Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/35

 

                                            *******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр  *******д холбогдох эрүүгийн 2202006050011 дугаартай, 175/2023/0030/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* Баттулга, Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг их сургуульд суралцаж байсан, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Хонгорморьт 1 дүгээр баг, 3-036 тоотод оршин суух хаягтай, /РД: *******/

урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа

Шүүгдэгч ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хялбарчилсан журмаар хил нэвтрэх үнэмлэх буюу цагаан хуудсаар нэвтэрч Оросын Холбооны Улс руу зорчсон боловч 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрэх зөвшөөрөл албан бичгийг бүртгэлд хамруулалгүй зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: О.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* ******* Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьдах Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар О.******* зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон бүх хоногийг өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд оруулан тооцож,

Шүүгдэгч      *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №17 дугаартай эсэргүүцэлдээ:

...Шийтгэх тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчид... оногдуулсан... эдэлбэл зохих ялын хэмжээ”, 1.4-т заасан “шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө ...таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон”-ыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолно” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан,  цагдан  хоригдсон  хугацааг  ялтны  эдлэх ялд оруулан тооцно” гэж,       Мөн хуулийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус хуульчлан тогтоосон.

Гэтэл шүүх шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэзээнээс эхлэн биелүүлэх талаар шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэг, Тогтоох хэсэгт огт дурдаагүй, шүүгдэгч О.Баттулгын энэ хэрэгт цагдан хоригдсон хичнээн хоногийг эдлэх ялд оруулан тооцсон нь тодорхойгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүний биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангахгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьдах Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлж, хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэсэн,

6 дахь заалтад “Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон ...хоногийг өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд оруулан тооцсугай” гэсэн өөрчлөлт тус тус оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд оролцсон прокурор:

Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №17 дугаартай эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа зорчих эрхийг хязгаарлах ялыг хэзээнээс эхлэн биелүүлэх талаар шийтгэх тогтоолын тогтоох болон тодорхойлох хэсэгт дурдаж өгөөгүй. Мөн шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон эсэх нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байх шаардлагыг хангахгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтайгаар өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэзээнээс эдлэх нь тодорхой заагаагүй байна гэж тайлбарлаж байна. Гэвч үндсэн ялаа эдэлж дууссанаар зорчих эрх хязгаарлах ялыг үргэлжлүүлэн хэрэгжүүлдэг. Тиймээс заавал тэдний өдрөөс гэж заах боломжгүй. Учир нь хорих ял нь магадланд орох, шагналын хоног авах зэрэг өөрчлөлт ордог тул хорих ялын үндсэн хугацааг тооцох боломжгүй байдаг. Иймд зорчих эрх хязгаарлах ялыг тэдний өдрөөс тооцно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй тул шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2202006050011 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хялбарчилсан журмаар хил нэвтрэх үнэмлэх буюу цагаан хуудсаар нэвтэрч Оросын Холбооны Улс руу зорчсон боловч 2022 оны ******* дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрэх зөвшөөрөл албан бичгийг бүртгэлд хамруулалгүй зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогдуулан түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч өмгөөлөгчийн хамт  хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэх  хүсэлт гаргасан ба прокурор түүний хүсэлтийг хангаж улмаар түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.******* “Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

           4.Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 17.4, 5 дахь хэсэгт заасан журмын дагуу явуулж прокурорын сонсгосон ялын саналын хүрээнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

          5.Шүүхээс гарсан шийтгэх тогтоолд прокурор нь эсэргүүцэл бичсэн байх ба эсэргүүцлийнхээ үндэслэлээ  “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүний биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж тайлбарласныг давж заалдах шатны шүүх хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт  оруулах нь зүйтэй гэж үзлээ.

          6.Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих ял эдэлж байгаа бөгөөд энэ гэмт хэрэгт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг нь хорих ялаас тусад нь эдлүүлэхээр  заасан атлаа тухайн ялыг хэдийнээс эхлэн тоолох талаар заагаагүй,  мөн шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон хоногийн хэдэн хоногийг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд оруулан тооцох талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тус тус заагаагүй орхигдуулсан байх тул прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хангах нь зүйтэй гэж дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолын

          4 дэхь заалтыг:

          “4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлж, хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэж,  

          6 дахь заалтыг:

          “6.Шүүгдэгч О.Баттулгын 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 59 хоногийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

          2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

          3.Шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжилүүлсүгэй.

          4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН