Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/03488

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Гачууртын зам 105 тоот, Хэв хашмал ХХК /РД:5221714/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Энхжин хотхон, Зайсангийн тойруу гудамж, 32в байр, 30 тоотод оршин суух, Харчин овогт Цогтбаатарын Бат-Эрдэнэ /РД:ИЭ79031395/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын туслах материал түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 9 408 050 төгрөг, алданги 4 704 025 төгрөг, нийт 14 112 075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, Э.Амарболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК нь хариуцагч Ц.Бат-Эрдэнэд холбогдуулан барилгын туслах материал түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 9 408 050 төгрөг, алданги 4 704 025 төгрөг, нийт 14 112 075 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хэв хашмал ХХК нь иргэн Ц.Бат-Эрдэнэтэй 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 21-118 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр тулаас гэх нийт 760 ширхэг бараа материал түрээслэн авч 24-83 хоног ашигласан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг талууд нэг бүрчлэн тооцоо нийлэхэд 9 408 050 төгрөгний төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр гарсан. Гэвч хариуцагч нь захиалагч байгууллагатайгаа маргаантай байгаа тул түрээсийн төлбөрийг удаа дараа хойшлуулах хүсэлт тавьж ирсэн боловч өнөөдрийг хүртлэх хугацаанд уг төлбөрөөс огт төлж барагдуулаагүй байна. Хариуцагч нь нийт бараа материалаас V-5 хэмжээтэй тулаас, цагаан 6 ширхэгийг буцаан хүлээлгэн өгөлгүй дутааж актлуулсан. Актын төлбөрийг “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний 7.3 дах хэсэгт “Түрээслэгч нь түрээслэж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө” заасны дагуу тус бараа материалын зарах үнээр нь тооцоолсон болно. Мөн Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт /түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө/ гэж заасан. Алдангийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 4 704 025 төгрөгийн алданги тооцов. Иймд хариуцагч Ц.Бат-Эрдэнээс Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 9 408 050 төгрөг, алданги 4 704 025 төгрөг нийт 14 112 075 төгрөг  гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хэв хашмал ХХК нь иргэн Ц.Бат-Эрдэнэтэй 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 21118 тоот түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээгээр хариуцагч 760 ширхэг барилгын материал түрээслэсэн ба 24 хоногоос 83 хоногийн хугацаанд ашиглаж хамгийн сүүлийн барилгыг хариуцагчтай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн байдаг. Уг тооцоогоор түрээсийн төлбөрт 9 408 050 төгрөг үлдсэн ба хариуцагч тооцоо нийлсэн өдрөө уг төлбөрөө удахгүй төлөх учир хугацаа өгөөч гэдэг байдлаар хүсэлт гаргасан. Түүнээс төлбөрийн үлдэгдэл болон гэрээ байгуулсан тухайд маргадаггүй. Тиймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас дээрх төлбөр болон гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу алдангийг гаргуулж өгнө үү. Тооцоо нийлсэн өдрөөс алдангийг тооцож эхэлсэн байгаа гэв.  

 

 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Түрээсийн гэрээг 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан. Гэрээ байгуулагдахад 3 500 000 төгрөгийг урьдчилж төлсөн. Гэрээний хугацааны үед Төв аймагт цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Тухайн өндөржүүлсэн бэлэн байдлын үед Төв аймгийн нутаг дэвсгэрт хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хязгаарласан. Мөн Төв аймгийн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг мөн хязгаарласан. Хэдийгээр хариуцагч түрээсийн эд зүйлийг хүлээн авсан боловч энэ хугацаанд Төв аймгийн нутаг дэвсгэр рүү нэвтрэх боломжгүй болсон. Түрээсийн гэрээний  2 дугаар зүйлийн 2.16-д түрээсийн эд хөрөнгийг хаана ашиглах талаар заасан ба Төв аймгийн нутаг дэвсгэр болох Хөшигтийн хөндийн Монгол шуудангийн барилгад ашиглах гэж түрээсийн эд хөрөнгийг түрээсэлсэн. Түрээслэгч 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Төв аймгийн нутаг дэвсгэр рүү орж чадаагүй. Улмаар үүнээс хойш үйл ажиллаагаа явуулаад 6 дугаар сарын 07-ны өдрөөс 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд түрээслэсэн эд хөрөнгийг буцаан өгсөн. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн хугацаагаар түрээсийн хугацааг сунгах талаар заасан байдаг. Түрээслэгч онцгой нөхцөл байдлын улмаас дээд тал нь 34 хоног тухайн түрээсийн эд хөрөнгийг ашиглаж чадаагүй нөхцөл байдал үүссэн. 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 11 өдрийг хүртэл түрээсийн эд хөрөнгийг тооцоход гэрээний нийт үнийн дүн 6 281 250 төгрөг болж байгаа. Онцгой нөхцөл байдлын улмаас ашиглаж чадаагүй учир энэ хугацаагаар гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэж байгаа учир гэрээний хугацаа хэтрүүлсэн асуудал яригдахгүй гэж үзэж байгаа. Мөн хүлээн авсан актад Ц.Бат-Эрдэнэ тооцоо нийлсэн нь үнэн. Тооцоо нийлэх үед цар тахлын улмаас түрээсийн эд хөрөнгийг ашиглаж чадаагүй учир хөнгөлөлт үзүүлээч гэсэн зүйлийг хэлж, мөн энэ талаар хүсэлт өгсөн байдаг. Хэрэв давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзэх юм бол нэхэмжлэлд үндэслэлгүй зүйл байгаа. Гэрээ 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулагдсан. Зарим эд зүйлийг 6 дугаар сарын 7, 8, 10, 11-ний өдөр хүлээлгэж өгсөн. Тиймээс хүлээлгэж өгсөн хоногуудаар хугацаа хэтэрсэн зүйл яригдаж байгаа. Хугацаа хэтэрсэн үнийн дүнг хоногоор тооцох юм бол 1 821 520 төгрөг болж байгаа. Тиймээс 1 821 520 төгрөгөөс алданги тооцох ёсгүй. Учир нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар хүлээлгэж өгөх хүртлээ учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан. Тиймээс уг дүн нь гэрээний үндсэн үнийн дүн биш учир энэхүү үнийн дүнгээс алданги тооцогдохгүй. Дутуу хүлээлгэж өгсөн эд зүйлийн 316 800 төгрөгийн актыг хүлээн зөвшөөрч байгаа. Алдангийн хувьд цар тахлын улмаас удаа дараа хүнд нөхцөлд орсон учир чөлөөлж өгнө үү гэсэн байр сууриа илэрхийлж байсан, энэ талаар ч хүсэлт гаргаж байсан учир алдангаас чөлөөлж өгнө үү гэсэн гэв. 

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хэв хашмал ХХК-иас С.Энхбатад олгосон итгэмжлэл,  Хэв хашмал ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хэв хашмал ХХК-ийн тооцоо нийлсэн акт, Хүлээн авсан бараа материалын акт, 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Зарлагын баримтууд, Ц.Бат-Эрдэнийн гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, Хэв хашмал ХХК-иас Б.Жаргалмаа, Э.Амарболд нарт олгосон итгэмжлэл /хэргийн 2-14, 30-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Ц.Бат-Эрдэнээс О.Аззаяад олгосон итгэмжлэл, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/215 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллах зарим арга хэмжээний тухай” захирамж, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/300 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах тухай” захирамж, Төв аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/274 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” захирамж /хэргийн 27, 32-36-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-ийн хариуцагч Ц.Бат-Эрдэнэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 9 408 050 төгрөгийг гаргуулж, үлдэх 4 704 025 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Бат-Эрдэнийг гэрээний үүргээ зөрчиж, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул үлдэгдэл төлбөр 9 408 050 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 4 704 025 төгрөг, нийт 14 112 075 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь цар тахлын үед үйл ажиллагаа явуулж чадаагүй тул түрээсийн хөрөнгийг ашиглаж чадаагүй, дутуу хүлээлгэж өгсөн эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.  

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Хэв хашмал ХХК, хариуцагч Ц.Бат-Эрдэнэ нар нь 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр №21-118 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, барилгын туслах материал болох тулаасыг 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаагаар түрээслүүлж, ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, тогтоосон хугацаанд актын дагуу эргүүлэн хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, тооцоо нийлсэн акт, хүлээн авсан бараа материалын акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги байна, гэрээ байгуулсан тулаасыг хүлээн авсан талаар маргаагүй болно.

 

6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд түрээсийн зүйлийг авч ашигласан талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг шаардах эрхтэй.

Зохигчид 2021 оны 4 дүгээр сарын 04ий өдөр 21-118 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээгээр 760 ширхэг тулаас зэрэг барилгын туслах материалыг түрээслэж, түүний төлбөрт 12 591 250 төгрөг, түрээсийн барааны гэмтээсэн дутаасан төлбөрт 316 800 төгрөг, нийт 12 908 050 төгрөгийг төлөхөөс түрээсийн төлбөрт 3 500 000 төгрөгийг төлсөнийг хасч, үлдэх 9 408 050 төгрөгийг төлөөгүй болох нь тооцооны хүснэгт, тооцоо нийлсэн акт, хүлээн авсан бараа материалын акт, орлого, зарлагын падаанаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээслэн авсан бараанаас V-5 хэмжээтэй тулаас цагаан 6 ширхэгийг буцаан өгөөгүй тул акт тогтоож, гэрээний 7.3-д зааснаар 316 800 төгрөгөөр тооцсон гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн маргаагүй, төлөхөд татгалзахгүй гэсэн болно.

  Иймд хариуцагч Ц.Бат-Эрдэнээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл, дутаасан барааны төлбөрт нийт 9 408 050 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар болон талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-д зааснаар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алдангид 4 704 025 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу цар тахлын улмаас бий болсон энэ талаар хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ц.Бат-Эрдэнэ нь “...түрээсийн төлбөр болох 9 408 050 төгрөгнөөс хөл хорионы үеийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.16-д “тухайн түрээсийн гэрээний зүйл болох барилгын туслах материалыг ашиглах газар нь түрээслэн авагчийн Хөшигтийн хөндийн /Монгол шуудангийн барилга/ тоот хаягт оршин байгаа барилгын талбай байна” гэжээ.

Дэлхий нийтэд тархсан ковид19 буюу шинэ төрлийн короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох бөгөөд энэ нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн Төв аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/215 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллах зарим арга хэмжээний тухай” захирамж, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/300 дугаартай “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах тухай” захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/274 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” захирамжууд тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн алданги төлөх боломжгүй гэсэн нь үндэслэлтэй байх тул түүнээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл, дутаасан барааны төлбөрт нийт 9 408 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 4 704 025 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 511 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бат-Эрдэнээс 165 479 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бат-Эрдэнээс 9 408 050 төгрөгийг төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 4 704 025  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 511 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бат-Эрдэнээс 165 479 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д олгосугай.                                     

                                                                                                           

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН