| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 101/2023/05037/И |
| Дугаар | 183/ШШ2024/04729 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/04729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б /РД: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 114 177 270 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Б*******д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 114 177 270 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1.Нэхэмжлэгч Ж******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Б*******тай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГМ17/17 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 1.5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 154 700 000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийхээр талууд харилцан тохиролцсон. Мөн, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт зээлдэгч гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү нэмж төлөхөөр заасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ФГМ17/17 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай буюу Фидуцийн гэрээ байгуулж, Toyota Land Cruiser 200 /Арлын дугаар: улсын дугаар *******/ маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь сар бүрийн 25-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд Фидуцийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэгт төлбөрийн өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн эзэмшилдээ хураан авч, худ******* борлуулна гэж заасны дагуу барьцаа хөрөнгө болох Toyota Land Cruiser 200 маркийн автомашиныг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хураан авч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс худ******* борлуулах ажиллагааг эхлүүлэн ХХК-тай автомашин худалдах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Вест авто худалдааны төвд байршуулан заруулахаар болсон боловч зарагдахгүй байсан тул засвар үйлчилгээ хийлгэсэн. Түүний дараа борлуулагч Д.Б*******той Автомашин худалдах ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс Сайн моторс автохудалдааны төвд байршуулан заруулахаар болсон. Энэ мэтчилэн зарагдалгүй удсаны эцэст 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 134 000 000 төгрөгөөр зарж борлуулан, барьцааны эрхээ хэрэгжүүлсэн. Дээрхийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр фидуцийн зүйлийг 134 000 000 төгрөгөөр зарж борлуулан, тус өдрөөр 134 000 000 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрөөс суутган төлүүлэх үед үндсэн зээлийн үлдэгдэл 132 031 710 төгрөг, зээлийн үндсэн хүү 55 342 159 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 516 587 төгрөг, Фидуцийн зүйлийг худ******* борлуулах болон хадгалан хамгаалахтай холбоотой гарсан бусад зардал 9 092 311 төгрөг, нийт 204 982 769 төгрөг болсон байсан. Зээлийн гэрээний 2.9-д Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд, гарсан зардал, өмгөөллийн хөлс, барьцаа хөрөнгийг ачиж тээвэрлэх болох шатахууны зардал, барьцаа хөрөнгө хураах үед ажилласан ажилтны зардал, барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотой гарах бусад зардлууд, хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар тооцон зээлийн төлбөрийг төлүүлнэ гэж заасны дагуу автомашиныг худ******* борлуулсан мөнгөн дүн болох 134 000 000 төгрөгөөс дараах дарааллын дагуу суутгал хийж, төлбөрийг тооцсон байдаг Фидуцийн зүйл худ******* борлуулах болон хадгалан хамгаалахтай холбогдон гарсан бусад зардал 9 092 311 төгрөг (автомашины зогсоолын төлбөр 660 000 төгрөг, автомашины засвар, угаалга, шатахууны төлбөр 3 150 000 төгрөг, автомашины түлхүүр хувилуулсны төлбөр 405 000 төгрөг, мөн хариуцагчийн өмнөөс барьцаа автомашин ашиглалтын явцад үүссэн автомашины татвар, торгуулийн төлбөр 3 099 899 төгрөг, автомашины даатгалын хураамж 1 777 412 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 516 587 төгрөг, зээлийн хүү 55 342 159 төгрөг, үндсэн зээл 61 048 941 төгрөг, нийт 134 000 000 төгрөгийг тооцон төлүүлсэн. Гэвч барьцаа хөрөнгийг худ******* борлуулсан мөнгөн дүн нь хариуцагчийн зээлийн үлдэгдлийг хаахад хүрэлцээгүй бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дээрх дарааллын дагуу 134 000 000 төгрөгийг суутган тооцсон боловч зээлийн үндсэн төлбөрөөс 70 982 769 төгрөг үлдсэн. Хариуцагч Фидуцийн зүйлийг худ******* борлуулж, төлбөрийг тооцсоны дараа үлдсэн төлбөр болох 70 982 769 төгрөг дээр огт төлөлт хийгээгүй бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргээ анх зөрчиж эхэлснээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 2063 хоног, Фидуцийн зүйлийг худ******* борлуулж, худ******* борлуулснаас олсон мөнгийг зээлийн гэрээний төлбөрт 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр суутган тооцсоны дараа үлдсэн төлбөр болох 70 982 769 төгрөгийг төлөлгүй нийт 1063 хоног тус тус хоцроод байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр мэдэгдэж, шаардлага тавьсан боловч үр дүн гараагүй. Хамгийн сүүлд буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №ШМ22/02 тоот мэдэгдлээр хариуцагч Д.Б*******д зээлийн гэрээний үүргээ биелүүлж, 108 004 269 төгрөгийг төлүүлэх, төлөлт хийх сүүлчийн өдрийн дотор нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд, харьяалах шатны шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх болохыг мэдэгдсэн. Гэвч, төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн байна. Зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсэгт Зээлдэгч нь энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн эсхүл зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 /нэг/ хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн бол гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Фидуцийн зүйлийг худ******* борлуулж, зээлийн гэрээний төлбөрт суутган тооцсон 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрөөс 70 982 769 төгрөг төлөгдөөгүй үлдсэн ба 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш энэхүү нэхэмжлэлийг гаргаж буй 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл зээлийн гэрээний зээлийн үндсэн төлбөр 70 982 769 төгрөг, уг зээлийн үндсэн төлбөрт хамаарах зээлийн хүүгийн төлбөр 37 245 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 838 867 төгрөг, нийт 114 177 270 төгрөгийн зээлийн төлбөрийн үүрэг үүссэн байна. Дээр дурдсаны дагуу зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451,1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, хариуцагч Д.Б*******тай байгуулсан №ЗГМ17/17 тоот зээлийн гэрээг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 70 982 769 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл бодогдсон зээлийн хүүгийн төлбөр 37 245 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 838 867 төгрөг, мөн уг нэхэмжлэлийг гаргахад үүссэн зардал болох нотариатын үйлчилгээний хөлс 54 100 төгрөг, орчуулгын хөлс 56 000 төгрөг, нийт 114 177 270 төгрөгийг хариуцагч Д.Б*******гаас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай компани нь зээлийн гэрээг хариуцагчтай байгуулсан. Зээлээ төлөхгүй байсан тул фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг авсан, худ******* борлуулсан боловч үнийн дүндээ хүрэлцээгүй. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах үе хүртлэх нийт 114 177 270 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 160, 161 авагдсан гэрээнд автомашины зээл өгсөн. Уг гэрээг Д.Б*******тай байгуулсан, банк бус санхүүгийн байгууллагаас худ******* авсан компанид шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээнд хэдэн төгрөгөөр хангуулах талаар байхгүй, барьцааны эрх хэрэгжүүлэхдээ зах зээлийн үнээр зарж борлуулахаар заасан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байдаг. Банк мөнгөн хадгаламж гэрээний хуульд зааснаар түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх үндэслэл болохгүй гэснээр шаардаж байна. Зээлийн гэрээний үүрэг нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусна, хөөн хэлэлцэх хугацаа нь үүнээс хойш 3 жил байна гэж үзэж байна гэв.
2.Хариуцагч Д.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1.Нэхэмжлэлд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагчид 154 700 000 төгрөг зээлдүүлсэн гэж дурдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд тус гэрээний дагуу зээлдэгчид зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б*******д тус 154 700 000 төгрөгийг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан автомашины үнийг хариуцагчийн өмнөөс гуравдагч этгээдэд шилжүүлсэн ба хариуцагч нь тус автомашины үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна. Тиймээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул тус гэрээний дагуу үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр фидуцийн гэрээний дагуу улсын дугаартай, Toyota land cruiser 200 маркийн автомашиныг дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан ба 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн автомашиныг нэхэмжлэгч хураан авсан. Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 57 610 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба нэхэмжлэгч нь тус төлбөрөөс 22 668 289 төгрөгийг үндсэн зээлд, 34 941 710 төгрөгийг үндсэн хүүд тус тус тооцон авсан. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч тал хураан авахад тэдний тооцсон үндсэн зээл нь 132 031 710 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна. Нэхэмжлэгч тал тус автомашиныг хэдэн төгрөгт үнэлэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа талаар ямар нэгэн баримт үйлдээгүй бөгөөд хэрэгт авагдсан Практикал даатгалын баримтаар тус автомашин нь 2019 онд 147 420 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан болох нь нотлогдож байна. Тодруулбал, тус автомашины үнэлгээ нь нэхэмжлэгчийн тооцоолсон 132 031 710 төгрөгийн үндсэн дүнг хаахад хүрэлцэхээр байсан байна. Тиймээс Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар тус гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч нь автомашиныг хураан авч өөрсдийн эзэмшилд шилжүүлсэн цагаас үүргийн гүйцэтгэлийг тооцохгүй, тухайн хөрөнгийг хадгалан зээлийн гэрээний хүүг тооцсоор байсан нь үндэслэлгүй байна. Мөн өөрсдийн нэр дээр байгаа эзэмшилдээ шилжүүлсэн хөрөнгийг зарж борлуулахтай холбоотой болон бусад зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байна. Иймд, Ж ББСБ-ын зээлийн гэрээний үүрэгт 114 177 270 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгт зээлийн гэрээний мөнгө Мгийн дансанд орсон зээлдэгчийн дансанд мөнгөн хөрөнгө ороогүй, хоёрт фидуцийн зүйлийг хураан авсан, үндсэн зээлийн үлдэгдэл нь 134 000 000 төгрөг байсан, даатгалын үнэлгээгээр 147 720 000 төгрөгөөр даатгагдаж байсан. Тиймээс үндсэн зээлийн үлдэгдлийг хаасан. Иймд зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан, гэтэл 8 сарын дараа зарсан энэ хугацааныг зардлыг нэхэмжлээд байгаа, 2020 оны буюу хураан авснаас хойших гарсан зардал нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах зардал байгаа юм. Үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулсан тул шаардах эрхгүй. Гуравт удаа дараа мэдэгдэл өгч байсан. Зээлийн гэрээг цуцлаад хураан авна гэж байсан. Иймд нэхэмжлэл гаргах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны хуулийн дагуу үнэлгээ тооцогдоно гэж байна, гэтэл барьцааны гэрээ байгуулагдаагүй, харин фидуцийн гэрээ байгуулагдсан. 204 982 769 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гээд байна, гэтэл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хураан авснаас хойших хүүг нэхээд байгааг зөвшөөрөхгүй. Хөөн хэлэлцэх хугацааг 2022 оноос тооцно гэсэн боловч 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан, гэрээг цуцласан. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.
3.Нэхэмжлэгчээс М.О*******д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архивын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Д.Б*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №ЗГМ17/17 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №ФГМ17/17 дугаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ, өмчлөлд шилжүүлж буй эд хөрөнгийн жагсаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эргэн төлөлтийн хуваарь, Д.Б*******тай холбоотой гарсан зардлын дэлгэрэнгүй баримт, Ж******* ББСБ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүхэд нэхэмжлэл гаргах тухай мэдэгдэл, Ж******* ББСБ ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Шаардлага хүргүүлэх нь/Гэрээг цуцлах тухай албан бичиг, Ж******* ББСБ ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Шаардлага хүргүүлэх нь/Гэрээг цуцлах тухай албан бичиг, Ж******* ББСБ ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах мэдэгдэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, Unegui.mn сайтын мэдээлэл, Үнэгүй групп ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хариу хүргүүлэх албан бичиг, Ж******* ББСБ ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Санал хүргүүлэх тухай албан бичиг, Ж******* ББСБ ХХК болон ХХК нарын Автомашин худалдах ажил гүйцэтгэх гэрээ, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №20/04 дугаар Автомашин худалдах ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгүүлэх хүсэлт, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №20/17 дугаар Тээврийн хэрэгсэл худалдах, худ******* авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Татварын албаны мэдэгдэх хуудас, татвар төлсөн баримт, торгууль төлсөн баримтууд, нэхэмжлэх, зарлагын баримт, төлбөрийн баримтууд, Ж******* ББСБ ХХК-ийн Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай албан бичиг, барьцаа машин хураан авсан тухай акт, гэрэл зураг, нэхэмжлэх, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх, 2019 оны 12 дугаар сарын 02-ын өдрийн шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2019 оны 4-р сар даатгал сунгалтын тооцоо, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2018 оны 3-р сар даатгалын сунгалтын тооцоо, депозит дансны хуулга, Автомашины зээл хүссэн өргөдөл, Д.Б*******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, төлбөрийн заавар, нэхэмжлэх, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №17/1389 дүгээр Автомашин худалдах, худ******* авах гэрээ, гэрээний хавсралт 1, Автомашин хүлээлгэн өгөх акт, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №БДГМ 17/13 дугаар батлан даалтын гэрээ, З ХХК-ийн Ажил албан тушаалд томилох тухай тушаал, З ХХК-ийн тодорхойлолт, З ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, З ХХК-ийн дүрэм, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээ, Шүлхий өвчнөөс сэргийлэх тарилгын №16 зүү нийлүүлэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, Гоц халдварт, халдварт өвчний үеийн шуурхай байдлыг хангах анхан шатны тусламж үзүүлэх багаж хэрэгсэл нийлүүлэх гэрээ, Гоц халдварт, халдварт өвчний үеийн шуурхай байдлыг хангах багаж хэрэгсэл нийлүүлэх багц тендерийн бараа хүлээж авсан акт, Халдвар хамгааллын нэг болон олон дахин ашиглах хувцас усны гутал нийлүүлэх Г-16/11 тоот гэрээ дүгнэсэн акт, зээлийн мэдээллийн сангийн зээлдэгчийн талаарх мэдээлэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, нэхэмжлэх, орлогын ордер, итгэмжлэл /хэргийн 7-67, 113-134, 154-195, 206-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хариу тайлбар /хэргийн 76,85, 217-218-р хуудас/ гэсэн баримтуудыг,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээс 70 982 769 төгрөгийг хангаж, үлдэх 43 194 501 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б*******тай 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ЗГМ17/17 тоот зээлийн гэрээ болон ФГМ17/17 тоот фидуцийн гэрээг тус тус байгуулсан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй тул барьцааны зүйл болох автомашиныг хураан авч худ******* борлуулсан боловч зээлийн үнийн дүнд хүрээгүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 70 982 769 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 37 245 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 838 867 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 54 100 төгрөг, орчуулгын хөлс 56 000 төгрөг, нийт 114 177 270 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч Д.Б******* нь нэхэмжлэгчтэй 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ЗГМ17/17 тоот зээлийн гэрээ болон ФГМ17/17 тоот фидуцийн гэрээг байгуулсан боловч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, М ХХК-ийн дансанд шилжсэн, нэхэмжлэгч фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг хураан авсан бөгөөд даатгалын үнэлгээгээр 147 720 000 төгрөгөөр даатгагдаж байсан тул зээлийн гэрээний үүргийг хангуулж үүрэг дуусгавар болсон, мөн барьцааны зүйлийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хураан авсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн албан бичигт “Капитал континент инвестмент ББСБ ХХК нь оноосон нэрээ Ж ББСБ ХХК болгон өөрчилж, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна” гэжээ.
4.2.Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь хариуцагч Д.Б*******тай 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр №ЗГМ17/17 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 154 700 000 төгрөгийг сарын 1,8, жилийн 21,6 хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцохоор 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаатайгаар автомашины зээлийн зориулалтаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр №ФГМ17/17 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, Тоёота Ланд Круйзер 200VX маркийн №015 гэрчилгээний дугаартай, хар өнгийн суудлын автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.Талууд зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх, үүрэг дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар маргаж байна, зээлийн болон фидуцийн гэрээг байгуулсан, автомашиныг шилжүүлэн өгсөн талаар маргаагүй.
6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь 154 700 000 төгрөгийг хариуцагч Д.Б*******д шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.
6.1.Хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргасан боловч 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 17/1398 тоот Автомашин худалдах, худ******* авах гэрээг М ХХК-тай байгуулж, автомашины үнэ 182 000 000 төгрөгийн урьдчилгаа 27 300 000 төгрөгийг М ХХК-нд шилжүүлж, үлдэгдэл 154 700 000 төгрөгийн төлбөрийг Капитал континент инвестмент ББСБ-с автомашин хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор хийнэ гэж харилцан тохиролцсон байх бөгөөд төлбөрийн зааварт 154 700 000 төгрөгийг хүлээн авагч М ХХК-ийн дансанд шилжүүлэхээр мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.2-д зааснаар уг дансанд шилжүүлсэн болох нь №16/600 дугаартай М ХХК-ийн нэхэмжлэхээр тогтоогдож байх тул хариуцагчийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
6.2.Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан шаардлагыг хангасан, фидуцийн гэрээ нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх ба талуудын хооронд хийгдсэн зээлийн болон фидуцийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
7.Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг худ******* борлуулахаар зар тавьж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ч.От 134 000 000 төгрөгөөр худ******* борлуулсан баримт хэрэгт авагдсан байна.
7.1.Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээний 1.4-д “төлбөрийн өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд барьцааны зүйлийг үүрэг хүлээн авагч нь өөрийн эзэмшилдээ хураан авч, худ******* борлуулна”, 1.6-д “үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд уг хөрөнгийг борлуулсан үнэ зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн өр, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн нийт дүнгээс бага байвал үүрэг хүлээн авагч үүрэг гүйцэтгэгчээс нэмэлт эд хөрөнгийг гаргуулах эрхтэй” гэж харилцан тохиролцож, хэн аль нь гарын үсгээ зурсан байна.
7.2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байна.
7.3.Зохигч талуудын байгуулсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээний 1.4-д зааснаар нэхэмжлэгч нь автомашиныг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хураан авч, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр худ******* борлуулсан байх ба автомашиныг 134 000 000 төгрөгөөр худалдаж, уг мөнгийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг болох 204 982 769 төгрөгнөөс /үндсэн зээлийн үлдэгдэл 132 031 710 төгрөг, хүү 55 342 159 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 516 587 төгрөг, фидуцийн зүйлийг худ******* борлуулах болон хадгалан хамгаалахтай холбоотой гарсан зардал 9 092 311 төгрөг/ хасч, үндсэн зээлийн төлбөрөөс 70 982 769 төгрөг үлдсэн боловч уг төлбөрийг хариуцагч төлөөгүй тул зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 70 982 769 төгрөг, үүнээс хүү 37 245 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 838 867 төгрөг, нийт 114 177 270 төгрөгийг гаргуулахаар шаардаж тооцооллыг ирүүлсэн.
7.4.Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчид өгснөөр зээлийн гэрээ цуцлагдсан, мөн автомашиныг хураан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болсон тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, өөрөөр хэлбэл даатгалын үнэлгээгээр 147 720 000 төгрөг байсан автомашиныг худ******* борлуулснаар зээлийн гэрээний үүргийг хангасан, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойших зардал бол автомашиныг худ******* борлуулахтай холбоотой нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах зардал бөгөөд гэрээг цуцласнаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоод хасаад байгаа нь үндэслэлгүй, мөн гэрээг цуцлагдсанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээд байгаа нь хууль зөрчсөн байна гэж мэтгэлцсэн.
7.5.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээг цуцлахаар шаардлага гаргасан боловч талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 1 сарын 25-ны өдөр дуусгавар болсон, хариуцагчид төлбөр төлөх талаар 2019 оны 2 дугаар сарын 15, 2019 оны 3 дугаар сарын 22, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус тус гэрээ цуцлах тухай шаардлага хүргүүлж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг хураан авснаар мөн фидуцийн гэрээ дуусгавар болсон байхад гэрээ цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.
7.6.Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 2019 оны 10 дугаар сарын 10-наас хойш шаардлага гаргаагүй гэсэн боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан, нэхэмжлэгч фидицийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулснаас хойших буюу 2020 оны 8 сараас хойш 2023 оны 7 дугаар сард шүүхэд хандсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэв.
8.Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр автомашиныг 134 000 000 төгрөгөөр худалдаж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг болох 204 982 769 төгрөгнөөс хасч тооцсон нь хууль зөрчөөгүй байна.
8.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2019 оны 10 дугаар сарын 10-наас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүл”сэн хүү төлөх үүрэгтэй”, зээлийн гэрээний 2.6-д “гэрээнд заасан хугацаа дууссан эсхүл гэрээг нэг талын санаачилгаар цуцласан нь төлөгдөөгүй зээлийн төлбөр, хугацаа хэтрүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж зааснаар худ******* борлуулагдах хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн бол фидуцийн зүйлийг үл маргах журмаар шилжүүлэхээр заасан боловч худ******* борлуулах хүртэл үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байсан тул энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, гарсан зардлыг хасч тооцсон нь хууль зөрчөөгүй, гэрээндээ энэ талаар харилцан тохиролцсон байна гэж үзэв.
8.2.Хариуцагч нь автомашиныг даатгалын үнэлгээгээр 147 720 000 төгрөгөөр даатгагдаж байсан байхад 134 000 000 төгрөгөөр худ******* борлуулсан гэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 2.3-д “...энэхүү гэрээний хавсралтад заасан үнээр худ******* борлуулахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна” гэсэн боловч гэрээний хавсралтаар үнийн дүн заагаагүй, 2019 оны 11 дүгээр сарын 04-нд автомашиныг худ******* борлуулах санал хүргүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 11, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр автомашин худалдах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 134 000 000 төгрөгөөр худалдсаныг буруутгах үндэслэлгүй, энэ хугацаанд хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй байна.
8.3.Нэхэмжлэгч нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээлийн үлдэгдэл 132 031 710 төгрөг, хүү 55 342 159 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 516 587 төгрөг, фидуцийн зүйлийг худ******* борлуулах болон хадгалан хамгаалахтай холбоотой гарсан зардал 9 092 311 төгрөг нийт 204 982 769 төгрөг байсан байх ба хариуцагч нь эхлээд үндсэн зээлийн үлдэгдлийг хасах байсан, хадгалан хамгаалахтай холбогдон гарсан зардал нь нэхэмжлэгчийн өөрийн хариуцах зардал гэж маргасан боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.9-д “зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хуваарийн дагуу төлөөгүй бол ББСБ нь хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар тооцож төлүүлнэ. Барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд гарсан зардал, өмгөөллийн хөлс, барьцаа хөрөнгийг ачиж тээвэрлэх болон шатахуун зардал, зогсоолын зардал, барьцаа хөрөнгийг хураах үед ажилласан ажилтны зардал, барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотой гарах бусад зардлууд, хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар тооцон зээлийн төлбөрийг төлүүлнэ” гэж харилцан тохиролжээ.
8.4.Мөн зохигч талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээний 2.5-д үүрэг гүйцэтгэгч нь өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын болон үйл ажиллагааны бүхий л зардал, татвар, төлбөр хураамж болон энэхүү гэрээг биелүүлэхтэй холбоотой бусад төлбөрийг хариуцахаар” заасан байх тул фидуцийн зүйлийг худ******* борлуулах болон хадгалан хамгаалахтай холбоотой гарсан зардал 9 092 311 төгрөгийг хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.
8.5.Иймд хариуцагчаас 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр тооцсон зээлийн гэрээний үүрэг 204 982 769 төгрөгнөөс 134 000 000 төгрөгийг хасч үлдсэн зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 70 982 769 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртлэх хугацааны зээлийн хүү 37 245 534 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 383 867 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
9.Мөн нэхэмжлэгчээс хариуцагчийг үүргээ биелүүлээгүй тул учирсан хохирол гэж нотариатын үйлчилгээний хөлс 54 100 төгрөг, орчуулгын хөлс 56 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч уг төлбөрийг төлөгдсөн талаарх баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчээс уг зардал гарсан эсэх нь нотлогдохүй байна.
10.Иймд хариуцагч Д.Б*******гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 70 982 769 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 43 194 501 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлий 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728 836 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*******гаас 512 864 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж******* ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Б*******гаас зээлийн гэрээний үүрэгт 70 982 769 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 194 501 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 728 836 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*******гаас 512 864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН