Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 57

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Э.Н-д холбогдох эрүүгийн 1821000000004 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 6 сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 1-8 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 30-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............ регистрийн дугаартай, Б овогт Э.Н.

Шүүгдэгч Э.Н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг  Ивээлийн 19-03 тоотод 2017 оны 12 сарын 10-ны өдөр согтуугаар эхнэр Г.Ш-ыг зодож, “...зүүн 8-р хавирганы зөрүүгүй далд хугарал” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

   Хохирогч Г.Ш мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 10-ны өдөр ... гар утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан учраас хадам ээж А-ийн гэр болох Ивээл хорооллын 19-03 тоотод очсон чинь манай нөхөр Н болон түүний найз М, Д гэдэг эмэгтэйгийн хамтаар архи уугаад сууж байсан. Би уурлаад гар утсаа авахгүй, гэртээ ирсэнгүй гэж хэлээд уурлаж ууж байсан пивийг нь газарт асгаад нөхрийнхөө нүүр рүү нь цохисон. Тэгсэн чинь манай нөхөр босч ирээд миний зүүн хавирга руу өшиглөхөд нь би газарт унасан. Би өшиглүүлсний дараа амьсгалж чадахгүй байсан чинь манай нөхөр намайг элдвээр хэлж доромжлоод байсан учраас гар утсаар цагдаа дуудах гэсэн чинь гар утсыг минь булааж авсан. Ингээд гадаа таньдаг хүнийхээ гар утсаар цагдаад дуудлага өгсөн. ...Хэдийгээр намайг цохиж зодсон ч гэсэн миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 17 тоот дүгнэлтэд: “1. Г.Ш-ын биед зүүн 8-р хавирганы зөрүүгүй, далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “/хх-ийн 37/ гэжээ.

-Шүүгдэгч Э.Н-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

  Шүүгдэгч Э.Н нь согтуурсан үедээ 2017 оны 12 сарын 10-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 19-03 тоотод эхнэр Г.Ш-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зүүн хавирга орчим  нь өшиглөж, “...зүүн 8-р хавирганы зөрүүгүй далд хугарал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Н-ын мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн:  “...Би уурлаж яагаад тэнэгтээд байгаа юм бэ? гэж хэлээд гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн чинь манай эхнэр орон дээр унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч Г.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр босч ирээд миний зүүн хавирга руу өшиглөхөд би газарт унасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 17 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Г.Ш-т учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.Н-ын санаатай үйлдлээр хохирогчийн зүүн хавирга руу 1 удаа өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Н-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Э.Н-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 17 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЭ87061579 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгобол зохино.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч Б овогт Э.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЭНХБААТАР