| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/02079/И |
| Дугаар | 183/ШШ2022/03458 |
| Огноо | 2022-11-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2022/03458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Жуков оффисд байрлах, Хаан банк ХХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 81в байр, 69 тоот хаягт оршин суух, Зана овогт Доржбатын Эрдэнэтуяа /РД:ХЕ71050663/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 81в байр, 69 тоот хаягт оршин суух, Зана овогт Доржбатын Эрдэнэбүрэн /РД:76050369/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 329 710 352.10 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Г.Отгонтуяа,
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 329 710 352.10 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нар нь Хаан банк ХХК-иас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ2791 тоот Орон сууцны зээлийн гэрээ, мөн тус өдөр №БГҮ/2791 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 150 000 000 төгрөгийг хувьсах хүүтэй жилийн 19,2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээл авсан. Хувьсах хүүгийн хэмжээг банк нь өөрийн санаачилгаар жил бүрийн 6 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөн тогтоож болох бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05/204 дугаар тушаалаар зээлийн хүүг 18 хувь болгож тус тус бууруулсан. Зээлийн барьцаанд Д.Эрдэнэтуяагийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206035568 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 81в байр 69 тоот хаягт байршилтай, 96.28 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 3 727 578.54 төгрөг, хүүгийн төлбөрт 26 119 873.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14 610.64 610.64 төгрөг нийт 29 862 062 төгрөг төлсөн байна. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлдэгч нараас 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 146 272 421.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182 503 043.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 908 387.22 төгрөг, нийт 329 683 852.10 төгрөг гаргуулах, нотариатын зардалд 26 500 нийт 329 710 352.10 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжпэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Д.Эрдэнэтуяагийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206035568 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 81 в байр 69 тоот хаягт байршилтай 96.28 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Манай банк Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нартай Орон сууцны зээлийн гэрээ, мөн Барьцааны гэрээг тус тус байгуулж 150 000 000 төгрөгийг хувьсах хүүтэй жилийн 19,2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээл олгосон. Хувьсах хүүгийн хэмжээг банк нь өөрийн санаачилгаар жил бүрийн 6 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөн тогтоож болох бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05/204 дугаар тушаалаар зээлийн хүүг 18 хувь болгож тус тус бууруулсан. Зээлийн барьцаанд Д.Эрдэнэтуяагийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206035568 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 81в байр, 69 тоот хаягт байршилтай, 96.28 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 3 727 578.54 төгрөг, хүүгийн төлбөрт 26 119 873.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14 610.64 610.64 төгрөг нийт 29 862 062 төгрөг төлсөн. Одоо банк зээлдэгч Д.Эрдэнэбүрэн, Д.Эрдэнэтуяа нарт холбогдуулан шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлдэгч нараас 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 146 272 421.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182 503 043.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 908 387.22 төгрөг, нийт 329 683 852.10 төгрөг гаргуулах, нотариатын зардалд 26 500 төгрөг, нийт 329 710 352.10 төгрөг гаргуулахаар, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв.
2.Хариуцагч Д.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Эрдэнэтуяа хамтран зээлдэгч өөрийн төрсөн дүү Д.Эрдэнэбүрэн нар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн амьдарч буй Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, УБ таун 84в байрны 69 тоот 92.68 мкв 3 өрөө орон сууцыг 150 000 000 төгрөгийг 10 жилийн хугацаатай орон сууцны зээлээр авсан. Үндсэн зээл 146 272 421.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182 503 043.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 908 387.22 төгрөг, нийт 329 683 852.10 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонтуяа мөн ажилтан Гантүшиг нартай уулзаж зээлийн хорооны хурлаар хэлэлцэж баталсан зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү болох 183 411 430.64 төгрөгийг 100 хувь хөнгөлж чөлөөлж зөвхөн үндсэн зээлийн 150 000 000 төгрөгөөр хаах шийдвэрийг дахин хурлаар оруулж өгөх хүсэлт гаргасан юм. Иймд хүсэлтийн хариуг хүлээж байгаа болно.
Учир нь миний бие зээл аваад уг зээлийг 2016 оны 1 сарыг хүртэл асуудалгүй төлж гэрээний үүргээ гүйцэтгэж байсан боловч биеийн эрүүл мэндийн байдал муудсаны улмаас бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болж энэ талаар банкинд хандаж хүүг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Миний бие 2 удаа хагалгаанд орсон бөгөөд энэ талаар зээлийн эдийн засагч нарт байнга хэлж 2016 оны 6 сарын 25-нд хүсэлт гаргаж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Мөн 2020 оны 9 сард ковидын үеэр хүсэлт гаргасан. Гэтэл 2020 оны 10 сард хурлаар оруулна гэсэн. Тэгээд 150 000 000 төгрөгийг 30-ний дотор төл гэсэн. Тиймээс миний бие энэ мөнгийг төлөх гээд хөөцөлдөөд гүйж байгаа. Банктай харилцан тохиролцсоноор 150 000 000 төгрөгөө төлмөөр байна гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Г.Оюунтуяад олгосон итгэмжлэл, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/2791 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн БГҮ/2791 дугаартай Барьцааны гэрээ, 000372032 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлэг баримт, нотариатын баримт, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 61/1925 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 61/2767 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банк ХХК-ийн захирлын 05/204 дугаар тушаал, Зээл төлөх тухай мэдэгдэл, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн маягт, Д.Эрдэнэтуяатай уулзсан тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2020/02528 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, Д.Эрдэнэтуяагийн хүсэлт /хэргийн 4-27, 42-46-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар гэсэн баримтуудыг /хэргийн 37-38-р хуудас хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 237 550 442 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлээс 92 159 908 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнбүрэн нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж,
-зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 146 272 421.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182 503 043.42 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 908 387.22 төгрөг 38 071.06 төгрөг, нийт 329 710 352.10 төгрөгийг гаргуулах,
-үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шаардсан.
3.Хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нар нь зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө 150 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан талаараа маргаагүй боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас төлбөрийн чадваргүй болж, бизнесийн үйл ажиллагаа зогссон, үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй, ковидын үед хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоогоогүй, банктай харилцан тохиролцсоноор үндсэн зээлийг төлөх саналтай гэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нартай 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ/2791 дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №БГҮ/2791 дугаар Барьцааны гэрээгээр Д.Эрдэнэтуяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 81 в байр 69 тоот, 96.28 м.кв , 3 өрөө орон сууцны зориулалттай Ү-2206035568 дугаарт бүртгэлтэй орон сууц, барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар байна, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар маргаагүй байна.
6.Зохигч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нар нь хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Эрдэнэтуяа, хамтран зээлдэгч Д.Эрдэнэбүрэн нарын дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Хаан банк ХХК болон хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нарын хооронд зээлийн, нэхэмжлэгч болон хариуцагч Д.Эрдэнэтуяа нарын хооронд барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 154.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээний хугацаа нь 180 сар буюу 2029 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах шаардлагыг гаргажээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.
Талууд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба зээлийн гэрээний 5.1.5-д “зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учруулсан хохирлыг нэхэмжлэх”, 6.1.1-д “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банкны санаачилгаар гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана” гэж тус тус заажээ.
Иймд хариуцагч Д.Эрдэнэбүрэн, Д.Эрдэнэтуяа нар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэлээ.
7.Нэхэмжлэгч Хаан банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 150 000 000 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нарт шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нараас үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, үлдэгдлээр үндсэн зээлийн үлдэгдэл 146 272 421.46 төгрөг, хүү 182 503 043.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 908 387.22 төгрөг, нийт 329 683 852.10 төгрөг байна.
Хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нар нь зээлийн тооцооллын талаар маргаагүй боловч банктай үндсэн зээлийн үлдэгдэл 150 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байсан гэж тайлбарласан, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас болон ковидын нөхцөл байдлын улмаас банкинд хандаж зээлийн хүүг зогсоох талаар удаа дараа мэдэгдэж байсан гэж маргасан болно.
Хариуцагч нар нь банктай үндсэн зээлийн үлдэгдэл 150 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон 2022 оны 3 сарын 15-ны өдрийн зээлийн хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримтгүй, нэхэмжлэгч нь тохиролцсон хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул зээлийн үүрэгт 329 683 852 төгрөгийг гаргуулна гэсэн тул хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 150 000 000 төгрөгийг төлнө гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийг ашигласан хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй боловч хариуцагч нараас банкинд буюу гэрээний нэг талдаа хандаж удаа дараа зээлийг төлөх боломжгүй болсон, зээлийн гэрээний хүүг зогсоох буюу өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргаж байсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь үгүйсгээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд зөрчил учирсан, хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөн, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан Хаан банкны зээлийг төлөх тухай мэдэгдэлд “...2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор зээлийг төлөхийг мэдэгдэж байсан”, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн маягтаар “...2016 оны 4 дүгээр сарын 12-нд хугацаа хэтэрсэн зээл төлөх талаар, мөн 2016 оны 4 сарын 25-нд уулзалт хийсэн”, мөн 2017 оны 8 дугаар сарын 28-нд Д.Эрдэнэтуяатай уулзсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээний 5.1.7-д “зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах” эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, 2016 оноос зээлийн гэрээний зөрчил үүссэн, хариуцагч зээлийг төлөх чадваргүй болсон нь баримтаар тогтоогдож байхад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д зааснаар “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж зааснаар гэрээг цуцлаагүй, зээлийг шаардаагүй байна.
Нэхэмжлэгч нь удаа дараа шаардаж байсан гэж Хаан банк ХХК-ийн зээл төлөх мэдэгдлийг ирүүлсэн боловч уг мэдэгдлүүд нь 2022, 2021 оны мэдэгдэл, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийнх байх ба шүүхэд хандсан гэх боловч 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2020/02528 дугаартай тус дүүргийн шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар шүүхэд 2020 онд нэхэмжлэл гаргаж байсан болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн дэлхий нийтэд тархсан ковид19 буюу шинэ төрлийн короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох юм.
Нэхэмжлэгч нь цар тахалтай холбоотой ковидын нөхцөл байдлын улмаас зээлийн хувьсах хүүг бууруулсан гэх боловч Хаан банкны захирлын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05/204 дугаартай тушаалыг ирүүлсэн, уг тушаал нь Төв банкны зээлийн эрсдлийн хорооны хурлын шийдвэрийг үндэслэсэн байх бөгөөд Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй” гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 146 272 421,46 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх бөгөөд зээлийг ашигласан хугацааны хүү болох 182 503 043,42 төгрөгний 50 хувь буюу 91 251 521 төгрөгийг гаргуулж, үлдэх 91 251 521 төгрөгийг болон нэмэгдүүлсэн хүү 908 387 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
8.Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд нотариатын зардалд 26 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж зааснаар зааснаар нотариатын үйлчилгээний хөлс, зардалд нэхэмжлэгчээс 26 500 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нараас үндсэн зээл 146 272 421.46 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүүнд 91 251 521 төгрөг, нотариатын зардалд 26 500 төгрөг, нийт 237 550 442 төгрөгийг /146 272 421+91 251 524+26 500=237 550 442/ гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Д.Эрдэнэтуяа нь нэхэмжлэгч Хаан банк ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №БГҮ/2791 дугаар Барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 81 в байр 69 тоот, 96.28 м.кв , 3 өрөө орон сууцны зориулалттай Ү-2206035568 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.
Хариуцагч Д.Эрдэнэтуяа нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч Д.Эрдэнэтуяагийн барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 876 701.77 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 415 902 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-нд олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар Хаан банк ХХК, Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/2791 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 237 550 442 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 92 159 908 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Д.Эрдэнэтуяагийн барьцааны гэрээний зүйл болох Д.Эрдэнэтуяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 81 в байр 69 тоот, 96.28 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай Ү-2206035568 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 876 701.77 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэбүрэн нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 415 902 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН