Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00083

 

 

 

 

 

 

“Х.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02110 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х.Х” ХХК-ийн “Т.П” ХХК-д холбогдуулан гаргасан Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 25 676 825 төгрөг, алданги 12 838 412 төгрөг, нийт 38 515 237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа, нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Х.Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Т.П” ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн /19241/ дугаар тоот барилгын туслах материалыг түрээслэх гэрээ хийсэн. Түрээсийн гэрээнээс хамааралтай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг хийсэн. “Т.П” ХХК нь манай компаниас нийт 1129 ширхэг барилгын туслах материал авч түрээсэлсэн. Үүний өмнөх төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 23,077,435 төгрөгийг төлнө гэж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэтэл одоог хүртэл төлөөгүй байна. Мөн 2019 оны 05 дугаар сарын 11-ний /19245/ дугаар тоот барилгын туслах материал түрээслэх гэрээний түрээслэх гэрээний түрээсээр авсан барааны үлдэгдэл төлбөр 2,609,390 төгрөг нийт 25,686,825 төгрөг. Үүн дээрээ түрээсийн гэрээний 7.2-т заасны дагуу хоног тутамд төлбөрийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцож, Төлбөр барагдуулах гэрээний 3.5-т заасны дагуу тус тус алданги тооцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 4 дэх заасны дагуу алдангийг 50 хувиар тооцсон. Иймд хариуцагч компаниас гэрээний үүргийн 25,686,825 төгрөг, алданги 12,843,412 төгрөг, нийт 43,530,237 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т.П” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тайлбар ирүүлээгүй болно.

            Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дүгээр зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Т.П” ХХК-иас 34,616,152 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Х.Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,899,085 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х.Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т.П” ХХК-иас 331,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х.Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь өмнө нь байгуулсан түрээсийн гэрээ 18-039 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэл 23,077,435 төгрөгийг шаардсан байх ба энэ гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, шүүхээс энэ гэрээнд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр “ өмнө нь байгуулсан “Барилгын туслах материал түрээслэх” түрээсийн гэрээнүүдийн үүргийг нэгтгэн тооцож, “ гэж хэрэгт нотлох баримтаар авагдаагүй гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нь эвдэрсэн, гэмтсэн бараа материалын үнийг 100%-иар бодож мөнгө нэхэмжилсэн нь хариуцагчийн эрх ашгийг хохироосон хууль зүйн үндэслэлгүй шаардлага байхад анхан шатны шүүх төлбөрийн дүн, эвдэрсэн бараа материал нь бодитоор яаж эвдэрсэн, 100% төлөгдөх үндсэлэлтэй эсэх, 100% үнийг нь төлсөн тохиолдолд хариуцагч нь эвдэрсэн, гэмтсэн бараа материалыг авах эрхтэй эсэх, дахин ашиглаж болох эсэхэд дүгнэлт хийлгүй шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Төлбөр барагдуулах” гэрээгээр төлбөрийн үлдэгдэл 20,077,435 төгрөг байгааг тохиролцож хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч “Х.Х” ХХК-д 15,000,000 төгрөгийн үнэ  бүхий “Тоёота Алфард” маркийн автомашиныг “Худалдах худалдан авах гэрээ”-гээр төлбөртөө шилжүүлж, 15,000,000 төгрөгийн төлбөртөө “Төлбөрт тооцуулан автомашин хүлээлгэн өгсөн баримт”-ыг талууд үйлдсэн. Энэ баримт болон “Тээврийн хэрэгсэл Худалдах худалдан авах гэрээ” нь хариуцагчид эх хувиараа байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь үүнийг мэдсээр байж санаатайгаар нэхэмжлэлийн шаардлагаасаа төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг хасахгүйгээр төлбөрийн үлдэгдэл 25,676,825 төгрөг, алданги 12,838,412 төгрөг, нийт 38,515,237 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Х.Х” ХХК нь хариуцагч “Т.П” ХХК-д холбогдуулан Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 25 676 825 төгрөг, алданги 12 838 412 төгрөг, нийт 38 515 237 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан боловч нэхэмжлэлийг татгалзаж буй эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Барилгын туслах материал түрээслэх 19-241 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 2 599 390 төгрөг, мөн 18-039 тоот гэрээний үлдэгдэл 23 077 435 төгрөгийн төлбөрийг төлөхөөр 2019 оны 11 сарын 15-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан...” гэж тайлбарласан.

Хэдийгээр хариуцагч хариу тайлбар, баримт ирүүлээгүй боловч, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийх учиртай.

Хэргийн 14 дүгээр талд авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-нд талууд 19-241 болон 18-039 дугаартай гэрээний салшгүй нэг хэсэг гэсэн агуулгаар бичсэн байх боловч уг 18-039 тоот гэрээ хэрэгт авагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх энэхүү хоёр гэрээг нэг гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын 23 077 435 төгрөгийг аль гэрээний үлдэгдэл, болох нь тодорхойгүй байгаагаас алдангийг ямар хэмжээгээр тооцох талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй болно.

Тодруулбал, 18-039 тоот гэрээ нь талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээтэй холбоотой мөнгөн хөрөнгийг зөв тодорхойлоход ач холбогдолтой байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэхийг шүүх тодруулах үүрэгтэй.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй байх хэдий ч шүүхээс 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлаж, уг баримтад тэрээр гарын үсэг зуржээ. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлж мэдэгдсэн байх тул шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буруутай гэх үндэслэлгүй. /хх-23,30,31/

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

                

                             ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Б.НАРМАНДАХ