| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0051/э/ |
| Дугаар | 54 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 54
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт М.М-д холбогдох эрүүгийн 1821000000007 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, токер, призер мэргэжилтэй, ... ХХК-д ... ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн ........ тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Хатиган овогт М.М. /РД: /
Шүүгдэгч М.М нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 00 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 19 дүгээр байранд байрлах Хаан банкны АТМ-аас тус багийн Ивээл хороололд байрлах Баян буудал руу таксигаар зорчих явцдаа иргэн Ц.Б-н халааснаас Samsung 6 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлаа тараад явж байхад Г гэдэг найз минь Чадангуудад байна гэхээр нь очсон. Гэтэл Г-н бэр эгч болох Ч нь би City night бааранд байна гэхээр нь хамт очсон. Б, Ч хоёр байсан. Би явъя гэхэд арай болоогүй байна гээд байсан учраас хамт сууж нэлээд архи уусан. Бид баарнаас гараад 19 дүгээр байрны Хаан банкны АТМ орж Б-н Ч-д мөнгө авч өгсөн. Бид такси бариад СМУ-гийн /Ивээл хороолол/ Наран гэх буудал руу явсан. Би Наран буудлын гадаа очоод Б-н утсыг халааснаас нь авсан. Утас нь байхгүй байна гэхэд нь гаргаж өгөх гэсэн боловч куртикны халаас уранхай байсан учраас утсыг нь хаячиж гэж бодоод айгаад авсан гэж хэлж чадаагүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...гэв.
-Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:.... Би таксинд суухын өмнө Т миний гар утсаар ганц яриад өгье гэж хэлэхээр нь цэнэг нь дуусчихсан байна гэж хэлээд куртикныхээ халаасанд хийсэн юм. Таксинд суухдаа М-н өвөр дээр суугаад явж байхад миний куртикны халаасанд гараа хийгээд тэврээд яваад байсан бөгөөд буудлын гадаа зогсоод таксиний мөнгө өгөх гээд үзэхэд гар утас маань алга болсон байсан учраас утас байхгүй болсон талаар хамт явж байсан хүмүүстээ хэлсэн чинь унагаачихсан юм бишүү гэж хэлэхээр нь таксин дотор суусан газраа нэг бүрчлэн үзэж орчин тойрноо шалгаж үзсэн боловч олдоогүй юм. М миний куртикны халаасанд гараа хийгээд явж байсан учраас чи утас авсан гэж хэлсэн чинь би хэнд өгсөнөө мэдэхгүй байна гээд гаргаж өгөхгүй байсан....М-тэй Чадангууд төвийн гадаа уулзаж өчигдөр орой найзуудын чинь хажууд эвгүй байхад оруулахгүй гэж бодоод олон юм ярилгүй өнгөрсөн. Одоо гараад өг гэсэн чинь тиймээ би чиний гар утсыг чинь халааснаас чинь авсан нь үнэн гэж хэлэхээр нь тэр үед чиний халаасанд үзэхэд миний утас байхгүй байсан гэхэд миний халаас цоорхой байсан учир уначихсан юм шиг байна энэ 7 хоногт гар утсыг чинь төлж өгье гэж хэлсэн болохоор хүлээсэн юм ингээд худлаа яриад байсан учраас цагдаад хэлсэн....гэжээ./хх-ийн 9-10 тал/
-Гэрч Л.Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... Гар утас алга болсон талаар мэдээгүй бөгөөд маргааш нь... Б над руу “гар утас алга болсолн байна, М, Г хоёроос гарцаагүй. Г-с асуугаад надад хэлээрэй гэсэн захидал явуулсан байсан учраас Г, Б утсыг хэн авсан бэ гэж асуусан чинь би юу гэж авах юм бэ гэж байсан. Б М-тэй яриад гар утас гаргаж өг би чамайг авсныг мэдэж байна гэж хэлсэн чинь хоёулахнаа уулзая гэж хэлсэн... гэжээ. /хх-ийн 20-21тал/
-Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 04 тал/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11тал/
-Дорнод аймгийн Хэрлэн сумын ............багийн Засаг даргын шүүгдэгч М.М ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 36 тал/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал / зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч М.М нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 19 дүгээр байранд байрлах Хаан банкны АТМ-аас тус багийн Ивээл хороололд байрлах Баян буудал руу таксигаар зорчих явцдаа хохирогч Ц.Б халааснаас Samsung 6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, гэрч Л.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11 тал/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.М-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч М.М-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, “....” ХХК-д ..... ажилтай зэрэг хувийн байдал шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогч Ц.Б-д төлөх төлбөргүй, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн / / регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хатиган овогт М.М-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.М-г тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, баримт бичгээр ирсэн түүний / / тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ