Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/04732

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б ХХК /РД: РД *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З******* ХХК /РД: *******/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Ц /РД:*******/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 110 818 571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч З******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 110 818 571 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1.Манай компани нь хариуцагч З******* ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Грейдер техникийг түрээслүүлэхээр Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээ байгуулан гэрээний дагуу техникийг түрээслүүлсэн. Уг гэрээнд 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан ажиллах цагийг уртасгасан ба үүнтэй уялдуулан түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулсан. Түрээсийн төлбөрт 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдөр 8 680 357 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 1 820 000 төгрөг, 6 дугаар сарын 30-ны өдөр 3 900 000 төгрөг, нийт 24 400 357 төгрөг төлөгдсөн. Талууд 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр харилцан тооцоо нийлж тооцоо нийлсэн акт үйлдсэн ба үлдэгдэл 110 818 571 төгрөг болохыг харилцан баталгаажуулсан. Түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т 10 хоногт багтаан түрээслүүлэгчийн 2.4-т заасан дансанд шилжүүлнэ гэж зааснаар гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүй. Хариуцагчаас төлбөр төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэдэг боловч төлдөггүй ба гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, цаашид хэрхэн гүйцэтгэх нь тодорхойгүй, төлбөрийн асуудлаар очиж уулзахад төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй нэхэмжлэгчийг хохироосоор байсан тул шүүхэд хандан шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон. Иймд хариуцагч З******* ХХК-иас 110 818 571 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийг шаардаж байгаа. 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Грейдер техник түрээслэхээр болсон. 2023 оны 5 дугаар  сарын 08-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан, түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулсан. Мөн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн, уг тооцоонд 110 818 571 төгрөгийг гаргуулж өгнө үү. 7 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн баримт байгаа. 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрээг өөрчилсөн гэсэн атлаа манай компанид төлбөр төлөөд байгаа юм. 2023 оны 4 дүгээр сарын 11-ний гэрээний дагуу манайд төлбөрөө төлөөд л байгаа. Тиймээс хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай компани нэхэмжлэгч Б******* ХХК-тай 2023 оны 4 сарын 11-ний өдөр Грейдер техникийг түрээслэхээр Уул уурхайн машин механизм түрээслэх түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл улсын дугаартай Авто грейдерийн өмчлөгч болох Д овогтой Ц******* /РД:*******/ гэх хүн манай компани дээр 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б******* ХХК-тай байгуулсан Уул уурхайн машин механизм түрээслэх түрээсийн гэрээг дуусгавар болгож өгнө үү гэх өргөдлийг өгсөн. Тус өргөдлийн дагуу улсын дугаартай Авто грейдерийн өмчлөгч болох Д овогтой Ц******* /РД:*******/-тай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Уул уурхайн машин механизм түрээслэх түрээсийн гэрээг шинээр байгуулсан. Иргэн Ц******* нь урьдах Б ХХК-аас манай компаниас шилжүүлсэн түрээсийн төлбөрийг авч чадахгүй байгаа талаар ярьж байсан. Иймд Б ХХК-аас нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Түрээсийн гэрээг З******* ХХК-тай  байгуулсан байдаг, грейдер ажилласан талаар маргаагүй, уг мөнгийг жинхэнэ эзэмшигчид нь төлөхөд татгалзахгүй. Учир нь түрээсийн техникийн өмчлөгч нь Я.Ц*******гийн өмчлөлд бүртгэгдсэн байгаа. Жинхэнэ өмчлөгч нь манай компанид хүсэлт гаргасан байдаг, автогрейдерийг миний нэр дээр гэрээ байгуулж өгнө үү гэсэн. Тиймээс бид гэрээний зүйлийн өмчлөгч нь өөрөө хүсэлтээ гаргасан, төлбөр тооцооны хувьд маргаантай гэсэн учраас төлбөрийг нь гуравдагч этгээдэд төлөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол манай эрх ашиг хохирч магадгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрчилгээний хуулбарыг хавсаргаагүй, манайх нэхэмжлэгчийнх байна гэж бодож байсан. Гэтэл жинхэнэ өмчлөгч нь гарч ирээд надтай байгуулж өгөөч гээд шинэчилсэн юм. Иргэн дээр байдаг грейдер учраас НӨАТ төлөх гээд л гэрээ байгуулсан гэсэн. Итгэмжлэл, зөвшөөрөл байхгүй учраас Иргэний хуулийн  56 дугаар зүйлд зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, мөн н.А компанийг төлөөлөх эрхгүй этгээд байж гэрээг байгуулсан байсан. Бодит байдал дээр иргэн хүн дээр НӨАТ төлж болохгүй гээд компанитай байгуулна гэсэн, гэтэл гэнэт л мөнгө төгрөгтэй болоод маргаан гарсан. Жинхэнэ өмчлөгч нь гээд ирээд хүсэлтээ өгсөн, тиймээс бид жинхэнэ өмчлөгч төлбөр мөнгөний асуудалтай учраас энэ хүнд өөрт нь өгье гэж байгаа, дараа нь энэ хүмүүс өөрсдөө маргааныхаа учрыг нь олох байх гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* ХХК-тай гэрээг хийсэн нь үнэн, уг грейдер бол манай дүүгийн компанийнх байгаа юм. Гэхдээ минийх, миний нэр дээр шилжүүлчих гээд шилжүүлсэн юм. Бид нарын хооронд төлбөрийн маргаан байсан. Тиймээс гэрээний үүргээ биелүүлсэн нь зөв байх гэж бодоод байна, н.А манай нөхөр, грейдер болон компани манай дүүгийнх, манай нөхөр дүү 2 хэрэлдээд тэгээд би гэрээгээ өөрчилье гэж очоод хэлсэн нь үнэн. Би ямар нэгэн итгэмжлэлийг дүүдээ ч нөхөртөө ч олгоогүй, зүгээр л манай дүү, манай нөхөр хоёр л ойлголцохгүй байсан юм гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээний нэмэлт гэрээ, Б******* ХХК-ийн тооцоо, /хэргийн 3-16-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, Д.Ц*******гийн гар бичвэр, 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, итгэмжлэл /хэргийн 34-35, 41-47, 63, 79-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч З******* ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээний нэмэлт гэрээ байгуулан автогрейдерийг түрээслэсэн боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, техникийг ашигласан түрээсийн төлбөрийг төлөөгүй тул гэрээний үүрэгт 110 818 571 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б******* ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээний нэмэлт гэрээ байгуулан ажиллаж, түрээсийн төлбөрийг төлж байсан боловч гэрээний зүйл болох автогрейдер нь гуравдагч этгээд Д.Ц*******гийн өмчлөлийнх байсан, гуравдагч этгээд нь уг техникийг ашиглах, эзэмшүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгоогүй, мөн гэрээ байгуулсан С.А нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан тул түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус, автогрейдерийн жинхэнэ өмчлөгч нь маргаж байгаа тул түрээсийн төлбөр 110 818 571 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхгүй гэж үгүйсгэсэн.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь гэрээний зүйл болох автогрейдер нь миний өмчлөлийнх бөгөөд өөрийн дүү болон нөхөртөө ямар нэгэн итгэмжлэлийг олгоогүй, манай дүү, манай нөхөр хоёр л ойлголцохгүй байсан учраас би гэрээгээ өөрчилнө гэж очсон нь үнэн гэж тайлбарласан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч З******* ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээг байгуулж, улсын дугаартай грейдерийг Дорнод аймгийн Б сумын нутагт байрлах М ХХК-ийн уурхайд ажил гүйцэтгэх, уурхайд ажиллах ажлын цаг нь 10 цагт 1 ээлжээр ажиллах, түрээсийн төлбөрт нэг сард 33 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

5.2.Мөн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээний нэмэлт гэрээг байгуулж, техник түрээсийн ажиллах цагийг 580 мот/цаг байхаар, өдөр шөнийн ажиллах цаг 20 цаг болгож, техникийн сарын түрээсийг 58 000 000 төгрөг байхаар тохиролцсон байна.

5.3.Хэрэгт авагдсан 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б******* ХХК-ийн тооцоо гэсэн баримтаар “...автогредер ZGR-4628, нийт дүн 135 218 929 төгрөг, нийт төлсөн 24 400 357,14 төгрөг, үлдэгдэл 110 818 571,43 төгрөг” гэжээ.

 

6.Талуудын маргааны зүйл нь гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаж байна, автогрейдерийг ашигласан, төлбөрийг төлж байсан талаар болон үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй.

 

7.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

7.1.Хэрэгт авагдсан Б******* ХХК, хариуцагч З******* ХХК-ний хооронд байгуулагдсан 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээг Б******* ХХК-ийг төлөөлж захирал Ч.Б байгуулсан боловч гэрээнд түрээслүүлэгчийг төлөөлж С.А гарын үсэг зурсан, мөн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Уул уурхайн машин механизм түрээслэх гэрээний нэмэлт гэрээг Б******* ХХК-ийг төлөөлж захирал С.А гарын үсгээ зуржээ.

7.2.Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл болох   улсын дугаартай грейдер нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс гуравдагч этгээд Д.Ц*******гийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Эзэмшигч, өмчлөгчийн мэдээлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

7.3.Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд зааснаар түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрч компанид төлж байсан, мөн С.А нь гуравдагч этгээд Д.Ц*******гийн гэр бүлийн хүн буюу нөхөр учраас түүнийг төлөөлөн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан.

7.4.Хэрэгт авагдсан түрээсийн гэрээнүүдийг нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч З******* ХХК-тай байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан боловч гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд “...Ц овогтой Э-г захирал-р томилсныг бүртгэв” гэсэн байх бөгөөд компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдээс гэрээ байгуулах итгэмжлэл болон зөвшөөрлийг С.Аэд олгосон баримтгүй, мөн гэрээний зүйл болох автогрейдерийн өмчлөгч Д.Ц******* нь С.Аэд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, гэрээ байгуулах эрхийг олгосон эсэх талаарх баримтыг ирүүлээгүй болно.

7.5.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахаар байна гэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

7.6.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна гэжээ.

7.7.Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ” гэж  заасан.

7.8.Мөн Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гуравдагч этгээд Д.Ц******* нь “… дугаартай автогредерийн гэрээг эцсийн өмчлөгч болох Д.Ц******* миний нэр дээр өөрчилж өгнө үү. Б ХХК-ийн нэр дээр хийсэн гэрээг дуусгавар болгож өгнө үү” гэсэн байх бөгөөд хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Уул уурхайн машин механизм түрээслэх З******* ХХК-ийн Д.Ц*******тай байгуулсан гэрээг ирүүлсэн, уг гэрээгээр дугаартай автогрейдерийг түрээслэхээр харилцан тохиролцож, гэрээнд түрээслүүлэгчийг төлөөлж С.А мөн гарын үсгээ зурсан байна.

 

7.9.Дээрх баримтаар нэхэмжлэгч компанийг төлөөлөн гэрээг байгуулсан С.А нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь баримтаар тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгчээс С.Аэд компанийг төлөөлөн гэрээ байгуулах эрхийг олгосон талаарх баримтгүй, гэрээний зүйл болох автогрейдер нь нэхэмжлэгчийн өмчлөлийнх биш буюу гуравдагч этгээд Д.Ц*******гийн өмчлөлд бүртгэлтэй, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчид зөвшөөрөл олгоогүй болох нь түүний хариуцагчид өгсөн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

8.Иймд нэхэмжлэгч Б******* ХХК-ийн хариуцагч З******* ХХК-нд холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 110 818 571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв .

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 712 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК-ийн хариуцагч З******* ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 110 818 571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 712 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ХУЛАН