Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Б.Энхбаатар, Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,

Иргэдийн төлөөлөгч Д.Өлзийдэлгэр

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Хохирогч Э.Ш

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Г.М-д холбогдох 1721000000159 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.М, Монгол Улсын иргэн,  Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахын өмнө “Дайчин тамсаг” ХХК-ний 21 дүгээр салбарт хамгаалагч ажилтай байсан, ам бүл 2, эцгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ажилчин”-ны 04-б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл.

Шүүгдэгч Г.М нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын 2-01 тоотод Э.Ш, Б.Ө нартай маргалдан улмаар хутгалж Э.Ш-ын биед хүнд хохирол, Б.Ө-ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 сарын 27-ны шөнө архийг их хэтрүүлж уусан байсан. Тухайн үед ухаан санаа орж гараад юу болсон талаар санахгүй, хутга хаанаас авснаа ч мэдэхгүй байна. Өн бид хоёрыг Ш салгах гэж дундуур орж ирснийг бүдэг санаж байна. Би Ш-г хутгалснаа санахгүй байна. Ш салгах гэж орж ирээд санаандгүй хутгалуулсан байх. Эдгээр хүмүүсийг хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Ө, Ш нарыг хутгалъя гэсэн санаа бодол огт байгаагүй гэв.

Хохирогч Э.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 27-ны өдөр М, Ө бид гурав хуурай ахындаа пиво уусан. Тэндээс гараад 23 цагийн орчим дэлгүүр хаахаас өмнө дахин пиво аваад Ө-ын гэрт очсон. Намайг  хальт унтаад сэрэхэд Ө, М хоёр муудаж байсан. Тэр хоёрыг юунаас болж муудсаныг би мэдэхгүй. Би тэр хоёрыг салгаад бие засаад ирэхэд гадаа гарчихсан зодолдож байсан. Салгах гэтэл миний хажуу талаас гэнэт хутгалчихсан. Миний биеийн байдал сайнгүй байна, цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Насаараа эд эрхтнээрээ хохирсон учраас гомдолтой байна гэв.

Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 сарын 27-ны орой 17 цагийн орчимд байх би найз Ш-ын хамт гэртээ байж байхад манай найз М гэрт ирсэн. Тэгээд бид гурав гадуур явж байгаад 18 цагийн орчимд манай гэрийн урд талд байдаг Э гээд таньдаг ахынхаа гэрт ороод дөрвүүлээ 2.5 литрийн савтай гурван ширхэг “Сэрүүн” нэртэй пиво хувааж уусан...Пиво ууж байхад М надаас “дахиад пивоны мөнгө байна уу” гэхээр нь, “байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд “чамд тамхины мөнгө байгаа биз дээ” гэхээр нь, “байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд “чамд мөнгө үлдсэн байх ёстой” гээд хэрүүл хийгээд байсан бөгөөд мөнгө байгаа, байхгүй гэх шалтгаанаар бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдаад байж байтал М миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохихоор нь би зөрүүлж цохиход М намайг ор руу дарж унагаад цохихоор нь би гараараа хаагаад М-ийн нүүр рүү нь нэг удаа цохисон...М араас гарч ирээд миний толгой руу цохиод байсан бөгөөд /хутганы ишээр цохисон байх/ баруун шанаа руу бас юмаар зүсэх шиг болсон. Тэр үед миний баруун талын хацар халуун оргиод цус гарсан...Тэгээд гэрт ороход Ш газар хэвтэж байсан бөгөөд Ш-ын нуруунаас цус гарч байсан. Миний баруун хацарнаас мөн адил цус гарч байсан бөгөөд М-д “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд юу ч дуугарахгүй байсан. Тэгээд манай дүү Б байх эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Ш-г хутгаар хатгасныг нь би хараагүй. ...хутга нь манай гэрт байсан шар иштэй хутга байсныг сүүлд мэдсэн...” гэжээ. /хх 15-16/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 694 тоот дүгнэлтэд: “1.Э.Ш-ын биед цээжний баруун хажуу гадаргын цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины доод дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий хий болон цус хуралдалт, баруун уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултэй гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэжээ. /хх 27/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 691 тоот дүгнэлтэд: “1.Б.Ө-ын биед духны няцарсан шарх, баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлийн баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчиллээр, духны няцарсан шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлийн баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, духны няцарсан шарх нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 30/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Гэрч Г.А /хх 20/, С.С /хх 21/, Г.Э /хх 24/, Ц.У /хх 25/, Насанд хүрээгүй гэрч Б.Ү /хх 22/, Б.Б /хх 23/ нарын болон хохирогч Э.Ш /хх 11-12/, Б.Ө /хх 15-16/, шүүгдэгч Г.М /хх 38/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 6-7/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 8-9/, Яаралтай тусламжийн хуудас /хх 29/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 697 тоот дүгнэлт /хх 32/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх 43/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 42/, Хохирлын баримт /хх 51/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Иргэдийн төлөөлөгч саналдаа: Шүүгдэгч Г.М энэ гэмт хэрэгт гэм буруутай байна гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ 2017 оны 11 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Силикат”-ын 2-01 тоотод Э.Ш, Б.Ө нартай марган улмаар хохирогч Э.Ш-ын баруун суганы ар хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд “цээжний баруун хажуу гадаргын цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн хий болон цус хуралдалт, баруун уушгины авчилт гэмтэл” бүхий хүнд хохирол, хохирогч Б.Ө-ын баруун шанаанд хутгалж, түүний эрүүл мэндэд “баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

 Шүүгдэгч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн мэдүүлсэн “...Би юу болсныг сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд Ө-ын гэр дотор би Ө-той маргалдаад зодолдож байсныг санаж байна. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би бүр согтсон байсан бөгөөд нэг мэдэхэд эмнэлгийн машинд суугаад эмнэлэг явж байсан. Тэгээд эмнэлэгт очиход Ө, Ш хоёр надад хэлэхдээ “чи яаж байгаа юм бэ, чи бид хоёрыг хутгалсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 38/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад энэ хоёр хүнийг хутгалъя гэсэн санаа байгаагүй. Архи их хэрэглэснээс хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,

Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч Э.Ш “...Ө, М хоёр муудаж байсан...Би тэр хоёрыг салгаад бие засаад ирэхэд гадаа гарчихсан зодолдож байсан. Салгах гэтэл М миний хажуу талаас гэнэт хутгалчихсан...” /хх 11-12, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,

Хохирогч Б.Ө “...М араас гарч ирээд миний толгой руу цохиод байсан /хутганы ишээр цохисон байх/ бөгөөд баруун шанаа руу бас юмаар зүсэх шиг болсон. Тэр үед миний баруун талын хацар халуу оргиод цус гарсан...гэрт ороход Ш-н нуруунаас цус гарч байсан...Гадаа гараад Ш бид хоёр хутгалуулсан, бид гурваас өөр гадны ямар нэгэн хүн байгаагүй...” /хх 15-16/ гэх,

Дээрх мэдүүлгүүдийг давхар нотолсон, болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч С.С “...М гарч ирээд Ө-н араас 3-4 удаа цохиж байгаа харагдсан бөгөөд тэр үед цаанаас нь Ш гарч ирээд тэр хоёрыг салгах гээд дундуур нь орж байсан. Тэгэхэд Ө “М ээ, чи юугаар цохиод байгаа юм бэ” гэж бахирахаар нь би М-ийг харахад М гартаа хутга барьчихсан байсан бөгөөд хутгыг нь салгах гээд нилээд зууралдсан. Тэгээд хутгаа газарт хаяхаар нь авахад шар иштэй хутга байсан...Би М-ийг “чи хүн хутгалчихлаа” гэж загнасан, тэр үед Ш-ын нурууны ар хэсгээс нь цус гарахаар нь бид нар эмнэлэг рүү залгаж дуудсан...” /хх 21/ гэх,

Гэрч Г.А “...Ө, М хоёр хоорондоо маргалдаад зодолдож байсан бөгөөд М нь Ө-ын араас цохиж байгаа харагдсан. Ө над руу ирэхдээ хацраа бариад ирсэн...Ш нь “намайг хутгалчихлаа ш дээ” гэж бахирч байсан. ...тэгээд гэрт ороход Ө-ын хацар нь зүсэгдчихсэн цус гарч байсан. Тэгэхэд Ш-ын нурууны орчмоос нь мөн адил цус гарч байсан...Би Ш-ыг хутгалуулсныг мэдээгүй байсан, гэр рүү ороод Ө-ын нүүрийг хараад байж байсан бөгөөд тэрний дараа Ш-ыг хутгалуулсныг мэдсэн” /хх 20/ гэх,

Насанд хүрээгүй гэрч Б.Ү “...Гадаа бахиралдаад байхаар нь би гэрээс гарахад М ах Ө ахын толгой хэсэг рүү цохиж байсан бөгөөд гартаа нэг юм барьчихсан байсан. Тухайн үед харанхуй байсан учраас хутга гэдгийг нь мэдээгүй юм. Тэр үед А, С хоёр ирэхээр нь би Ө ахыг татаж холдуулахад Ө ах  “М ээ, чи намайг юугаар цохиод байгаа юм бэ” гэж бахирахаар нь би М ахыг холдуулаад Ө ахыг гэр рүү аваад орсон. Гэрт ороод харахад Ө ахын баруун талын хацар зүсэгдэж цус гарч байсан бөгөөд гаднаас Ш ах орж ирсэн. Ш ахыг орж ирэхээр нь харахад нуруунаас нь цус гарч байсан. Тэгэхэд Ш ах М ахад хандаж “чи намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би Ш ахыг хэвтүүлээд нуруун дээр нь алчуураар дараад түргэн дуудсан. С гаднаас орж ирэхдээ М ахын барьж байсан хутгыг аваад орж ирсэн бөгөөд тэр хутга нь манай гэрт байдаг шар иштэй хутга байсан” /хх 22/ гэх,

Хэрэг учрал болохоос өмнө хохирогч нарын биед ямар нэгэн гэмтэл байгаагүй талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Б.Б “...Ө, Ш, М гурав шөнө 00 цагийн орчим гаднаас зүгээр орж ирсэн. Гэрт орж ирэхэд нүүр ам нь зүгээр байсан...” /хх 23/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон гэмт хэргийг Г.М үйлдсэн талаар Цагдаагийн газарт тухайн цаг хугацаанд мэдэгдсэн болохыг харуулсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан буюу үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7, 8/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хохирогч нарын биед хүнд, хөнгөн гэмтлүүд үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх 27, 30/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Э.Ш-н эрүүл мэндэд учирсан “цээжний баруун хажуу гадаргын цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол нь түүний баруун суганы ар орчимд хутгаар хатгасан, мөн хохирогч Б.Ө-н эрүүл мэндэд учирсан “баруун шанаа, баруун чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол нь түүний баруун шанаанд хутгаар зүссэн шүүгдэгч Г.М-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.М-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Г.М-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Г.М нь гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд “хүнд”, нэг хүний эрүүл мэндэд “хөнгөн”  хохирол учруулсан нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг хэрэглэх үндэслэл болно.

Шүүгдэгч Г.М нь хавтаст хэрэгт ирүүлсэн нотлох баримт /хх 51/-ын хэмжээнд  хохирогч Э.Ш-т эмчилгээний зардалд 182796 төгрөг төлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг /хх 13, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, мөн хохирогч Б.Ө “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 15-16, 53/ зэргээр тус тус нотлогджээ.

Харин хохирогч Э.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн ба эмчилгээнд гарах зардлаа нэхэмжлэнэ...гомдолтой...” гэх боловч эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хохирогчид нээлттэй орхих нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн нотлох баримттайгаар гаргаж өгсөн эмчилгээний зардлын 182796 төгрөгийг нөхөн төлсөн тул энэ шүүх хуралдаанаар түүнийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг баримтын хэмжээнд төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг хэрэглэж оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар бариултай хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь 1721000000159 дугаартай эрүүгийн хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлвэл зохино. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......... овогт Г.М-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 3 жил 6 сарын  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.М нь 1721000000159 дугаартай эрүүгийн хэрэгт цагдан хоригдоогүй,  эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б.Ө нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, хохирогч Э.Ш-т эмчилгээний зардалд 182796 төгрөг төлсөн ба энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Э.Ш-т мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар бариултай хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Бичиг баримтаар ирсэн шүүгдэгч Г.М-н ........................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ү.ОДГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                         Л.БАТЖАРГАЛ

                                                                                                           Б.ЭНХБААТАР