| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 181/2024/03464/И |
| Дугаар | 183/ШШ2024/04761 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2024/04761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн төлбөр болох 8 703 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Хариуцагч Г.Ч*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ц******* нь хариуцагч Г.Ч*******т холбогдуулан түрээсийн төлбөр болох 8 703 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч Г.Ч******* нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч И.Ц*******тэй Түрээсийн гэрээ байгуулан Барилга угсралт, засварын ажилд хэрэглэх зорилгоор 2м-3.2м хэмжээтэй 500 ширхэг тулаасыг 1 ширхгийг нь өдрийн 100 төгрөгөөр, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэхэд хүлээлгэн өгөхөөр 30 хоног түрээслэхээр 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Хариуцагч нь нийт 500 ширхэг барааг хүлээн авч түрээсийн төлбөрт 1 500 000 төгрөг, барьцааны төлбөрт 1 000 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөг төлөх байснаас 1 750 000 төгрөгийг түрээсийн эд хөрөнгийг хүлээн авахдаа буюу 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 750 000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгөхөөр харилцан тохиролцож гэрээндээ тэмдэглэсэн болно. Хариуцагч нь тулаасыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлээд байсан тул гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөрөө нэмж төлөх эсвэл бараагаа буцаан өгөхийг шаардан хариуцагчтай олон удаа утсаар болон фейсбүүк чатаар холбогдож шаардаж ярьж эхэлсэн бөгөөд эхний үед элдэв янзын зовлон ярьж, түрээсийн төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүсдэг байсан. Эцэст нь хариуцагч 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа буюу 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөх ёстой 500 ширхэг тулаасныхаа 460 ширхэгийг нь орлогын баримт үйлдэн хүлээлгэн өгөх хугацаанаасаа 32 хоног хэтрүүлэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, үлдэгдэл 40 ширхэг тулаасыг буцаан өгөлгүй өнөөдрийг хүртэл буюу 1113 хоног ашигласаар байна. Буцаан өгсөн 460 ширхэг тулаасыг нийт 62 хоног, 1 ширхэг тулаасыг 1 өдрийн 100 төгрөг түрээсэлсний төлбөр нь 3 100 000 төгрөг болсноос 1 750 000 төгрөгийг төлж үлдэгдэл 1 350 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсноос гадна өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй 40 ширхэг тулаасыг буцаан өгөлгүй 1113 хоног ашигласаар 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 4 452 000 төгрөгийн нэмэлт өр төлбөртэй болсон. Хариуцагчийн өр авлагыг нийтэд нь тооцож үзвэл 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 5 802 000 төгрөг болсон байна. Мөн Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт хэрэв түрээслэгч нь түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй төлбөрт хоногийн 0.5 хувиар алданги бодохоор харилцан зөвшөөрөлцсөн тул тус заалтын дагуу хүлээлгэн өгсөн 460 тулаасны түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 1 350 000 төгрөг болон дутуу хүлээлгэн өгсөн 40 ширхэг тулаасны түрээсийн төлбөр болох 4 452 000 төгрөг, нийт 5 802 000 төгрөгийг төлөх ёстой хугацааг нийт 1113 хоног хугацаа хэтрүүлсний алданги 20 006 070 төгрөг болсныг Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анз нь төлөгдөөгүй төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн заалтад нийцүүлэн алдангийг нийт 5 802 000 төгрөгийн авлагын 50 хувиар бодон 2 901 000 төгрөгийг дээрх түрээсийн төлбөр дээр нэмж нэхэмжилж байгаа болно. Тиймээс хариуцагчийн энэхүү түрээсийн гэрээ байгуулж нэхэмжлэгчийн эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулчихаад түрээсийн төлбөрөө өнөөдрийг хүртэл барагдуулалгүй удаа дараа худал хэлсээр байгаа нь ёс зүйн хувьд болон хууль зүйн хувьд ч үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл тул Г.Ч*******той байгуулсан Түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн төлбөр 5 802 000 төгрөг, алданги 2 901 000 төгрөг, нийт 8 703 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгч нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 500 ширхэг тулаасыг авч явсан байдаг. Түрээсийн төлбөр 2 500 000 төгрөгийг төлөх байснаас 1 700 000 төгрөгийг төлөөд үлдэх 750 000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлөх байсан боловч төлөөгүй. 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хугацаа дууссан гээд ярихад хугацаа сунгачих гээд утсаар тохиролцсон. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тулаас авчирч өгсөн байдаг. 40 ширхэг тулаасыг өгөөгүй бөгөөд өгөөч гэхэд удахгүй өгчихнө гэсэн. Иймд хугацаа сунгасан үнэ, 40 тулаасыг өгөөч гэхэд өгөөгүй байгаа. Тиймээс огт өгөхгүй байсан тул шүүхэд хандсан. Түрээсийн төлбөр 500 тулаас 1 сарын 1 500 000 төгрөг байдаг. 500 ширхэг тулааснаас 460 ширхэг тулаасыг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн бөгөөд үүний төлбөр 3 100 000 төгрөг, үлдэх 40 ширхэг тулаасыг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ашигласан 4 452 000 төгрөг, нийт 7 552 000 төгрөг төлөхөөс 1 750 000 төгрөгийг хасаж, үлдэх 5 802 000 төгрөгийг алданги 2 901 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн орлогын баримт, 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3080 дугаар түрээсийн гэрээ, түрээсийн гэрээний хавсралт 1, Г.Ч*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний тооцоо /хэргийн 2-21-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Ч*******той 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр №3080 дугаар түрээсийн гэрээ байгуулж, 500 ширхэг тулаасыг 30 хоногийн хугацаатай түрээслүүлсэн боловч түрээсийн хугацааг хэтрүүлж 500 ширхэг тулааснаас 460 ширхэг тулаасыг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн бөгөөд үлдэх 40 ширхэг тулаасыг өгөөгүй ашиглаж байгаа тул хариуцагчаас тулаас ашигласны төлбөр 5 802 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 2 901 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч И.Ц*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч И.Ц******* нь хариуцагч Г.Ч*******той 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр №3080 дугаар түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь 500 ширхэг V2 тулаасыг 30 хоногийн хугацаатай, 1 500 000 төгрөгөөр түрээслэх, хариуцагч нь 500 ширхэг тулаасыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хугацаандаа хөлс төлөхөөр харилцан тохиролцсон болох нь түрээсийн гэрээ, гэрээний хавсралт1, орлогын баримт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
5.Зохигч талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр №3080 дугаар түрээсийн гэрээ байгуулагдсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
5.1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй.
5.2.Хариуцагч Г.Ч******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.
5.3.Мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй болно.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд түрээсийн зүйлийг буцаан өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн 500 ширхэг тулаасны 460 ширхэг тулаасыг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн, үлдэх 40 ширхэг тулаасыг хүлээлгэн өгөөгүй байгаа тул 500 ширхэг тулаасыг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ашигласан төлбөр 1 350 000 төгрөг, үлдэх 40 ширхэг тулаасыг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ашигласан төлбөр 4 452 000 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги 2 901 000 төгрөг, нийт 8 703 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
6.1.Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.1-т “Гэрээний хугацаа хамгийн багадаа 30 хоног байна. 30 хоногоос бага хугацаагаар бараа материалыг түрээслэх бол түрээсийн төлбөрийг 30 хоногоор тооцон түрээслэгч тал түрээслүүлэгчид төлнө”, 2.4-т “Гэрээний нийт түрээсийн төлбөр 1 500 000 байна”, 3.6-д “Гэрээг сунгаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний 2.5 заалт ба Хавсралт 2, 3-г үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож авах хохирлоо түрээслэгчээр төлүүлэх эрхтэй”, 4.14-д “гэрээний 4.13-т заасны дагуу түрээсийн бараа материалыг буцааж хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээг сунгагдсанд тооцож түрээслэгч нь түрээсийн төлбөр ба гэрээний 3.6-д заасан 0,5 хувийн алдангийг төлөх үүрэгтэй” гэж харилцан тохиролжээ.
6.2.Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заажээ.
6.3.Хэрэгт авагдсан 2021 оны 3 сарын 13-ны өдрийн Түрээсийн гэрээ №3080 Хавсралт 1 гэсэн баримтад түрээсийн гэрээний төлбөр тооцоо, завсарын үнийн тарифыг талууд хүлээн зөвшөөрч хэн аль нь гарын үсгээ зурсан байх бөгөөд 2021 оны 5 сарын 15-ны өдрийн орлогын баримтаар V2 тулаасыг 460 ширхэгийг хүлээн авав гэжээ.
6.4.Иймд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн түрээсийн гэрээний тооцоо-Ч******* гэсэн баримтаар буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар “...нийт түрээс 7 552 000 төгрөг, түрээсийн төлбөр төлсөн 750 000 төгрөг, барьцаа 1 000 000 төгрөг буюу нийт төлсөн 1 750 000 төгрөгийг хасч, үлдэх түрээсийн төлбөр 5 802 000 төгрөг” гэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Г.Ч*******оос түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 5 802 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
6.5.Мөн нэхэмжлэгч нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 2 901 000 төгрөгийг нэхэмжилсэн, зохигч талууд алданги төлөх талаар гэрээний 3.6, 4.14-д харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-д заасан байх тул хариуцагчаас гэрээний үүргээ гүйцэтгээгүй алдангид 2 901 000 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ. /5 802 000:2=2 901 000/
7.Иймд хариуцагч Г.Ч*******оос түрээсийн гэрээний үүрэгт 5 802 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 2 901 000 төгрөг, нийт 8 703 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Ц*******т олгохоор шийдвэрлэв.
8.Хариуцагч Г.Ч******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг өөрийн оршин суугаа харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд хүсэлтийг хүлээн авч, түүний оршин суугаа хаягийн дагуу хэргийг шилжүүлэн ирүүлсэн. Энэ талаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний******* дугаарын утсаар нь мэдэгдэж “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр гардуулсан, хүргүүлсэн мэдэгдсэн баримт”-д тэмдэглэсэн, тус дүүргийн шүүхээс хариуцагчид хэрэг шилжин ирсэн талаар болон шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний******* дугаарын утсаар нь залгаж, мессеж бичиж үлдээсэн боловч шүүхэд болон товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар тэдний түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Ц*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 198 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч*******оос 154 198 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Ц*******т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Г.Ч*******оос түрээсийн төлбөр болон алдангид нийт 8 703 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Ц*******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар И.Ц*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 198 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч*******оос 154 198 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Ц*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН