Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                *******, ******* нарт  

                               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нацагдорж

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2131002910036 дугаартай 175/2022/0051/Э/208/2022/0031 индекстэй 2 хавтас хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, дүүрэг, 6 дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай  /РД: /, урьд

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр шйпийн 1 дэх хэсэгт заасан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр .хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг, төвийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД: //;

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг Бугант тосгоны “Хэрээн гол” нэртэй газарт Doocan-380 ICA маркийн экскаватор, 60 куб скрубер алт угаах төхөөрөмж ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж 1.256.066 төгрөгийн хохирол, 1.249.463 төгрөгний хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* *******ийг 3 / гурван / жил хугацаагаар тэнсэж, 3 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх, ******* *******ыг 1 / нэг / жил хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх шийтгэл тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэн,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн улаан өнгийн Doocan-380 ICA маркийн экскаватор, 600.000 үнэлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 60 куб скрубер гитаран буу буюу алт угаах төхөөрөмжийг тус тус улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 -д зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг улсын орлого болгохтой холбогдуулан гаргах зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нараас гаргуулан,

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doocan-380 ICA маркийн экскаватор, 60 куб скрубер алт угаах төхөөрөмж буюу гитаран бууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Иргэний нэхэмжлэгч ******* нь Doocan-380 ICA маркийн экскаватортой холбогдох хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч *******, ******* нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь: ******* миний бие эхнэр Э.Золмаатай 1996 онд гэр бүл болоод БНСУ руу хамтдаа гарсан. Ингээд 2007 онд Монголдоо ирээд 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний улсын бүртгэлд 153-т бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээгээ авсан. Бид өнөөдрийн өдрийг хүртэл 3-н хүүхдийн эцэг эх болон амьдарч байна.

Бид амьжиргаагаа залгуулахын тулд 2017 онд “Чингисийн өвөр” нэртэй гадаад худалдааны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зорилготой аж ахуйн нэгж байгуулан 2018 онд улсын бүртгэлийн гэрчилгээ авсан юм. Гэвч компанийн үйл ажиллагаа 2019 оны ковидын улмаас зогсонги байдалд орж ах ахуй эрхлэх боломжоо алдсан юм.

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Чингисийн өвөр” ХХК-ийн нэр дээр DX 380 LCA маркийн экскаваторыг худалдах зорилгоор оруулж ирсэн боловч авчихаар газар олдоогүй тул түрээсэлж хэдэн төгрөг олж амьжиргаагаа залгуулдаг байсан.

Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэргийн холбогдогч ******* надтай Бугант тосгонд таараад “Хэрээн гол гэх газарт экскаваторын мотор өргөж тавих гэсэн юм, чи экскаватораа түр өгөөч”, “би зохих хөлсийг нь өгье" гээд аваад явсан. Гэтэл 2 хоногийн дараа ******* нь миний экскаватораар газар ухсан хэргээр баригдсан байсан. Хэрвээ ******* газар ухах байсан бол би экскаватораа өгөхгүй, экскаваторын мотор өргөж тавина гэсэн болохоор л өгөөд явуулчихсан юм.

Гэтэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад миний DХ 380 LСА маркийн экскаваторыг улсын орлого болгохоор, тогтоолын 9 дэх заалтад *******, ******* нараас экскаваторын үнийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна.

Уг хэрэгт миний бие иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ба шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд би өөрийн биеэр оролцоогүй, шүүх хурлын товыг надад мэдэгдээгүй юм.

Манай гэр бүл дээрх экскаваторыг түрээслэх замаар амьжиргаагаа залгуулдаг байсан боловч шүүхийн дээрх шийдвэр нь биднийг амьжиргааны эх үүсвэрээс салгасан юм. Би уг экскаватораа шүүгдэгч *******, ******* нараар төлүүлж чадахгүй. Учир нь: Тэд экскаваторыг төлөх эдийн засгийн чадваргүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний экскаваторыг надад буцаан олгож өгнө үү гэжээ.

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Досан 380 маркийн техникийг *******ын өмч мөн болох нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын энэ хэсгийг үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгүүдэд зааснаар техникийг улсын орлогод авч байгаа нь ойлгомжгүй. Хууль хэрэглэж байгаа зохицуулалт нь биш. Иргэний нэхэмжлэгч гэдгийг тогтоосон бол тэр хэмжээгээр шүүх хуралдаанд оролцох, өөрийнхөө эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. *******ын өмч болохыг баталсан зарим нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлынхоо хамт өгсөн байгаа. ******* н.Золбоо хоёр нь эхнэр нөхөр хоёр бөгөөд Солонгос улсад амьдарч байгаад Монгол улсад ирэхдээ авч ирсэн. Техникээ түрээслэн амьжиргаагаа залгуулах үйл ажиллагаа явуулж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгчийн зөрчигдсөн асуудлыг шүүх прокурор мөрдөн байцаалтын шатанд хангаж хамгаалах боломжийг нээж өгсөн. Иргэний нэхэмжлэгч нь бас л нэгэн хохирогч гэж нэг талаас ойлгох боломжтой. Иргэний нэхэмжлэгчийн хөрөнгө мөн болохыг хангалттай нотолж, тогтоогоогүй байна гэдэг үндэслэлээр, мөрдөн байцаагч, прокурорын шатанд хийгдэх ёстой ажлууд дутуу хийгдсэнээр шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ ийм  асуудал үүссэн гэж ойлгож байгаа. Давж заалдах шатны шүүх үүнийг засаж өөрчилж техникийг улсын орлогоос чөлөөлж *******ын өмчлөл, эзэмшилд нь буцааж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч *******аас гомдол гаргасан. Гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Мөрдөн байцаалтын шатанд энэ эд хөрөнгө экскаватор хэнийх гэдэг нь тогтоогдохгүй, түрээсэлсэн, худалдсан гэрээний хувь байхгүй,  лавлагаа тодорхойлолт байхгүй, экскаватор нь өөрөө улсын дугааргүй албан ёсны эрх бүхий газрын лавлагаа тодорхойлолтоо хэний өмч болох нь тогтоогдохгүй байсаар байсаар байхад энэ техник минийх гэж мэдүүлэг өгсөн ******* гэдэг хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. *******ын иргэний нэхэмжлэгчээр тогтоох үндэслэл байгаагүй. Учир нь өөрийнх нь эд хөрөнгө мөн гэдгийг нотлох ёстой байсан. Мөрдөгч нотлох ажиллагаа хийсэн боловч нотлогдоогүй. Харин ч бүр эрхийг нь хангаад иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад өнөөдөр эрхийг нь зөрчсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй надад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэж дурджээ. Шүүх хуралдааны тов мэдэгдэхээр шүүгчийн туслахаас залгахад утас нь ерөөсөө холбогддоггүй. Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад тэмдэглэж хэрэгт хавсаргасан байна.  ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхээ ******* нэгэнт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод ирсэн. ******* минийх гэж яриад байгаа боловч ямар ч нотлох баримтаар өөрийнх нь эзэмшил өмчлөл гэдэг нь тогтоогдохгүй байгаа дүгнэлтийг хангалттай хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-т заасныг журамлаж техникийг улсын орлогод оруулж харин 35,000,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. ...Гомдол нь өөрөө хэргийн нөхцөл байдалтай нийцсэнгүй, гомдолд хавсаргаж ирсэн нотлох баримтууд нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар хэний эзэмшлийнх нь тогтоогдохгүй байх тул улсын орлого болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Прокуророос гаргаж байгаа саналтай санал нэг байгаа. ******* өөрийгөө өмчлөгч гэж үзэж байгаа тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Хил гаалиар гарсан барааны мэдүүлэг энэ тэрээ үнэн зөвөөр бүрдүүлэх хэрэгтэй. Өнгийг нь харахад улбар шар гэсэн байна хэрэгт авагдсан нь улаан өнгөтэй гэсэн байгаа. Арлын дугаартай байна хэрэгт авагдсан экскаватор арлын дугааргүй энэ мэтчилэн байдал өөрийнх нь гэдэг нь тогтоогдоогүй. Өөрийн өмчлөл мөн болохоо нотлоод иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр *******, ******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1.Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Болормаа /1-р хх-ийн 20-р ху/, гэрч С.Баттөгс /1-р хх-ийн 33-34-р ху/, Т.Гансүх /1-р хх-ийн 36-37-р ху/, Б.Эрдэнэбилэг /1-р хх-ийн 42-43-р ху/, Х.Хатанбаатар /1-р хх-ийн 44-45-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 50-60-р ху/, /2-р хх-ийн 37-р ху/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18-04-035/04 дугаартай акт /1-р хх-ийн 67-68-р ху/, Ашигт малтал, газрын тосны газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/6063 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 21-р ху/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06/7395 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 29-30-р ху/, “Капитал зууч” хөрөнгийн  үнэлгээний компаний 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт /2-р хх-ийн 45-49-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1-р хх-ийн 06-10-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

2.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч ******* “...Манай гэр бүл дээрх экскаваторыг түрээслэх замаар амьжиргаагаа залгуулдаг байсан боловч шүүхийн дээрх шийдвэр нь биднийг амьжиргааны эх үүсвэрээс салгасан юм. Би уг экскаватораа шүүгдэгч *******, ******* нараар төлүүлж чадахгүй. Учир нь: Тэд экскаваторыг төлөх эдийн засгийн чадваргүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний экскаваторыг надад буцаан олгож өгнө үү...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, 8 хуудас нотлох баримтыг хавсаргажээ. /2-р хх-ийн 108-116-р ху/

3.*******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doocan-380 ICA маркийн экскаваторын өмчлөгч, эзэмшигч нь иргэний нэхэмжлэгч ******* болон түүний хамаарал бүхий этгээд болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...”  гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн улаан өнгийн Doocan-380 ICA маркийн экскаватор, 600.000 үнэлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 60 куб скрубер гитаран буу буюу алт угаах төхөөрөмжийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

4.Учир нь иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрх хэрхэн үүсэх хууль зүйн үндэслэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”, мөн зүйлийн 5.2-д “Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ...” гэж,

 Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна.” 8.1.1-д ”эд хөрөнгө өмчлөх эрхийн;..” гэж  тус тус тодорхойлон  заажээ.

Гэтэл шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doocan-380 ICA маркийн экскаваторын техникийн гэрчилгээ болон иргэний нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд байсныг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5.Иргэний нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдолтойгоо цуг нийт 8 хуудас нотлох баримт шүүхэд ирүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-т “....Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж заасны дагуу уг баримтуудыг үнэлээгүй болно.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                            ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ