Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0878

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Харганы ус констракшн” ХХК /РД:4079922/

Хариуцагч: Монгол улсын Сангийн яам, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хонгорзул, Г.Мөнхцэцэг, хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азсайхан, Х.Дэмид, Ц.Энхтайван нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Монгол улсын Сангийн яаманд холбогдуулан:

-Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн "Гомдол хянасан тухай" 03/5647 тоот шийдвэрийн 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах,

-Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 03/6286 тоот шийдвэрийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах,

1.2.Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан:

-Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 486 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах,

-Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" 408 тоот мэдэгдлийг хэрэгжүүлэн гэрээ байгуулахыг даалгуулах тухай.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалаар Тендерийн үнэлгээний хороо байгуулагдаж, Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 04 сарын 30-ны өдөр "Ховд хотын ундны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ гэх БХБЯ/20240101043 дугаартай тендерийг зарлажээ.

2.2.Нэхэмжлэл  гаргагч  "Харганы  ус констракшн" ХХК болон "ЧММ" ХХК-ийн

түншлэл нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан "Ховд хотын ундны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/" БХБЯ/20240101043 дугаартай тендерт оролцож, "Харганы ус констракшн" ХХК-ийг Ховд аймгийн худалдан ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрйн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" 408 тоот албан бичгээр "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон байна.

2.3.Улмаар 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр "Ховдын өргөө" ХХК нь Монгол улсын Сангийн яаманд "Бид тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олгосон гэх "Харганы ус констракшн" ХХК-ийн тендерийн материалтай танилцаж үзэхэд ТШЗ 19.1, 19.2, 19.3- д заасан дараах шаардлага хангахгүй байхад тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосонд гомдолтой байна" гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

2.4.Дээрх гомдлыг Монгол Улсын Сангийн яам хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр тус гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар "Ховд хотын ундны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/" БХБЯ/20240101043 дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 03/5647 тоот "Гомдол хянасан тухай" албан бичгээр тухайн тендер сонгон шалгаруулалтыг захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 408, 409 дүгээр шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.5.Улмаар Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр "Харганы ус констракшн" ХХК болон "ЧММ" ХХК-ийн түншлэлийг ТШЗ-ын 19.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан үндэслэлээр "Харганы ус констракшин" ХХК-иас ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй тендер гэж үзэж, улмаар шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй гэх үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, "Ховд хотын ундны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/" БХБЯ/20240101043 дугаар бүхий тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн байна.

2.6.Нэхэмжлэгч "Харганы ус констракшн" ХХК-ийн зүгээс дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан ба Монгол улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 03/6286 тоот шийдвэрээр "...2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 03/5647 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх тухай шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн тул гомдолд дурдсан дээрх асуудлыг тус яам хянан үзэх боломжгүй байна..." гэх хариу өгсөн байна.

2.7.Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 486 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, "Харганы ус констакшн" ХХК, "ЧММ" ХХК нарын түншлэлтэй гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг,

-2024 оны 8 дугаар 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "1. Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 07-ний өдрийн 03/5347 тоот шийдвэрийн 3 дахь хэсгийг хууль байсан болохыг тогтоолгох, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/6286 тоот шийдвэрийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулж, "Харганы ус констракшн" ХХК, "ЧММ" ХХК нарын түншлэлтэй гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан тус тус гаргаж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ны /дугаар захирамжаар/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 128/32024/7363 дугаар захирамжаар тус тус захиргааны хэрэг үүсгэж, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Хэрэг нэгтгэх тухай" 125/ШЗ2024/0274 дүгээр захирамжаар “Харганы ус констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох, 125/2024/0022/З дугаартай захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй "Харганы ус констракшн" ХХК- ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох 128/2024/0744/3 захиргааны хэргийн индекстэй захиргааны хэрэгт нэгтгэж шийдвэрлэсний үндсэн дээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэл гаргагч Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай "Харганы ус констракшн" ХХК болон "ЧММ" ХХК-ийн түншлэл нь "Ховд аймгийн ЗДТГ-аас зарласан БХБЯ/20240101043 дугаартай "Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант/ тендерт зохих журмын дагуу оролцсон. Бид тендерийн баримт бичигт заасан бүхий л баримтыг шаардлага хангуулан хүргүүлсэн.

Улмаар Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024.06.10-ны "Гэрээ байгуулах эрх олгох тухай" 408 тоот албан бичгээр манай түншлэлийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон.

Гэвч тендерийн шаардлагыг огт хангаагүй оролцогчоос гаргасан гомдлын дагуу тус үнэлгээний хорооны шийдвэрийг Монгол Улсын Сангийн яамнаас хянан үзээд 2024.07.01-ний өдрийн 03/5647 тоот "Гомдол хянасан тухай" шийдвэрийн 3 дах хэсэгт "Харганы ус коснтракшн" ХХК болон "ЧММ" ХХК-ийн түншлэл худалдан авах ажиллагааны цахим системээр 50-59 ХОА, улсын дугаартай автомашин, мөн 34-11 ХОУ улсын дугаартай ачааны автомашин тус тус санал болгосон бөгөөд 1 ачааны автомашин дутуу санал болгосон байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, ТШЗ 19.2-т заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна" гэж дүгнэж тендерийг дахин үнэлүүлэхээр буцаасан.

Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар тендерийг дахин хянаж үзээд 2024.07.08-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр өмнө нь гаргасан хүний нөөцийн болон техникийн чадварыг хангаж байна гэж үзсэн шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргаж манай түншлэлийг ТШЗ-ын 19.2-д заасан "Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: 1 тонноос дээш даацтай автомашин 3 байна гэж шаардсанаас "1 машин дутуу" мөн ТШЗ-ын 19.2-д заасан "Ажил гүйцэтгэх хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан 2 шаардана" гэсний "ХАБЭА 1 дутуу" гэж дүгнэж манай тендерийг шаардлага хангаагүй тендер гэж үзэж татгалзаж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-д заасан үндэслэлээр тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн.

Бид тус шийдвэртэй холбогдуулан Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/6286 тоот "Гомдол хянасан тухай" шийдвэрээр Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийн ХАБЭА 1 дутуу гэх үндэслэлийг хүчингүй болгож харин ТШЗ-ын 19.2-д заасан "Ачааны автомашин 1 тонн болон түүнээс дээш даацтай 1 дутуу" гэж заасан үндэслэлийг Монгол Улсын Сангийн яамны 2024 дугаар сарын 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 тоот "Гомдол хянасан тухай" шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.5-д заасны дагуу дахин хянахгүй гэж үзсэн. Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар болон Сангийн яамны манай түншлэлээс ирүүлсэн тендер ТШЗ-ын 19.2-д зааснаас "Ачааны автомашин 1 тонн болон түүнээс дээш даацтай 1 дутуу" гэж үзсэнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь манай түншлэл бодит байдал дээр "Харганы ус констракшн" ХХК-ийн нэр дээр 50-59 ХОА, улсын дугаартай, мөн 34-11 ХОУ улсын дугаартай тус бүр 1 тонноос дээш даацтай 2 ачааны автомашинтай, түншлэгч "ЧММ" ХХК-ийн нэр дээр 14-63 УНУ улсын дугаартай 1 тонноос дээш даацтай ачааны автомашинтай бөгөөд тендерийн шаардлагыг бүрэн хангадаг.

Тендерийн баримт бичгийн 17.2.-д "Хуулийн 15.2-т заасан цахим системээр дамжуулан шалгах боломжтой, олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхгүй" гэж заасан тул тус тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг хүргүүлэхэд шаардлага хангагдана" гэж заасны дагуу тендерийн материалд ТШЗ-ын 19.1-ийн 2 дах хэсэгт заасан хүснэгтийн дагуу тус ачааны автомашины мэдээллийг “ЧММ ХХК_ТББ- 01.pdf” нэртэй файлын 21 дэх хуудсанд А. Үндсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нэртэй хүснэгтийн 4 дэх хүснэгтэд Ачааны автомашин (14-63 УНУ) 35 тонн 1 өөрийн хэмээн дурдаж хүргүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 4.2-д "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Мөн хуулийн 24.2-д "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж заасан. Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар болон Монгол Улсын Сангийн яам тус хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Манай түншлэлээс өөр шаардлага хангасан тендер ирээгүй тул манай түншлэлийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерт үнэлж гэрээ байгуулах эрх олгосон Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" 408 тоот мэдэгдэл үндэслэлтэй юм.

Эдгээр үндэслэлээр Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 486 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 тоот "Гомдол хянасан тухай" шийдвэрийн 3 дах хэсгийг тус тус хүчингүй болгож "Харганы ус констракшн" ХХК болон "ЧММ" ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахыг хариуцагч Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж манай түншлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэл гаргагч Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай "Харганы ус констракшн" ХХК болон "ЧММ" ХХК-ийн түншлэл нь "Ховд аймгийн ЗДТГ-аас зарласан БХБЯ/20240101043 дугаартай "Ховд хотын ундны усны хоёр дах эх үүсвэр /Ховд, Жаргалант/ тендерт зохих журмын дагуу оролцож Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай" 408 тоот албан бичгээр манай түншлэлийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон. Гэвч тендерт оролцогч өөр хуулийн этгээдээс тус шийдвэрт холбогдуулан Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан тухай бидэнд мэдэгдсэн. Монгол Улсын Сангийн яамнаас ямар шийдвэр гаргасан талаар бидэнд мэдэгдээгүй байхдаа Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар тендерийг дахин хянаж үзсэн.

Улмаар 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр манай “Харганы ус констракшн” ХХК болон "ЧММ" ХХК-ийн түншлэлийг ТШЗ-ын 19.2-д заасан “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана гэж заасны Ачааны автомашин 1 тонн болон түүнээс дээш даацтай 1 дутуу" мөн ТШЗ-ын 19.2-д заасан "Ажил гүйцэтгэх хүний нөөц шаардана Гэсний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан 1 дутуу" гэж заасныг хангаагүй гэж дүгнэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-д заасан үндэслэлээр манай тендерийг шаардлага хангаагүй тендер гэж үзэж улмаар шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй гэх үндэслэлээр бүх тендерээс татгалзаж тус тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн.

Бид тус шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 03/6286 тоот шийдвэрээр Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар тендерийг дахин хянаж үзээд 1 дэх заалтаар 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн манай “Харганы ус констракшн” ХХК болон “ЧММ" ХХК-ийн түншлэлийг ТШЗ-ын 19.2-д заасан “Ажил гүйцэтгэх хүний нөөц шаардана" гэсний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан 1 дутуу" гэж заасныг хангаагүй гэж дүгнэснийг хүчингүй болгосон.

Харин 2 дахь заалтаар "Хуулийн 59.5 дах хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана" заасны дагуу "Харганы ус констракшн” ХХК-ийн санал болгосон машин механизм шаардлага хангахгүй гэх гомдлыг тус яам хянан үзээд 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх тухай шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн тул гомдолд дурдсан дээрх асуудлыг тус яам хянан үзэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн.

Үүгээр Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай” 408 тоот шийдвэрийг Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647-ны өдрийн албан бичгээр "манай түншлэлийн ирүүлсэн тендерийг машин механизмын шаардлага хангахгүй” үндэслэлээр хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэхээр буцаасан болохыг олж мэдэж улмаар Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 03/6286 тоот шийдвэрээр өмнөх Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647-ны өдрийн албан бичиг гарсан болохыг мэдэж Ховд аймгийн тендерийн үнэлгээний хороонд хүрэлцэн очиж Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн "Гомдол хянасан тухай” 03/5647 тоот албан бичгийг хуулбарлан авсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60.1-д “Сонирхогч этгээд, эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий Байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 тоот "Гомдол хянасан тухай" шийдвэрийн 3 дах хэсэгт “Харганы ус коснтракшн” ХХК болон "мм" ХХК-ийн түншлэл худалдан авах ажиллагааны цахим системээр 5059 ХОД, улсын дугаартай авто машин, мөн 34-11 ХОУ улсын дугаартай ачааны автомашин тус тус санал болгосон бөгөөд 1 ачааны автомашин  дутуу санал болгосон байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, ТШЗ 19.2-т заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна" үнэлүүлэхээр буцаажээ.

Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн "Гомдол хянасан тухай" 03/5647 тоот шийдвэрээр манай түншлэлээс ирүүлсэн тендер ТШЗ-ын 19.2-д заасан "Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана гэж заасны Ачааны автомашин 1 тонн болон түүнээс дээш даацтай 1 дутуу" гэж үзсэнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь тендерийн баримт бичигт 1 тонноос дээш даацтай ачааны автомашин 3 байхыг шаардсан бөгөөд манай түншлэлээс ирүүлсэн цахим тендерт “ЧММ ХХК_ТББ-01.pdf” нэртэй файлын 21 дэх хуудсанд А. Үндсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нэртэй хүснэгтийн 4 дэх хүснэгтэд Ачааны автомашин 14-63 УНУ, Beiben маркийн 35 тонн даацтай 1 ширхэг өөрийн хэмээн дурдаж хүргүүлсэн. Мөн "Харганы ус констракшн"-ийн 50-59 ХОА, улсын дугаартай ачааны авто машин, мөн 3411 ΧΟΥ улсын дугаартай ачааны автомашин нийтдээ манай түншлэл 1 тонноос дээш даацтай 3 ачааны автомашинтай тул тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангана.

            ТШЗ-ны 19.1-д "Хүснэгтэд заасан, гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмууд өөрийн болон түншлэлийн гишүүдийн эзэмшлийнх байна" гэж заасан бөгөөд Ачааны автомашин (14-63 УНУ) Beiben маркийн 35 тонн нь түншлэгч "ЧММ" ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болно. Тендерийн баримт бичгийн 17.2.-д "Хуулийн 15.2-т заасан цахим системээр дамжуулан шалгах боломжтой, олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхгүй" гэж заасан.

ТШЗ-ны 19.1-ийн 2 дах хэсэгт заасан хүснэгтийн дагуу тус ачааны авто машины мэдээллийг хүргүүлсэн атал Сангийн яам тендерийн материалыг бүрэн гүйцэт шалгаагүйн улмаас манай түншлэлийг 3 ачааны автомашин байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь манай түншлэл бодит байдал дээр "Харганы ус констракшн" ХХК-ийн нэр дээрх 50-59 ХОА улсын дугаартай ачааны автомашин, мөн 34-11 ХОУ улсын дугаартай ачааны автомашин, “ЧММ" ХХК-ийн нэр дээрх 14-63 УНУ улсын дугаартай Beiben 35 тонн даацтай ачааны автомашин нийтдээ 1 тонноос дээш даацтай 3 ширхэг ачааны автомашинтай бөгөөд тендерийн шаардлагыг бүрэн хангасан.

Захиргааны ерөнхий хуулийн 4.2-д "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Бид дээрх байдлаар хүргүүлсэн тендерийн баримтыг Монгол улсын Сангийн яам "огт ирүүлээгүй мэтээр илтэд үндэслэлгүй шийдвэр гаргаж тендерийг дахин зохион байгуулах талаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 03/5647 тоот шийдвэр хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулснаар Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны "Гэрээ байгуулах эрх олгох тухай" 408 тоот албан бичиг сэргэж манай түншлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм.

Иймд Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн "Гомдол хянасан тухай" 03/5647 тоот шийдвэрийн 3 дах хэсэг хууль бус байсан болохыг тогтоож, тус яамны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 03/6286 тоот шийдвэрийн 2 дах хэсгийг хүчингүй болгож, "Харганы ус констракшн" ХХК, "ЧММ" ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулж өгнө үү” гэжээ.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гомдол гаргасан үндэслэлээр Сангийн яам гомдлыг хянах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хурал хойшилсны дараа бид Сангийн яамд хүсэлт гаргаж Ховдын өргөө ХХК-ийн гомдлыг авч үзсэн. Ховдын өргөө ХХК-ийн гомдол  нь “Харганы ус констракшн” ХХК 3 машин санал болгох ёстойгоос зөвхөн түншлэгч “ЧММ” ХХК 1 машин санал болгосон. Цаана нь 2 машин дутуу байхад нь 3 гэх шаардлагыг хангаагүй 2 машин дутуу байхад нь шалгаруулсан нь буруу байна гэсэн утгатай гомдол өгсөн байна. Гэтэл Сангийн яам эсрэгээр нь өмнөх шүүх хуралдаан дээр хэлэлцсэн авто машин уу?, ачааны авто машин мөн үү?, биш үү? гэдэг “ЧММ” ХХК-ийн тухайнд биш түншлэл төлөөлөх этгээд болох “Харганы ус констракшн” ХХК-ийн Сангийн яамны гомдлын шаардлага хангасан байна гэж дүгнэж байгаа 2 машины талаар гомдол гаргасан байдаг. Гэтэл Сангийн яам эсрэгээр нь гомдлыг хянахдаа 2 машин “Харганы ус констракшн” ХХК дээр байна. Эсрэгээрээ “ЧММ” ХХК-ийн машин ачааны авто машин биш байна гэсэн шийдвэр гаргасан байна. Гомдол шийдвэрлэх хүрээ хязгаараа Сангийн яам хэтрүүлсэн байна. Иймд бүхэлдээ хүчингүй болгох үндэслэлтэй. Гомдол дурдсан үндэслэлээр хянан гэсэн зүйл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааж өгсөн байгаа. Мөн Сангийн яамны гомдол хянасан процессын талаар тодорхой мэдээлэл байхгүй. Хурлын тэмдэглэл үйлддэггүй гэх албан бичиг ирүүлсэн. Ямар ч асуудлаар шийдвэрлэж байгаа ойлголт байхгүй. Шүүхтэй төстэй урьдчилсан шатны байгууллагаар гомдол хянаж байгаа тохиолдолд зайлшгүй хурлын тэмдэглэл хийх, нотлох баримт шинжлэн судалж түүндээ дүгнэлт өгөх зүйл байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн гомдол хянан шийдвэрлэх зохицуулалт бүхэлдээ үйлчлэх ёстой. Гэтэл тус хуулийг баримтлаагүй. Сангийн яамны тайлбар огт үндэслэлгүй байна. Ямар зүйлийг харгалзаж үзэж, ямар баримт шинжлэн судлуулж, ямар хүмүүсийн гаргасан саналаар ачааны авто машин биш байна гэж дүгнэсэн талаар тодорхой заалт, үндэслэл бүхий тайлбар байхгүй байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа процессын дагуу явсан уу?, хуулийг зөв тайлбарлаж хэрэгжүүлсэн үү?. Гомдол хянан шийдвэрлэхдээ сонгох боломжийг зөв хэрэгжүүлсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл явцынх нь процесс нь тодорхой биш, гаргаж байгаа санал, яаж ийм шийдвэр гарсан юм. Ямар хууль, дүрэм, журам хэрэглэсэн юм, аль сонгох боломжийг хэрэглэсэн талаар огт баримт байхгүй шийдвэр үйл ажиллагаа явуулсан байна. Үүнээс харахад сууриараа буруу процесс байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байна.

Маргааны үйл баримт 14-63 УНУ улсын дугаартай авто машин нь ачааны авто машин мөн үү, биш  юм уу гэдэгтэй холбоотой шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулсан. Нотлох баримт цуглуулсантай холбогдуулж “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ  тодорхойлолт ирүүлсэн байна. Тус тодорхойлолт дээр замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар дэд бүлэгт ангилагдсан тээврийн хэрэгслийн ангилалд хамааран гэж ирсэн. 2 дугаар дэд бүлэгт хамаарагдаж байгаа тээврийн хэрэгсэл нь А, B, С, Е гэх ангилал байгаа. Түүний С ангиллаар байгаа. Гаалийн бүрдүүлэлтийн мэдүүлэг мөн С ангиллаараа байгаа. Иймд ачааны авто машин гэх ангилалд хамаарч байна гэж дүгнэж байна. Тус ачааны авто машин Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдэж Монгол улсын хилээр орж ирэхдээ Гаалийн газраас тус ачааны авто машиныг ямар бараа вэ гэдгийг дүгнэсэн зүйл нь хэрэгт ач холбогдолтой. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримт дээр анх орж ирсэн гаалийн бүрдүүлэлтийн материалуудыг ирүүлсэн байна. 2021 оны “ЧММ” ХХК-ийн бүрдүүлсэн гаалийн мэдүүлэг байдаг. Түүн дээр барааны код ангилал гэх хэсэг дээр 87042300 кодоор мэдүүлэг гаргасан. 87042300 гэдэг код нь юу вэ гэж харахаар Монгол улсад нэгдэн орсон драфт тодорхойлох код бүрдүүлэх уялдуулах системийн тухай олон улсаас ирүүлсэн. Үүний жагсаалтыг Гаалийн ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай А/145 дугаар тушаалын хавсралтын 87 дугаар дэд бүлэгт 87042300 кодын тайлбар нь бүх жин нь 20 тонноос дээш зөвхөн дотоод шаталтын очих сав бүлэг хөдөлгүүртэй ачааны бусад авто машин гэж бичсэн байгаа” гэв.

3.4. Хариуцагч Монгол Улсын Сангийн яамнаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "...2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 тоот "Гомдол хянасан тухай албан бичгийн 3 дахь хэсэг хууль бус байсан болохыг Тогтоолгох, мөн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/6286 тоот "Гомдол хянасан тухай" албан бичгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, "Харганы ус констракшн" ХХК "ЧММ" ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасантай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Тус яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 тоот "Гомдол хянасан тухай" албан бичгийн 3 дахь хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад:

Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д нийтэлсэн БХБЯ/20240101043 дугаартай "Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д "Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана. Ачааны автомашин - 1 тонн болон түүнээс дээш 3 ширхэг. Хүснэгтэд заасан, гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмууд өөрийн болон түншлэлийн гишүүдийн эзэмшлийнх байна." гэж, мөн ТШЗ 19.2-т "Тендерт оролцогч өөрийн болон түншлэлийн гишүүдийн ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Цахим системийн хэрэглэгчийн хөтөч цэсийн нийлүүлэгчийн гарын авлага хэсгээс зааварчилгаатай танилцана уу." гэж тус тус заасан байсан.

"Харганы ус констракшн" ХХК болон "ЧММ" ХХК-ийн түншлэл худалдан авах ажиллагааны цахим системээр 50-59 ХОА, 34-11 ХОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачааны машинаар санал болгосон байсан. Нэхэмжлэлд дурдсан 14-63 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээллийг тус компани худалдан авах ажиллагааны цахим системээр санал болгосон байх бөгөөд "...Зориулалт: зүтгүүр..." гэж бүртгэгдсэн байх тул 3 ширхэг ачааны автомашин санал болгосон гэх нэхэмжлэлд дурдсан асуудал үндэслэлгүй байна.

Тус яамны 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/6286 тоот "Гомдол хянасан тухай" албан бичгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад:

Дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан "Ховдын өргөө" ХХК-аас тус яаманд гаргасан "Харганы ус констракшн" ХХК-ийн санал болгосон машин механизм шаардлага хангахгүй гэх гомдлыг тус яам хянан үзээд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх тухай 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 тоот албан бичгийг захиалагчид хүргүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана" гэж заасны дагуу хариу хүргүүлсэн болно.

Түүнчлэн Сангийн яам гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд Сангийн яамны дээрх шийдвэрүүд үндэслэлтэй бөгөөд хууль ёсных тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлд анх дурдсан асуудал нь Сангийн яамны 2 албан бичгийг хүчингүй болгох гэдэг зүйл ярьж байна. Түүний 1 дэх нь буюу гомдол хянасан буюу 14-63 УНУ улсын дугаартай авто машинтай холбоотой асуудлыг ярьж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хэлэхдээ гомдол хянахдаа Сангийн яам хэтрүүлэн үзсэн байна гэж хэлж байна. Ховдын өргөө ХХК-иас 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гомдол дээр “Харганы ус констракшн” ХХК ачааны машин санал болгоогүй. “ЧММ” ХХК тэвшгүй зүтгэгч толгой санал болгосон байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэрийг нь Сангийн яам гомдолд дурдсан асуудлын хүрээнд хянаж үзэж “ЧММ” ХХК ийм ийм зүйл санал болгосон байна, “Харганы ус констракшн” ХХК ийм ийм зүйл санал болгосон гэдэг биш. Яагаад гэвэл энэ хоёр түншлэлээр орж байгаа учир түншлэлийн хувьд авч үзэж байгаа. “Харганы ус констракшн” ХХК-ийн зүгээс санал болгоогүй гэдэг зүйл огт дурдаагүй. Харин 14-63 УНУ улсын дугаартай авто машины хувьд өмнөх шүүх хуралдаан дээр хэлж байсан. 3 авто машин шаардсан нөгөө хоёрыг нь ачааны авто машин гэж үзээд үүнийг нь яагаад ачааны авто машин гэж үзэхгүй байгаа вэ гэж нэхэмжлэгч талаас асууж байсан. Тэр хоёр дээр зориулалт нь ачааны авто машин гэж ирүүлсэн. Авто тээврийн үндэсний төвийн тодорхойлолт дээр ирүүлсэн байгаа. 14-63 УНУ улсын дугаартай авто машин дээр зүтгүүр гэж бичиж ирүүлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тодруулга албан бичиг дээр энэ нь 2 дугаар бүлэгт хамаарна гэж хэлж байгаа. 2 дугаар бүлэгт хамаарч байгаа тээврийн хэрэгсэл дотор мотоцикл ч байгаа. Яагаад тэр дундаас нь С ангиллын ачааны авто машин явж байгаа вэ?. Тэр нь өөрөө асуудалтай байгаа. Нэхэмжлэлд дурдсан дараагийн асуудал нь Сангийн яам өмнө нь хянаж үзсэн учир албан бичгийг хүчингүй болгуулах талаар яриад байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.6. Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хонгорзулаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Тус тендер шалгаруулалтын баримт бичгийн зааварчилгааны 19.1-т зааснаар ачааны авто машин 1 тонн 3 ширхэг, 19.2-т тодорхой байдлаар тухайн оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдэд ашиглагдах машин механизм тоног төхөөрөмжийн цахим системээр санал болгон. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй гэж зааж өгсөн. Цахим системээр санал болгохдоо “Харганы ус констракшн” ХХК юу гэж санал болгосон бэ гэхээр 50-59ХАУ, 34-11 ХОУ улсын дугаартай 2 авто машиныг ачааны авто машинаар санал болгосон. Харин 14-63 УНУ улсын дугаартай машиныг чирэгчээр санал болгосон бөгөөд тус 3 авто машины авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзэхэд дээрх 2 машины зориулалт нь ачаа, 14-63 УНУ улсын дугаартай авто машины зориулалт нь зүтгүүр гэж заасан. Иймд зүтгүүр гэдгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа 68892020 гэдэг стандарт дээр  чиргүүл, хагас чиргүүлийн зохион бүтээлийн баримт ашиглалт үзүүлэлтээр заагдсан авто машиныг хэлнэ. Зүтгүүр гэдэг дээр эмээлтээр хагас чиргүүлийг, хагас чиргүүлийг 4.2-т заасан. Үүнд зүтгүүртэй холбон ашиглах зориулалттай нийт массын үлэмж хавтан нэмэх холбоосоор дамжин зүтгүүр дээр ирэх чиргүүл гэж байгаа. Захиалагч анх захиалахдаа ачааны авто машин санал болгосон. Ачааны машин гэдэг нь тухайн ачааны машин ямар нэгэн ачааг  тээвэрлэх зориулалт бүхий машиныг ачааны машин гэнэ. Стандартын дагуу зүтгүүр дээр хагас чиргүүл залгаж, хагас чиргүүл дээрээ ачааг тээвэрлэх боломжтой талаар заасан. Мөн нэхэмжлэгч талаас хурлын тэмдэглэл үйлдсэн үйлдэггүй гэж тайлбар хэлж байна. Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө гэж заасан. Тендерийн хууль дээр гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаар Сангийн яам байна. Иймд гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг хэрэгжүүлэхэд хурлаар шийдвэр гаргахгүй” гэв.

3.7.Хариуцагч Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XVII. 1. 62 \ дугаартай Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр (Ховд, Жаргалант сум) БХБЯ/20240101043 дугаартай тендер шалгаруулалтад "Харганы ус констрашн" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлага 1: Захиалагч буюу Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Эрдэнэцэцэгийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 486 тоот албан бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-т зааснаар үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагт 100 хувийн ирцтэй хуралдаж дахин зарлах шийдвэр гаргасныг албан бичиг гарган албажуулж оролцогч нарт хүргүүлсэн. Уг үнэлгээний хорооны олонхын шийдвэрийг Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 5.5-д "...зөвлөмжид өөрчлөлт оруулах, эсхүл шинээр зөвлөмж гаргах эрхгүй" гэж зааснаар үндэслэлгүйгээр өөрчлөх боломжгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага 2: Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" 408 тоот мэдэгдлийг Монгол улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 01- ний өдрийн 03/5647 тоот албан бичигт "Харганы ус констракшн" ХХК болон "ЧММ" ХХК-ийн түншлэл Худалдан авах ажиллагааны цахим системээр 50-59 ХОА, улсын дугаартай ачааны автомашин, мөн 34-11 ХОУ улсын дугаартай ачааны автомашин тус тус санал болгосон бөгөөд 1 ачааны автомашин дутуу санал болгосон байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1. ТШЗ 19.2- т заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзсэний дагуу дахин үнэлгээний хороо хуралдаж хянан үзээд Захиалагчаас ирүүлсэн хяналтын төсвийн 23 дугаар хуудасны 85201 шифр заасны дагуу ачааны машин 245,5 тонн байх, мөн 31 дүгээр хуудасны 183,84 тонн байх зэргээр заасан тул “Харганы ус Констракшн” ХХК, түншлэл “ЧММ” ХХК-ны 14-63 УНУ зүтгүүр буюу зөвхөн чирэгч толгойг /26,400/ тонн чиргүүлгүй санал болгосон тул үнэлгээний хорооны олонхын шийдвэрээр шаардлага хангахгүй гэж үзэн татгалзсан тул "Харганы ус Констракшн" ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

3.8. Хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азсайханаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээ байгуулах эрх олгох тухай 408 тоот мэдэгдэл нь манайхаас Сангийн яамны гомдол хянах тухай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж “Харганы ус констракшн” ХХК тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-т зааснаар ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж гэсэн шаардлагыг хангахгүй байгаа учир 408 тоот алба мэдэгдлийг хүргүүлсэн. 486 тоот албан мэдэгдэл нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах      тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хувьд шаардлага хангахгүй байгаа учир 486 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн. 408 тоот албан мэдэгдлийн хувьд шаардлага хангахгүй байгаа учир гэрээ байгуулах боломжгүй. 408 тоот мэдэгдлийг хэрэгжүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.9.Хариуцагч Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дэмидээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо тендерийг дахин зарлуул гэж шийдвэр гаргасан. Дахин зарлах гэдэг шийдвэр нь төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамд гарсан гомдлыг хянаж түүний дагуу Үнэлгээний хороо дахин тендер зарлах шийдвэр гаргасан. Иймд Сангийн яамны гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

            2.Сангийн яаманд холбогдуулан гаргасан тус яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 дугаар албан бичгийн 3 дахь хэсэг, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/6286 дугаар албан бичгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан тус газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 408 дугаар албан бичгийг хэрэгжүүлэн гэрээ байгуулахыг даалгах шаардлагын тухайд:

            2.1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалаар тус газраас зарласан БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог /цаашид Үнэлгээний хороо гэх/ байгуулжээ.

            2.2.Тус үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж тендерийн урилгыг худалдан авах ажиллагааны цахим системд /www.tender.gov.mn/ байршуулан зарласан байна.

            2.3.Нэхэмжлэгч “Харганы ус констракш”н болон “ЧММ” ХХК-ийн түншлэл, “Ховдын өргөө” ХХК, “Сайнконстракшн” ХХК-иуд нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” тендерт оролцжээ.

            2.4.2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж олонхын саналаар нэхэмжлэгч “Харганы ус констракшн” ХХК болон “ЧММ” ХХК-ийн түншлэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 01 дүгээр дүгнэлт, зөвлөмжөөр захиалагчид санал хүргүүлсэн байна.

            2.5.Улмаар хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 408 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Харганы ус констракшн” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байна.

            2.6.Тендерт оролцогч “Ховдын өргөө” ХХК-иас Сангийн яаманд тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргасны дагуу хариуцагч Сангийн яамнаас 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/5372 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлж, улмаар маргаан бүхий захиргааны акт болох тус яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 дугаар албан бичгээр Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 408 дугаар албан бичгийг хүчингүй болгож тендер шалгаруулалтыг дахин хийхийг үүрэг болгосон байна.

            2.7.Дээрх актын гол үндэслэл нь нэхэмжлэгч “Харганы ус констракшн” ХХК болон “ЧММ” ХХК-ийн түншлэлийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, ТШЗ 19.2-т заасан шаардлагад нийцээгүй буюу ачааны автомашин 3-ыг шаардсан байхад худалдан авах ажиллагааны цахим системд 2 ачааны автомашин санал болгосон тул шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.   

            2.8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдан авах ажиллагааны цахим системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн зүгээс 14-63 УНУ улсын дугаартай North benz маркийн машиныг “зүтгүүр” гэсэн ангиллаар санал болгосон байна.

            2.9.Хариуцагч Сангийн яамны зүгээс гомдлыг хянан үзэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн зүтгүүр гэж санал болгосон ангиллын дагуу хянаагүй болох нь хариуцагчийн тайлбар, мөн хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тус машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гаалийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон бөгөөд 14-63 УНУ улсын дугаартай North benz маркийн машин нь ачааны ангиллын автомашин биш байна.

            2.10.Учир нь MNS 6593:2016 “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэлт. Нэр томъёо тодорхойлолт” Монгол улсын стандартын 4.4.5-д ““ачааны автомашин” гэж хийц, тоноглолоороо ачаа тээвэрлэхэд зориулагдсан автомашин” гэж, 4.4.25-д “чирэгч автомашин” гэж хийц, тоноглолын хувьд хагас чиргүүлээс бусад замын тээврийн хэрэгслийг чирэхэд зориулагдсан тусгай зориулалтын автомашин” гэж, 4.4.26-д “”эмээлт чирэгч” гэж хийц, тоноглолын хувьд хагас чирүүл чирэхэд зориулагдсан автомашин” гэж тус тус ангилсан байх бөгөөд нэхэмжлэгчийн санал болгосон 14-63 УНУ улсын дугаартай North benz маркийн машин нь чирэгч автомашин байна.

            2.11.Харин хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн ачааны автомашины жинтэй холбоотой тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь тендер сонгон шалгаруулалтын зааварчилгаанд энэ талаар тусгаагүй байсан болно.

            2.12.Иймд хариуцагч Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 дугаар албан бичгийн 3 дахь хэсгээр уг асуудлыг дүгнэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10 “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана: 59.10.1.тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах” гэж заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2.13.Дээрх маргаан бүхий актаар Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 408 дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 408 дугаар албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

            2.14.Үнэлгээний хороо Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн байх бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн байна.

            2.15.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Харганы ус констракшн” ХХК-иас Сангийн яаманд хандан гомдол гаргасны дагуу тус яамнаас 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03/5936 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, маргаан бүхий акт болох 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/6286 дугаар албан бичгээр гомдолд дурдсан асуудлыг хянан үзсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” заасныг баримталсан нь үндэслэлтэй байна.

            2.16.Учир нь нэхэмжлэгчийн санал болгосон автомашины талаар тендерт оролцогч Ховдын өргөө ХХК-иас гомдол гаргасны дагуу Сангийн яам уг асуудлыг хянан үзсэн, энэ талаарх нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байх тул дахин хянан үзэх шаардлагагүй байна.

            3.Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан тус газрын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            3.1.Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.13-д заасны дагуу Үнэлгээний хороо 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлт мөн зөвлөмж гаргаж тендерийг дахин зарлах саналыг захиалагчид хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Үнэлгээний хорооны дээрх дүгнэлт, зөвлөмжтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа захиалагчийн шийдвэртэй холбогдуулан маргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг хэрэв ханган шийдвэрлэгдсэн тохиолдолд үнэлгээний хорооны татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ, энэ нь ойлгомжгүй бөгөөд тендерийн маргааны хувьд Үнэлгээний хорооны дүгнэлтийг тендерт оролцогч нарт дамжуулан хүргүүлж буй мэдэгдлийг тусгаарлан дүгнэж бие даасан захиргааны акт гэж үзэх боломжгүй.

            3.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасны дагуу захиргааны хэргийн шүүх Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг.

            3.3.Тодруулбал нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй акт нь захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа байхаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шинжийг агуулж байхыг шаардана.

            3.4.Дээрхээс үзэхэд маргаан бүхий Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй, тус албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.

            3.5.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу “Харганы ус констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яам, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох захиргааны хэргээс “Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 59 дүгээр зүйлийн 59.5, 59.10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Харганы ус констракшн” ХХК-иас Монгол улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 дугаар албан бичгийн 3 дахь хэсэг, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/6286 дугаар албан бичгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан тус газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 408 дугаар албан бичгийг хэрэгжүүлэн гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 08-ны 486 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА