Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0727

 

2016 оны 11 сарын 18 өдөр    Дугаар 221/МА2016/0727    Улаанбаатар хот
 
Д.М-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.М-ы нэхэмжлэлтэй, Нийслэлийн Соёл, урлагийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 750 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ны Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Нийслэлийн Соёл, урлагийн газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.М давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч намайг төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байх хугацаанд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх тул Нийслэлийн соёл урлагийн газраас Төрийн албаны тухай хуулийн 24.1.1-д заасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөх эсхүл үргэлжлүүлэн ажиллуулахтай холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төрийн алба нь мэргэшсэн байж хуульд болон холбогдох журмаар зохих шалгуур хүлээлгэж албан үүргээ үнэнчээр гүйцэтгэхийг шаарддаг бөгөөд ийнхүү төрд мэдлэг, оюуны хүч, хөдөлмөрөө харамгүй зарцуулсан төрийн албан хаагчид насны сүүлд өндөр насны тэтгэвэрт гарсан үед тэтгэмж олгохоор нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д Төрийн албан хаагчийн баталгааг хуульчилсан байдаг. Энэхүү зүйлд зааснаар төрийн албан хаагч нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж хуульчилсан байдаг.
Миний бие 1980 оноос 2013 оны 5-р сарын 06-ны өдөр хүртэл улсад тасралтгүй 28 жил ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтлийн улмаас үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдож улмаар удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байсан. Эрүүл мэндийн шалтгаанаар төрийн албанаас түр чөлөөлөгдөж 1 жил 3 cap болоод ажилдаа эргэн орж өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Нийслэлийн соёл, урлагийн газрын даргад хандсан боловч, бүтэц өөрчлөлт орсон орон тоо байхгүй гээд эргүүлж аваагүй. Миний бие төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөс хойш 2014 оны 1-р сараас 2015 оны 1-р cap хүртэл Нийгмийн даатгалаа тасалдуулахгүйн тулд сайн дураараа төлж байгаад тэтгэвэр тогтоолгосон. Гэтэл түр чөлөөлөгдсөн намайг ажилд авахаас татгалзсан даргаас болж миний бие 28 жил төрд ажилчихаад насны сүүлд амьдралын баталгаа болсон тэтгэмжээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр чөлөөлөгдөөгүй гэж тэтгэмж авах эрхээ хязгаарлуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Хүн бүхэн хууль шүүхийн өмнө эрх тэгш байдаг бол төрд хөдөлмөр эрхлэх бүх насаараа ажиллаж төрийн албанаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн осол тогтоогдож улмаар бэртлээс болж 1 жил 5 сарын өмнө төрийн албанаас түр чөлөөлөгдсөн надад 36 cap хүртэлх хугацааны тэтгэмж олгохгүй байгаа нь шудрага бус юм.
Аливаа маргаан бүхий асуудлыг мөн чанар, зарчмын хүрээнд бодит дүгнэлт хийгээгүйд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Ганц ч удаа хувийн хэвшилд ажиллаагүй бүх насаа буюу амьдралын 28 жилийг төрийн албанд зүтгэж одоо өндөр насны тэтгэвэрт гарсан намайг төрд ажиллаагүй, төрийн алба хаагаагүй гэж үзэх ямар ч баримт байхгүй, ингэх ч бололцоогүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 5-р зүйлд "Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3-р сарын 23-аас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцно гэсний дагуу Д.М миний 1990 оноос өмнөх эрхэлж байсан хөгжимчин, соёлын арга зүйч, хэлтсийн даргаар ажиллаж байсан хугацаа нь төрийн алба хаасантай адилтган тарийн албанд ажилласан байхад шүүгч нь 2008 онд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн байна гэж миний төрд ажилласан хугацааг үндэслэлгүйгээр үгүйсгэсэнд гомдолтой байна. Мөн Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагч болсон нөхцөлд төрийн үйлчилгээний албан хаагчаар ажилласан хугацааг төрийн жинхэн алба хаасан гэж үзэхээр Монгол улсын Засгийн газрын 2009 оны 164-р тогтоолоор зохицуулсан байхад ямар ч нотлох баримтгүй, мөн миний төрийн албанд ажилласан хугацаатай хариуцагч маргаагүй байхад 2008 онд л төрийн албан хаагч болж тангараг өргөсөн мэтээр шийдвэрт бичсэнд гомдолтой байна. Намайг тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө Нийслэлийн соёл урлагийн газарт ажилдаа эргэн орохоор очиход дарга Б ажилд аваагүй байхад анхан шатны шүүх Д.М намайг төрийн захиргааны санаачилгаар түр чөлөөлсөн байх тул төрийн албанд эргэж орох эрхтэй байна. Хэзээ хэдий хугацааны дараа ажил хийх боломжтой болсон талаар, эмчилгээний үр дүнг тодорхойлсон эрүүл мэндийн тодорхойлолт болон төрийн жинхэнэ албанд ажиллахаар хүсэлт гаргаж байсан эсэх талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.М нотлох баримтыг шүүх бүрэн бүрдүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргажээ.
Д.М нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Нийслэлийн соёл урлагийн газарт даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн соёл, урлагийн газарт холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэгч Д.М нь 2011 оны 11 дугаар сарын 28-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж, улмаар Нийслэлийн соёл, урлагийн газрын даргад хандаж, эрүүл мэндийн улмаас ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг нь Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга хүлээн авч, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг гаргаж, нэхэмжлэгч Д.М-ыг Нийслэлийн соёл, урлагийн газрын Ахлах мэргэжилтэн, уран сайхны удирдагчийн ажлаас нь чөлөөжээ.
Улмаар Д.М нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан түүний өндөр насны тэтгэвэр олголтын дэвтэрийн хуулбараар нотлогдож байна.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нь төрийн албанаас чөлөөлөгдөөгүй харин түүнийг захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлсөн байх тул төрийн албанд эргэж орох эрхтэй байсан байна. Д.М нь хэдий хугацааны дараа ажил хийх боломжтой болсон талаар эмчилгээний үр дүнг баталгаажуулсан эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт болон төрийн жинхэнэ албанд ажиллахаар хүсэлт гаргаж байсан эсэх талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Зүй нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгохоос өмнө Д.М нь хуучин ажил, албан тушаалдаа эргэж орох талаарх хүсэлтийг Нийслэлийн соёл, урлагын газарт хандаж гаргаж байсан эсэх, мөн энэхүү хүсэлтийг биечлэн гаргаж байсан талаар Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаас /Н.Б-с/ гэрчийн мэдүүлэг авах зэргээр нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулсны дараа хэргийг шийдэрлэх нь зөв байжээ.
Дээрх нотлох баримтыг бүрдүүлснээр Д.М-с өөрөөс нь хамааралтайгаар хуучин ажил, албандаа эргэж ороогүй эсэх, эсхүл Д.М тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө ажил, албан тушаалдаа эргэж орох боломжгүй байсан нь захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон зэргийг шүүх тогтоох нь түүний нэхэмжлэлийн шаардлага хэрхэн шийдвэрлэгдэхэд ач холбогдолтой юм.
Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасан шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн... гэх үндэслэл илэрсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зөв байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгосугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
 
 
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
 
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР