Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00025

 

 

 

 

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00025

 

М.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/02383 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Эын хариуцагч М.Б.Ү.А ТББ-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие МБҮА ТББ-ын ажлын албаны Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2020.07.17-ны өдрийн А20/14 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч уг тушаалаа 2020.07.17-ны өдөр үйлдсэн гэх боловч 07 сарын 21-ни өдөр дугаар аваагүй тушаалыг надад viber-аар ирүүлж, улмаар намайг ээлжийн амралттай байх хугацаанд танилцуулсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг баримтлан намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2020.07.16-ны өдрийн ажлын үдээс хойшхи, 07 сарын 17-ны өдрийн ажлын бүтэн өдрийг тасалсан, үүнтэй холбогдуулан Эс Би Жи Глобал ХХК, БТИС ХХК, Мотоблок ХХК, Агар харуул ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл, гэрээний хамт хугацаанд нь олгоогүйгээс аж ахуй нэгж, байгууллагуудад чирэгдэл учруулж, тендерт оролцох боломжгүй нөхцөлийг үүсгэсэн гэж үзсэн байна. Миний бие 2020.07.16-ны өдөр ажилдаа ирсэн, халуураад байсан учир үдээс хойш нь явсан, маргааш нь буюу 2020.07.17-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн, намайг бөөрний үрэвсэлтэй байна гээд эмчилгээ бичиж өгсөн, тэгээд би акт авсан. Актыг тухайн үедээ аваагүй, дараа нь буюу 22-ны өдөр авсан, авсан өдрөө найзаараа байгууллага руу хүргүүлсэн. Ингээд 17-ноос 23-ны хүртэл 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Иймд би өвчтэй байсан гэдэг нь эмнэлгийн магадлагаа, эмчийн жороор тогтоогдож байгаа учир ажил тасалсан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. 2020.07.16-ны өдөр намайг өглөө ажилдаа байх хугацаанд Эс Би Жи Глобал ХХК, БТИС ХХК, Мотоблок ХХК, Агар харуул ХХК-иудаас ирээгүй, харин маргааш нь буюу 17-ны өдөр ирсэн юм шиг байна. Байгууллагаас над руу залгасан байсныг би сүүлд мэдсэн, учир нь би эмнэлэгт үзүүлж явсан. Тэгээд би бүтэн сайнд нь өвчтэй, акт авсан, түлхүүр өгөх гэж оффис менежер Алтаншагайтай утсаар ярихад түлхүүр шаардлагагүй, өрөөнд ороод сейф эвдээд дурдсан байгууллагуудын тусгай зөвшөөрлийг өгсөн гэж хэлсэн. Хэрэгт байгаа баримтуудаас үзвэл дурдсан байгууллагуудтай гэрээг 17-ны өдөр, нэг нь бүр 23-ны өдөр гэж байна лээ. Уг нь гэрээ байгуулсны дараа тусгай зөвшөөрлийг олгох ёстой. Нэгэнт миний бие 17-ны өдөр эмнэлгээр үзүүлж явсан учир надаас шалтгаалсан зүйл байхгүй. Тэгээд ч миний бие 2020.07.20-ны өдрөөс ээлжийн амралтаа авч байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасныг ажил олгогч зөрчсөн, түүнчлэн гүйцэтгэх захирал Л.Хулан миний ажил хийх боломжийг хязгаарлаж, аливаа асуудлаар өө сэв хай боломж гарвал сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халахаар айлган дарамталдаг байсан. 2020.06.11-ний өдөр үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулж, цалинг 3 сарын хугацаагаар 20% бууруулсан. Ингээд 7 сарын эхний цалингаас суутгал хийгдсэн байна. Энэ тушаалыг надад 17-ны өдөр танилцуулсан. Би зөвшөөрөхгүй дээд шатны албан тушаалтнуудад гомдол гаргаж, дараа нь шүүхэд хандах гээд байж байтал намайг ажлаас халсан тушаал гарсныг танилцуулсан. Иймд хариуцагчийн ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй, намайг ажлаас халах нөхцөл байдлыг зохиомлоор бий болгосон, надаас ямар нэгэн тайлбар аваагүй, намайг ажлаас халсан үндэслэл, тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалт хоорондоо тохирохгүй байна. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас халсан тушаал 2020.07.17-ны өдөр гарсан нь үнэн, энэ талаар нэхэмжлэгчид viber-аар танилцуулсан байдаг. Нэхэмжлэгч М.Э нь нэхэмжлэл дээрээ 2020.07.20-ны өдөр актаа байгууллагад ирүүлсэн гэж бичсэн байх боловч магадлагаа нь 22-ны өдрийнх байна. Нэхэмжлэгч М.Э өвчтэй тухайгаа байгууллагад мэдэгдээгүй, удирдлагаасаа чөлөө аваагүй, цагийн бүртгэлээс үзвэл өглөө ажилдаа ирсэн бол явахдаа хуруугаа уншуулах байсан, гэтэл орой хуруу уншуулсан мэдээлэл байхгүй, тэгээд ч 16-ны өдөр М.Э ажил дээрээ байгаагүй гэдгийг гомдол гаргагч нар гомдолдоо бичсэн байдаг. Эмнэлгийн магадлагааг үзвэл эмчлэгч эмч, ерөнхий эмч хоёр дээр 1 хүн гарын үсэг зурсан, эмчлэгч эмчийн тэмдэг байхгүй, энэ магадлагаа нь магадлагаа олгох журамдаа нийцэхгүй, мөн эмчийн жорын бичиг байгаа, үүн дээр эмчийн гарын үсэг байхгүй, хэн олгоод байгаа нь тодорхойгүй, энэ баримтын дагуу эм худалдан авах эсэх талаар баримтгүй, ядаж л eбаримт байх ёстой. Тиймээс нэхэмжлэгч М.Э өвчтэй байсан гэдэг нь эргэлзээтэй учир ажил тасалсан гэж үзнэ. Түүнчлэн Эс Би Жи Глобал ХХК, БТИС ХХК, Мотоблок ХХК, Агар харуул ХХК-иудаас ирсэн гомдол байдаг. Эдгээр байгууллагуудын тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгч М.Эын сейфэнд хадгалаастай байсан. Эдгээр хүмүүс 17-ны өдөр ирж, тусгай зөвшөөрлөө авах гэтэл М.Э ажил дээрээ байхгүй, утсаар залгаад утсаа авахгүй, оффис менежер Алтаншагай яасныг нь мэдэхгүй байсан учир тухайн үед нь бичлэг хийж байгаад М.Эын сейфийг эвдэж, тусгай зөвшөөрлийг нь өгч, гомдлыг нь барагдуулсан байдаг. М.Э ээлжийн амралттай байсан гэж яриад байгаа боловч ээлжийн амралтыг нь олгоогүй байсан. Байгууллага ээлжийн амралтын мэдэгдэх хуудас гэж өгдөг юм бил ээ, энэ мэдэгдэх хуудсыг М.Эт олгоогүй байсан, үүнийг гэрчээр асуугдсан нягтлан бодогч бас хэллээ. Мөн нэхэмжлэгч М.Э нь 2020.01.20-ны өдөр сахилгын сануулах шийтгэл, 2020.06.11-ний өдөр цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. Уг тушаалуудыг тухайн үед нь М.Эт танилцуулсан, зөвшөөрөхгүй байсан бол хуульд заасан хугацаанд гомдлоо гаргах боломжтой байсан, гаргаагүй. Тиймээс М.Э бас давтан зөрчил гаргасан, энэ нь түүний ажлаас халах ноцтой зөрчил болсон байдаг. Иймд ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Эыг М.Б.Ү.А ТББ-ын ажлын албаны Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч М.Б.Ү.А ТББ-аас 7,023,518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Эын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч М.Б.Ү.А ТББ-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Э нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч М.Б.Ү.А ТББ-аас 127,326 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь шүүгч ямар баримтыг үндэслэж нэхэмжлэгчийг өвчтэй байсан, ийм оноштойг нь мэдээд байгаа, ямар нотлох баримт, эрх зүйн актанд үндэслэж өөрийг нь шууд удирдах дээд шатны албан тушаалтанд биш “оффис менежерт мэдэгдсэн” нэхэмжлэгчийн үйлдлийг хууль ёсны үйлдэл гэж зөвтгөөд байгаа, 2020 оны 07-р сарын 16, 17-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбоотой эрх зүйн харилцаа “ажлаас халах тушаал”-аар дуусгавар болчихсон байхад ямар үндэслэл, эрх зүйн баримт бичигт үндэслэж 07-р сарын 22-ны өдрийн баримтыг буцаан хэрэглээд байгаа, энэ баримтыг ямар үндэслэл, ямар баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанчлан “тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас” нь үнэлж байгаа, зэрэг нь огт ойлгогдохгүй байгаа нь тухайн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна. Шүүх 2020 оны 07-р сарын 17-ны өдрийн зөрчлийг дээрх байдлаар дүгнэдэг юм аа гэхэд “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 17 дугаар зүйлийн 17.1.1.13 дэх заалтанд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн нэг болох 2020 оны 07-р сарын 16-ны өдөр ажил тасалсан үйлдлийг үгүй ядаж “...2020.06.11-ний өдрийн А20/11 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаар албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулж, 06 сарын эхний цалин дээрээс нь суутгал хийсэн үйл баримт тогтоогдсон." гэсэн дүгнэлттэйгээ харьцуулан үзэж яагаад болдоггүй юм бэ? гэсэн асуулт гарч ирж л байна. Зөвхөн энэхэн хэсэг л анхан шатны шүүхийн шийдвэртээ дурдаад байгаа эрх зүйн бүх баримтад заасан үндэслэлд нь бүрэн хамааралтай нь харагдаж байна. Нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б20/02 тоот тушаал, дээр дурдсан албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А20/11 тоот тушаал, маргаан бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А20/14 тушаал гэх эдгээр 3 эрх зүйн баримт бичиг нь бодит байдалд “...ажлаас чөлөөлөх тушаал нь түүний гэм буруу, гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон..”-ыг бүрэн харуулсаар байхад анхан шатны шүүх “гомдол гаргасан 4 байгууллагын гомдол”-ыг авч үзэхээ байг гэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 07-р сарын 16, 17-ны өдрүүдэд ажил дээр байгаагүй, байгаагүй шалтгаанаа шууд удирдах дээд шатны удирдлагадаа мэдэгдээгүйг өөрөө ч нэхэмжлэлдээ дурдаж, гэрчүүд болон бусад үйл баримтууд нотлоод байхад “...түүний гаргасан зөрчлүүдийг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй,...” гэж, нэхэмжлэгчид арга хэмжээ авахдаа төдийгүй түүнээсээ ч өмнө хэрхэн яасныг нь мэдэх гэж өдөржин холбогдох гэж утасдахад утсаа ч аваагүй гэдэг нь нотлогдсоор байхад “...түүнээс тайлбар мэдүүлэг аваагүй гэж, нэхэмжлэгч өвчтэй байсныг нотлох хамгийн гол баримт болох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан хугацаанд 6 хоногийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ авахаар холбогдох баримтыг харьяалах нийгмийн даатгалын байгууллагад өгсөн, тэтгэмжээ авснаа нотлосон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байхад зөвхөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дугаар тушаалаар хүчингүй болсон баримт дээр зөрчил гаргасан хугацаанаас хойшхи хугацааны өвчлөлийн талаар Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/243 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын шаардлага хангаагүй бичигдсэн магадлагаа дээрх эмчлэгч эмчээс нь өөр эмчийн бичсэн эмийн жор, нэхэмжлэгчийн өөрийнх нь ямар ч баримтгүй хэлж байгаа зүйлд үндэслэж “...зөрчил гаргасан гэж үзсэн цаг хугацаанд нэхэмжлэгч М.Э нь өвчтэй байсан нь тогтоогдсон,...” гэж, нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалаас өмнө 2020 ондоо л гэхэд 2 ч удаа сахилгын зөрчил гаргасан нь 2 ч эрхийн актаар нотлогдож, тэдгээрт нэхэмжлэгч гомдол гаргасан гэдгээ нотлож чадаагүй байхад “...сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх боломжгүй,...” гэж, нэхэмжлэгч М.Э нь 2020 оны 06-р сарын 11-ний өдрийн А20/11 дугаар тушаалыг 6-р сарын 17-нд гардаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба харин шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа нь 7-р сарын 17-ны өдрөөр тасалбар болсон байхад, зөвхөн түүний “7-р сарын 20-нд амралтаа аваад удирдлагуудад гомдол гаргаж, шүүхэд хандахаар бэлдэж байсан” гэсэн түүний тайлбарыг үндэслэж “...2020.06.11-ний өдрийн А20/11 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд нэхэмжлэгч М.Эыг эрхээ хэрэгжүүлж гомдол гаргах боломж олгоогүй...” гэж тус тус дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгааг үнэхээр хүлээн зөвшөөрөх ямар ч боломж, хууль зүйн үндэслэл байхгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч М.Б.Ү.А ТББ-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

М.Э нь М.Б.Ү.А ТББ-д ажлын албаны Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А20/14 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, М.Б.Ү.А ТББ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 17 дугаар зүйлийн 17.1.1.1, 17.1.1.3, 17.1.1.13, 17.2.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.7, 18.1.16, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8.2, 5 дугаар зүйлийн 5.1-ийн “в”-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон. /хх 4/

 Ажил олгогч нь дээрх тушаалын үндэслэлээ “... нэхэмжлэгч М.Э нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирчихээд үдээс хойш эрүүл мэндийн шалтгаанаар явсан гэх боловч хуруу уншуулсан мэдээлэл байдаггүй, 17-ны өдөр ажил олгогчийн зүгээс М.Этай холбогдох гээд чадаагүй, өвчтэй тухайгаа байгууллагад болон удирдлагадаа хэлээгүй, утсаа авахгүй байсан, тийм учраас гомдол гаргасан байгууллагуудын гомдлыг шийдвэрлэхийн тулд М.Эын сейфийг эвдэж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон, М.Э өмнө нь 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан, давтан зөрчил гаргасан” гэж тайлбарлажээ.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх ба уг харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байх тул ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай дээрх тушаалаас харахад ажилтныг 2020 оны 07 сарын 16-17-ны өдрүүдэд ажил тасалсан, хөдөлмөрийн дотоод журам зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж буруутгасан гэж үзнэ.

Талууд Хөдөлмөрийн дотоод журмын 17 дугаар зүйлийн 17.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах гэсэн хэсгийн 17.2.1.3-т 17.2.1.1, 17.2.1.2 дахь заалтуудаар хүлээлгэсэн шийтгэлийн аль нэгийг давтан гаргасан эсвэл сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас шууд халах, 18 дугаар зүйлийн ажилтныг албан тушаалаас чөлөөлөх, халах гэсэн хэсгийн 18.1.2-т ажилтан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилийн дотор давтан гаргасан, 18.1.7-д хүндэтгэх шалтгаангүйгээр сард 16 цаг, түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-д заасан ноцтой зөрчил хэсгийн 2.8.2-т хүндэтгэн шалтгаангүйгээр дараалсан, дараалсан бус байдлаар 2 хоног ажил тасалсан, амралт, чөлөөний хоногоо 1 өдрөөр хэтрүүлсэн, 5 дугаар зүйлийн хүлээх хариуцлага гэсэн хэсгийн 5.1.в-д заасан зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцжээ.

Хэргийн 24 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд М.Э нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл эмнэлэгийн магадлагаатай, ажлаас чөлөөлөгдсөн байсан болох нь тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгч М.Эыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Ажил олгогч “... эмнэлэгийн магадлалгаа эргэлзээтэй, хуурамч... “ гэх агуулга бүхий тайлбар, гомдол гаргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт “... бичмэл нотлох баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй...” гэж заасан ба энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.

Түүнчлэн, М.Эын сейфийг эвдэж онгойлгосон гэх үйл баримт гэрч П.Батзаяагийн гаргасан “захирлын даалгаснаар Алтаншагай, Өлзийхишиг, бид 3 байж байгаад би бичлэг хийж, нөгөө хоёр сейфийг эвдэж тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авсан болох нь тогтоогдож байгаа боловч, нэхэмжлэгч тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажилдаа ирээгүй байсан. Иймд М.Эыг санаатайгаар байгууллагад хохирол учруулсан, нэр хүнд унагаасан гэж шууд үзэх боломжгүй./хх173/ Хэргийн баримтуудаар нэхэмжлэгчийг шалтгаангүйгээр ажил тасалсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй болно.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд сахилгын шийтгэл ногдуулсан буюу нэхэмжлэгч М.Эыг ажлаас чөлөөлөх болсон тушаал нь түүний гэм буруу, гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон гэж үзэхгүй, түүний гаргасан зөрчлүүдийг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй, түүнээс тайлбар мэдүүлэг аваагүй, зөрчил гаргасан гэж үзсэн цаг хугацаанд нэхэмжлэгч М.Э нь өвчтэй байсан нь тогтоогдсон, сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч тухайн цаг хугацаанд өвчтэй байсан, хариуцагч байгууллага нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулж шийдвэрлэсэн байгаа зэргээс дүгнэхэд ажилтнаас зөрчил гаргасан эсэх талаар тайлбар авсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн давтан зөрчил гаргасан гэх Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай дээрх тушаалд заагаагүй байна. Иймд, М.Эыг ажлаас нь чөлөөлсөн хариуцагч М.Б.Ү.А ТББ-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А20/14 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч М.Эын гомдлыг хангаж, түүнийг М.Б.Ү.А ТББ-ын ажлын албаны Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн.

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон учир Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 023 518 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/02383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 326 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                   Б.НАРМАНДАХ