-ийн ******* хороонд орших 308 м.кв газар, Ү-220 улсыг бүртгэлийн дугаартай 73,5 м.кв хувийн сууцыг Хаан банкны барьцаанаас чөлөөлж 45-60 хоногийн шилжүүлж өгнө. 4 сарын 18-нд урьдчилгаа мөнгө 5 000 000 төгрөгийг дансаар авч, үлд мөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийсний дараа шилжүүлнэ. 2022 оны 5 сарын 5-ны өдрөөс тооцож 45-60 хоногийн дотор шилжүүлнэ” хүлээн зөвшөөрсөн иргэн Д.М*******, хүлээн зөвшөөрсөн иргэн Ш.Д*******, Д*******ийн төрсөн дүү Ш.А”,
6.2.мөн “…СБД хороо, д байрлах иргэн Ш овогтой Д*******тэй 14624 дугаар бүхий 308 м.кв газартай газрын нэгж талбарын дугаар 18643 хороо, /14132/, хороо, газрын ******* 73,5 м.кв хувийн сууц байшинг авахаар тохиролцож, нийт төлбөрийн 40 000 000 урьдчилгаа болох 5 000 000, 4.18-ны 12.07 минутад Хаан банкны Д*******ийн дансанд 5622******* хийсэн. Гэвч Хаан банкны зээлэнд бүх гэрчилгээ, бичиг баримтууд байгаа тул харилцан ярилцсаны үндсэн дээр /итгэлцэл/ дээр түүний төрсөн дүү болох Шгийн А, Т нар ахынхаа байшин, газрыг барьцаалж зээл авсан байсан тул эхнэр болох Н нь мэднэ. Өргөдөл гаргасан иргэн Д.М*******, хүлээн зөвшөөрсөн иргэн Д*******”,
6.3.“…мэдээгүй, мэдэгдэхгүй бид нар тохиролцов. Энэхүү гэрээг байгуулав. Бас байшингийн тампер нурсан байдалтай байгаа, граш нь буулгагданаа, нэг шкафен дээр тогтсон. Ингээд зээлээ 45-60 хоногт гаргаж өгч /Үл хөдлөхийн худалдан худалдан авах/ гэрээ хийгдсэний үндсэн дээр үлдэгдэл мөнгө болох 35 000 000 өгөхөөр тохиролцов. Иргэн Д.М*******, иргэн Д*******ийн төрсөн дүү А” гэсэн баримтуудыг үйлдэж, хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан талаараа маргаагүй.
6.4.Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Д.М*******, хариуцагч Ш.Д******* нар нь 2022 оны сарын 18-ны өдөр С******* дүүргийн ******* хороо, анд байрлах газрын нэгж талбарын 186433******* дугаартай, /14132/ хэсэг гудамж, ******* 73.5 мкв хувийн сууц, 308 м.кв талбайтай газрыг 40 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож урьдчилгаанд 5 000 000 төгрөгийг шилжүүлжээ.
7.Талуудын маргааны зүйл нь гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол гаргуулах талаар байна, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хашаа, байшингийн урьдчилгаанд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар хэн аль нь маргаагүй байна.
8.Зохигч талууд 2022 оны сарын 18-ны өдөр С******* дүүргийн ******* хороо, /14132/ хэсэг гудамжид байрлах 14624 дугаар бүхий 308 м.кв газар, уг газарт байрлах Ү-220 дугаартай 73,5 м.кв хувийн сууцыг 40 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 5 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, уг газар хувийн сууц нь хариуцагч Ш.Д*******ийн өмчлөлд бүртгэлтэй байсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
8.1.Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн өмчлөлийн хашаа, хувийн сууцыг нэхэмжлэгч 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, талууд бичгээр гэрээ байгуулж, нэхэмжлэгч хариуцагч хашаа, хувийн сууцны урьдчилгаанд 5 000 000 төгрөгийг төлсөн, хариуцагч нь хашаа, хувийн сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээр 2023 оны 9 сард буцаан авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь гэрээнд манай дүү А гарын үсгээ зурсан, барьцаанаас чөлөөлнө гэж байсан гэсэн боловч гэрээний зүйл болох хашаа, хувийн сууц нь хариуцагчийн өмчлөлийнх, мөн хашаа, хувийн сууцны урьдчилгааг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь хүлээн авсан гэсэн тул зохигч талуудын хооронд гэрээ байгуулагджээ.
8.2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан.
8.3.Нэхэмжлэгч нь хариуцагчийг харилцан тохиролцсон хугацаандаа буюу гэрээнд зааснаар 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс тооцож 45-60 хоногийн дотор газар, хувийн сууцыг банкны барьцаанаас чөлөөлж өмчлөлд шилжүүлнэ гэсэн боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан, хариуцагч нь нэхэмжлэгчийг үлдэх 35 000 000 төгрөгийг төлөөгүй тул барьцаанаас чөлөөлөх боломжгүй байсан гэсэн боловч хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс тооцож 45-60 хоногийн дотор шилжүүлнэ, үлдэх мөнгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэний үндсэн дээр шилжүүлэхээр тохиролцсон, хариуцагч 2023 оны 9 сарыг хүртлэх хугацаанд энэ үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй, хашаа, хувийн сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
8.4.Иймд хариуцагчаас хашаа, хувийн сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
9.Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирол буюу хашаа, хувийн сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхэд байсан эд зүйлс буюу нам даралтын зуух, бүргэд хаалга, багаж, ор, диваан, ширээ, ор, зурагтын тавиур, гурвалжин толь, гадаах төмөр хаалга, лоом, жоодуу, усны тэрэг, шахмал түлш, мөн хашаа, хувийн сууцыг засварлахад гарах зардалд нийт 5 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
9.1.Нэхэмжлэгч нь хашаа, хувийн сууцыг хүлээлгэн өгөхөд эд зүйлс, тавилгыг шилжүүлэн өгөөгүй, энэ талаар жагсаалт үйлдээгүй, хувийн сууцны тампер нь нураасан байсан, харин хашаанд байсан усны тэрэг, толь, нам даралтын зуухны гаднах гэрийг хүнд өгчихсөн тул эдгээрийн үнийг төлөхөд татгалзахгүй гэсэн.
9.3.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.2-л “нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж заасан.
9.4.Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоно гэж гэрэл зургийг ирүүлж, уг зурагт авагдсан тавилга, эд зүйлс нь хувийн сууцыг хүлээлгэн өгөхөд байсан, хувийн сууцны гаднах тампер нь нураагдсан байгаа гэсэн боловч хариуцагчаас хэрэгт ирүүлсэн гэрэл зургийг хэзээ авсан эсэх нь тодорхойгүй, өөрийн утсаар авсан гэх боловч зураг авсан огноо байхгүй, үзлэг хийлгэх хүсэлт гаргах боломжгүй, утсаа алдчихсан, алдсан утсаар авсан байсан гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан талуудын хооронд үйлдэгдсэн баримтад “…байшингийн тампер нурсан байдалтай байгаа, граш нь буулгагданаа, нэг шкафен дээр тогтсон” гэсэн байх тул гэр дотор байсан тавилга, эд зүйлс, багажны үнэ 3 000 000 төгрөг, үлдэх засварын зардал гэсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэв.
9.5.Гэвч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн хашаа, хувийн сууцанд байсан усны тэрэг, толь, нам даралтын зуухны гаднах гэрийг хүнд өгчихсөн тул үнийг төлөхөд татгалзахгүй гэсэн тул 1 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч олгох нь зүйтэй гэж үзэв.
9.6.Иймд хариуцагч Ш.Д*******ээс хашаа, хувийн сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.М*******д олгож, нэхэмжлэгч Д.М*******гээс усны тэрэг, толь, нам даралтын зуухны гаднах гэрийн үнэд 1 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ш.Д*******т олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч Д.М*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөг, хариуцагч Ш.Д*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Д*******ээс 94 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Д.М*******гээс 28 550 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ш.Д*******ээс хашаа, хувийн сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.М*******д олгож, нэхэмжлэгч Д.М*******гээс усны тэрэг, толь, нам даралтын зуухны гаднах гэрийн үнэд 1 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ш.Д*******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгч Д.М*******гийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ш.Д*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Д*******ээс 94 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М*******д, нэхэмжлэгч Д.М*******гээс 28 550 төгрөгийг гаргуулж хариуцагч Ш.Д*******т тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН