Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 683

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би иргэн Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын /хуучнаар/ 2015 оны 1886 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 дугаар тушаалын Б.Б*******т холбогдох хэсгийг өөрчилж, урьд эрхэлж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, Ц.О******* нар 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Б.Б*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн билээ. 

Энэ хугацаанд Улсын Их Хурлын 2016 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаалын дагуу тус газар нь өөрчлөн зохион байгуулагдаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болсон.

Тус байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд улсын бүртгэгч Б.Б*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, биелүүлэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/58 дугаар тушаалаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр томилсон болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, Ц.О******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын /хуучнаар/ 2015 оны 1886 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 дугаар тушаалын Б.Б*******т холбогдох хэсгийг өөрчилж, урьд эрхэлж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1.1-д “Хариуцагч нь ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул энэхүү хүсэлтийг баталж шийдвэрлэв. 

Хариуцагч  Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, Ц.О******* нарт олгосон итгэмжлэлдээ “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” эрхийг тусгайлан олгосон байх тул хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлж, баримтад гарын үсэг зурсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг тус тус баримтлан Б.Б*******ийн  нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын /хуучнаар/ 2015 оны 1886 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 дугаар тушаалын Б.Б*******т холбогдох хэсгийг өөрчилж, урьд эрхэлж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.ОЮУМАА