Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/03835

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ЦШ 2-11 тоотод оршин суух, Боржигон овогт Гантулгын Жавзандулам /РД:УК92112701/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 31-22 тоотод оршин суух, Боржигон овогт Тогтоолын Түвшин /РД:УЗ91101139/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Жавзандулам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн  нар оролцов.

Хариуцагч Т.Түвшин нь товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Жавзандулам нь хариуцагч Т.Түвшинд холбогдуулан утасны үлдэгдэл төлбөрт 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Г.Жавзандулам нь иргэн Т.Түвшинд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөгний Iphone 13 хар хөх 128 gb утас хямдруулж өгсөн. Эхлээд 750 000 төгрөг,  дараа нь 500 000 төгрөг, дараа нь 100 000 төгрөг тус тус өгсөн. Иймд үлдсэн 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Т.Түвшингийн эхнэр буюу манай бэр эгчийн төрсөн эгчийнх нь охин Япон явах болсон. Т.Түвшин гэнэт надтай холбогдоод манай эхнэр Япон явахаар болсон, тэнд муу утас барихаар хоцрогддог гээд чи утас зардаг учраас ямар утас байна бэлэн мөнгөөр авья гэсэн. Тухайн үед бэлэн мөнгө өгөөгүй. Надад байгаа утаснаас сонгоод хамгийн үнэтэй хар хөх өнгөтэй IPhone 13 mini гар утсыг 3 000 000 төгрөгнөөс хямдруулаад 2 850 000 төгрөгөөр авсан. Авсан утсаа эхнэртээ өгсөн гэж ойлгосон, гэтэл эхнэртээ өгөөгүй байсан. Сүүлд эхнэр нь Японоос бие нь өвдөөд буцаад ирсэн. Яагаад шүүхэд өгөх болсон гэхээр манай бэр эгч намайг яах гэж өгсөн юм гээд өөрийнхөө дүүг өмөөрөөд намайг загнаад байсан болохоор шүүхэд өгсөн юм. Тиймээс надад гар утасны үлдэгдэл төлбөр болох 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэхдээ хариуцагч Т.Түвшин нь надад утасны мөнгө гээд 98 000 төгрөгийг өгсөн учраас энэ мөнгийг хасч тооцоход татгалзахгүй гэв.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг /хэргийн 3-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Г.Жавзандулам нь хариуцагч Т.Түвшинд холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөрт 1 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 98 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн мөнгийг хасахад татгалзахгүй гэж шаардах эрхээ тодорхойлсон. 

3.Хариуцагч Т.Түвшин нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхэд ирж гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Жавзандулам нь хариуцагч Т.Түвшинд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөгний үнэтэй Iphone13 маркийн хар хөх өнгөтэй, 128 gb багтаамжтай гар утсыг 2 850 000 төгрөгөөр худалдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, эрх үүрэгтэйгээ танилцсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох”-оор байна гэж үзэв.

 

5.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гар утас худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч нь худалдсан эд хөрөнгө буюу гар утасны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч нь гар утасыг 2 850 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, хариуцагч нь гар утасны үнэд нийт 1 350 000 төгрөгийг /750 000+500 000+100 000/ тус тус төлсөн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 98 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан тул хариуцагчийг гар утасны үнэд нийт 1 448 000 төгрөгийг төлсөн байна гэж үзэв.

Иймээс хариуцагч Т.Түвшингөөс гар утасны үнэд 1 402 000 төгрөгийг гаргуулж /2 850 000-1 448 000=1 402 000/ нэхэмжлэгч Г.Жавзандуламд олгохоор шийдвэрлэв.

 

            6.Хариуцагч Т.Түвшинд нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний нэхэмжлэлд дурдсан хаягаар нь мэдэгдэх хуудас хүргүүлсэн, мөн түүний нэхэмжлэлд бичигдсэн гар утсаар нь мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул түүнийг тус дүүргийн шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №183/ШЗ2022/14606 дугаар захирамжаар албадан ирүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор хариу тайлбараа өгөхийг мэдэгдэж, түүнд эрх үүргийг тайлбарлаж, эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсгийг зуруулсан.

            Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байгаагаа мэдэж байсан боловч Үндсэн хуулинд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна гэж үзэв .

            Иймд шүүхээс хариуцагчид түүний холбогдох утасны дугаар буюу 91255150 дугаарын утсаар нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдэгдэж, захидал үлдээсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг нээхэд ямар нэгэн санал хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

           

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Жавзандуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Түвшингээс улсын тэмдэгтийн хураамжид 37 382 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Жавзандуламд олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Түвшингээс гар утасны үлдэгдэл төлбөрт 1 402 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Жавзандуламд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Жавзандуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Түвшингээс улсын тэмдэгтийн хураамжид 37 382 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Жавзандуламд олгосугай.                                      

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ХУЛАН