Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/03510

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 36 тоотод байрлах, Чулуут-Интернэшнл ХХК /РД:2800497/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Хос-Өргөө хотхон, 29б байр, 01 тоотод байрлах, Ган харш ХХК /РД:2062569/-д холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашзэвэг, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адъяадорж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Чулуут-Интернэшнл ХХК нь хариуцагч Ган харш ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Манай компани нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №D-04/20 гэрээгээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутайд байрлах Чулуут интернэшнл ХХК-ийн Жонш баяжуулах үйлдвэрийн барилгын инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл, төсөв боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 40 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу манай байгууллага 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 12 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 8 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 8 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 13 454 550 төгрөгийг төлсөн. Гэвч өнөөдрийг хүртэл инженер Адъяа болон захирал Батаатай уулзаж, зургаа дуусгуулах талаар шаардаж байсан боловч янз бүрийн шалтаг тоочиж өдийг хүрсэн. Зураг төслийн ажлын зургаа өгөхгүй байгаа учраас бидний ажил цаашид хүндрэл учирч дараа дараагийн ажил хойшлогдсоор бидний зээлийн өр төлбөрийн асуудал хүнд байдалд ороод байгаа тул бидний Ган харш ХХК-д төлсөн 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай компани Ган хаш ХХК-тай гэрээ байгуулсан боловч хариуцагч байгууллага ажлаа гүйцэт хийхгүй байгаа нь манай компанид маш их хүндрэл, хохирол учруулж байна. Хариуцагч байгууллага 2019 онд ерөнхий зургийг хийсэн ба энэ нь бүтэн зураг биш бөгөөд сүүлд гадна зургийг л хийж өгөөд манайх экспидецээ доторлосон байдаг. Хариуцагч тал үйлдвэр дээр очиж үзэж, хийсэн зүйлүүдээ манай инженерүүдтэй ярьж тохироод үлдсэн зургийг зураад өгчих боломжтой. Гэтэл ямар үндэслэлээр биднийг ингэж хохироогоод байгааг ойлгохгүй байна. Автоматжуулалтын зургийн ажлыг дуусгаагүй байгаа ба баталгаажуулж өгөөгүй. Бусад зургийг бол өгсөн, гэхдээ зарим нь буюу автоматик зураг, холбоо дохиолол дутуу байгаагаас болоод ажил удаашраад байгаа юм. Тиймээс бид ажлаа хийх боломжгүй байдалд хүрээд байна. Нийт төслийн ажилд 40 000 000 төгрөг төлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж уг 40 000 000 төгрөгөө буцаагаад авмаар байна гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяадорж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь Чулуут Интернэшнл ХХК-ийн хүсэлтээр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт баригдсан Жонш баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төслийг боловсруулсан болно. Энэ зураг төслийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чулуут интернэшнл ХХК-тай №0-04/20 тоот гэрээг байгуулан гүйцэтгэсэн юм. Зураг төслийг дуусган 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд магадлал хүлээлгэж өгсөн. Гэрээнд заагдсан зураг төслийн ажлын цар хүрээнээс зөвхөн нийт гэрээт үнийн 6,3 хувь буюу 2 521 020 төгрөгийн автоматикийн зураг төслийн ажил гүйцэтгэх зургийн инженер олдохгүй алга болсноос үүдэн дуусаагүй байгаа. Дээрх автоматикийн инженерийг цагдаад эрэн сурвалжлуулж байгаа болно. Чулуут Интернэшнл ХХК-ийн зүгээс манай зохиосон барилгын зураг төслийг ашиглан барилгаа барьсан мөртлөө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар ч зураг төсөл огт хүлээж аваагүй хэмээн зураг төслийн гэрээт ажлын нийт үнэ болох 40 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс Чулуут Интернэшнл ХХК-ийн нэхэмжилсэн 40 000 000 төгрөгийг манай компани гаргахгүй.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, ихэнх ажлыг гүйцэтгээд буюу зургийг нь хүлээлгээгд өгчихсөн. Үүнийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Энэ дуусгаагүй зураг нь манай буруугаас болоогүй, зургийн инженер нь өөрөө ажлаа хүлээлгэн өгөөгүй, хугацаа хэтрүүлээд алга болчихоод байна. Чулуут интернешнл ХХК нь манай компанитай 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр жонш баяжуулах үйлдвэрийн шугам сүлжээний зураг, өргөтгөлийн зураг төслийг хийх 40 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээнд заагдсан зургуудаас автоматжуулалтын зургаас бусад зургийг хийж 2020 оны 10 дугаар сард хүлээлгэж өгсөн. Автоматжуулалтын зургийг хийж амжаагүй гэдгээ хаана нь маргахгүй. Хийж өгнө гэчихээд алга болчихсон хүнийг гэрчээр дуудсан. Гэрчээр асуугдсан хүн хийж өгнө гэж хэлж явсаар байгаад өдийг хүрсэн ба манай компанид туслан гүйцэтгэгчээр ажилладаг юм. Тэр хүн манай компанид хүлээлгэж өгөхгүй байгаа бөгөөд бид зургийг шаардахад өнөөдөр, маргааш аваад очьё гэж хэлдэг. Гэрээний төлбөр болох 40 000 000 төгрөг нь бидний хийж өгөх зураг тус бүрт ногдох төлбөр бөгөөд бид автоматжуулалтын зургаас бусад бүх ажлаа хийгээд хүлээлгээд өгчихсөн. Автоматжуулалт гэдэг нь тоног төхөөрөмжийг автоматаар асааж удирддаг хэсгийг хэлж байгаа ба зөвхөн тэр хэсэг нь хийгдээгүй үлдсэн байгаа. Холбоо дохиолол өгсөн бол байх ёстой, санахгүй байна. Тиймээс 40 000 000  бүгдийг нь буцаан нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй байна. Тухайн үлдсэн ажлыг хийж өгөх ёстой гэрчээр асуугдсан хүн сүүлд шүүх дээр ирж гэрчийн мэдүүлэг өгөхдөө хийж өгнө гэдгээ хэлсэн боловч тухайн өдрөөс хойш утсаа огт авахгүй, холбоогүй байгаа. Тиймээс зургийг нь хийгээд өгчихвөл бид нэхэмжлэгчид хүлээлгээд өгөхөд бэлэн, манай талаас шалтгаалах юм байхгүй байгаа гэсэн. 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чулуут-Интернешнл ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чулуут-Интернешнл ХХК-ийн нэхэмжлэх, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн D-04/20 тоот Ажлын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, Ганхарш ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэх, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гүйлгээний баримт, Ганхарш ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэх, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн гүйлгээний баримт, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гүйлгээний баримт, Ганхарш ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэх, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гүйлгээний баримт, Чулуут-Интернешнл ХХК-иас Б.Дашзэвэгт олгосон итгэмжлэл, 2062569 дугаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт, Магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн хавсралт, Ганхарш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зураг төсөл боловсруулж хүлээлгэж өгсөн акт /хэргийн 2-12, 62, 83-96, 98-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Ганхарш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ганхарш ХХК-иас Д.Адъяадоржид олгосон итгэмжлэл, Ганхарш ХХК-иас Д.Адъяадоржид олгосон итгэмжлэл, Ганхарш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн D-04/20 тоот Ажлын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, Дутуу байгаа ажлын зургийн үнэ гэх хүснэгт, Чулуут-Интернешнл ХХК-ийн Жонш баяжуулах үйлдвэрийн барилгын өргөтгөл /ГХ-04/2019/, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт, Хавсралт 1, 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Магадлалын дүгнэлтийн хавсралт №1, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Магадлалын дүгнэлтийн хавсралт №1, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Магадлалын дүгнэлтийн хавсралт №1, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Магадлалын дүгнэлтийн хавсралт №1, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Магадлалын дүгнэлтийн хавсралт №1, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Магадлалын дүгнэлтийн хавсралт №1, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Магадлалын дүгнэлтийн хавсралт №1, 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Магадлалын дүгнэлтийн хавсралт №1,2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зураг төсөл боловсруулж хүлээлгэж өгсөн акт /хэргийн  17-18, 23-45-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж ирүүлсэн.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хур мэдээллийн системээс гэрч З.Итгэлтийн оршин суугаа хаягийн лавлагаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр З.Итгэлтийг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 51, 72-75-р хуудас/-ийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Чулуут-Интернэшнл ХХК-ийн хариуцагч Ган харш ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 4 681 902 төгрөгийг гаргуулж, үлдэх 35 318 098 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын зургаа дуусгаж өгөхийг удаа дараа шаардсан боловч гүйцэтгэж өгөөгүй, ажлын зураг дутуу байгаагаас ажил удааширч, ажлаа хийх боломжгүй байдалд хүрээд байгаа тул төслийн ажилд төлсөн 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон ажлын зургуудаас автоматжуулалтын зургаас бусад ажлыг хүлээлгэж өгсөн, автоматжуулалтын зургийг З.Итгэлт нь гүйцэтгэх байсан боловч гүйцэтгэж өгөөгүйгээс хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, манай компани буруугүй гэж үгүйсгэсэн.  

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Чулуут интернэйшнл ХХК нь хариуцагч Ган харш ХХК-тай харилцан тохиролцож Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн-галуутайд байрлах Чулуут интернэшнл ХХК-ийн “Жонш баяжуулах үйлдвэр”-ийн барилгын инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл, төсөв боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхээр 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр №D-04/20 дугаартай “Ажлын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ” байгуулж, барилгын зураг төслийг ажлын 60 хоногт гүйцэтгэхээр, барилгын ажлын зураг төсөл боловсруулах үнийг 40 000 000 төгрөгөөр тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь гэрээнд заасан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй тул ажлын хөлсийг буцаан шаардсан бөгөөд гэрээ байгуулсан, ажлын хөлсөнд 40 000 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байна.

 

6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан “Ажлын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-ний 2.1-д “ажлын зураг төсөл зохиоход шаардлагатай одоо байгаа барилгын зураг төсөл, инженер геологийн судалгааны дүгнэлт, шинээр төлөвлөж буй өрөөний архитектурын зураг, технологийн зураг, тоног төхөөрөмжийн тодорхойлолт, зургийн даалгавар зэргийг бэлтгэн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэгчид өгнө” гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг, эсхүл гэрээг цуцлаж ажлын хөлсөнд төлсөн мөнгийг буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь гэрээний 2.3-д гэрээт ажлын төлбөрийн хуваарийг харилцан тохиролцсон бөгөөд ажлын хөлс 40 000 000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэхүүд, шилжүүлгийн мэдээлэл, цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байх бөгөөд ажлын хөлсөнд 40 000 00 төгрөгийг хүлээн авсан талаараа хариуцагч маргаагүй болно.

Хариуцагч нь гэрээнд заасан “Жонш баяжуулах үйлдвэр”-ийн барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн, зураг төслийг боловсруулан дуусгаж 2020 оны 8 дугаар сарын 11-нээс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд магадлал хийлгэн хүлээлгэж өгсөн, гэрээнд заасан зураг төслийн ажлаас нийт гэрээт үнийн 6,3 хувь буюу 2 521 020 төгрөгийн автоматикийн зураг төслийн ажлаа гэрээгээр гүйцэтгэх зургийн инженерт өгсөн боловч дуусгаагүй алга болсон тул уг инженерээр ажлыг гүйцэтгүүлэхэд татгалзахгүй, автоматикийн зургийн ажил үлдсэн байхад бүх төлбөрөө буцаан шаардсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж зааснаар Чулуут интернэшнл ХХК-ийн “Жонш баяжуулах үйлдвэрийн барилгын өргөтгөл” инженерийн ажлын зураг магадлалыг хийхээр харилцан тохиролцсон боловч уг ажлаас автоматикийн зургийг гүйцэтгэж өгөөгүй болох нь талуудын тайлбар, гэрч З.Итгэлтийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэрч З.Итгэлт шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “...би барилгын зургийн инженер, Ган харш ХХК-нд зураг төслийг гүйцэтгэж өгөх үүрэгтэй, одоо нэг 3 самбар цэгцэлбэл дуусгах гээд байна, энэ ажлын хөлсөнд 2 000 000 төгрөгөөр тохироод 1 800 000 төгрөгийг авсан. Автоматикийн систем буюу үйлдвэрийн хяналт удирдлагын системийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа гэсэн” бөгөөд Иргэний хуулийн 347 дугаар зүйийн 347.2-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх ажлын үр дүнг шаардсан нь үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан “Дутуу байгаа ажлын зургийн үнэ” гэх баримтад “барилгын зураг доторх барилга архитектур 1 660 274 төгрөг, халаалт агаар сэлгэлт 2 881 170 төгрөг, цэвэр бохир ус 2 521 024 төгрөг, цахилгаан 2 521 024 төгрөг, холбоо дохиолол 2 160 878 төгрөг, автоматик 2 521 024 төгрөг, төсөв 2 160 878 төгрөг, дүн 16 426 272 төгрөг, гадна талын зураг ажлын зураг ЕТ 2 280 000 төгрөг, халаалт тогооны барилга 3 807 300 төгрөг, дулаан механик 6 093 000 төгрөг, гадна дулаан 286 800 төгрөг, гадна бохир ус 1 355 000 төгрөг, гадна усан хангамж 1 545 000 төгрөг, КТПН өргөтгөх 3 750 000 төгрөг, гадна цахилгаан 429 000 төгрөг, гадна холбоо 394 500 төгрөг, дүн 19 940 600 төгрөг, нийт дүн 36 366 872 төгрөг, НӨАТ орсон дүн 40 003 559 төгрөг” гэсэн байх бөгөөд уг ажлын үнийг тохиролцсон талаар зохигч талууд хүлээн зөвшөөрсөн болно.

Хариуцагч нь гэрээнд харилцан тохиролцсон ажлаас автоматикий зургийг өгөөгүй, бусад ажлыг нь хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан Чулуут интернэшнл ХХК-ийн “Жонш баяжуулах үйлдвэрийн барилгын өргөтгөл” инженерийн ажлын зурагт магадлал хийгдсэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэсэн байх бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №1652/2020 Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт,  “Төв аймгийн Баяндэлгэр сумын 2-р багийн нутаг дэвсгэр дэх Чулуут интернэшнл ХХК-ийн Жонш баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын “Гадна инженерийн шугам сүлжээ”-ний ажлын зураг төсөлд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг үндэслэн магадлал хийх ажлын зохион байгуулж нэгтгэсэн дүгнэлт бичсэн болно. Нэгтгэсэн дүгнэлт экспертүүдийн 15 хуудас магадлалын дүгнэлтийн хамт хүчинтэй” гэсэн байна.

Мөн зохигч талууд магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн хавсралт №1, №2, зураг төсөл боловсруулж хүлээлгэж өгсөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Чулуут интернэшнл ХХК-ийн Жонш баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн инженерийн шугам сүлжээний ажлын зургийг хүлээлцсэн актыг үйлдсэн гарын үсэг зурсан талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд төлсөн 40 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан боловч хариуцагч нь гэрээнд заасан зураг төслөөс хийж гүйцэтгэсэн ажлаа хариуцагчид буцаан өгсөн гэж тайлбарласан, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас түүний хийж гүйцэтгээгүй ажлын хөлсийг гаргуулах нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагчаас ажлын үнэд дурдсан автоматикийн 2 521 024 төгрөг, мөн зохигч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа холбоо дохиолол дутуу гэж тайлбарласан тул түүний үнэ болох  2 160 878 төгрөг, нийт 4 681 902 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 35 318 098 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ган харш ХХК-иас 89 860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чулуут-Интернэшнл ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нь буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ган харш ХХК-иас 4 681 902 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чулуут-Интернэшнл ХХК-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 35 318 098 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Чулуут-Интернэшнл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ган харш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 89 860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чулуут-Интернэшнл ХХК-д олгосугай.                                     

                                                                                                            

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН