| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/03914/И |
| Дугаар | 183/ШШ2022/03660 |
| Огноо | 2022-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2022/03660
2022 оны 12 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2022/03660 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт банк төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/Х-22, Улаанбаатар хот 15160 хаягт байрлах, Голомт банк ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Ханбогд наадамчдын зам гудамж 205 байр, 18 тоот оршин суух, Боржигон овогт Мөнхжаргалын Эрдэнэжаргал /РД:ШГ78042412/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20 084 433.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхланд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч М.Эрдэнэжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 084 433.72 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Иргэн Мөнхжаргал овогтой Эрдэнэжаргал /РД:ШГ78042412/ нь Голомт банктай 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дугаар ЗГ/1905122668 тоот зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 3.3.4-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан М.Эрдэнэжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 17 630 863.10 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2 373 008.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 80 561.92 төгрөг. Нийт 20 084 433.72 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үндсэн зээлийн хүү торгуулиас чөлөөлж өгнө үү гэсэн тайлбар гаргасан байна. Нэмэгдүүлсэн хүүгээс бол банк чөлөөлөх боломжгүй. Хүүгээ авч чадахгүй бол банк өөрөөр дампуурах эрсдэлтэй тул хүү болон алдангиас чөлөөлөх боломжгүй. Ковидын үеэр албан ёсоор банкид хандаад хүсэлтээ өгсөн зээлдэгч нарыг 6 сарын хугацаатайгаар зээлийн төлөлтийг хойшлуулсан. М.Эрдэнэжаргал өөрөө албан ёсоор хандаж хүсэлт гаргаагүй байсан. Хэрвээ өгсөн бол тусдаа зээлийн гэрээ байгуулаад 6 сарын дараа ковидын дараа 2021 онд бүх төлөлтийг нь хойшлуулаад ямар ч төлөлт хийхгүй 6 сараар чөлөөлөх байсан гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлтэй, Мөнхжаргалын Эрдэнэжаргалд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах хариу тайлбарыг гаргаж байна. М.Эрдэнэжаргал нь Голомт банктай 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/1905122668 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай байгуулж 12 300 000 төгрөгийг төлж барагдуулж байхад Монгол улсад гарсан ковид-19 халдварын улмаас зээлийг эргүүлэн төлөх боломжгүй болсон. Зээлийн үндсэн төлбөр болох 17 630 863 төгрөгийн хувьд төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн хүүгийн төлбөрт 2 373 008 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 80 561 төгрөгийг дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлж барагдуулах боломжгүй байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж үндсэн зээлийн төлбөрийн хувьд шийдвэрлэж өгнө үү гэсэн.
3.Нэхэмжлэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Голомт банк ХХК-иас Н.Ганбаатарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Голомт банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Голомт банк ХХК-ийн “Эрх олгох тухай” бичиг /хэргийн 2-10-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар гэсэн баримтуудыг /хэргийн 18-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн хариуцагч М.Эрдэнэжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 20 003 871 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 80 561 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч М.Эрдэнэжаргалыг зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлөөгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 17 630 863 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2 373 008.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 80 561.92 төгрөг, нийт 20 084 433.72 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь нэхэмжлэгч Голомт банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг авсан, уг зээлийг ашигласан талаар маргаагүй боловч ковид19 цар тахлын улмаас эргэн төлөх боломжгүй байсан, нэхэмжлэлийн шаадлагаас үндсэн төлбөр 17 630 863 төгрөгийг төлнө, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу цар тахлын улмаас төлөх боломжгүй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч М.Эрдэнэжаргалтай 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №1905122668 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж, 30 000 000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан болох нь хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар байна, зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авч, ашигласан талаар маргаагүй байна.
6.Зохигч талууд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №1905122668 дугаартай зээл болон барьцааны гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа нь 60 сар буюу 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах шаардлагыг гаргажээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.
Талууд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба зээлийн гэрээний 3.3.4-д “дараах тохиолдолд Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийг төлүүлэхээр дуудна. Үүнд:зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” бол зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар заажээ.
Иймд хариуцагч М.Эрдэнэжаргал нь зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэлээ.
7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК нь 30 000 000 төгрөгийг хариуцагч М.Эрдэнэжаргалд шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 17 630 863 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2 373 008.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 80 561.92 төгрөг, нийт 20 084 433.72 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.
Хариуцагч нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 17 630 863 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, цар тахлын улмаас үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-д “зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлнө”, 2.7-д “зээлдэгч хуваарьт төлбөрийн дагуу зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ дараагийн хуваарьт төлөлтөд нэмж тооцогдоно”, 2.9-д “зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт1-д заасан эргэн төлөх график хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөх”, 3.1.1-д “зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хавсралт1-д заасан графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг үүсч байна.
Гэвч дэлхий нийтэд тархсан ковид19 буюу шинэ төрлийн короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох боловч хариуцагч нь цалингийн зээл авсан байх бөгөөд цар тахалын үед ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан талаарх баримтыг ирүүлээгүй тул зээлийг ашигласан хугацааны хүүнээс хасч тооцох боломжгүй юм.
Харин Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй” гэж заасан байдаг тул цар тахалтай холбоотой хариуцагчийн нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд хариуцагч М.Эрдэнэжаргалаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 17 630 863 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2 373 008.70 төгрөгийг нийт 20 003 871 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 80 561.92 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 372.17 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эрдэнэжаргалаас 257 969.355 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхланд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж, тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд санал, хүсэлт ирүүлээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх”, 76 дугаар зүйлийн 76.2-т заасан “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Эрдэнэжаргалаас зээлийн гэрээний үүрэгт 20 003 871.70 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 80 561.92 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 372.17 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эрдэнэжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 257 969.355 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН