Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         *******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн

Хохирогч *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЗ/36 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2333000000023 дугаартай, 150/2023/0019/Э/208/2023/0029 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн 1991 оны 05 сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны Соёлын төвд орон нутаг судлалын ажилтан ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгон 2-р баг ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, (РД;),

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч *******ыг хэл амаар доромжилж зүүн гарын шуу хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, түүний биед зүүн гарын шуу ясны цууралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2023 оны 04 сарын 17 -ны өдрийн 02 дугаартай эсэргүүцэлдээ:

...Шүүгчийн захирамжийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 цаг 20 минутад хүлээн прокурор хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь заалтад шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан эсхүл энэ зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, 4.2. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, 4.3 прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, 4.5.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, 4.6. гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх гэсэн нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэрийг прокурорт буцаахаар хуульчилсан байхад хуульд заагаагүй, өөр үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүхээс хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч *******гийн мэдүүлэг зэргээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай тухай хуулийн зорилго нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршдог, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие мах бодийн сэтгэл санааны, эдийн засгийн бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ, Эрүүгийн эрх зүйн онол практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга, гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд.байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм. Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сард тус тус хохирогч *******ын бие мах бодид халдаж зодсон, талаар хохирогч болон гэрч мэдүүлсэн атал энэ галаар шалгаж тодруулаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна, мөн хүүхдийн эрх зөрчигдсөн зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хуульчилсан байхад шүүх яллагдагчийн үйлдсэн хэргийг хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэв шүүх зүйчлэлийг хүндрүүлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн заалтаар шүүх хуралдааныг хойшлуулж хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчилсан байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ш3/36 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж байна гэв.  

Хохирогч давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Миний бие *******тай ажил дээрээс болж маргалдаж  миний гар луу санамсаргүйгээр өшиглөснөөс гарын  шуу хэсэг гэмтсэнээс цагдаад мэдэгдэж  хэрэг үүссэн. Энэ маргааны улмаас үүссэн гэмтлийн талаар гомдол гаргасан байхад цагдаагаас урьд ямар харилцаатай байсан эсэх талаар асууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж түүний эрх зүйн байдлыг дордуулсан, миний гомдлоос өөр агуулгаар асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. 

Энэ маргаан гарахад бидний хэн хэний үл ойлголцлоос үүссэн хэн хэн нь буруутай. Цагдаагийн мөрдөгчийн асуусан асуултад хариулснаараа *******ын хариуцлагыг хүндрүүлж байгааг миний бие эсэргүүцэж гомдол гаргаж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн 2333000000023 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хэргийн яллагдагч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдолгүй гэсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурор хүлээн авч  2023 оны 03 сарын 24-ний өдрийн 11 дугаартай тогтоол гарган шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шилжүүлсэн байна.  

2.Шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь 2022 оны 12 сарын 30-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сард тус тус хохирогч *******ын бие махбодид халдаж зодсон талаар хохирогч, гэрч нарыг мэдүүлсээр байхад эдгээр үйлдлүүдийг мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгаж тодруулалгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг   хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн  гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

3.Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам бөгөөд энэхүү ажиллагааг хэрхэн явуулах үндэслэл, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зохицуулсан. 

Тус хуулийн зохицуулалтаар прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл  хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг  шүүхэд нэн даруй  шилжүүлж шийдвэрлүүлэхээр заажээ.   

4.Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас  гадна тусгай журмыг баримтлах бөгөөд энэхүү журмыг зөрчсөн нь  шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.

Мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсхүл мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаагүй гэсэн үндэслэлээр  хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргахаар зохицуулсан байхад     шүүх хэрэгт авагдаагүй үйл баримтад дүгнэлт хийж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөлөөс өөр үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж хуулийг буруу тайлбарласан байна.  

5.Хэрэв ердийн журмаар шийдэгдэж байгаа хэргийн хувьд шүүх хуралдааны шатанд хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж,  тодорхой ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор нь шүүхээс тогтоосон хугацаанд ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зохицуулсан байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн хүрээнд хуульд зааснаас өөр үндэслэл зааж хэргийг  прокурорт буцаасан нь  хуулийн үндэслэлгүй болжээ.

6.Иймд давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гомдлыг хүлээн авч, шүүгдэгч *******т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/36 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцэл болон хохирогчийн гомдлыг хүлээн авсугай.

3.Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас    өөрөөр    тайлбарлаж     хэрэглэсэн   гэж    үзвэл   энэхүү   магадлалыг 

ардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                                             ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН