Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/04731

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ч******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 500 770 292 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******,

Хариуцагчийн өмгөөлөгч П.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч******* нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 500 770 292 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Тус газартай харилцагч М******* ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна гэж заасан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос тооцон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсэгт орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэх заалтуудыг тус тус зөрчсөн. М******* ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 349 223 950 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл Хууль зөрчигчид хүлээх хариуцлага, 44.1.2 дахь хэсэгт төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн М******* ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 349 223 950 төгрөг, түүнд оногдуулсан алданги 151 546 342 төгрөг, нийт 500 770 292 төгрөгийг барагдуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай шимтгэл нь 2021 оны 10 сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх хугацаанд тооцсон болно. Иймд төлөгдөөгүй шимтгэл 349 223 950 төгрөг байгаа. Алданги нь 151 546 342 төгрөг байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.1.2-д зааснаар тооцсон байгаа. Тооцооны алдаа гараагүй юм, бүх баримтаар 349 223 950 байгаа, 138 000 000 төгрөг нь өмнөх оныхоос хасагдсан байгаа. Мөн өмнөх Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.5-д алданги тооцохоор байдаг тул алданги шаардаж байна гэв.

 

                2.Хариуцагчийн төлөөлөгч Д.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

                Ч дүүргийн нийгмийн даатгалын газар М******* ХХК-д холбогдуулан 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 349 223 950 төгрөг, алданги 151 546 342 төгрөг, нийт 500 770 292 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. М******* ХХК нь хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тухай бүр зохих журмын дагуу тайлагнадаг ба 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болох нийт 349 223 950 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгч шүүхэд гаргасан иэхэмжлэлдээ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн алдангийн төлбөр нэхэмжилсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй тус хууль нь 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд манай компанийн нийгмийн даатгалын өр төлбөр нь 2021-2024 оны төлөгдөөгүй өр төлбөр гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарч буй хугацаа 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийн үндэслэл болгосончлон шимтгэл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх зохицуулалт байхгүй. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тооцооны алдаа гаргасны улмаас кийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол 0.1 хувиар алданги тооцно гэж мөн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хариуцлагын хэлбэрүүдийг хуульчилсан ба Зөрчлийн хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Тус хуулийн хүрээнд М******* ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй тул 151 546 342 төгрөгийн алданги бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 2024 оны 1-4 дүгээр сарын алдангийг тооцохдоо Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар алданги гаргуулахаар шаардахын тулд улсын байцаагч акт үйлдсэн байх урьдчилсан нөхцөл хангагдаж байж алданги шаардах эрх үүснэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 151 546 342 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн.

                2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, өмгөөлөгч П.О******* нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нийт үнийн дүнг 349 223 950 төгрөг байна гэж байна, гэтэл 2021 оны 10 сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх гэж байна. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44.1.2-д заасныг үндэслэсэн. 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон хуулиар нэхэмжилж байна. Учир нь хуучин хууль болох 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуульд алданги тооцохоор байгаа, уг хуулиар тооцооллын алдаа үүссэн бол 0.3 хувиар алданги тооцох зориулалттай. Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх байсан. Тиймээс зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй учраас алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 138 103 740 төгрөгийг бид 2021 оны 10 сараас хойш 2024 оны 4 сар хүртлэх хугацаанд төлсөн байгаа, төлсөн шимтгэлийг хасч тооцоогүй байна. Эхний үлдэгдэл байдлаар оруулсан байна. Тэгэхлээр уг мөнгө дээр нэмээд 349 223 950 төгрөг гарч ирсэн байна. Иймд 211 120 121 төгрөгийг хангаж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, М******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 4 дүгээр сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, М*******-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 4 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ногдуулалт, Ч 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага, Ч 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл алдангийг гаргуулах тухай албан бичиг, албан бичгийн хавсралт, М******* ХХК-ийн цалингийн сан даатгуулагчийн тоо, нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага, М******* ХХК-ийн НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, алданги тооцсон хүснэгт, итгэмжлэл /хэргийн 3-28, 43-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  хариу тайлбар, итгэмжлэл /хэргийн 33-34, 39-40, 44-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ч нэхэмжлэлээс  316 680 315 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 184 089 977 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч М******* ХХК-иас ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн өр 349 223 950 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тул төлбөл зохих шимтгэл 349 223 950 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй алданги 151 546 342 төгрөг, нийт 500 770 292 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Ч дүүргийн нийгмийн даатгалын газар нь 2021 оны 11 сараас эхлэн төлсөн төлбөрийг хасч тооцоогүйгээс тооцоолын алдаа гарсан, мөн алданги тооцсон нь үндэслэлгүй, 2021 оны 10 сараас 2024 оны 4 сарын 30-ний хүртлэх өр төлбөрийг нэхэмжлэхдээ 2024 оны 1 сард хүчин төгөлдөр болсон хуулиар нэхэмжилсэн, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад алданги нэхэмжилсэн нь хууль зөрчсөн гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Хариуцагч М******* ХХК нь 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийг хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй дутуу төлсний улмаас өр төлбөр үүссэн, улмаар хугацаандаа төлөөгүй гэж хуульд зааснаар алданги тооцсон болох нь хэрэгт авагдсан М******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, М******* ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 4 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, улсын байцаагчийн албан шаардлага, М******* ХХК-ийн 2021-2023 цалингийн баримт, авлагын дэлгэрэнгүй бүртгэл гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Талууд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг үнэн зөв тооцсон эсэх, алданги шаардах эсэх талаар маргаж байна, 2021 оны 10 сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийг хүртлэх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж, өр төлбөр үүссэн талаар маргаагүй.

 

6.Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д “төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж зааснаар шаардах эрхтэй.

6.1.Хариуцагч нь нийгмийн даатгалын өр төлбөр нь 2021 оны 10 сараас 2024 оны 4 сар хүртлэх хугацаанд үүссэн тул Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийг хэрэглэнэ гэж маргасан боловч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан, мөн 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар шаардсан нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.

6.2.Мөн Нийгмийн даатгалын тухай хууль /1994/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж зааснаар 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 4 сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хүчин төгөлдөр үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа хуульд заасан хувь хэмжээгээр тус тус тогтоосон гэж нэхэмжлэгч нь тайлбарласан тул хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.

6.3.Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө” гэж заасан, зохигч талуудын маргаж буй төлөгдөөгүй буюу дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл нь тайланд тусгагдсан боловч хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл байх тул мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн өрд хамаарна гэж үзэв.

6.4. Иймд хариуцагч М******* ХХК нь 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөх үүрэгтэй болно.

7.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийг хүртлэх нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй өр болох 349 223 950 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч нь 2021 оны 10 сараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийг хүртлэх нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 2021 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 12 сар хүртлэх хугацаанд 138 103 740 төгрөгийг төлсөн байхад хасч тооцоогүй байна гэж маргасан.

7.1.Хэрэгт авагдсан М******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 4 сарын тайланд “...шимтгэлийн үлдэгдэл 2024 оны 4 сарын 1-ний үлдэгдэл дутуу 325 770 898 төгрөг, 2024 оны 4 сарын 30-ний үлдэгдэл 349 223 950 төгрөг”, Цалингийн сан, даатгуулагчийн тоо, нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага гэсэн баримтад “...2024он 1сар эцсийн үлдэгдэл 286 954 699,81, 2024он 2 сар эцсийн үлдэгдэл 307 214 707,20, 2024он 3сар эцсийн үлдэгдэл 325 770 898,47, 2024он 4 сар 349 223 950,27” гэсэн байна.

7.2.Мөн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл гэсэн баримтад “20230101-20231231 шинээр үүссэн НДШ 269 626 988, 20220101-20221231 шинээр үүссэн НДШ 152 742 558, 20210101-20211231 шинээр үүссэн НДШ 167 790 192” гэж тэмдэглэгдсэн боловч Ч дүүргийн нийгмийн даатгалын газрын М******* ХХК-ийн алданги тооцсон хүснэгтэд “...эхний үлдэгдэл 2021 оны 10 сараас 2024 оны 1 сарыг хүртлэх төлбөр зохих шимтгэл 349 223 950 төгрөг, төлсөн шимтгэл 138 103 740 төгрөг, дутуу төлөгдсөн 349 223 950 төгрөг” гэсэн нь зөрүүтэй хариуцагчаас төлөгдсөн 138 103 740 төгрөгийг эхний үлдэгдэл буюу төлбөр зохих шимтгэлээс хасч тооцсон эсэх нь эргэлзээтэй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв. 

7.3.Иймд хариуцагч М******* ХХК-иас нийгмийн даатгалын өр төлбөр буюу дутуу төлсөн шимтгэлд 349 223 950 төгрөгнөөс төлөгдсөн 138 103 740 төгрөгийг хасч үлдэх 211 120 210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч дүүргийн нийгмийн даатгалын газарт олгохоор шийдвэрлэв.

8.Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй тул хуульд зааснаар алданги тооцсон гэж тайлбарлаад төлөгдөөгүй шимтгэл 349 223 950 төгрөг байгаа тул алдангид 151 546 342 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

8.1.Хариуцагч нь  алдангийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар тооцоод байгааг зөвшөөрөхгүй, өр төлбөр 2021 оноос үүссэн учраас Нийгмийн даатгалын тухай /1994/ оны хуулиар тооцогдоно, тиймээс хугацаандаа төлөөгүй хариуцлага нь Зөрчлийн хуулиар шийдвэрлэгдэх байсан буюу зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй учраас алдангийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

8.2.Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “тооцооны алдаа гаргаснаас дутуу төлсөн шимтгэлд алданги тооцох, тус алдангийн хэмжээ нь дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байх”-аар зохицуулсан бол, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож, уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулжээ.

8.3.Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан.

8.4.Дээрх алдангийн хэмжээг хүчин төгөлдөр үйлчилж байсан болон үйлчилж байгаа хуульд ижил хувиар тогтоосон байх тул нэхэмжлэгч нь төлөгдөөгүй шимтгэлийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул төлөгдөөгүй шимтгэл 211 120 210 төгрөгний 50 хувь болох 105 560 105 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

9.Иймд хариуцагч М******* ХХК-иас төлөгдөөгүй буюу дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 211 120 210 төгрөг, хугацаандаа төлөгдөөгүй алданги 105 560 105 төгрөг, нийт 316 680 315 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч дүүргийн нийгмийн даатгалын газарт олгож, нэхэмжлэлээс 184 089 977 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Ч******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 741 352 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар

хариуцагч М******* ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 316 680 315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 184 089 977 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Ч******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 741 352 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН